Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 206

 

Б.Даваадорж, С.Анхзаяа нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуул даргалж, шүүгч Д.Мягмаржав, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Дамбадаржаа,

ялтан Б.Даваадоржийн өмгөөлөгч О.Батсүх,

ялтан С.Анхзаяагийн өмгөөлөгч Л.Энх-Амгалан,

хохирогч Ц.Ариунхишиг,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Даваадоржийн өмгөөлөгч О.Батсүх, С.Анхзаяагийн өмгөөлөгч Л.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Даваадорж, С.Анхзаяа нарт холбогдох 2016 2602 2107 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Поолуу овогт Батсүхийн Даваадорж, 1991 оны 4 дүгээр сарын 8-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, танкийн механик жолооч мэргэжилтэй, Даймонд Принт ХХК-д хэвлэгч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор 5 дугаар багийн Цагаанчулуутын 13 дугаар гудамжны 22 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:ВЖ91040811/,

2. Цагаан ээж овогт Сайнхүүгийн Анхзаяа, 1992 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Нэмнэ ХХК”-д өрөмчин ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор 6 дугаар баг, Гэгээн шавь 6 дугаар гудамжны 4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:ВЖ92070118/;

Б.Даваадорж С.Анхзаяа нар бүлэглэн нь согтуугаар 2016 оны 7 дугаар сарын 3-ны шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва их дэлгүүрийн орчим хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ц.Ариунхишигийг нүүр, элэг рүү цохилоо, маргалаа гэсэн шалтгаанаар мөргөж, өшиглөснөөс түүний бие махбодид “гавлын дух ясны хугарал, зүүн ухархайн дээд болон дотор хана, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дотор булангийн хэсгээр цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт” бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Б.Даваадорж, С.Анхзаяа нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Поолуу овогт Батсүхийн Даваадорж, Цагаан ээж овогт Сайнхүүгийн Анхзаяа нарыг бүлэглэн бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Б.Даваадорж, С.Анхзаяа нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5-д зааснаар тус бүр 5 /тав/ жил хорих ял шийтгэж, тэдэнд тус бүр оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг томограф зургийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хохирогч Ц.Ариунхишигт буцаан олгохоор, Б.Даваадорж, С.Анхзаяа нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хохирогч Ц.Ариунхишиг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, Б.Даваадорж, С.Анхзаяа нарын цагдан хоригдсон 7 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэжээ. 

 

Ялтан С.Анхзаяагийн өмгөөлөгч Л.Энх-Амгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч, сэжигтэн, яллагдагч нарыг өмгөөлүүлэх бололцоогоор хангаагүй удаа дараа байцаалт авч, хавтаст хэргийн материалтай танилцуулахдаа ч өмгөөлөгч оролцуулаагүй, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14-ийн “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах,…” гэснийг зөрчсөний гадна мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтууыг ноцтойгоор зөрчиж гаргуулсан хууль бус мэдүүлгүүд болон анхан шатны шүүхээр гаргуулсан хууль бус шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэрч С.Ариунзаяа: Баарны хамгаалагч залуу гадаа танай 2 ноцолдоод байна гэж хэлэхээр нь би гарсан Ц.Ариунхишиг, С.Анхзаяа нар маргалдаж байсан, би юу болоод байна орье гэхэд Даваадорж гарч ирээд юу болоод байна гэж тэр хоёроос асуусан Ц.Ариунхишиг Б.Даваадоржийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон, тэгээд тэр 2 зодолдсон, харанхуйд сайн харагдахгүй байсан, хоёулаа газар унасан, энэ үеэр би С.Анхзаяаг аваад баар луу орж хүмүүсээ аваад гараад иртэл Ц.Ариунхишиг байгаагүй Б.Даваадорж ганцаараа байсан гэсэн мэдүүлэг өгсөөр байтал шүүгдэгч С.Анхзаяад ял оногдуулсан хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгөх ёстой анх мэдээлэл өгсөн баарны хамгаалагч хүнийг олж байцаалт өгүүлэх шаардлагатай байна.

Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ч.Эрдэмболор дүгнэлтдээ: Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэж дүгнэлт гаргасан нь /хх-19/ хохирогч Ц.Ариунхишигийн хавтаст хэрэгт авагдсан фото зурагтай яв цав тохирч байгаа юм. Уг зургийг энгийн нүдээр харахад өшиглүүлсэн гэх зулгаралт, хавдсан, шалбарсан шарх, сорви, зулгарсан гэх ул мөр үлдээгүй, нэг удаагийн цохилт, мөргөлтийн ул мөр тод илэрсэн байсан. /хх-20/.

Шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй гаргасан 1426 дугаартай дүгнэлтэд: “2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 9531 дугаартай шинжээч эмч Ч.Эрдэмболорын гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна” гэсэн нь хохирогч Ц.Ариунхишигийн биед учирсан гэмтэл нь нэг удаагийн мөргөлт, цохиолтоор үүсгэгдэх боломжтой гэснийг батлаж байна.

Шинжээч эмч Ч.Эрдэмболорын гаргасан энэ дүгнэлтийг няцаасан тайлбарыг 1426 дугаартай дүгнэлтэд дурдаагүйн гадна 1426 дугаартай дүгнэлт нь нийтэд хамаатуулсан, хавтгайруулсан бодит байдалд нийцээгүй тайлбар гаргасан гэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хавтаст хэргийн 100, 101, 102 дугаартай хуудаснуудад хохирогч, яллагдагч нарт мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж хэргийн материал танилцуулсан тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн 2016 2602 21007 дугаартай хэдэн хавтаст хэрэг, хэдэн хуудастай хэргийн материал танилцуулсан нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Яллагдагч Б.Даваадорж, С.Анхзаяа нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт заасан хэрэг хаана байгаа нь тодорхойгүй тул хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч нарыг нэн даруй суллаж өгнө үү.

Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж гаргасан "Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 59 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Б.Даваадорж, С.Анхзаяа нарыг суллаж өгнө үү гэв.

Ялтан Б.Даваадоржийн өмгөөлөгч О.Батсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт: “Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 1426 дугаартай Зүүн нүдний ухархайн дээд хананаас духны хөндийн өмнөд болон дотор
ханыг дайрсан шугаман хугарал гэмтэл нь” гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийг
үндэслэсэн. Гэтэл Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2010
оны 189/385 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Шүүх эмнэлэгийн
гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.2-т “харин нүүр, духны хөндийн өмнөд ханын хугарал, гавлын орой ясны гадна ялтасны цууралт хамаарахгүй” гэж заасан байхад шинжээчийн дүгнэлтийг хууль ёсны нотлох баримт гэж үзсэн.

Түүнчлэн хохирогч Ц.Ариунхишигийн биед учирсан гэмтэл болох духны хөндийн өмнөд ханыг дайрсан хугаралыг Б.Даваадорж учруулаагүй нь шинжээчийн дүгнэлт болон хэрэг болсон нөхцөл байдал, хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс тодорхой харагддаг /хх-83/. Тухайлбал бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн 4-т “духны зүүн хэсэгт зүүн нүдний дээд хэсэгт хүч үйлчилсэнээс үүснэ” гэж дүгнэсэн боловч хохирогч 179 см өндөр Б.Даваадорж 172 см өндөртэй байхад цэх зогсож байгаад нүдний дээд хэсэгт мөргөх боломжгүй.

2. Түүнчлэн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “нэг цаг хугацаанд нэг объектод зэрэг халдсан” гэж үзэн миний үйлчлүүлэгч Б.Даваадоржийг бусадтай бүлэглэн бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэж дүгнэсэн. Гэтэл хэргийн болсон нөхцөл байдалд Б.Даваадорж нь Ц.Ариухишигийн биед гэмтэл учруулах санаа бодолгүй буюу Ц.Ариунхишиг С.Анхзаяа нарыг маргалдаж байхад нь салгасан, дахин маргалдахад нь салгаж Ц.Ариунхишигийг явуулсан байдаг бөгөөд С.Анхзаяа Ц.Ариунхишигийн нүүрэн тус газар өшиглөхийг мэдээгүй байдаг.

Гэмт хэрэгт хамтран оролцох гэдэг нь гэмт хэрэг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрийн хүсэлт зорилгоор үйлдэл хийсэн байдаг.

Гэтэл Б.Даваадорж нь С.Анхзаяатай санаа бодол, үйл хөдлөлөө нэгтгэсэн шинж байхгүй. Өөрөөр хэлбэл, Б.Даваадорж нь хохирогч Ц.Ариунхишигийг мөргөсөн үйлдэл нь Анхзаяаг өмөөрөх, Анхзаяатай хамтын хүч чармайлт гаргасан шинж байхгүй бөгөөд хохирогч Ц.Ариунхишиг, С.Анхзаяа нар маргалдаж байх явцад салгатал Ц.Ариунхишиг нь Б.Даваадоржийн нүүрэн тус газар нь цохисон ба дахин цохих гэж байна гэж бодон нүүрний хамар, эрүү хэсэгт нь мөргөсөн. Түүнчлэн С.Анхзаяа Ц.Ариунхишигийн нүүрэн тус газар нь цохихыг Даваадорж мэдээгүй, хүсээгүй бөгөөд С.Анхзаяа нь хохирогч Ц.Ариунхишигийг зодох гэж байхад нь болиулсан байдаг.

Иймд Б.Даваадоржийг нэг цаг хугацаанд нэг объектод зэрэг халдсан буюу бусадтай бүлэглэн бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ний өдрийн дугаар 59 шийтгэх тогтоолыг өөрчилж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хохирогч Ц.Ариунхишиг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 21 цагийн орчим Б.Даваадорж, С.Анхзаяа нартай утсаар ярьж байгаад очиход тэд 2 шил архи уусан нилээд согтуу байсан бөгөөд нэмж 1 шил архи авсан. Орой 23 цаг өнгөрч замын урд талд байрлах бааранд орсон. Намайг явлаа гэж хэлэхэд С.Анхзаяа явуулахгүй байсан. Б.Даваадорж цаанаас нь “наадхаа зайлуулаач” гэхэд нь би “чамд хамаагүй” гэж хэлэхэд хүрч ирээд нүүр лүү мөргөсөн. Намайг доош тонгойход С.Анхзаяа нүүр лүү өшиглөхөд нь би зугтаж, арк руу орсон. Надад учирсан гэмтэл Б.Даваадорж, С.Анхзаяа нарын хоёулангийн үйлдлээс үүдэлтэй гэж бодож байна гэв.

Прокурор Б.Дамбадаржаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд холбогдуулан хэлэхэд шүүгдэгч нар өмгөөлөгч авахыг сануулж байсан бөгөөд төлбөрийн чадваргүй бол улсын өмгөөлөгч ав гэж байцаалт авах бүрт хэлж байсан ч өмгөөлөгч аваагүй. Ариунзаяа гэдэг гэрчийн мэдүүлгийн тухайд хавтаст хэргийн 11 дүгээр  хуудсанд өмгөөлөгчийн ярьж байгаагаас өөр байдлаар авагдсан. Уг мэдүүлэгт “Ц.Ариунхишигтэй Б.Даваадорж зодолдоод байсан асуудал сайн харагдаагүй. Зодолдож байсан” гэсэн. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд яригдсан зүйлсийг ярьж байна гэж ойлгож байна. Өмгөөлөгч нар шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гомдол гаргаж байна. Хохирогчид учирсан дух ясны хугарал хүнд гэмтлээс гадна бусад хөнгөн гэмтлүүд учирсан. Б.Даваадорж, С.Анхзаяа нар хохирогчид учруулсан гэмтлийн нөхцөл байдлыг харахад тэдний үйлдлийг бүлэглэсэн гэж зүйлчлэх хуулийн зохицуулалтад хамаарна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар сонсгосон ялыг өөрчилж, тогтоолын дагуу байцаалт авч шүүхэд шилжүүлсэн.

Хэргийн материал танилцуулсан баримтын хувьд бичвэр техникийн алдаа байсан. Ял өөрчилж сонсгосон зүйл хэсгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хавсралтад бичигдсэн зүйл хэсэг энэ хэрэгт ач холбогдолгүй. Шүүгдэгч, хохирогч нарын өндрийн харьцаанаас хамааран гэмтэл учруулах үндэслэлгүй гэж байна.

 Хамгийн үндэслэлтэй байх хэлбэрээр шинжээчийн дүгнэлт гарсан гэж ойлгож байна. Шүүгдэгч нарын тухайд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд өөрсдийн үйлдлийг үгүйсгэсэн зүйл яриагүй. Б.Даваадорж хохирогчийг мөргөсөн, С.Анхзаяа хохирогчийг өшиглөсөн гэдгээ мэдүүлсэн байхад өндрийн хэмжээ гэдгээр үйлдлийг нь үгүйсгэх боломжгүй гэж ойлгож байна. Б.Даваадорж, С.Анхзаяа нар үйлдлээрээ нэгдсэн гэдгийг ял сонсгохдоо дурдсан.

Анхан шатны шүүх нэг цаг хугацаанд нэг объектод халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийг журамлах шаардлагагүй гэдгийг шийдвэртээ тусгасан. Хохирогчийн эрх ашгийг хамгаалах ёстой. Хэргийг бүхэлд нь дүгнэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “ …шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна…” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Б.Даваадорж, С.Анхзаяа нар бүлэглэн нь согтуугаар 2016 оны 7 дугаар сарын 3-ны шөнө хохирогч Ц.Ариунхишигийг нүүр, элэг рүү цохилоо, маргалаа гэсэн шалтгаанаар  мөргөж, өшиглөснөөс түүний бие махбодид “гавлын дух ясны хугарал, зүүн ухархайн дээд болон дотор хана, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний дотор булангийн хэсгээр цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт” бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Ариунхишиг, ялтан Б.Даваадорж, С.Анхзаяа нарын, мөрдөн байцаалтад гэрч С.Ариунзаяа, Б.Энхбат нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 9531 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 1426 дугаартай хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Ч.Эрдэмболорыг байцаасан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-95/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-96/, Компьютер Томографын шинжилгээ /хх-21/ болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан Б.Даваадорж, С.Анхзаяа нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруу, учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Ялтан Б.Даваадоржийн өмгөөлөгч О.Батсүхийн: “…Б.Даваадоржийг нэг цаг хугацаанд нэг объектод зэрэг халдсан буюу бусадтай бүлэглэн бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ний өдрийн дугаар 59 шийтгэх тогтоолыг өөрчилж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл:  

мөрдөн байцаалтад хохирогч Ц.Ариунхишигийн: “...2016 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ... Анхзаяатай би “найз нь явья даа” гэхэд Дорж Анхзаяад “наадхаа зайлуулаачээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чамд хамаагүй би найзтайгаа юм ярьж байна” гэсэн ба тэгтэл Дорж над дээр ирээд намайг заамдан авч мөргөсөн. Миний нүд хамар луу нэг удаа мөргөж би унахад Анхзаяа, Дорж нар бүлэглэн өшиглөж зодсон....” /хх-99/,

шүүхийн хэлэлцүүлэг хохирогч Ц.Ариунхишигийн: “...2016 оны 7 дугаар сарын 3-ны орой ... Анхзаяа бид хоёр гадаа байж байтал дотроос Даваадорж гарч ирээд шууд миний хамар, нүдний ухархай хэсэг рүү мөргөсөн. Би нүүрээ дараад доошоо суусан чинь Анхзаяа хажуу талаас нэг удаа толгой руу өшиглөсөн. Тэгэхээр нь би босоод цаашаагаа зугатаж арк руу орсон...” /хх-148/,

мөрдөн байцаалтад ялтан Б.Даваадоржийн: “... Анхзаяагийн найз охин Ариунзаяа надад “нөгөө 2 зодолдоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад салгах гээд дундуур нь орсон ба Ариунхишигийг бариад автал Ариунхишиг миний нүүрэн тус газар нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд Ариунхишигийн нүүр, хамар луу нэг удаа мөргөсөн. Ариунхишигийн хамраас нь цус гараад явлаа гээд явсан...” /хх-32/, 

мөрдөн байцаалтад ялтан Б.Даваадоржийн: “...баарнаас гарч ирэхэд Анхзаяа, Ариунхишиг нар заамдалцсан байсан. Тэгэхээр нь би дундуур нь боль гэж салгаж 2 тийш нь салгахад Ариунхишиг миний нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэгэхээр нь би заамдаж аваад нэг удаа нүүрэн тус газар нь мөргөсөн ба би бодохдоо эрүү орчим нь мөргөсөн. Нэг удаа мөргөсний дараа Анхзаяа бид хоёрыг салгахаар Ариунхишигийн араас нь хувцаснаас татсан ба тэгээд Ариунхишиг явган суусан ба Анхзаяа Ариунхишигийн нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөсөн...” /хх 34-35/,

шүүхийн хэлэлцүүлэгт ялтан Б.Даваадоржийн: “...Ариунзаяа гаднаас орж ирээд Анхзаяа, Ариунхишиг хоёрыг зодолдоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гадаа гараад иртэл Анхзаяа, Ариунхишиг хоёр хоорондоо заамдалцсан байсан. Би Анхзаяа, Ариунхишиг хоёрыг салгаад Ариунхишигийг хойш нь тэврээд холдуулж байтал Ариунхишиг миний нүүр хэсэгт тохойлдсон. Би Ариунхишигийг хойш нь түлхээд явж байтал дахиад намайг цохих гэхээр нь би хамар, эрүү хэсэг рүү нь нэг удаа мөргөөд хамт газар унасан. Харин босч ирээд Ариунхишигийг татаад босгох гэсэн чинь босохгүй байсан...” /хх-147/,

мөрдөн байцаалтад ялтан С.Анхзаяагийн: “...2016 оны 7 дугаар сарын 3-ны орой ... гадаа гараад зогсож байхад Ариунхишиг “би танай найзыг чинь зодчих уу” гээд байсан ба би хэрэггүй гэсэн. Тэгтэл Ариунхишиг намайг гэнэт заамдан аваад ТҮЦ-руу шахахад би “зүгээр бай” гэж хэлээд тавиулсан. ... Тэгтэл Даваадорж караоке баарнаас гарч ирсэн ба энэ үед Ариунхишиг бид хоёр дахин заамдалцсан. Даваадорж Ариунхишиг бид хоёрыг салгасан ба Ариунхишиг Даваадоржийн нүүрэн тус газар  нэг удаа тохойлдсон. Тэгтэл Даваадорж Ариунхишигийн нүүрэн тус газар мөргөх шиг болсон. ... Даваадорж Ариунхишигийг мөргөхөд Ариунхишиг газар хажуу мөрөөрөө унасан. ... Салгаж байхдаа би санамсаргүйгээр Ариунхишигийн бие дээр нь гишгичихсэн. Тухайн үед Ариунхишигийн хамарнаас нь цус гарсан байсан...” /хх-37-38/,

мөрдөн байцаалтад ялтан С.Анхзаяагийн: “...тэд заамдалцаж байсан ба Даваадорж Ариунхишигийн нүүрэн тус газар нь мөргөсөн. Яг хаана нь мөргөсөнийг би сайн харж чадаагүй. Тэгээд би Даваадоржийн араас очиход Ариунхишиг нүүрээ дараад сууж байсан. Тэгэхээр нь би Ариунхишигийн нүүрэн тус газар нь хоёр удаа өшиглөсөн. Тэгээд Даваадорж Ариунхишигийг босгоод явуулсан...” /хх-41/,

шүүхийн хэлэлцүүлэгт ялтан С.Анхзаяагийн: “...2016 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ... Ариунхишиг бид хоёр Москва рестораны ТҮЦ-ний хажууд юм яриад зогсож байтал Ариунхишиг надад “би танай найз Доржоог зодчих уу” гэхээр нь би “хэрэггүй, яах гэсэн юм бэ” гэж би хэлсэн. Тэгтэл намайг Ариунхишиг заамдаж аваад цохисон. Тэгтэл Ариунзаяа, Даваадорж нар гарч ирээд Ариунхишиг бид хоёрыг салгатал Даваадоржийн нүүрэн тус газар Ариунхишиг тохойлдсон. Тэгтэл Даваадорж, Ариунхишигийг мөргөж байгаа харагдсан...” /хх-147/,

мөрдөн байцаалтад гэрч С.Ариунзаяагийн: “...2016 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ... баарны хамгаалагч залуу орж ирээд “та нартай хамт явж байгаа хоёр залуу гадаа ноцолдоод байна” гэхээр нь би ганцаараа гараад харсан тэгтэл Ариунхишиг, Анхзаяа нар хоорондоо муудалцсан маргалдаж байсан. Гэтэл Даваадорж гарч ирсэн тэгээд юу болоод байгаа юм бэ гээд Ариунхишиг, Анхзаяа нараас асуухад Ариунхишиг нь Даваадоржийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон тэгээд Даваадорж нь Ариунхишигтэй зодолдсон. Тухайн  үед харанхуй байсан ба сайн харагдахгүй зодолдоод байсан. ... Ариунхишиг Даваадоржийг 1 удаа цохисон тэгээд Даваадорж зөрүүлээд Ариунхишигийг цохиод тэгээд зодолдоод газар унаад эхэлсэн...” /хх-12/,

мөрдөн байцаалтад гэрч Б.Энхбатын: “...байшингийн буланд Ариунхишиг нь газар сууж байсан ба хамар ам нь цус болсон байдалтай байсан. Тэгээд юу болсон талаар асуухад манай хоёр найз нийлээд намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд эрүүлдээ учраа ол гээд Ариунхишигийг аваад гэр лүү нь хүргэж өгсөн. Тухайн үед Ариунхишигийн хамар, зүүн нүдний орчим нь хавдсан байсан...” /хх-14/,

шинжээч эмч Ч.Эрдэмболорын: “...Компьютер томографын шинжилгээ нүүрэнд үүссэн цус хуралт зэргээс харахад хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл болох нь тогтоогдсон. Ариунхишигт учирсан дух ясны хугарал гэмтэл нь хүнд, бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ... Дух ясны хугарал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нэг буюу хэд хэдэн удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Өшиглөх мөргөх үеийн аль алинд нь үүсэх боломжтой...” /хх-22/ гэсэн мэдүүлгүүдээр болон  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 9531 дүгээр дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 1426 дугаартай хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-95/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-96/, Компьютер Томографын шинжилгээ /хх-21/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар ялтан Б.Даваадорж, С.Анхзаяа нар нь үйлдлээрээ бүлэглэн хохирогч Ц.Ариунхишигийг зодсоноос түүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх тул ялтан Б.Даваадоржийн өмгөөлөгч О.Батсүхийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Ялтан С.Анхзаяагийн өмгөөлөгч Л.Энх-Амгалангийн: ”... Эрүүгийн хавтаст хэргийн 100, 101, 102 дугаартай хуудаснуудад хохирогч, яллагдагч нарт мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж хэргийн материал танилцуулсан тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн 2016 2602 21007 дугаартай хэдэн хавтаст хэрэг, хэдэн хуудастай хэргийн материал танилцуулсан нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэж байна. Яллагдагч Б.Даваадорж, С.Анхзаяа нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт заасан хэрэг хаана байгаа нь тодорхойгүй тул хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч нарыг нэн даруй суллаж өгнө үү...” гэсэн гомдлыг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг хянан үзвэл:

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл”-д яллагдагч С.Анхбаяр, Б.Даваадорж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт заасан 2016 2602 21007 дугаартай хэргийг танилцуулахаар байхад тэдгээрт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан 2016 2602 21007 дугаартай эрүүгийн хэргийг танилцуулсан /хх-101, 102/ мэтээр баримтад бичвэр техникийн алдаа гаргасныг Эрүүгийн байцаан шйитгэх хуулийн 320 дугаар 320.1 дэх хэсэгт: “ ..шүүхээс … үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар энэ хуулийн шаардлагыг зөрчсөн гэж зөвтгүүлэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл болохгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Даваадоржийн өмгөөлөгч О.Батсүх, С.Анхзаяагийн өмгөөлөгч Л.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.