Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 00462

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 17-20 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, эмэгтэй, ОЭ64100461 регистрийн дугаартай, Онгоохон овогтой Гүнсэнгийн Нямжавын,

         Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, мөн өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Нямжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

        Нэхэмжлэгч Г.Нямжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1964 онд төрсөн, 52 настай. Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилгын материалын үйлдвэрт дугуй зууханд үнс цэвэрлэгчээр ажиллаж байлаа. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэвэрийн бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болсон юм. Миний Материал үйлдвэрийн халуун зууханд ажилласан байдлыг тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандаж байна. Иймд 1984 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажилласан жилийг тогтоож өгнө үү” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Г.Нямжав нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Увс аймгийн Барилга угсралтын трестийн Тоосгоны заводод ажиллаж байсан Г.Нямжавын 1986 оны 1 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.

    Мөн Г.Нямжавт Увс аймгийн Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн захирал М.Дамдинсүрэнгээс 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт: “1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн мал аж ахуйн механикжуулагчийн ангид суралцан төгссөн талаар, 1984 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилгын материалын үйлдвэрт тоосгочноор, 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн “Өгөөмөр” ББХК-д тоосгочноор тус тус ажиллуулсан тухай” бичилтүүд хийгджээ.

       Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 019 тоот тодорхойлолтод: “Ханын материалын “Өгөөмөр” ББХК нь 1992 оны 3 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, хуулийн этгээдийн төлөөлөгчөөр Ц.Пүрэвсүрэн ажиллаж, үйл ажиллагаа явуулж байсан нь үнэн болно” гэжээ.

          Увс аймгийн Барилга угсралтын трестийн Материалын үйлдвэрийн даргын 1984 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 37 тоот “Ажилд түр томилох тухай” тушаалд: “Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ХНХ-ийн тоот бичгүүдийг үндэслэж тушаах нь: 1. Тоосгочноор .... Гүнсэн Нямжав ... нарыг 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түр томилж ажиллуулсугай. .... Дарга  Ч.Нүүнээ” гэжээ.

        Увс аймгийн Барилга угсралтын трестийн Материалын үйлдвэрийн даргын 1984 оны 10 дугаар сарын 97 тоот “Үндсэн ажилчнаар томилох тухай” тушаалд: “Аймгийн ХНХ-ын хэлтсийн зөвшөөрөлтэй 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түр ажиллаж байсан зарим ажилчдыг өөрийн хүсэлтээр үндсэн ажилчнаар элсүүлэн, Тоосгон заводод ажиллуулсугай. Үүнд: ... 7. Гүнсэн овогтой Нямжав ... нарын 13 хүнд ажилласан өдрөөс нь эхлэн хийснээр нь цалин олгохыг санхүүд зөвшөөрсүгэй. Дарга Ч.Нүүнээ” гэжээ.

        Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр С.Цоггэрэл, Ц.Оюун нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч С.Цоггэрэл: “Би 1977 онд Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Тоосгон заводод засварчнаар ажилд орж ажиллаж байхад Г.Нямжав нь 1984 оноос дугуй зуухны үнс цэвэрлэгчийн ажил хийж байсан. Г.Нямжав нь одоог хүртэл тоосгоны “Нитэнт” ХХК-д ажиллаж байна. Г.Нямжав ажилдаа сайн, цаг хугацаанд нь төлөвлөгөө нормоо биелүүлж ажилладаг ажилчин байсан. Тоосгон завод нь 1992 онд “Өгөөмөр” ХК болон 1996 оноос “Улаан топиу” хоршоо гэх нэртэй ажиллаж байгаад 1999 онд “Нитэнт” ХХК болон одоо ажиллаж байгаа. Компанийн даргаар А.Өвгөнхүү, н.Цэндээ, н.Пүрэвсүрэн, С.Цоггэрэл, н.Хилэнбаатар гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Ц.Оюун: “Би 1982 онд Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Тоосгон заводын дугуй зууханд галчаар ажилд орж ажиллаж байхад Г.Нямжав нь 1984 оноос дугуй зуухны үнс цэвэрлэгчээр ажилд орж байсан. Г.Нямжав нь миний туслахаар ажилд орж байсан. Тэрээр ажилдаа сайн, цаг хугацаанд нь төлөвлөгөө нормоо биелүүлж ажилладаг байсан. Тоосгон завод нь 1992 онд “Өгөөмөр” ХК болон 1996 оноос “Улаан топиу” хоршоо гэх нэртэй ажиллаж байгаад 1999 онд “Нитэнт” ХХК болсон. Г.Нямжав бид нар одоо ч “Нитэнт” ХХК-даа ажиллаж байгаа. Компанийн даргаар А.Өвгөнхүү, н.Цэндээ, н.Пүрэвсүрэн, С.Цоггэрэл, н.Хилэнбаатар гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба хэрэгт гэрч С.Цоггэрэлийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 14 тоот шийдвэрийн хуулбар, гэрч Ц.Оюуны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтууд авагдсан байна.

       Хэдийгээр Г.Нямжавын хөдөлмөрийн дэвтэрт түүнийг “тоосгочноор” ажиллуулж байсан тухай бичилтүүд хийгдсэн байх боловч Увс аймгийн Архивын тасгаас ирүүлсэн Барилга угсралтын трестийн Материалын үйлдвэрийн даргын тушаалуудын хуулбар, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн өөрийн шүүхэд гаргасан тайлбар зэргээс үзэхэд тэрээр 1984 оны 5 дугаар сараас 10 дугаар сар хүртэл хугацаанд тоосгочноор, үлдсэн хугацаанд үнс нурам цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан нь нотлогдон, тогтоогдож байна.

     Иймд Г.Нямжавын Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Барилгын материалын үйлдвэрийн Тоосгоны заводод 1984 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тоосгочноор, 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд үнс нурам цэвэрлэгчээр, мөн “Өгөөмөр” ББХК-д 1992 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үнс нурам цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Нямжавын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Онгоохон овогтой Гүнсэнгийн Нямжавын Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Барилгын материалын үйлдвэрийн Тоосгоны заводод 1984 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тоосгочноор, 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд үнс нурам цэвэрлэгчээр, мөн “Өгөөмөр” ББХК-д 1992 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үнс нурам цэвэрлэгчээр нийт 10 /арав/ жил 7 /долоо/ сар 21 /хорин нэг/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Нямжавын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА