Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2019/0554

 

                                  “А-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                        захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Ц.Цогт, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, Ц.А, Н.Э, Э.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С, хариуцагч М.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж, Д.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0393 дугаар шийдвэртэй, “А-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын газар, тус газрын гүйцэтгэлийн аудиторын газрын аудиторт тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0393 дугаар шийдвэрээр:

Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.12-д заасныг тус тус үндэслэн “А-И” ХХК-ийн Үндэсний Аудитын газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ2017/01-ДА дугаар Төлбөр барагдуулах тухай актын “А-И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/116 дугаар тушаалаар батлагдсан “Э ү” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайлангийн Бүлэг 2 буюу “Э ү” ХХК-ийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж буй хүдэр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа хууль, журамд нийцэхгүй байна хэсгийн 2.5, 2.6, 2.7, 2.8, 2.9, 2.14, 2.15, 2.16, 2.17, 2.23, 2.24, 2.25, 2.26, 2.27, 2.28, 2.32, 2.33 дахь хэсгийн “А-И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С давж заалдах гомдолдоо: “... 1.3. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа хуульд нийцээгүй тухайд:

          Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлд төрийн аудитын байгууллагын хийх аудитыг санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн, нийцлийн гэсэн төрөлтэй байгаар хуульчилсан бөгөөд харин аудитыг хэрхэн хийх журам, хамрах хүрээ, оролцуулах этгээдийн талаар хуульчлаагүй болно. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “… Төрийн аудитын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг тус тусын хууль тогтоомжоор зохицуулна” гэж заасан. Тиймээс аудитын байгууллага хяналт, шалгалт хийхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлах ёстой.

Үндэсний аудитын газрын “Төлбөр барагдуулах тухай” актын үр дагавар нь “А-И” ХХК-д шууд чиглэсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар “А-И” ХХК-ийг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Гэтэл хуульд заасан журмын дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн оролцогчид хамаарах бүхий л хэм хэмжээг зөрчсөний зэрэгцээ мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан тусгай зарчмыг зөрчсөн болно.

Маргаж буй актыг хариуцагч гаргахдаа дээр дурдсан зүйл, заалтыг зөрчсөн тул Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдийг илтэд зөрчсөн байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу Үндэсний аудитын газар нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй. Бодит нөхцөл байдлыг тогтоохын тулд ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг бүрэн гүйцэт цуглуулах ёстой. Гэвч эдгээр ажиллагааг хийгээгүй. “А-И” ХХК-иас тайлбар, нотлох баримтыг авалгүйгээр бодит нөхцөл байдалд тохирохгүй акт гаргасан.

Гэтэл шүүхээс субъектийн оролцооны эрхийг бүрэн хангасан гэж дүгнэсэн байх боловч хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн олон зүйл, заалтыг зөрчсөн талаар бидний зүгээс гаргасан үндэслэлүүдэд нэгэнд нь ч хариу тайлбар гаргаагүй бөгөөд шүүх ч энэ талаар тодорхой дүгнэлт хийгээгүй байна.

Хоёр. Үндэсний аудитын газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/84 ГАГ-2017/01-ДА дугаар акт хуульд үндэслээгүй тухайд:

          Хариуцагч нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.12, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны А/95 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журам”-ын 4.1 дэх хэсгийг маргаан бүхий захиргааны актынхаа хууль зүйн үндэслэлийг болгосон байна. Энэхүү хууль зүйн үндэслэлд задлан шинжилгээ хийж үзвэл:

          Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар Үндэсний аудитын газарт төрийн байгууллага болон Улсын Их Хурлын санхүүгийн тайланд аудит хийх бүрэн эрхийг олгосон байна. Гэтэл бодит байдал дээр аудит хийгдсэн “Э ү” ХХК, огт аудитад хамрагдаагүй “А-И” ХХК нь төрийн байгууллага болон Улсын Их Хурлын аль нь ч биш юм. Хариуцагч дээр дурдсан заалтыг хэрэглэж, хууль хэрэглээний илэрхий алдаа гаргасныг мөн л зөвтгөх үндэслэл байхгүй байхад шүүх Төрийн аудитын тухай хуулийн 15.1.2-т зааснаар бүрэн эрх нь тодорхойлогдож байна гэж дүгнэн хариуцагчийн хууль бус үйлдлийг зөвтгөж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

          Хариуцагч Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12, “Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журам”-ын 4.1 дэх заалтыг маргаан бүхий захиргааны актад баримталсныг үндэслэл болговол “Төлбөр барагдуулах тухай” акт тавих биш, харин албан шаардлага өгөх эрх хэмжээтэй байна.Иймэрхүү хэлбэрийн алдаа хариуцагчийн үйл ажиллагаанд олон байгааг дурдах нь зүйтэй.

          Маргаж буй захиргааны актын эрх зүйн гол үндэслэлд хамаарч байгаа “Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журам”-ын 4.1 дэх заалтыг маргаан бүхий захиргааны актад баримталсныг үндэслэл болговол “Төлбөр барагдуулах тухай” акт тавих биш, харин албан шаардлага өгөх эрх хэмжээтэй байна. Иймэрхүү хэлбэрийн алдаа хариуцагчийн үйл ажиллагаанд олон байгааг дурдах нь зүйтэй.

          Маргаж буй захиргааны актын эрх зүйн гол үндэслэлд хамаарч байгаа “Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журам” нь Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байх бөгөөд мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт зааснаар тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэлгүй болно.

Гэтэл анхан шатны шүүхээс энэ талаар ямар ч дүгнэлт өгөөгүй бөгөөд эрх зүйн үйлчлэлгүй  журам барьж акт тогтоосон хариуцагчийн үйлдлийг зөвтгөж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Төлбөр барагдуулах тухай актын материаллаг хууль зүйн үндэслэлээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг үндэслэл болгосон байна. Гэтэл тухайн актаар хэн, ямар субъект хуулийн дээрх заалтыг зөрчсөнийг тодорхойлоогүй байхын зэрэгцээ хуулийн зүйлээр нь шинжилгээ хийж үзвэл эдгээр  заалт нь экспортын харилцаанд хамааралтай, эсхүл “Э ү” ХК-ийн хувьд хэрэглэгдэх утгаар ойлгогдож байна.

Үндэсний аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах ёстой. Харин өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар буюу албан татвар ногдуулалт, төлөлттэй холбоотой асуудлаар хяналт шалгалт хийх, акт гаргах чиг үүрэггүй болно.

Бодит байдал дээр аудит хийгдсэн “Э ү” ХК бараа бүтээгдэхүүн экспортлоогүй, харин “A-И” ХХК экспортлогч бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан татварын “0” хувь хэрэглэгддэг болно.

Мөн экспортын бүтээгдэхүүнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар актад дурьдаж байгаа нь манай компанийг хуульд нийцээгүй үйлдэл хийхийг шаардсан гэж үзэхээр байна.

Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд “А-И” ХХК-ийг оролцуулж тайлбар, нотлох баримтыг авсан бол Үндэсний аудитын газар өөрийн тооцолборын илэрхий алдаа болон нэмэгдсэн өртгийн албан татварыг аль хэдийн төлсөн болохыг мэдэх боломжтой байх  байсан.

Хууль хэрэглээний ийм илтэд алдаатай захиргааны актыг захиргааны байгууллага, тэр тусмаа хяналт, шалгалтын мэргэшсэн байгууллага гаргах ёсгүй юм. Үндэсний аудитын газрын мэдээллийг үндэслэн Татварын ерөнхий газраас “Э ү” ХХК-иас “А-И” ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох худалдан авалттай холбоотой харилцаанд хяналт шалгалт хийж ямар нэгэн зөрчил, дутагдал байхгүй болохыг тогтоосон болно.

Түүнчлэн анхан шатны шүүхээс “… Үндэсний аудитын газрын акт болон “Э ү” ХХК, “А-И” ХХК-иудын хоорондын гэрээг нэгтгэн дүгнэвэл экспортод гаргасан бараа бүтээгдэхүүний орлогод тооцсон НӨАТ биш байх бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан “Э ү” ХХК-ийн балансын бус хүдрийн овоолгийг ашигласны төлбөрт ногдуулсан НӨАТ байна.” гэж дүгнэсэн байх бөгөөд хариуцагчаас уг актаар ногдуулсан төлбөрийг НӨАТ биш гэж тайлбарладаг бөгөөд манай компаний ашиглалтын төлбөр төлсөн баримт, талуудын тооцоо нийлсэн баримтууд болон нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын талаарх баримтуудыг шүүх огт үнэлээгүй гэж үзэхээр байна.

Мөн шүүхийн шийдвэрт “… А-И” ХХК нь 2015 онд 10,530.20 тн катодын зэс борлуулж, 102,522,600,000 төгрөгийн орлого олсон, 2016 онд 10,810.30 тн катодын зэс борлуулж 141,299,200,000 төгрөгийн орлого олсон, 2017 оны 3 дугаар улирлын байдлаар 10,607.00 тн катодын зэс борлуулж, 148,344,500,000 төгрөгийн орлогыг тус тус олсон байна. “Э ү” ХК болон “А-И” ХХК-иудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2-т заасан хувь хэмжээгээр тооцон үзэхэд ашиглалтын төлбөрийг 408,826,600 төгрөгөөр дутуу төлсөн болох нь тогтоогдож байна. Борлуулсан зэсийн катодын хэмжээг зөвхөн экспортлосон, гаалийн байгууллагад ,мэдүүлсэн хэмжээгээр тогтоосон бөгөөд энэ нь Орхон аймгийн Гаалийн газрын мэдээлэлтэй таарч байна.” гэж дүгнэсэн байна.

Гэтэл бодит байдал дээр шүүхийн шийдвэр болон маргаан бүхий акт Үндэсний аудитын газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/84 ГАГ-2017/01-ДА дугаар актын Хавсралт 2 ““А-И” ХХК-ийн гаалийн бүрдүүлэлтийн тоо мэдээнд үндэслэн тооцсон борлуулалтын орлого, ашиглалтын төлбөр” гэсэн хэсэгт бичсэн катодын зэсийн тоо хэмжээний нийлбэр нь 34,948.3 байхад 36,350.0 гэж, борлуулалтын орлогын дүнг нэмбэл нийт дүн 392,166,300,000 төгрөг байхад 408,785,000,000 төгрөг гэж борлуулалтын орлогыг алдаатай тооцоолсон байхад шүүх мөн уг тооцооллыг анхаарч үзээгүй.

Мөн хариуцагч нь 3 дугаар хавтаст хэргийн 217 дахь талд авагдсан буцаалтад орсон катодын зэсийн тоог хэмжээг хяналт шалгалтдаа огт хамруулаагүй, буцаалт хийгдсэн эсэх талаар шүүх хуралдааны үед хариуцагчаас асуухад “буцаан хийгдсэн баримтыг авч үзээгүй” гэж хариуцагч тайлбарлаж байхад уг нөхцөл байдлыг шүүх мөн харгалзан үзээгүй байна.

Хоёр. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/116 дугаар тушаалаар батлагдсан “Э ү” ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайлан”-гийн бүлэг 2 буюу “Э ү” ХХК-ийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж буй хүдэр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа хууль, журамд нийцэхгүй байна” хэсгийн 2.5, 2.6, 2.7, 2.8, 2.9, 2.14, 2.15, 2.16, 2.17, 2.23, 2.24, 2.25, 2.26, 2.27, 2.28, 2.32, 2.33 дахь хэсгүүдийн “А-И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгууулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Анхан шатны шүүхээс уг тайланг захиргааны акт биш, мөн уг тайлангийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, хөндөгдөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд тайлангийн холбогдох заалтууд нь эрх зүйн үр дагавар үүсгэсний үндсэн дээр акт тавигдсан, мөн дараахь байдлаар манай компани болон “Э ү” ХХК-ийн хооронд байгуулагдсан харилцаанд дүгнэлт хийж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа болно.

Уг аудитын тайлангийн 2.5-д дурьдсан дүгнэлтийн тухайд:

Бодит байдал дээр “Э ү” ХК-ийн Зөвлөлийн 2010 оны 43 дугаар хуралдаанаас “Үйлдвэрийн балансын гадуурх хүдрийн овоолгыг ашиглах боломжийг судлах” үүргийг гүйцэтгэх удирдлагад өгсөн байдаг.

Уг шийдвэрийн дагуу “Э ү” ХК болон “А-И” ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 5.225-10 дугаар Хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, улмаар “Э ү” ХХК-ийн зөвлөлийн 2010 оны 44 дүгээр хуралдаанаар “... “А-И” ХХК-тай балансын гадуурх хүдрээс ангижруулалтын аргаар зэс ялган авах үйлдвэрлэлийн туршилтын гэрээ байгуулсан тухай танилцуулсан.

Мөн тус аудитын тайлангийн 2.3 дахь хэсэгт “… “Э ү” ХХК-ийн Зөвлөлийн 27, 33, 36, 43, 44, 45 дугаар хуралдаанаар үйлдвэрийн хүдэр олборлох явцад үүссэн исэлдсэн болон холимог, балансын бус хүдрийн овоолгыг ашиглах боломжийг судлах, хүдэр боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулах, үйлдвэрлэлийн туршилт явуулж, үр дүнг танилцуулах, хамтарсан үйлдвэрт оруулсан хөрөнгө, хувь эзэмшлийн асуудлыг хэлэлцүүлэх чиглэлийг гүйцэтгэх удирдлагад өгч байжээ.” гэж дурьдсан байна.

Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл, “Э ү” ХХК-ийн зөвлөлд холбогдох танилцуулгыг хийж, зөвшөөрөл авсан ба улмаар гэрээ байгуулагдаж, үйл ажиллагаа явуулсан нь тодорхой байна.

Түүнчлэн уг тайлангийн 2.5, 2.6, 2.7-д дурьдсан дүгнэлтийн тухайд:

“Э ү” ХК-ийн Ерөнхий захирлын 2014 оны 14 дүгээр захирамжаар байгуулагдсан Хамтарсан ажлын хэсгээс “А-И” ХХК-тай байгуулсан 2010 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 5/225-10 дугаар гэрээний хэрэгжилт, үйлдвэрийн ТЭЗҮ-д үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал, дүгнэлт гаргасан.

Дээрх дүгнэлтээр “Э ү” ХК нь “А-И” ХХК-ийн хувьцааг эзэмших шаардлагагүй, цаашиг гэрээ байгуулан хамтран ажиллах нь зүйтэй гэж дүгнэсэн бөгөөд харин ашиглалтын зардлыг 2015 оноос эхлэн нэмэгдэх хувиар авах гэрээний санал ирүүлж, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 5/119-15 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-г шинэчлэн байгуулсан болох нь холбогдох шийдвэрүүдээс тодорхой харагдаж байгаа.

Мөн катодын зэс боловсруулах үйлдвэр 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөөр ашиглалтад орсон ба төслийн ТЭЗҮ-г 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс хүлээн авсан.

Ашигт малтмалын тухай хуульд орсон 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн дагуу үүсмэл орд ашиглахтай холбоотой эрх зүйн орчин шинээр бий болсон бөгөөд тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.11-д заасны дагуу Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр “Нөөцийн тодотгол тайланг” хэлэлцүүлэн батлуулж, нөөцийг Улсын бүртгэл бүртгүүлсэн.

Улмаар Ашигт малтмал, газрын тосны газраас ашигт малтмалын үүсмэл ордын ашиглалтын UN-000001 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээг авснаар дээрх дүгнэлт үгүйсгэгдэж байна.

Тайлангийн 2.8, 2.9-д дурьдсан дүгнэлтийн тухайд:

“А-И” ХХК-тай байгуулсан 2010 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 5/225-10 дугаар гэрээг дүгнэн 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан АЙ-13/02 дугаар гэрээг байгуулсан.

Улмаар дээрх дүгнэлт гарсан тул 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан АЙ-13/02 дугаар гэрээг талууд хүчин төгөлдөр бусад тооцож, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 5/199-15 дугаар гэрээг байгуулж хамтран ажиллаж байгаа болно.

Дээрхээс үзвэл холбогдох гэрээнүүдийг дүгнэсэн тухай бүр дүгнэж, холбогдох арга хэмжээг авч ажилласан байх бөгөөд “Э ү” ХК-ийн үйл ажиллагаа буюу гүйцэтгэвэл зохих үүргийг биелүүлээгүйгээс “А-И” хХк-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх ёсгүй юм.

Тайлангийн 2.14, 2.15, 2.16-д дурьдсан дүгнэлтийн тухайд:

Катодын зэс боловсруулах үйлдвэр 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ашиглалтад орсон ба төслийн ТЭЗҮ-г 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс хүлээна авсан.

Түүнчлэн ТЭЗҮ-г ЭБМЗ-өөр хянуулах болон нөөцийг улсын бүртгэлд бүртгэсний дараа ТЭЗҮ-ийг боловсруулах үүргийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ямар хууль, тогтоомжоор зохицуулсан талаар тодорхой дурьдаагүй атлаа зөрчил гэж дүгнэсэн нь хууль бус гэж үзэхээр байна.

Тайлангийн 2.17-д дурьдсан дүгнэлтийн тухайд:

“А-И” ХХК нь “Э ү” ХХК-тай Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг баримтлан гэрээ байгуулан хувийн эрх зүйн хүрээнд хамтран ажиллаж байгаа. Гэрээний эрх зүйн харилцаанд гэрээний үр дүн болон гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар гэрээний талууд дүгнэх эрхтэй нөгөөд Үндэсний аудитын газар нь гэрээ тал биш учир дээрх гэрээнүүдийн талаар дүгнэх эрхгүй юм.

Тайлангийн 2.23, 2.27, 2.28-д дурьдсан дүгнэлтийн тухайд:

Дээрх дүгнэлтүүдээс үзвэл, “А-И” ХХК-иар нөхөн төлүүлэхээр тогтоосон 408.8 сая төгрөгийг вальютын ханшийн зөрүү, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татвар гэж үндэслэл, тооцоололгүй дүгнэсэн нь дараахь зүйлүүдээр нотлогдож байна.

а/ “А-И” ХХК нь “Э ү” ХК-д ашиглалтын төлбөрийг нэмэгдсэн өртгийн албан татвар багтсан дүнгээр төлж, түүнийг талууд төлбөрийн баримтаар баталгаажуулсан. Мөн татварын албанаас Татварын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүйн зэрэгцээ, НӨАТ дутуу тооцсон гэж дүгнээгүй болно.

б/ Тайлангийн 2.27, 2.28 дахь заалтуудад дурдьсан ашиглалтын төлбөрийг дүнг дутуу тооцсоныг валютын ханшний зөрүү гэх атлаа нэмэгдсэн өртгийн албан татвар тооцоогүй дүнгээр хүлээн авсан гэж 2 зөрүүтэй байдлаар дүгнэсэн нь ҮАГ-ын аудиторуудын байр суурь тодорхойгүй байсныг илэрхийлж байна.

в/ Түүнчлэн экспортод гаргасан катодын зэсийн тоо хэмжээг Гаалийн статистик мэдээнд үндэслэн гаргасан гэх боловч манай компанийн 20тн-ийн ачилт буцсан талаарх баримт материалыг иж бүрэн хамруулж үзээгүй байна.

Тайлангийн 2.32, 2.33-д дурьдсан дүгнэлтийн тухайд:

Тайлангийн 2.9-д “Үйлдвэрийн Ерөнхий захирлын 2014 оны 14 дүгээр захирамжаар байгуулсан “Хамтарсан ажлын хэсэг”-ээс ... ТЭЗҮ-д технологийн болон байгаль орчны эрсдэлийг үндэслэл муутай тооцоолсон тул үйлдвэрийн үйл ажиллагаанд “Э ү” ХК хувь эзэмшиж оролцох шаардлагагүй” гэж дүгнэлт гаргасан бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 5/199-15 дугаар гэрээг байгуулсан болно.

Мөн, түүнчлэн Үндэсний аудитын газраас хийсэн хяналт шалгалтын үед “Э ү” нь компаний статустай байсан тул Аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой компанид аудит хийхдээ Компанийн тухай хуулийн 76.1.10-д заасныг мөрдөнө” гэж заасныг баримтлах ёстой.

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Төлөөлөн удирдах зөвлөл нь энэ хууль болон компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамааруулснаас бусад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” гээд 76.1.10-д “аудитын байгууллагыг сонгож, түүнтэй байгуулах гэрээний нөхцөлийг тогтоох” гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу “Э ү” ХК-ийн зөвлөлийн 38 дугаар хуралдаанаар батлагдсан Монгол-Оросын “Э ү” “хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм”-ийн 11 дүгээр зүйлийн 11.3-д “Компанийн аудиторыг томилох” бүрэн эрхийг зөвлөлд олгосон.

Мөн дүрмийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Компанийн санхүүгийн тайлан, санхүү, эдийн засгийн үйл ажиллагааг бүрэн эсхүл хэсэгчлэн шалгасан шалгалтын тайлангийн үнэн зөвийг баталгаажуулж байх зорилгоор компани нь аудиторыг сонгож, түүнтэй байгуулах гэрээний нөхцөлийг тохиролцох арга хэмжээ авна. Хөндлөнгийн аудитын шалгалт нь ээлжит ба ээлжит бус байна.”, 18.2-т “Зөвлөл нь Компанийн үйл ажиллагаанд аудит хийх аудиторыг сонгож, түүнтэй байгуулах гэрээний үнийн дүн болон бусад нөхцөлийг тодорхойлно” гэж тус тус заасан байна.

Гэтэл анхан шатны шүүхээс “... Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т “аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад тавих” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “Э ү” ХХК-д шалгалт хийжээ гэж үзэхээр байна.” гэж дүгнэсэн байх бөгөөд Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.10 дахь заалтыг ямар тохиолдолд хэрэглэнэ гэж үзэж байгаа нь тодорхойгүй байгааг дурьдах нь зүйтэй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0393 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэг давж заалдах гомдолдоо: “… Нэгэнт захиргааны акт (шийдвэр) мөн юм бол түүнийг гаргах үйл ажиллагааг явуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэсэн бүлгийг бүхэлд нь хэрэглэх ёстой байсан. “А-И” ХХК уг ажиллагаанд оролцогч болох тухай (ашиг сонирхол нь хөндөгдсөн, зөрчигдсөн этгээд), оролцогчийн эрхийг эдлүүлээгүй тухай, Үндэсний аудитын газар “Төлбөр барагдуулах тухай акт” гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл (Нөхцөл  байдлыг тогтоох)-ийг зөрчсөнөөс үүдэн маш буруу шийдвэр гаргасан тухай, мөн хуулийн 26 дугаар зүйл буюу сонсох ажиллагаа явуулаагүйгээс алдаатай шийдвэр гарсан талаар хангалттай тайлбарласан боловч шүүх алийг нь ч хүлээн авсангүй, хамгийн хачирхалтай нь шүүх чухам ямар шалтгаанаар манай үндэслэлийг хүлээн аваагүйгээ шийдвэртээ тусгасангүй.

Анхан шатны шүүх шийдвэртээ маш их эргэлзээтэй, өөр хоорондоо илтэд зөрчилдсөн дүгнэлт цөөнгүй хийсэн байна. “Цаашлаад маргаан бүхий актаар нэхэмжлэгч “А-И” ХХК-г үүрэгжүүлээгүй...”, тодорхой үнийн дүнг хэн төлөх болоод байгаа вэ?, маргаж байгаа акт алдаатай ч юм шиг (Захиргааны ерөнхий хуулийн 45.1-ийг заасныг бодоход), алдаагүй ч юм шиг; энэ алдааг засаж болох алдаа гэж үзсэн (эрх хэмжээгээ хэтрүүлсэн, таарч тохирохгүй хууль хэрэглэсэн, процедур илтэд зөрчсөн, хэлбэр ч мөн асуудалтай байхад засаж болох алдаа биах эсэх) зэргийг энд дурьдаж болно.

Шүүхээс “… Үндэсний аудитын газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 01/84 ГАГ-2017/01-ДА дугаар актаар 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 5/199-15 дугаар гэрээний дагуу ашиглалтын төлбөрийг бүрэн төлөөгүйтэй холбоотой зөрчлийг шийдвэрлэжээ” гэж дүгнэсэн байх бөгөөд бодит байдал дээр тус актын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаар “... 2015-2016 он, 2017 оны 3 улирлын байдлаар нийт 408,826.0 мянган төгрөгийн дутуу тооцсон борлуулалтын орлогыг “А-И” ХХК-иас нөхөн төлүүлэх авч “Э ү” ХХК-ийн орлого болгох” гэж дурьдсан бөгөөд хариуцагчийн байр суурь тодорхойгүй борлуулалтын орлого, ашиглалтын төлбөр, нэмэгдсэн өртгийн албан татвар биш гэх байдлаар өөр өөрөөр тайлбарлаж байхад яагаад ашиглалтын төлбөр гэж шууд дүгнэсэн нь тодорхойгүй байна.

Түүнчлэн манай компани нь ашиглалтын төлбөрийг гэрээний дагуу цаг тухайд нь төлж ирсэн, эдгээр нь тооцоо нийлсэн актаар болон “Э ү” ХХК-ийн хяналт шалгалтын үед гаргаж байсан тайлбаруудаар тогтоогддог, мөн нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр төлбөрийг төлсний дараах буцаан авалтын баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, нэгэнт төлөгдсөн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

“Аудитын тайлан” нь нэршлийн хувьд тайлан гэсэн бичигтэй байгаа учраас захиргааны акт биш гэж дүгнэсэн нь анхан шатны шүүх угаас энэхүү маргаанд эрх зүйн дүгнэлт өгөх сонирхол, хүсэл зориг байхгүй байсны илрэл гэж үзэхээр байна. Тайлан, түүний зүйл заалтууд нь “А-И” ХХК-руу шууд чиглэсэн, үйлчлэл нь түүнд сөрөг үр дагавартай байхад тус компаний ашиг сонирхол зөрчигдөөгүй, хөндөгдөөгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тайлан нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан бүх шинжийг агуулсан бөгөөд уг тайланд давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийнэ гэж найдаж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0393 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.           

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт холбогдох нотлох баримтыг үнэлээгүй, дүгнэлт өгөөгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэлийн “... “Э ү” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайлангийн бүлэг 2-ийн холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд:

Нэхэмжлэгч дээрх тайлангийн Бүлэг 2-ийн 17 хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж, тус бүрийн үндэслэлийг заасан байхад анхан шатны шүүх тайланг бүхэлд нь “... тайлан нь бичиг баримтын нэршлийн хувьд тайлан гэдэг нэртэй, ... Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй буюу шууд үр дагавар бий болгосон захирамжилсан акт биш, ”А-И” ХХК-д биш “Э ү” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн, ... тайлангийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, хөндөгдөхөөргүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Үндэсний аудитын газрын “Э ү” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайлангийн 2 дугаар бүлгээр “Э ү” ХХК-ийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж буй хүдэр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа хууль, журамд нийцээгүй талаар дүгнэсний дотор “А-И” ХХК-тай холбоотой нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 17 заалтын агуулгаас үзвэл бүхэлд нь эрх зүйн шууд үр дагаваргүй, захиргааны актын шинжгүй, “А-И” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй гэж үзэхээргүй байна.

Учир нь тайлангийн дээрх хэсгүүдээр “Э ү” ХХК болон “А-И” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний зарим үүрэг биелүүлээгүй, зарим гэрээний заалт хэрэгжээгүй хүчин төгөлдөр бус талаар, мөн “А-И” ХХК-ийн барьсан хүдэр боловсруулах үйлдвэрийг Зөвлөлийн шийдвэргүйгээр барьсан, үйлдвэрийн ТЭЗҮ-г ЭБМЗ-өөр хянуулаагүй, гэрээний дагуу ашиглалтын төлбөрийг дутуу төлсөн гэх зэргээр “А-И” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой дүгнэлтүүдийг хийсэн, нэхэмжлэгч нь “... уг тайлан, актад дурдсан “А-И” ХХК-тай холбоотой хууль дүрэм зөрчсөн талаарх дүгнэлтүүд нь тус компаний эрхийг хөндөж байгаа, иргэний болон бусад журмаар маргаан үүсвэл компаний эсрэг нотлох баримт болж үнэлэгдэх үр дагавартай, мөн төлбөр дутуу төлсөн гэх тул төлбөр төлөх үр дагаварт хүргэж байгаа ...” гэснийг үгүйсгэх үндэслэлгүй байх тул “А-И” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болохоор байна.

Шүүх нэхэмжлэлийн энэхүү шаардлагын үндэслэлтэй холбоотой зарим баримтыг цуглуулсан атлаа тэдгээр бармитыг үнэлж, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгөөгүй тул давж заалдах шатны шүүхээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэх гомдлын үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүх дээрх 17 заалт тус бүрийн улмаас нэхэмжлэгч “Ачит -Ихт” ХХК-ийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж үзэж байгааг тодруулан, холбогдох шаардлагатай нотлох баримтыг нэмж цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол тухайн дүгнэлтийн хэсгийн улмаас зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж үзлээ.

2. Нэхэмжлэлийн “Үндэсний аудитын газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/84 дүгээр актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд:

Уг актаар гэрээгээр дутуу төлөгдсөн 408826000 төгрөгийг “А-И” ХХК-иас нөхөн гаргуулахыг “Э ү” ХХК-д даалгажээ.

Нэхэмжлэгч уг дүнг хэрхэн гаргасан нь тодорхойгүй, тооцооллын алдаатай, тухайн төлбөрийг яг хэдэн оны нөөц ашигласны төлбөр, эсхүл НӨАТ гээд байгаа нь ойлгомжгүй, манайх НӨАТ-ын дутуу төлөлт байхгүй, татварын газарт тайлангаа өгсөн, гаалийн мэдээлэлд зааснаас илүү хэмжээгээр манайх төлсөн байхад хаанаас зөрүү үүсгэсэн нь тодорхойгүй, шалгалтын ажиллагаанд бидний оролцуулсан бол бид тайлбарлаж, баримтаа үзүүлэх байсан” гэж, хариуцагч нь “...  бид гаалийн мэдээнд тулгуурлаж энэ дүнг гаргасан, 2015-2017 онд дутуу тооцсон зөрчил байсан. 2014 оны борлуулалтын орлогыг оруулсан нь бидний механик алдаа болсон боловч энэ нь актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэж, гуравдагч этгээд “Э ү” ХХК-ийн төлөөлөгч нь “... дутуу авсан ашиглалтын төлбөр, түүнд ногдох НӨАТ хамт байгаа гэж ойлгосон” гэх тайлбар гаргажээ.

Шүүх “... ашиглалтын төлбөрийг 408826000 төгрөгөөр дутуу болох нь тогтоогдсон” гэсэн атлаа уг төлбөрийг “балансын бус хүдрийн овоолго ашигласны төлбөрт ногдуулсны НӨАТ байна” гэж бүхэлд нь дүгнэсэн нь дээрх маргааныг тасалж чадаагүй гэж үзлээ.

Маргаан бүхий 01/84 дүгээр актад “... ашиглалтын төлбөрийг НӨАТ тооцоогүй дүнгээр хүлээж авсан ...” гэж дурдсан боловч хэрэгт нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн баримт, падаан, тайлан авагдсанаас үзвэл “Э ү” ХХК-д ашиглалтын төлбөрийг НӨАТ-тэй дүнгээр төлж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэхээргүй байна.

Түүнчлэн “А-И” ХХК-ийн санхүүгийн тайлан /орлогын тайлан/-д 2015 оны борлуулалтын орлого 109,659,886.7 мянган төгрөгөөр тайлагнасныг үндэслэн /Тайлангийн хавсралт 5/ ашиглалтын төлбөрийн тооцоо хийсэн атлаа 01/84 дүгээр актын хавсралт 2-т 2015 оны борлуулалтын орлогыг гаалийн мэдүүлэгт үндэслэн 102,522,600.0 мянган төгрөг гэж үзэж, энэ дүнгээс ашиглалтын төлбөрийн тооцоо бодсон, мөн 2015-2017 оны 9 сар хүртэл борлуулалтын орлогын нийт дүнг 392,166.3 сая байхад 408,785.00 сая гэж тусгасан нь зөрүүтэй байх бөгөөд энэ байдлаас хичнээн төгрөгний борлуулалтын орлогоо гаальд дутуу мэдүүлж, ашиглалтын төлбөр болон түүнд ногдох НӨАТ-ыг дутуу төлсөн гэж үзсэн, энэ нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд аудитын актад дурдсан 408,826.0 мянган төгрөгийн төлбөрийн тооцооллыг гаргахдаа санхүүгийн тайлангийн борлуулалтын орлого, гаалийн мэдээллийн алинд нь үндэслэн гаргасан, хэд нь ямар хэмжээний борлуулалтын орлогоос төлөх ашиглалтын төлбөр, үүнээс хэдийг нь НӨАТ-тай дүнгээр, хэдийг нь НӨАТ-гүй дүнгээр төлсөн, үүнээс дутуу төлсөн ашиглалтын төлбөр болон НӨАТ-ын зөрүү нь хэд болохыг тодорхой болгосны үндсэн дээр төлбөр төлүүлэхээр тогтоосон акт хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.