Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01397

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 05 өдөр Дуга 210/МА2024/01397

 

 

Б.Ц ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 10-ны өдрийн 183/ШШ2024/02079 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Ц ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: О.Т д холбогдох,

 

ХХХ 68 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие ХХХ 68 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 01 сарын 19-ний өдөр 221,000,000 төгрөгөөр хариуцагч О.Т гаас худалдан авсан.

1.2. Гэвч хариуцагч нь орон сууцыг хүлээлгэж өгөхгүй, миний өмчөө зохих ёсоор эзэмших, ашиглах эрхийг зөрчиж байна. Иймд ХХХ 68 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

О.Т нь Б.Ц тай 2024 оны 01 сарын 19-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ХХХ 68 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 221,000,000 төгрөгөөр худалдсан тул уг шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХХ 68 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг О.Т гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжпэгч Б.Ц ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2- т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч О.Т тай 2024 оны 01 сарын 19-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр нэхэмжлэгч нь 221,000,000 төгрөг төлөх, хариуцагч О.Т нь улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг нэхэмжлэгч Б.Ц ын өмчлөлд шилжүүлж, орон сууцыг чөлөөлж өгөх үүргийг тус тус хүлээсэн.

4.2. Гэвч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх өгөөгүй. Хариуцагч орон сууцыг хүлээлгэж өгнө гэдгээ амаар илэрхийлдэг хэдий ч бодит нөхцөл байдал дээр хүлээлгэж өгдөггүй асуудал үүсч нэхэмжлэгч нь өнөөг хүртэл өөрийн хууль ёсны хөрөнгөө зохих ёсоор эзэмшиж, ашиглаж чадахгүй хэвээр байна.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана. гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхтэй гэж, мөн зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус тодорхой заасан байтал маргаан бүхий орон сууц хариуцагчийн эзэмшилд байхгүй болохыг шүүгчийн туслах тайлбарлаж, тогтоосон гэх үндэслэл нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх үндсэн зарчимтай зөрчилдөж байна.

4.4. Түүнчлэн Шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт шүүгчийн туслахын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхой дурьдсан ба нэхэмжлэлийн үндэслэл, татгалзалтай холбоотой бодит нөхцөл байдлыг тогтоосон мэтээр шүүгч дүгнэсэнд үнэхээр гайхаж байна.

4.5. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар хариуцагчийг тодорхойлох нь нэхэмжлэгчийн онцгой эрх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эсэх асуудал ч хариуцагчийн эрх билээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч О.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хариу тайлбарыг гаргасан ба шүүгчийн туслахын зүгээс хуульд заасан 14 хоногийн дотор хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргаж өгнө гэдэг тайлбарыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчид хэлсэн байдаг ба уг хугацаанд захирамж гаргаж өгөхгүй байгаа шалтгааныг тодруулахад шүүгч захирамж гаргаж өгөхгүй байна гэх тайлбарыг хэлдэг.

4.6. Улмаар талуудын хооронд маргаангүй, хэний өмч гэдэг нь улсын бүртгэлээр тодорхой байгаа асуудлаар, нэхэмжлэгч өөрийн хууль ёсны өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшилд бодитоор шилжүүлээгүй, шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байхад шийдвэр гаргаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгтэй нийцэхгүй байна.

4.7. Тус хэргийг шийдвэрлэсэн 2024 оны 05 сарын 10-ны өдрийн 183/ШШ2024/02079 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болвол нэхэмжлэгч нь хөрөнгөө өөрийн эзэмшилд авах, авахаар шаардах ямар ч эрхгүй болох үр дагавар үүснэ. Эд хөрөнгийн бодит өмчлөгч нь нэхэмжлэгч мөн боловч хариуцагч О.Т гаас шаардах эрхгүй болгож нэхэмжлэгчийн эрхийг шууд утгаар нь зөрчсөн шийдвэр гаргаж буй анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байна. Уг шийдлийн үр дагавар нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчмыг хөндөж байна.

4.8. Иймд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа маргааны бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хариуцагч талаас гаргасан бичгийн тайлбарыг үнэлэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан тайлбар, хууль ёсны аргаар цуглуулсан нотлох баримт хэрэгт байхгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчимд нийцэхгүй байх тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 10-ны өдрийн 183/ШШ2024/02079 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч О.Т д ХХХ 68 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрчээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүй алдаа гаргаснаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

4. Талууд 2024 оны 01 сарын 19-ний өдөр 0019 дугаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр О.Т нь ХХХ 68 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 221,000,000 төгрөгөөр худалдахаар, Б.Ц нь 2024 оны 01 сарын 24-ний өдрийн дотор орон сууцны төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож, улмаар нэхэмжлэгч Б.Ц ийн өмчлөлд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэж гэрчилгээ олгосон үйл баримтад талууд маргаангүй. /хх-4/

 

5. Нэхэмжлэгч Б.Ц нь орон сууцны өмчлөгч тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Т гийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Хариуцагч О.Т нь орон сууцыг эзэмшиж байгаа талаар тайлбар гаргасан байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэлд хамаарахгүй шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэл-ийг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.

 

Хариуцагч О.Т нь бусдад орон сууцыг худалдсан тохиолдолд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлэх үүрэгтэй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар ХХХ 68 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй орон сууцыг О.Т гийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагч О.Т д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Б.Ц ын нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 10-ны өдрийн 183/ШШ2024/02079 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХХ 68 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй орон сууцыг хариуцагч О.Т гийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй гэж,

 

тогтооох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Т гаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

С.ЭНХБАЯР