Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01416

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 17 өдөр Дуга 210/МА2024/01416

 

 

ХХХ рын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 15-ны өдрийн 182/ШШ2024/01623 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ХХХ рын нэхэмжлэлтэй

Хариуцагч: В ХХК-д холбогдох,

 

34,896,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Од, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 4/27, 2011 оны 7/66 дугаар тогтоолоор батлагдсан Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам-ын дагуу ХХХ ар болон В ХХК-ийн хооронд 2022 оны 01 сарын 03-ны өдөр ХХХ дугаартай Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээ байгуулсан.

1.2. Уг гэрээний дагуу Улаанбаатар хот, ХХХ В ХХК-ийн урд талын нийтийн эзэмшлийн талбайд 20 автомашины тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 сарын 26-ны өдрийн хооронд эрхлэн явуулж үйл ажиллагаанаас олсон орлогын 60 хувийг Нийслэлийн Замын санд төвлөрүүлэхээр харилцан тохиролцсон.

1.3. Гэтэл В ХХК нь 2021 оны төлбөртэй зогсоолын төлбөр болох 14,472,000 төгрөгийг 2021 оны 10 сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 10 сарын 14-ний өдөр 3,000,000 төгрөг, мөн 2022 оны 01 сарын 25-ны өдөр 2,000,000, 2022 оны 03 сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөг буюу нийт 15,000,000 төгрөгийн төлөлт хийсэн.

1.4. Энэ төлөлтийг 2021 оны үлдэгдэл төлбөр болох 4,472,000 төгрөгөөс хасаж бодож, үлдсэн мөнгөн дүн болох 528,000 төгрөгийг 2022 оны төлбөртэй зогсоолын гэрээгээр хүлээсэн үүрэг буюу үйл ажиллагаанаас олсон орлогын 60 хувь болох 17,568,000 төгрөгөөс 528,000 төгрөгийн төлсөн дүнг хасаж, үлдэгдэл 17,040,000 төгрөг байгаа нь төрийн сангийн дансны хуулгаар тогтоогдож байна. Иймд 2022 онд гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн 17,040,000 төгрөгийн төлбөр гаргуулахаар нэхэмжилж байна.

1.5. Мөн В ХХК нь 2023 онд ХХХ артай гэрээгээ шинэчлэн байгуулаагүй бөгөөд тухайн үед зогсоол хариуцсан мэргэжилтэн нь гэрээг шинэчлэн байгуулах талаар удаа дараа мэдэгдэж байсан. Тус компани нь ХХХ дугаартай гэрээний хугацааг дуусгавар болсныг мэдсээр байж хэрэгжүүлэгч байгууллагын зөвшөөрөлгүйгээр төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулсаар байгаа тул ХХХ ар нь тус компаниас 2023 онд үйл ажиллагаа эрхэлсэн төлбөрийн 60 хувь болох Нийслэлийн Замын сангийн дансанд төвлөрүүлэхээр заасан 17,856,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд нийт 34,896,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. ХХХ ар болон В ХХК нь 2021 оны сарын 01 сарын 01-ний өдөр нэг жилийн хугацаатай Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол эрхлэн явуулах гэрээг байгуулсан.

2.2. Гэрээ сунгах хүсэлтийг 2021 онд хүргүүлсэн ба 2022 оны 01 сарын 01-ний өдөр гэрээг сунгасан боловч Нийслэлийн Засаг даргын А/615 тоот захирамжаар 2021 оны 06 сарын 07-ны өдрийн Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших 0 дугаартай гэрчилгээ гарсныг мэдсэн болно.

2.3. В ХХК нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангасан ба гэрээтэй байх хугацааны үүргийн гүйцэтгэлийн өр төлбөр байхгүй. Гэрээний үүргийг бүхэлд нь биелүүлээд 520,000 төгрөгийн илүү төлөлт хийгдсэн байна.

2.4. 2021 онд гэрээ байгуулаад, 2022 ондоо гэрээ байгуулах үед тухайн байгууллага гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш юм. Өөрөөр хэлбэл тухайн нийтийн эзэмшлийн зам талбай нь Нийслэлийн Засаг даргын 615 дугаар захирамжаар Г ХХК-ийн эзэмшилд 15 жилийн хугацаатайгаар шилжсэн байдаг. Гэрээ байгуулах үүрэг нь Г ХХК-д шилжсэн.

2.5. Гэтэл Г ХХК-тай өнөөдрийг хүртэл гэрээ байгуулаагүй. Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчдийн 2009 оны 12 сарын 23-ны өдрийн 4/27 дугаартай хавсралтаар нийтийн эзэмшлийн талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журмын 5.1.4-т гэрээ байгуулах этгээд нь тухайн авто тээврийн зогсоол байгуулах, зогсоол ажиллуулах этгээдтэйгээ гэрээ байгуулж, тухайн гэрээнд хяналт тавьж ажиллах үүрэгтэй гэж заасан.

2.6. Ингээд Г ХХК-тай гэрээ байгуулах ёстой гэдэг ийм нөхцөл байдал үүсээд тухайн үед Авто тээврийн хөгжлийн газарт мэдэгдэж байсан. Үүнийг мэдсээр байж гэрээгээ байгуулаагүйгээрээ төлбөр шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч В ХХК-аас тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээний үүрэгт 25,968,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХХ арт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,928,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч В ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 287,790 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 онд Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулах гэрээг шинэчлэн байгуулаагүй буюу талууд гэрээний үүрэг гүйцэтгэх газрын дийлэнх хэсэг 50 хувь Г ХХК-д шилжсэн нөхцөлөөр гэрээ байгуулаагүй талаар маргаагүйг тогтоосон атлаа гэрээний бус үүргийн төлбөр 17,568,000 төгрөгийн 50 хувь болох 8,928,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг, мөн нэхэмжлэлийн үндэслэл болсон 2022 оны 01 сарын 03-ны өдөр ХХХ дугаартай Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулах гэрээний үүргийн гүйцэтгэлийг 17,568,000 төгрөгөөр бүрэн тогтоосон нь үндэслэлгүй.

4.2. 2024 оны 04 сарын 15-ны өдрийн 182/ШШ2024/01623 дугаартай Шийдвэрийн 9 дэх талд ... Гэрээгээр тогтоосон талбайн 50 хувийг Г ХХК нь эзэмшдэг гэх тайлбар үндэслэлтэй болох нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын нэгж талбарын кадастрын зураг, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 сарын 06-ны өдрийн А/615 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, түүний хавсралт, талуудын тайлбараар нотлогдон тогтоогдож байна. гэсэн нь нотлох баримтыг бүрэн үнэлээгүй буюу төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа болон ХХХ арт төлөх гэрээний төлбөрийг 50 хувиар тооцох үндэслэл байгааг анхааран үзсэнгүй.

4.3. ХХХ раас В ХХК-д холбогдуулан 2022 оны 01 сарын 03-ны өдөр ХХХ дугаартай Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулах гэрээний үүргийн гүйцэтгэл 17,568,000 төгрөг, 2023 оны хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулсан гэх нэмэгдүүлсэн нэхэмжлэлээс 2022 оны 01 сарын 03-ны өдөр ХХХ дугаартай Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулах гэрээний үүргийн гүйцэтгэлийг 50 хувиар тооцон 8,928,000 төгрөгийг гаргуулан үлдэх 17,568,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Хариуцагч тал буюу В ХХК нь 2023 онд төлбөртэй зогсоолын өмнөх 2022 оны гэрээний хугацааг дуусгавар болсныг мэдсээр байж хэрэгжүүлэгч буюу Замын хөгжлийн газартай гэрээгээ шинэчлэн байгуулаагүй ба гэрээ байгуулалгүй 2023 онд төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг эрхэлсэн тал дээр маргаагүй болно.

Шүүхээс хариуцагч В ХХК-ийг гэрээгээр тогтоосон газрын тал хувьд төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг эрхлэн явуулсан гэж үзэж 2023 оны төлбөрт 17,856,000 төгрөгийн 50 хувь болох 8,928,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзсэн байна.

5.2. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2009 оны 4/27, 2011 оны 7/66 дугаар тогтоолоор Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журамд хэрэгжүүлэгч байгууллага нь зогсоолын үйлчилгээнээс орох орлогын 60 хувийг Авто замын санд төвлөрүүлэх гэж заасан тул Замын хөгжлийн газар нь төлбөртэй зогсоолын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай гэрээ байгуулахдаа журамд заасны дагуу орох орлогын 60 хувийг Замын санд төвлөрүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулдаг байна. В ХХК-ийн 2022 оны гэрээний хавсралтаар 1 жилийн хугацаанд нийт орлого 29,280,000 төгрөг олохоос 60 хувь болох 17,568,000 төгрөгийг Замын санд төвлөрүүлнэ гэж талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

5.3. Мөн 2022 онд байгуулсан ХХХ дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан тул хариуцагч тал нь 2022 оны гэрээний төлбөр болох 17,040,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

5.4. Түүнчлэн 2023 онд төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг хэвийн явуулсан гэж үзсэн тул нэмэгдүүлсэн шаардлагын 17,856,000 төгрөгийн 50 хувь болох 8,928,000 төгрөгийн төлбөрийг төлөхөөр шийдвэрлэсэн. Иймд үлдэх 17,568,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ХХХ ар нь хариуцагч В ХХК-д холбогдуулан 34,896,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ... Г ХХК нь газрын талыг эзэмших болсон тул бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2021 оны 01 сарын 01-ний өдөр ТЗГ-2021/57 дугаар Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах тухай гэрээ байгуулан, гэрээгээр үйлчилгээ эрхлэгч ХХХ -т байрлах, В ХХК-ийн урд талын нийтийн эзэмшлийн талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 25-ны өдрийн хооронд эрхлэн явуулах, үйл ажиллагааны орсон орлогын 60 хувийг Нийслэлийн замын сангийн дансанд төвлөрүүлэхээр харилцан тохиролцсон. /хх-9-13/

 

Зохигч талууд 2022 оны 01 сарын 03-ны өдөр ХХХ дугаар Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах тухай гэрээ-г шинэчлэн байгуулсан байна. /хх-14-17/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн алдаа гаргасныг залруулна.

 

4.1. Нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоолын үйлчилгээ эрхлэгч нь төлбөртэй зогсоолоор үйлчлүүлэгчээс Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 12 сарын 23-ны өдрийн 4/27 дугаар тогтоолоор баталсан Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам-аар тогтоосон хувь хэмжээгээр төлбөр авч, олсон орлогын 60 хувийг Авто замын санд төвлөрүүлэх үүргийн тус тус тохиролцсон.

 

4.2. Хариуцагч нь нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулж, ашиг олох зорилгоор харилцан тохиролцож байгуулсан гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

5. Талуудын байгуулсан гэрээний хавсралтаар В ХХК-аас Нийслэлийн замын санд төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөнд 20 зогсоолыг нэг зогсоолын орлогыг 6,000 төгрөгөөр тооцож, ажлын өдрөөс хамааран сарын 2,040,000-2,640,000 төгрөг байхаар тооцож, уг орлогын 60 хувь нь 17,568,000 төгрөг байхаар тохиролцжээ. /хх-17/

 

5.1. Анхан шатны шүүх хариуцагч нь төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг эрхэлж, төлбөртэй зогсоолоор үйлчлүүлэгчээс төлбөр хураан орлого олж байх тул зогсоолын үйлчилгээнээс орох орлогын 60 хувийг Нийслэлийн замын санд төвлөрүүлэхийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй талаар зөв дүгнэсэн.

 

5.2. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 сарын 06-ны өдрийн А/615 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай захирамжаар хариуцагчийн гэрээгээр тогтоосон талбайн 50 хувийг Г ХХК эзэмшдэг болох нь тогтоогджээ.

 

5.3. Хариуцагч байгууллага нь Г ХХК нь газрын талыг эзэмших болсон хугацаанаас хойш түрээсийн зориулалтаар ашиглаж, ашиг олох боломжгүй болсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

5.4. Мөн хариуцагч байгууллага болон Г ХХК нь хамаарал бүхий хуулийн этгээд болох нь хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд ХХХ арт Г ХХК-ийн газар эзэмшсэн тул үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар мэдэгдэж байгаагүй тул анхан шатны шүүх 2022 оны түрээсийн төлбөрт 17,040,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болжээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

5.5. Зохигч талуудын хооронд байгуулагдсан Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах тухай гэрээ-ний хугацаа дуусгавар болсон боловч хариуцагч байгууллага нь түрээсийн нийтийн эзэмшлийн талбайг үргэлжүүлэн ашиглаж байгаа тул гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцох нь Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас 2023 оны түрээсийн төлбөрийн 50 хувиар тооцож, 8,928,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 15-ны өдрийн 182/ШШ2024/01623 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 189 дүгээр зүйлийн 189.5, 206 дугаар зүйлийн 206.1 ... гэснийг ... 318 дугаар зүйлийн 318.1 ... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

С.ЭНХБАЯР