Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 14 өдөр

Дугаар 00469

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Наранбулаг сумын 2 дугаар багт оршин суух, 1961 онд төрсөн, эмэгтэй, ОЗ61070100 регистрийн дугаартай, Галзад овогтой Пагмын Жавзангийн,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, мөн өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч П.Жавзан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие 1961 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 55 настай. Би 1980 оны 1 дүгээр сараас 1981 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн Адуунчулуун бригадад малчнаар 2 жил ажиллаж байгаад 1982 оны 3 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд нормчноор ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр 1992 оны 9 дүгээр сард Шар худаг гэх газар гэрийн хамт шатсан билээ. Иймд миний улсад ажилласан жилийг тогтоож өгнө үү. ... Миний бие шүүх хуралдааны тов мэдсэн боловч бие муу байгаа ба удаан хугацаанд автомашинд сууж явах боломжгүй байгаа тул намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч П.Жавзан нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч П.Жавзангийн 1980 оны 1 дугаар сараас 1981 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн Алдар бригадад малчин, 1982 оны 3 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом сумын Барилга угсралтын трестэд нормчноор ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.  

            Мөн ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1982 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 87 дугаар тушаалд: “... 3 дугаар бригадад Пагма овогтой Жавзанг 1982 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн нормчноор томилж  ажиллуулсугай” гэжээ.

           ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1983 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 353 дугаар “Аж ахуйн тооцоотой 3 дугаар бригадад шагнал олгох тухай” тушаал, ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1985 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 377 дугаар “Ажилчдад жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай” тушаалуудын дагуу тус тус шагнуулж байсан, мөн даргын 1990 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 318 дугаар “Буцалтгүй тэтгэмж олгох тухай” тушаалын дагуу буцалтгүй тусламж авч байсан зэрэг баримтууд авагдсан байна.

             Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч П.Ичинноров, Ч.Цэрэнчимэд, Н.Дорж, С.Баттөмөр нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч П.Ичинноров: “Би Увс аймгийн Барилга угсралтын трестийн нэгдсэн 3 дугаар бригадад 1980 оноос засалчнаар ажилд орон, ажиллаж байхад П.Жавзан нь 1982 оны хавар манай бригадад туслахаар ажилд орж байсан. П.Жавзан бид нар 1990 оныг хүртэл хамт ажиллаж байгаад П.Жавзан нь хөдөө мал маллахаар явсан. П.Жавзан нь өрлөг болон шаврын туслахаар ажиллаж байсан. Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргаар Т.Батзул, бригадын даргаар н.Намсрай, н.Өлзийбаяр, даамлаар гавьяат барилгачин н.Дэмбэрэл гэх хүмүүс ажиллаж байсан” гэж мэдүүлсэн, мөн гэрч Ч.Цэрэнчимэд: “Би Увс аймгийн Барилга угсралтын трестийн нэгдсэн 3 дугаар бригадад 1981 оноос гагнуурчнаар ажилд орон, ажиллаж байхад П.Жавзан нь 1982 оноос манай 3 дугаар бригадад туслахаар ажилд орон 1990 оныг хүртэл ажилласан. П.Жавзан нь өрлөг болон шаврын туслахаар ажиллаж байсан. Манай бригад нь аймгийн төв болон сумуудад барилга барихад томилолтоор бид нар очиж ажилладаг байсан. П.Жавзан нь ажилдаа сайн идэвхитэй ажилчин байсан” гэж мэдүүлсэн, мөн гэрч Н.Дорж: “П.Жавзанг би сайн мэднэ. Нэг баг бригадад ажиллаж, мөн айл саахалт байж, хамтдаа мал маллаж байсан учраас мэднэ. Би Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн 2 дугаа бригадад бага наснаасаа аав, ээжийн хамтаар 1975 оноос 1990 оныг дуустал буюу нэгдэл тарах хүртэл мал маллаж байсан. П.Жавзан 1978 оноос илгээлтээр малчин болж, 1981 оныг дуустал нэгдэлд малчнаар ажиллаж байгаад аймгийн төв рүү орж ажилласан. П.Жавзан нь ээжийн хамтаар мал малладаг байсан. Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргаар н.Сайнжаргал, бригадын даргаар н.Урианхай гэх хүмүүс ажиллаж байсан” гэж мэдүүлсэн, мөн гэрч С.Баттөмөр: “Би Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд бага наснаасаа аав, ээжийн хамтаар 1991 оныг хүртэл буюу нэгдэл тарах хүртэл мал маллаж байсан. П.Жавзан 1980 оноос эхлэн 1981 оныг дуустал 2 жил нэгдэлд малчнаар ажиллаж байгаад аймгийн төв рүү орж ажилласан. П.Жавзан нь ээжийн хамтаар мал малладаг байсан”  гэж мэдүүлсэн ба гэрчүүдийн ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд тус тус авагджээ.

           Иймд нэхэмжлэгчийн тайлбар, Увс аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолт, ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1982 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 87, 1983 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 353,  1985 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 377,  1990 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 318 дугаар тушаалууд, гэрч П.Ичинноров, Ч.Цэрэнчимэд, Н.Дорж, С.Баттөмөр нарын мэдүүлэг зэргийг үндэслэн нэхэмжлэгч П.Жавзангийн 1980 оны 1 дугаар сараас 1981 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар, 1982 оны 3 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Жавзангийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй болсноо илэрхийлсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Галзад овогтой Пагмын Жавзангийн 1980 оны 1 дугаар сараас 1981 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар, 1982 оны 3 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Жавзангийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА