| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0062/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/58 |
| Огноо | 2019-03-14 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2019/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: Л.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Л Бад холбогдох 1912000340038 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Х овогт Л Б /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Л.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн нутаг дэвсгэр Овоот гэх газар иргэн Ж.Б эзэмшлийн сарлагийн хар халзан сувай үнээ, сартай хар шүдлэн /ортоом/ үхэр зэрэг нийт 2 тооны үхэр хулгайлж, иргэн Ж.Бд 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 1912000340038 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Б мэдүүлсэн: ...2019 оны 01 дүгээр сарын 03-ны орой малдаа явахад манай үхэр бүрэн байсан юм. Маргааш өдөр буюу 01 дүгээр сарын 04-ний өдрийн 16 цагийн үед бэлчиж байсан үхэр дээрээ очоод үхрээ бүртгэж үзэхэд манай сарлагын халзан сувай үнээ, сартай хар шүдлэн үхэр /ортоом/ байхгүй болохоор нь ойр хавиар хайгаад олоогүй юм. Манай үхэр Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн Алайрын Овоот гэх газраар бэлчиж байсан. Хар халзан сарлагийн үнээ байсан. Тухайн үнээ нь зүүн талын чих нь эрхэс имтэй, баруун талын чих нь догол имтэй байсан. Цагаан мяндсан хүзүүвчтэй байсан. Сарлагийн ортоомон шүдлэн үхрийн им адил, хойд 2 хөл шийр цагаан, сүүл нь үзүүр цагаан үхэр байсан. Тухайн үед сэжигтэй явсан хүний талаар надад мэдэх зүйл байхгүй. Манайх Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн Овоот гэх газрын өвөлжөөнд ганц гэрээрээ эхнэр Х хамт байсан. Өөр хүн үхэр алдсан талаар мэдээгүй байсан. Би сарлагийн үнээгээ 1.000.000 төгрөгөөр, шүдлэн үхрээ 500.000 төгрөгөөр үнэлнэ. Би алдагдсан үхрүүдийнхээ хохирлыг барагдуулж авахыг хүсч байна. Хохирлоо бүрэн авбал надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Х мэдүүлсэн: ...2019 оны 01 дүгээр сарын 03-ны орой манай нөхөр үхэртээ яваад үхэр бүрэн байна гэж байсан. Маргааш өглөө нь малдаа яваад 16 цагийн үед ирэхдээ хар халзан сарлагийн үнээ, сартай хар шүдлэн үхрээ хайгаад олоогүй гэж байсан. Хар халзан сарлагийн үнээ хоёр чих нь ухам болон эрхэс имтэй, бөөрөнхий цагаан мяндсан хүзүүвчтэй байсан. Хар дээсэн хүзүүвчтэй, хойд 2 хөл болон сүүл нь цагаан шүдлэн насны ортоом үхэр байсан юм. Манай алдагдсан үхэр Алтаад багийн Жимгэр гэх газар байсан. Манайх ганц гэрээрээ Тариат сумын Алтаад багийн Овоот гэх газар өвөлжөөндөө байдаг бөгөөд би нөхөр Б хамт байдаг. Өөр айл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.С мэдүүлсэн: ...Манай нөхөр Б 2019 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 22 цагийн үед нилээд их үхэр туугаад гэрийн гадна ирэхээр нь хэний үхэр юм бэ гэж асуухад үхэр барьж авах гэж байна гэхээр нь би эгчид чинь хэлнэ шүү гэхэд намайг загнаад байхаар нь би гэртээ орж ирээд унтсан. Тэгэхэд гэрт орж ирээд, гараад байсан. Тухайн шөнө ганцаараа нэг үхэр алчихсан байсан. Маргааш өдөр нь хашаан дотор уяатай байсан хар сартай шүдлэн үхрийг ганцаараа нядалсан. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны орой 21 цагийн үед өөрийн үхрээ хурааж ирээд гэрээс гараад алга болоод 22 цагийн үед явган үхэр туугаад ирсэн байсан. Хэний үхрийг тууж ирсэн талаар асуухад надад хэлээгүй. Би хэний үхэр болох талаар мэдэх зүйл байхгүй. Хар халзан үнээ, сартай хар шүдлэн үхэр алсан байсан бөгөөд махыг нь жижиглээд шуудайнд хийгээд гэрийн ард байрлах амбаарт хийсэн байсан. Нядалсан үхрийн гэдсийг цэвэрлээгүй. Гадаа ганцаараа төхөөрсөн. Гаднаас хүн ирээгүй. Манай нөхөр Л.Б ганцаараа нядалсан. Би аашилж загнахад миний үгийг тоохгүй. Ээж, ах нарт нь хэлэх гээд утасны сүлжээ байхгүй хэлж чадаагүй. Манайх ганц гэрээрээ байдаг. Би 2 хүүхэд, нөхрийн хамт амьдардаг...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Б мэдүүлсэн: ...Л.Б нь 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд 7 хүүхэдтэй айлын 5 дахь хүүхэд болж төрсөн. Бага насаа аав, ээж, ах, дүү нарын хамт Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багт мал маллан өнгөрүүлсэн. Тариат сумынхаа сургуульд сурч 04 дүгээр анги төгсөөд мал дээр гарсан. Тэрнээс хойш байнга мал маллан амьдарч байгаад 2006 онд Улаанбаатар хотын 05 дугаар цэргийн ангид алба хаасан. Эхнэртэйгээ 2015 онд гэр бүл болсон, одоо 2 хүүхэдтэй бөгөөд том нь 4 настай, бага нь 2 настай. Б нь Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутагт мал маллан амьдардаг, амьжиргааны түвшин дундаж айл юм. Б надад ярихдаа би хүний 2 үхэр хулгайлсан, хэргээ хүлээж хохирол гомдолгүй болгосон гэж хэлсэн. Би өөр зүйл мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Л.Бын мэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Талын толгой гэх газар оршин суудаг юм. Би 2019 оны 01 дүгээр сарын 03-ны орой 19 цагийн үед өөрийнхөө үхэртээ яваад үхрээ тууж гэртээ ирсэн юм. Тэр үед манай гэрийн ойролцоо 13 тооны эзэнгүй үхэр бэлчээрт байгаа харагдсан. Би шөнийн 22 цагийн үед гэрээсээ ганцаараа гараад Тариат сумын Алтаад багийн нутаг Овоот гэх газар бэлчээрт байсан 13 тооны үхрийг явган явж туугаад гэртээ авч ирсэн. Тууж ирсэн үхрүүдийг ганцаараа үхрийн хашаанд хашаад хар халзан зүстэй сарлагийн үнээ нэг, сартай хар шүдлэн ортоомын үхэр нэг, нийт 2 тооны үхрийг барьж аваад хашаандаа үлдээгээд, бусад 11 тооны үхрийг туусан. Тэр шөнөдөө хар халзан зүстэй үнээг алж нядлаад мах, ширийг нь өөрийнхөө модон байшинд хийсэн. Маргааш өглөө нь 11 цагийн үед ганцаараа сартай хар шүдлэн үхрийг алж нядлаад мах, ширийг нь модон амбаарт хийсэн байсан. 2 хоногийн дараагаас хулгай хийсэн үхрийн эзэн болох Б нь 2 үхрээ хайгаад манай гэрт ирсэн юм. Миний санаа зовоод байсан бөгөөд тэр оройдоо Б гэрт очоод хулгай хийсэн гэдгээ хэлж уучлалт гуйсан. Б өөрөө цагдаад мэдэгдсэн байсан. Сумын цагдаа манай гэрт ирээд надтай уулзахаар нь би үнэн зөвөө хэлж, мах арьс, шир байгаа амбаарыг зааж өгсөн. Би хохирогч Бд үхрийн махыг өгөх гэтэл мах авахгүй, мөнгө авна гэхээр нь хулгайлж авсан 2 үхрийн мах, ширийг зараад үхрийнх нь мөнгийг хохирогчид өгч гомдолгүй болгосон. Б манай нутгийн хүн бөгөөд гэр нь манай гэрийн ард чигт 3 км орчим зайтай, ойрхон зайд нутагладаг юм. Б ахтай садан, төрлийн холбоо харилцаа байхгүй. Би толгой өвддөг өвчинтэй болохоор эмчилгээ хийлгэх мөнгөтэй болмоор санагдаад хулгай хийчихсэн юм. Би эхнэр Сд хулгай хийж байгаа талаараа хэлээгүй. Чимээгүй л үхэр алж, нядлаад байсан. Эхнэр намайг хүний үхэр алж байсныг мэдээд надад уурлаад байсан. Б ахад очиж хэл гээд байхаар нь би хохирогчид үнэн зөвөө хэлсэн. Би үхэр алж нядлахдаа өөрийн эзэмшлийн хутга, сүхнүүдийг хэрэглэсэн. Би тухайн үедээ Б үхэр гэдгийг мэдээгүй, дараа нь мэдсэн. Би өөрийнхөө үхрийг хурааж авахдаа хээр эзэнгүй үхрүүд хонож байгааг анзаарч харсан байсан бөгөөд манай гэрээс 2 км зайд тухайн үхрүүд байсан. Б гэрээс ч 2 км зайтай тухайн үхрүүд бэлчээрлэж байсан юм. Би ганцаараа үхэр хулгайлан авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-41 хуу
Байшинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04, 09 хуу/
2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 23 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 42 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2019 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн нутаг дэвсгэр Овоот гэх газар иргэн Ж.Б эзэмшлийн 2 тооны үхэр хулгайлагдаж, иргэн Ж.Бд 1.050.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн нутаг дэвсгэр Овоот гэх газар иргэн Ж.Б эзэмшлийн сарлагийн хар халзан сувай үнээ, сартай хар шүдлэн /ортоом/ үхэр зэрэг нийт 2 тооны үхэр хулгайлж, иргэн Ж.Бд 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны үед шинжлэн судалсан мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Б мэдүүлсэн “2019 оны 01 дүгээр сарын 03-ны орой малдаа явахад манай үхэр бүрэн байсан юм. Маргааш өдөр буюу 01 дүгээр сарын 04-ний өдрийн 16 цагийн үед бэлчиж байсан үхэр дээрээ очоод үхрээ бүртгэж үзэхэд манай сарлагийн халзан сувай үнээ, сартай хар шүдлэн үхэр /ортоом/ байхгүй болохоор нь ойр хавиар хайгаад олоогүй юм. Хар халзан сарлагийн үнээ байсан. Тухайн үнээ нь зүүн талын чих нь эрхэс имтэй, баруун талын чих нь догол имтэй байсан. Цагаан мяндсан хүзүүвчтэй байсан. Сарлагийн ортоомон шүдлэн үхрийн им адил, хойд 2 хөл шийр цагаан, сүүл нь үзүүр цагаан үхэр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Х мэдүүлсэн “2019 оны 01 дүгээр сарын 03-ны орой манай нөхөр үхэртээ яваад үхэр бүрэн байна гэж байсан. Маргааш өглөө нь малдаа яваад 16 цагийн үед ирэхдээ хар халзан сарлагийн үнээ, сартай хар шүдлэн үхрээ хайгаад олоогүй гэж байсан. Хар халзан сарлагийн үнээ хоёр чих нь ухам болон эрхэс имтэй, бөөрөнхий цагаан мяндсан хүзүүвчтэй байсан. Хар дээсэн хүзүүвчтэй, хойд 2 хөл болон сүүл нь цагаан шүдлэн насны ортоом үхэр байсан юм. Манай алдагдсан үхэр Алтаад багийн Жимгэр гэх газар байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.С мэдүүлсэн “манай нөхөр Б 2019 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 22 цагийн үед нилээд их үхэр туугаад гэрийн гадна ирэхээр нь хэний үхэр юм бэ гэж асуухад үхэр барьж авах гэж байна гэхээр нь би эгчид чинь хэлнэ шүү гэхэд намайг загнаад байхаар нь би гэртээ орж ирээд унтсан. Тухайн шөнө ганцаараа нэг үхэр алчихсан байсан. Маргааш өдөр нь хашаан дотор уяатай байсан хар сартай шүдлэн үхрийг ганцаараа нядалсан. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны орой 21 цагийн үед өөрийн үхрээ хурааж ирээд гэрээс гараад алга болоод 22 цагийн үед явган үхэр туугаад ирсэн байсан. Хэний үхрийг тууж ирсэн талаар асуухад надад хэлээгүй. Хар халзан үнээ, сартай хар шүдлэн үхэр алсан байсан бөгөөд махыг нь жижиглээд шуудайнд хийгээд гэрийн ард байрлах амбаарт хийсэн байсан. Гадаа ганцаараа төхөөрсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Б мэдүүлсэн “Б надад ярихдаа би хүний 2 үхэр хулгайлсан, хэргээ хүлээж хохирол гомдолгүй болгосон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/, мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Л.Бын гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Тэр үед манай гэрийн ойролцоо 13 тооны эзэнгүй үхэр бэлчээрт байгаа харагдсан. Би шөнийн 22 цагийн үед гэрээсээ ганцаараа гараад Тариат сумын Алтаад багийн нутаг Овоот гэх газар бэлчээрт байсан 13 тооны үхрийг явган явж туугаад гэртээ авч ирсэн. Тууж ирсэн үхрүүдийг ганцаараа үхрийн хашаанд хашаад хар халзан зүстэй сарлагийн үнээ нэг, сартай хар шүдлэн ортоомын үхэр нэг, нийт 2 тооны үхрийг барьж аваад хашаандаа үлдээгээд, бусад 11 тооны үхрийг туусан. Тэр шөнөдөө хар халзан зүстэй үнээг алж нядлаад мах, ширийг нь өөрийнхөө модон байшинд хийсэн. Маргааш өглөө нь 11 цагийн үед ганцаараа сартай хар шүдлэн үхрийг алж нядлаад мах, ширийг нь модон амбаарт хийсэн байсан. 2 хоногийн дараагаас хулгай хийсэн үхрийн эзэн болох Б нь 2 үхрээ хайгаад манай гэрт ирсэн юм. Миний санаа зовоод байсан бөгөөд тэр оройдоо Б гэрт очоод хулгай хийсэн гэдгээ хэлж уучлалт гуйсан. Сумын цагдаа манай гэрт ирээд надтай уулзахаар нь би үнэн зөвөө хэлж, мах, арьс, шир байгаа амбаарыг зааж өгсөн. Би толгой өвддөг өвчинтэй болохоор эмчилгээ хийлгэх мөнгөтэй болмоор санагдаад хулгай хийчихсэн юм. Би эхнэр Сд хулгай хийж байгаа талаараа хэлээгүй. Чимээгүй л үхэр алж, нядлаад байсан. Эхнэр намайг хүний үхэр алж байсныг мэдээд надад уурлаад байсан. Б ахад очиж хэл гээд байхаар нь би хохирогчид үнэн зөвөө хэлсэн. Би үхэр алж нядлахдаа өөрийн эзэмшлийн хутга, сүхнүүдийг хэрэглэсэн. Би ганцаараа үхэр хулгайлан авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-41/, байшинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04, 09/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х овогт Л Быг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Л.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 22.5 см урттай, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, 40 см урттай модон иштэй сүх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Л Быг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Быг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Л.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 22.5 см урттай, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, 40 см урттай, модон иштэй сүх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Л.Бад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ