Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 293

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Иргэн Я.С-ийн нэхэмжлэлтэй,

Хаяг: Баян-Өлгий аймгийн Өлгий сум,  дугаар багт оршин суудаг. 

Хариуцагч: Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын Сайдад холбогдох,

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэсний гудамж-5, /утас: 51-261553/

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдад даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.С-д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.П нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Я.С би Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 242 дугаар захирамжаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдсон төрийн захиргааны албан хаагч юм. Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч надад эрүүгийн хэрэг үүсгэн улмаар албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн тогтоол үйлдэж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Х.Ө-ний зөвшөөрснөөр Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар миний албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн тогтоолыг 2002 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гаргасан юм. Надад холбогдох зохиомол хэрэг ...3 жил 11 сар мөрдөн байцаалтаар шалгагдсаны эцэст цаашид явц муутай болж үнэн зүйл, цагаан нь харыг дийлнэ гэсэн зарчмын дагуу Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын газрын прокурор, хууль цаазын зөвлөх Х.Ө-ээс 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай” №5/121 дүгээр тогтоол, хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Х.Ө-ий 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Хэргийн зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай” №5/29 дүгээр тогтоол тус тус гаргасан юм. Ингээд Я.С-д надад холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон юм. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Х.Өрений 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай” №5/121 дүгээр тогтоолын Тогтоох хэсгийн 3-т “Яллагдагч Я.С-ийн албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай” гэжээ. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.3-т “Энэ хуулийн 75.1-д заасан арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагүй бол шийдвэр гаргасан албан тушаалтан түүнийг хүчингүй болгож, холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэнэ” гэж заасан байна. Ийнхүү надад холбогдох хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурорын тогтоол гарснаар би өмнө эрхэлж байсан ажилд дахин эргэн орох хууль зүйн үндэслэл бүрдэж байгаа юм. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож үл болно...” гэсэн зарчмын дагуу энэ асуудалд хандах ёстой.

Я.С миний албан үүргийг биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн тогтоол гарах үед Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргыг тус аймгийн Засаг дарга ажилд томилох, чөлөөлөх заалттай байсан. Нийгмийн халамжийн тухай хуульд 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр орсон нэмэлтээр 24 дүгээр зүйлийн 24.3-т “...Аймаг, нийслэл, дүүргийн Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн тус тус томилж чөлөөлнө” гэсэн нэмэлт орсон юм. ...Би өнөөдөр хүртэл албан ажлаас чөлөөлсөн тухай Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын тушаал аваагүй, намайг ажлаас чөлөөлсөн тушаал тухайн үед гараагүй юм. Миний эрхэлж байсан албан тушаалыг Авилгатай тэмцэх газрын 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор түдгэлзүүлсэн учраас өөрийгөө үүрэгт ажлаас одоо хүртэл чөлөөлөгдөөгүй гэж үзэж байна. Монгол улсын иргэн Я.С би тангараг өргөсөн, төрийн мэргэшсэн жинхэнэ албан хаагч юм. Би улс, нийгэмд 32 жил хариуцлагатай алба хашиж байсан ажлын дадлага туршлагатай, ял шийтгэлгүй, шударга зан төлөвтэй, жирийн нэгэн сэхээтэн. Я.С би миний өмнө ажиллаж байсан байгууллагад бүтцийн өөрчлөлт хийгдсэн боловч чиг үүрэг, зорилго, зорилт нь хэвээр байгаа учраас Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар томилж өгөх асуудлаар Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын Сайд Н.Н-т 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өргөдөл гаргасан. Сайдаас миний өргөдлийг 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр №1/32 тоотоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүцэтгэгч Б.Н-д шилжүүлжээ. Би өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд хамгаалуулахаар Төрийн албаны зөвлөлд 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гомдол гаргасан юм. Монгол улсын төрийн албаны зөвлөлөөс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүргүүлсэн 933 дугаарт албан бичигт “...Я.С нь 2008 оны 7 дугаар сараас 2012 оны 8 дугаар сарын хооронд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд тухайн үеийн Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, албад /агентлаг/-ын бүтцийн өөрчлөлтийн үндсэн дээр ажил, албан тушаалд нь ажиллуулахгүй байх талаар тус аймгийн Засаг даргаас болон хууль хяналтын байгууллагын шийдвэр гарч байсан. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрийн үндсэн дээр Я.С-ийн албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосон тул түүнийг ажлаар хангах арга хэмжээ авна уу...” гэж дурьджээ. Я.С би 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Тамгын газрын дарга н.Э-тай уулзан Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 933 дугаар албан бичгийг үзүүлж өмнө эрхэлж байсан ажилд ажиллах талаар хүсэлт тавьсан боловч "Таны томилгоог шийдвэрлэх боломжгүй" гэсэн хариу өгсөн юм. 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “...Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын даргыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэсэн заалтын дагуу миний нэхэмжлэлийн шаардлага нь шийдвэрлэгдэх ёстой гэж үзэж байна. Иймээс Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчлгээний газрын даргад томилоогүй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдад даалгаж өгөх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санхүүгээс ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.

1.Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буртуутайд тооцож үл болно...” гэсэн зарчмын дагуу намайг гэм буруутай болохыг шүүхийн байгууллагаас тогтоосон ямар нэгэн шийдвэр гараагүй юм.

2.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн”, 24 дүгээр зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх”, 25 дугаар зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах” зэрэг үйл баримт болоогүй, ажил олгогчоос энэ тухай ямар нэгэн эрхийн акт буюу тушаал, шийдвэр өнөөдөр хүртэл гараагүй байна.

3. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” №5/121 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт “Яллагдагч Я.С-ийн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай” гэж дурджээ. Үүнээс үзэхэд Авилгатай тэмцэх газрын 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай” тогтоол нь хүчингүй болж байна. Ийнхүү Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын Сайдын эс үйлдэл нь миний хөдөлмөрлөх эрх ашигт ноцтой зөрчигдөхөд хүргэж байна. 

Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, 27.2.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Я.С намайг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргаар томилоогүй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Я.С намайг Баян-Өлгийн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад томилохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгаж өгөх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санхүүгээс ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл цалин хөлс 4.476.612 төгрөгийг ажил олгогчоос гаргуулах, Нийгмийн даатгалын шимтгэлд 447661 төгрөгийг нийгмийн даатгалын байгууллагад төлж өгөхийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Я.С-ийн албан үүргээ биелүүлэхийг Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчийн 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор түдгэлзүүлжээ. Нэхэмжлэгч Я.С өөрт нь холбогдох эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсны дараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдад хандаж Баян-Өлгий  аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар өргөдөл гаргасан байх боловч Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.3-т “Энэ хуулийн 75.1-д заасан арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагүй бол шийдвэр гаргасан албан тушаалтан түүнийг хүчингүй болгож, холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэнэ” гэж заасан байна. Гэтэл Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч болон прокуророос Я.С-ийн албан үүргээ  биелүүлэхийг түдгэлзүүлэх шийдвэрээ хүчингүй болгож яаманд холбогдох мэдээллийг ирүүлээгүй байна. Я.С-ийн албан үүрэг түдгэлзүүлсэн 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс хойш аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь Хөдөлмөрийн хэлтэс, халамжийн хэлтэс болж тус тус байгуулагдсан. Мөн Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор Хөдөлмөрийн хэлтэс, Халамжийн хэлтсийг нэгтгэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгосон. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “...аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын даргыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэж заасан. Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1-01/1611 дугаар албан бичгээр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар Б.С-ыг томилуулах нэр ирүүлсэн байна. Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 933 дугаар албан бичгээр Я.С-ийн өргөдлийг хянан үзээд тухайн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар томилуулах шийдвэр гаргаагүй харин “... ажлын байраар хангах арга хэмжээ авна уу” гэж хариу өгсөн байна. Я.С-ийн өргөдлийг шийдвэрлэхэд дээрх нөхцөл байдал тогтоогдож байсан тул түүнийг ажлын байраар хангуулахаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт шилжүүлсэн болно. Иймд С-ийн ажил томилохгүй байгаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын эс үйлдэхүй нь хууль ёсны байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч төрийн албанаас халагдаж, чөлөөлөгдөөгүй. Зөвхөн албан үүргээ гүйцэтгэхийг нь таслах сэргийлэх арга хэмжээ авсны үндсэн дээр түр түдгэлзүүлсэн. 2016 онд таслах сэргийлэх арга хэмжээг эрх бүхий байгууллагаас хүчингүй болгоод холбогдох байгууллагад мэдэгдсэн. Баян-Өлгий аймгийн Засаг дарга буюу анх томилсон этгээдэд хандсанаар эрх нь сэргэх бодит нөхцөл байдал байхгүй байсан. Хуулийн дагуу Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Сайдад хандаж хөдөлмөрлөх, төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах эрхээ сэргээлгэх боломжууд байгаа учраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдад удаа дараа хандаж хүсэлтээ гаргасан. Гэсэн хэдий боловч холбогдох үүргээ биелүүлэхгүй, эс үйлдэхүй гаргаж байгаа тул шүүхэд хандаж өргөдлөө гаргасан. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах тухай хуульд зааснаар иргэн өргөдөл гаргасан бол түүний өргөдлийг 30 хоногийн хугацаанд шийдвэрлэх ёстой. Гэтэл ямар нэг байдлаар шийдвэрлээгүй. Шүүхэд дөрвөн гол зүйлийг үндэслэж тайлбараа гаргадаг боловч тэр нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй. Түдгэлзүүлж байгаа харилцаа нь эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгодог. Нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хөдөлмөрлөх эрхээ үргэлжлүүлэх боломж бодитойгоор үүссэн. Хамгийн гол нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайд энэ эрхээ хэрэгжүүлэх боломж олгож, өмнө эрхэлж байсан албан тушаалд томилох ёстой гэж үзэж байна. Эрхийг нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон гэдэг шалтгаанаар хязгаарлах хуулийн зохицуулалт байхгүй. Хэрэгсэхгүй болгосон тогтоолоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдад ирүүлээгүй. Бүтэц, орон тоо өөрчлөгдсөн хэдий боловч ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа. Засаг даргатай зөвшилцөх нь нэхэмжлэгчийн өмнө нь эрхэлж байсан хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудалд яригдахгүй. Томилох эрх бүхий этгээд эрхээ хэрэгжүүлээд энэ хүний эрхийг сэргээх нь зүйтэй гэж үзэж байгаа учраас эдгээрийг анхаарч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Я.С-ийн хувьд эрүүгийн хэрэгт шалгагдаад албан тушаалыг нь түдгэлзүүлэх мөрдөн байцаагчийн тогтоолоор албан тушаалыг нь түдгэлзүүлсэн байдаг. Энэ хэрэг шалгагдаад шүүхээр орсон. Анхан шатны шүүх хуралдааны дараа мөрдөн байцаалтад буцаад прокурорын шатанд хоёр тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ прокуророос гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэдгийг тогтоосон. Гэм буруугийн асуудлаар тухайн хэрэгт холбогдсон этгээд маргах эрхийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нээлттэй зохицуулсан. Өршөөл үзүүлэх тухай хуульд зарим үйлдэл нь хамрагдсан. Уг хуульд хамрагдахын тулд гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирлоо барагдуулах хоёр шаардлага тавьдаг. Үүнийг нэхэмжлэгч Я.С тухайн үед өргөдлөөрөө бичиж өгөөд гэмшиж байна, хохирол гарвал барагдуулна гэдгээ бичиж өгсөн. Энэ утгаараа гэм буруугийн хувьд шүүхэд маргаагүй. Ёс зүйн хувьд хариуцлага хүлээгээд нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан гэж тайлбарлаж байна. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэсэн Үндсэн хуулийн зарчмыг тайлбарлаж байна. Энэ хэмжээний нотлох баримт тухайн үед сайдад цуглаагүй байсан. Ямар хэрэгт холбогдсон гэдэг нь тодорхойгүй байсан учраас тухайн үед томилох шийдвэр гаргахгүй байх нөхцөл байдал үүссэн гэж ойлгож байна. Түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгосон талаарх тогтоол, шийдвэр сайдад ирээгүй байсан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар ажлын байраар ханга гэсэн үүднээс сайдын зүгээс агентлаг руугаа албан бичиг явуулсан болохоос тухайн албан тушаал дээр томил гэсэн шийдвэр гаргаагүй. Бид Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явагдсан гэж үзэж байна. Үүний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас ямар нэг шийдвэр гаргаагүй” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Я.С 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс 4.476.612 төгрөгийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлд 447661 төгрөг төлөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдад холбогдуулан гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн “ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлагаасаа татгалзсан, “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдад даалгах” гэж үлдэх шаардлагаа тодруулсан тул шүүх энэ шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэн, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Я.С анх Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Ажилд томилох тухай” 242 дугаар захирамжаар тус аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон байх бөгөөд түүнийг албан үүргээ гүйцэтгэж байхдаа нийгмийн халамжийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагчийн 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тогтоол”-оор эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан байна. 

Уг эрүүгийн хэрэгтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагчийн 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тогтоол” гаргасныг үндэслэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 458 дугаар захирамжаар Я.С-ийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалаас түр түдгэлзүүлжээ.

Улмаар Я.С-д холбогдох 201204000315 тоот эрүүгийн хэргийг Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хянаад:

- 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Хэргийн зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай” 5/29 дугаар тогтоолоор “...яллагдагч Я.С-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан  үйлдэл холбогдлыг” гэмт хэргийн  хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 

- 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 5/121 тоот тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатанд хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн тул “...эрүүгийн 201204000315 дугаартай хэргийг Анхны ардчилсан парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй” болгож, Я.Сьездийн албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгч Я.С “...дээрх албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчийн 2012 оны тогтоол хүчингүй болгосон тул урьд эрхэлж байсан албан тушаалд үргэлжлүүлэх ажиллах боломжтой” гэж маргасан. 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 5/121 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч Я.С нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн прокурор Т.Б-д, дараа нь Улсын Ерөнхий прокурорын газарт тус тус гомдол гаргасан байна.

Энэ нь, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээх хүртэл хууль зүйн үр дагаварыг бий болгохоор байх тул нэхэмжлэгчид холбогдох эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй байхад түүнийг ажилд томилохоос татгалзсан хариуцагчийн үйл ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Я.С-ийн албан үүргээ түр түдгэлзүүлсэн хугацаанд Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 36 дугаар тогтоол, 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоолуудаар аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд өөрчлөлт орж, нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь газар болон өөрчлөн байгуулагдсан байх бөгөөд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1-01/1611 тоот албан бичгээр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалд Я.Сьездийг томилуулахаар санал болгоогүй, харин Б.С-ны нэрийг санал болгосон байх тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайд тус албан тушаалд нэхэмжлэгчийг томилоогүй нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын даргыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэж заасныг зөрчөөгүй  гэж шүүх дүгнэв.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-д зааснаар төрийн алба “ард түмэнд үйлчлэх, шуурхай, тасралтгүй байх” зарчмыг баримтлан ажилладаг болохын хувьд хөдөлмөр, халамжийн үйлчилгээтэй холбоотой төрийн үйлчилгээ иргэдэд саадгүй хүрэх учиртай.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т тус тус заасныг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдад холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар томилоогүй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад үргэлжлүүлэн ажиллуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдад даалгах” тухай шаардлага бүхий Я.С-ийн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Г.МӨНХТУЛГА