Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 183/2024/00222/И |
Дугаар | 210/МА2024/01211 |
Огноо | 2024-06-07 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2024/01211
С.Г******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2024/01570 дугаар шийдвэртэй,
С.Г******* нэхэмжлэлтэй,
Г.М*******д холбогдох,
Гэм хорын хохиролд 2,765,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эхнэр хүүхдийн хамтаар өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Приус маркийн автомашинтай Улаанбаатар хотоос Дархан хотын чиглэлд явж байхдаа Урьхан зоогийн газрын үүдэнд Г.М*******гийн ******* УБД улсын дугаартай Raum маркийн автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан. Тухайн ослын улмаас А ХХК-д авто үнэлгээ хийлгэж 7,765,000 төгрөгийн хохирол учирч 5,000,000 төгрөгийг даатгал ХХК-иас гаргуулсан. Үлдэгдэл 2,765,000 төгрөгийг Г.М*******аас утсаар нэхэмжилсэн боловч надад чамд өгөх мөнгө байхгүй гэж хэлж хэл амаар доромжлох болсон. Ослын улмаас миний баруун хөлийн зөөлөн эд гэмтэж ясны цууралт үүсэж 21 хоног хэвтрийн дэглэмд байсан. Иймд гэм хорын хохиролд 2,765,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Г.М******* миний бие 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 11 цаг 20 минутын үед Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу хөдөлгөөн үйлдэж явахад Урьхан зоогийн газрын баруун урд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, хурд хэтрүүлэн тээврийн хэрэгсэл жолоодож явсан С.Г******* нь миний эзэмшлийн T-Raum УБД 9529 дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, эвдэж, санаа сэтгэл болон эд материалын хохирол 8,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Зөвхөн машины төлбөр. Маш их гомдолтой байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,765,000 төгрөгийг төлөхгүй. Тэтгэврийн зээлтэй, орлогогүй түүнээс хойш толгой өвдөхөд болсон, харин ч эвдэрч мөргүүлсэн машины төлбөрийн үнийг нэхэмжилж байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.М*******аас гэм хорын хохиролд 2,765,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Г*******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Г*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,190 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.М*******аас улсын тэмдэгтийн хураамжид 59,190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Г*******т олгохоор шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* миний бие тухайн өдөр шүүх хурал болохыг мэдэж байсан бөгөөд шүүх хурал болох өдөр өөрийн биеэр биечлэн очиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хариуцагч Г.М*******аас олгогдсон итгэмжлэлд заагдсан өмгөөлөгч авч болно гэсний дагуу өмгөөлүүлэх, эрх зүйн туслалцаа авч шүүхэд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг бичиж өгөхдөө ямар учир шатгааны улмаас хурлыг хойшлуулах гэж байгаа нөхцөлийг тодорхой тусган шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүгчийн туслахад биечлэн хүлээлгэн өгсөн.
Хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх үүднээс хурал хойшлуулах хүсэлтийг өгсөөр байтал анхан шатны шүүх хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзэн тус дүүргийн шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт заасан мэтгэлцэх зарчмаар хангах, хариуцагчийг өмгөөлөгчтэй оролцох эрхээр хангалгүй хуулийг ноцтой зөрчиж, шүүх хуралд хариуцагчийг биечлэн оролцуулаагүй шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатын шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар: Давж заалдах гомдолд тайлбар байхгүй гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч С.Г******* нь хариуцагч Г.М*******д холбогдуулан гэм хорын хохиролд 2,765,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Г.М******* нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ******* аймаг ******* сум ******* дүгээр багийн нутаг дэвсгэрт ******* УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасныг зөрчин зам тээврийн осол гаргаж, С.Г******* 69-29 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан болох нь ******* аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Ж.Оын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагаа, тэмдэглэл, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, талуудын тайлбараар тогтоогдсон, уг үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх 3-21/
5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
6. даатгал ХХК-аас 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч С.Г*******т төлсөн талаар талууд мараангүй, харин А ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон 7,765,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 2,765,000 төгрөгийг хариуцагч нь төлөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
7.1. Анхан шатны шүүх хариуцагч Г.М*******ы гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч С.Г******* автомашинд хохирол учирсан болох нь тогтоогдсон гэж дүгнэж, хариуцагчаас гэм хорын хохиролд 2,765,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
8.1. Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тушаалаар батлагдаж, сонгогдсон иргэдийн төлөөлөгч О.д шүүх хуралдаанд оролцох талаар тов мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч С.Г******* нь иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрч байх тул энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. гэснийг зөрчөөгүй байна.
8.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх үүднээс хурал хойшлуулах хүсэлтийг өгсөөр байтал анхан шатны шүүх хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзэн тус дүүргийн шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт заасан мэтгэлцэх зарчмаар хангах, хариуцагчийг өмгөөлөгчтэй оролцох эрхээр хангалгүй хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч Г.М******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч мөн өдөр 183/ШЗ2024/05085 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан. /хх58, 59/
8.3. Улмаар 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч Г.М*******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө нь төлүүлэхээр Д.М*******д 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байна. /хх 62/
8.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 12.00 цаг товлон зарлажээ. /хх 61, 63, 64/
8.5. 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* эрүүл мэндийн шалтгааны улмаас хэргийн материалтай танилцаж чадаагүй, хэргийн материалтай танилцаж, нэмэлтээр нотлох баримт гаргуулах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх мөн өдрийн 183/ШЗ2024/01907 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан. /хх-68, 70/
8.6. Улмаар 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******аас шүүхэд ирүүлсэн хуралдаан хойшлуулах хүсэлтэндээ шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхээр хангаж, шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү гэснийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 15.30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, хурлын товыг мэдэгдсэн байна. /хх-72, 73, 74, 75/
8.7. 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******аас шүүхэд ирүүлсэн хуралдаан хойшлуулах хүсэлтдээ шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох гэсэн боловч бага үнийн дүнтэй хэрэг маргаанд оролцох өмгөөлөгч олдохгүй байгаа бөгөөд хөдөө орон нутгийн өмгөөлөгч нартай холбогдож байна. Иймээс дахин нэг боломжит хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн нь хүндэтгэн үзэх шалтгаангүй, холбогдох баримтыг ирүүлээгүй гэх үндэслэлээр шүүх мөн өдрийн 183/ШЗ2024/08278 дугаар захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.
8.8. Хэргийн оролцогч нь шүүх хуралдааны бэлтгэл хангах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэхэд хариуцагч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан эрхээ эдлэх хангалттай хугацааг анхан шатны шүүх олгосон гэж дүгнэнэ.
8.9. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хариуцагч талын эрхийг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд тэгш эрхтэй байх, уг ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зарчимд нийцүүлж ажиллагааг явуулжээ.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2024/01570 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Э.ЗОЛЗАЯА