Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/89

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: С.Б

Шүүгдэгч: Т.Г  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Т Гт холбогдох 1812005340039 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Х овогт Т Г /РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Т.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Их тамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг Арцын ам гэх газраас 9 ширхэг 1.404 м3 шоометр модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 52-51 УБӨ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 54.756 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Мөрдөн байцаалтын шатанд 1812005340039 дугаартай эрүүгийн хэргээс:                              

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Бмэдүүлсэн: ...2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг Арцын ам гэх газраас Т.Г нь зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн байсан учир Архангай аймгийн Их тамир сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.Н нь намайг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Архангай аймгийн Ихтамир сумын 6 дугаар баг Эрдэнэтолгой багийн Арцын ам гэх нэртэй газар байгаа юм. Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх сум дундын ойн ангийн зөвшөөрөлгүй тээвэрлэж бэлтгэсэн модны экологи, эдийн засгийн үнэлгээг нэхэмжилнэ. Уг хохирлыг барагдуулах юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй. Хуулийн дагуу шалгаж шийдвэрлэсэн байна. Надад гомдол санал байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Э мэдүүлсэн: ...2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн ажлаасаа гараад хяналт шалгалт хийхээр 09 цагт Архангай аймгийн Цагдаагийн постон дээр ажиллаж байтал 52-51 УБӨ улсын дугаартай Цэнхэр өнгийн Бонго бил үү, Портер маркийн тээврийн хэрэгсэл дээр 9 ширхэг хуурай шинэс, бас хэдэн ширхэг гишүүг ачсан Т.Г гэх жолооч орж ирэхээр нь мод бэлтгэх эрхийн бичгийг шалгахад эрхийн бичиггүй зөрчил гаргасан байсан. Тиймээс би уг зөрчлийг жижүүрт гарч байсан байгаль орчны байцаагч Н хүлээлгэн өгсөн. Гын машины кабинд цахилгаан хөрөө байсан. Т.Г ямар ч эрхийн бичиг аваагүй байсан. Тэр талаараа өөрөө хэлсэн. Уг зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрсөн. Г ганцаараа мод бэлтгэсэн байх шиг байсан. Ганцаараа явж байсан. Цагаан давааны араас мод бэлтгэсэн гэж байсан. Т.Гын бэлтгэсэн мод 9 ширхэг хуурай шинэс мод байсан. Миний харснаар 10 гаруй гишүү байсан. Г ээждээ мод оруулж өгнө гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Нгийн мэдүүлсэн: ...2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 12 цагийн үед намайг ажлаа хийж байхад байгаль хамгаалагч Э нэгдсэн удирдамжийн хүрээнд хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор постон дээр ажиллаж байгаад зөвшөөрөлгүй мод бэлтгэж тээвэрлэсэн зөрчлийг надад хүлээлгэж өгсөн. Бэлтгэсэн модыг би харахад жолооч Г гэх залуу Цагаан давааны араас мод бэлтгэсэн гэж хэлээд 9 ширхэг мод, 20 гаруй тооны гишүүний хамт ачсан байсан. Би зөрчлийг бүртгэж аваад зургийг дарж 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн. 9 ширхэг хуурай шинэс мод, 20 гаруй ширхэг хуурай гишүү байсан. Уг мод одоо Булган сумын байгаль хамгаалагч А хашаанд бүрэн бүтэн байгаа. Гын эхнэр нь Архангай аймгийн төвд байдаг бөгөөд гал алдаад зөвшөөрөл авалгүй мод бэлтгэсэн гэж хэлсэн. Мод ачаад ирэхэд нь зөвшөөрлөө надад харуул гэж хэлэхэд надад зөвшөөрөл байхгүй гэж хэлсэн. Энэ модыг өөрөө ганцаараа бэлтгээд авч явж байна гэж хэлсэн. Г ганцаараа мод бэлтгэсэн гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Д мэдүүлсэн: ...2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвөөс 10 цаг өнгөрч байхад Архангай аймгийн Тариат сум руу явж байсан. Би Цагаан даваагаар уруудаад явж байтал нэг ах зам дээр гараа өргөөд зогсож байсан. Би ойртоод очтол манай таньдаг ах Г Цагаан давааны доод талд гүзээлзгэнэ түүдэг моднуудын тэнд зогсож байсан. Би Г ахыг сайн байна уу гээд ахаа юу хийж байгаа юм бэ гэхэд ах нь энд 2 мод унагаагаад байж байна, ээжид аваачиж өгдөг юм бил үү, гал алдсан байна, энэ моднуудыг өргөлцөх хүн хэрэгтэй байна, замын хүнд 5000 төгрөг өгөөд ачуулдаг юм бил үү гэхээр нь за би өргөөд, ачилцаад өгье, надад мөнгө хэрэггүй гээд би Г ахад туслаад 9 ширхэг модыг Портер маркийн тээврийн хэрэгсэл дээр нь ачиж өгсөн. Би ойролцоогоор 20 орчим минут модыг нь ачиж өгсөн санагдаж байна. Тэгээд би мөнгө, төгрөг авалгүй цаашаа Архангай аймгийн Тариат сум руу явсан. Би бэлтгэсэн модыг нь эрхийн бичигтэй эсэхийг нь огт асууж чадаагүй, би зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн эсэхийг нь мэдэхгүй. Г ах ганцаараа 2 ширхэг мод унагаагаад голоор нь хөрөөдөөд машиныхаа хажууд авч ирсэн байсан. Хуурай мод байсан. Гар нь өвдөөд ганцаараа өргөж чадахгүй байна гэсэн. Би тэгээд тус болсон. Би Гын хаанаас мод унагаасан гэдгийг нь зааж өгч чадна. Би уг газрыг мэдэж байгаа бөгөөд Архангай аймгийн Их тамир сумын Арцын ам гэх газар байгаа юм. Г ах өвчтэй хадам ээждээ модыг нь дөхүүлж өгсөн гэсэн. Ээж нь мөн саяхан нас барсан гэсэн. Г ах цагаан өнгийн хөрөөгөөр мод бэлтгэсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.М мэдүүлсэн: ...2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр манай хүргэн дүү Г 08 цагийн үед ирсэн. Манай ээж элэгний хорт хавдартай бөгөөд манай гэр мод авах гээд ямар ч мөнгө байхгүй байсан. Тэгтэл манай хүргэн Г би танайд түлээ авчраад өгье гэж хэлээд Портероо унаад гараад явсан. Өдөр орж ирснээ за баларсан жаахан мод ачаад Архангай аймгийн Цагаан даваанаас орж ирээд явж байтал ойн байцаагчтай таараад хураалгачихлаа гэж хэлсэн. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгана гэж байна гэсээр хүрч ирсэн. Г ганцаараа модонд явсан. Тариатад байдаг Д гэх залуугаар модоо ачуулсан гэсэн. Гын жолоодож явсан тээврийн хэрэгсэл Чгэх хүний нэр дээр байдаг бөгөөд тэр хүн нь нас бараад нэрийг нь шилжүүлж чадаагүй гэсэн. Г манай өвчтэй ээжид мод бэлтгэж авчирч өгөх гэж байсан. Өөрөөр зарж үрэх гэсэн ямар нэгэн санаа байхгүй. Г дээрх моднуудыг цахилгаан хөрөөгөөр бэлдсэн байсан байх...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд Т.Гын яллагдагчаар мэдүүлсэн: ...Яллагдагчаар татсан тогтоол миний үйлдэлд тохирч байна. Энэ миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Чгэх хүнээс 700.000 төгрөгөөр авсан юм. Нэрээ шилжүүлээгүй байж байхад 2018 онд нас барсан. Тээврийн хэрэгслээ нэр дээрээ шилжүүлэх гэхээр 2 хүүхэдтэй, нас барснаас жил болсны дараа хэн нэгнийх нь нэр рүү шилжүүлдэг гэсэн. Тиймээс би өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч чадаагүй байна. Энэ машин 1996 онд орж ирсэн, хөгшин машин байгаа юм. Хамгийн эхэнд гарч байсан Портер байгаа юм. Би 700.000 төгрөгөөр үнэлнэ гэж бодож байна. Мод бэлтгэсэн цахилгаан хөрөө Архангай аймагт байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 69-72 хуу/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-05 хуу/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 14-15, 21-22 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16 хуу/

Эд зүйл битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 13-15 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06, 12, 18, 53 хуу/  

2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-46 хуу/

2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 50 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52 хуу/

 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 76 хуу/ зэрэг болно. 

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Их тамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг Арцын ам гэх газраас 9 ширхэг 1.404 м3 шоометр модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 52-51 УБӨ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 54.756 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Т.Г нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Их тамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг Арцын ам гэх газраас 9 ширхэг 1.404 м3 шоометр модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 52-51 УБӨ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 54.756 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Бмэдүүлсэн “2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг Арцын ам гэх газраас Т.Г нь зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн байсан учир Архангай аймгийн Их тамир сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.Н нь намайг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Э мэдүүлсэн “2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн ажлаасаа гараад хяналт шалгалт хийхээр 09 цагт Архангай аймгийн Цагдаагийн постон дээр ажиллаж байтал 52-51 УБӨ улсын дугаартай Цэнхэр өнгийн Бонго бил үү, Портер маркийн тээврийн хэрэгсэл дээр 9 ширхэг хуурай шинэс, бас хэдэн ширхэг гишүүг ачсан Т.Г гэх жолооч орж ирэхээр нь мод бэлтгэх эрхийн бичгийг шалгахад эрхийн бичиггүй зөрчил гаргасан байсан. Тиймээс би уг зөрчлийг жижүүрт гарч байсан байгаль орчны байцаагч Н хүлээлгэн өгсөн. Гын машины кабинд цахилгаан хөрөө байсан. Т.Г ямар ч эрхийн бичиг аваагүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/, мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Нгийн мэдүүлсэн “2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 12 цагийн үед намайг ажлаа хийж байхад байгаль хамгаалагч Э нэгдсэн удирдамжийн хүрээнд хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор постон дээр ажиллаж байгаад зөвшөөрөлгүй мод бэлтгэж тээвэрлэсэн зөрчлийг надад хүлээлгэж өгсөн. Бэлтгэсэн модыг би харахад жолооч Г гэх залуу Цагаан давааны араас мод бэлтгэсэн гэж хэлээд 9 ширхэг мод, 20 гаруй тооны гишүүний хамт ачсан байсан. 9 ширхэг хуурай шинэс мод, 20 гаруй ширхэг хуурай гишүү байсан. Мод ачаад ирэхэд нь зөвшөөрлөө надад харуул гэж хэлэхэд надад зөвшөөрөл байхгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Д мэдүүлсэн “би Г ахыг сайн байна уу гээд ахаа юу хийж байгаа юм бэ гэхэд ах нь энд 2 мод унагаагаад байж байна, ээжид аваачиж өгдөг юм бил үү, гал алдсан байна, энэ моднуудыг өргөлцөх хүн хэрэгтэй байна, замын хүнд 5000 төгрөг өгөөд ачуулдаг юм бил үү гэхээр нь за би өргөөд, ачилцаад өгье, надад мөнгө хэрэггүй гээд би Г ахад туслаад 9 ширхэг модыг Портер маркийн тээврийн хэрэгсэл дээр нь ачиж өгсөн. Би ойролцоогоор 20 орчим минут модыг нь ачиж өгсөн санагдаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.М мэдүүлсэн “2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр манай хүргэн дүү Г 08 цагийн үед ирсэн. Манай ээж элэгний хорт хавдартай бөгөөд манай гэр мод авах гээд ямар ч мөнгө байхгүй байсан. Тэгтэл манай хүргэн Г би танайд түлээ авчираад өгье гэж хэлээд Портероо унаад гараад явсан. Өдөр орж ирснээ за баларсан жаахан мод ачаад Архангай аймгийн Цагаан даваанаас орж ирээд явж байтал ойн байцаагчтай таараад хураалгачихлаа гэж хэлсэн. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгана гэж байна гэсээр хүрч ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/, мөрдөн байцаалтын шатанд Т.Гын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “яллагдагчаар татсан тогтоол миний үйлдэлд тохирч байна. Энэ миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Чгэх хүнээс 700.000 төгрөгөөр авсан юм. Мод бэлтгэсэн цахилгаан хөрөө Архангай аймагт байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 69-72/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-05/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06, 12, 18, 53/, 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-46/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Х овогт Т Гыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Т.Гын үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй бөгөөд Т.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Т.Гын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Гын ойн санд учруулсан хохирлыг гурав нугалж 164.268 /нэг зуун жаран дөрвөн мянга хоёр зуун жаран найм/ төгрөгийг гаргуулан Архангай аймгийн Ихтамир сумын төрийн санд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 06 тоот, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 6/а тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 1.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий 52-51 УБӨ улсын дугаартай Портер маркийн автомашины үнээс Ихтамир сумын төрийн санд 164.268 төгрөгийг төлж, үлдсэн 1.435.732 төгрөгийг, 54.756 төгрөгийн үнэлгий бүхий 9 ширхэг 1.404 м3 мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 40.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг цахилгаан хөрөө зэргийг хурааж, улсын төсөвт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул  тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                        ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Х овогт Т Гыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 50.000 /тавин мянга/ төгрөгөөр тооцож 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Гаас 164.268 /нэг зуун жаран дөрвөн мянга хоёр зуун жаран найм/ төгрөгийг гаргуулан Архангай аймгийн Ихтамир сумын төрийн санд олгосугай. 

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 06 тоот, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 6/а тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 1.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий 52-51 УБӨ улсын дугаартай Портер маркийн автомашины үнээс Ихтамир сумын төрийн санд 164.268 төгрөгийг төлж, үлдсэн 1.435.732 төгрөгийг, мөн 54.756 төгрөгийн үнэлгий бүхий 9 ширхэг 1.404 м3 мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 40.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг цахилгаан хөрөө зэргийг хурааж улсын төсөвт оруулсугай. 

 7. Шүүгдэгч Т.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Т.Гын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ