Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01429

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 19 өдөр Дуга 210/МА2024/01429

 

 

Б.М ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/02179 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.М ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: НЭ ХХК-д холбогдох,

 

ХХХ барилгын үйлчилгээний төвийн G блок барилгын гарц буюу төв хаалгыг нэхэмжлэгчтэй дундаа ашиглахыг даалгах, 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Зардлаа хэмнэх аргаар хөрөнгөжсөн 163,684,675 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхтулга, Б.Агар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ХХХ ийн G блок барилга нь нийтдээ 4 давхар бөгөөд доороо зоорийн В1, В2 давхартай, үйлчилгээний зориулалттай талбай нь 1 давхар болон 2 давхар юм. G блок барилгын үйлчилгээний талбай руу орох хаалга буюу төв хаалга нь 1 давхарт байрладаг. Мөн дундын эзэмшлийн талбай буюу 1 болон 2 давхарыг холбосон шат нь 1 давхарт байрлах G блок барилгын төв хаалганы урд нь байрладаг юм.

1.2. ХХХ ийн G блок барилгад үйл ажиллагаа явуулдаг Ш ХХК, ХХХ , НЭ ХХК нь дундын эзэмшлийн талбайн тохижилт засвар, төв хаалгыг нээх, хаах цагийн хуваарь, төв хаалганы гадна байрлах самбар зэрэгт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн нэр хаягийг хүртэл хэрхэн байршуулах талаар тохиролцон ажилладаг байсан.

1.3. Гэтэл НЭ ХХК нь дур мэдэн бүхэл бүтэн барилгын төв хаалгыг хааж тус барилгын өмчлөгч болон үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг хохироож байгаад гомдолтой байна.

1.4. НЭ ХХК-ийн хууль бус үйлдлийн улмаас Ш ХХК-д 240,683,000 төгрөгийн хохирол учирсан тул Б.М би ажлын байрны түрээсийн гэрээний дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр нь хангаж өгөх үүргийнхээ хүрээнд Ш ХХК-тай учирсан хохирлын үнийн дүн дээр харилцан тохиролцож 60,000,000 төгрөгийг төлж барагдуулан ХХХ ийн G блок барилгын төв хаалгыг нээлгэн үйл ажиллагааг нь хэвийн явуулна хэмээн тохирсон.

1.5. Иймд НЭ ХХК-д ХХХ барилгын үйлчилгээний төвийн G блок барилгын гарц буюу төв хаалгыг нэхэмжлэгчтэй дундаа ашиглахыг даалгах, төв хаалгыг хаасан үйлдлийн улмаас одоогоор бодитой учирсан байгаа хохирол болох 60,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Сүүлийн 10 гаруй жил Б ХХК болон Ш ХХК-тай ХХХ т өөрсдийн өмчлөлийн эд хөрөнгөө эзэмшиж, ашиглан үйл ажиллагааагаа явуулж ирэхдээ үйлчилгээ үзүүлэх болон ажилчдынхаа орж, гарах гарцаа тус тусдаа шийдэж бие биендээ ямар нэгэн саадгүйгээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.

2.2. НЭ ХХК нь Ш ХХК болон Б ХХК-ийн өмнө ямар нэгэн гэрээгээр хүлээсэн үүрэг болон дундаа хамтран, дундаа хэсгээр өмчилж ирсэн хөрөнгө байхгүй, энэ талаар тохиролцож хийсэн төлбөр тооцоо байхгүй.

2.3. Харин 2011 оноос үйл ажиллагаагаа явуулж байх хугацаандаа дамжин өнгөрсөн, хүмүүсийн харуул, хамгаалалт, цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, эвдрэл гэмтэл, хулгайд алдсан бараа бүтээгдэхүүнээ дангаараа хариуцаж эрсдэл хүлээж ирсэн байдаг. Бид 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирэхэд өмчлөгч Ш ХХК-тай л өнөөг хүртэл харилцаж ирсэн ба Ш ХХК нь өөрийн хүү Б.М д Үл хөдлөх эд хөрөнгөө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж ирснийг мэдэгдээгүй, мэдэх боломжгүй байсан юм.

2.4. Тиймээс 2023 оны 06 сарын 03-ны өдөр НЭ ХХК нь дэлгүүрийн үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар хааж, нүүх болсныг уг үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж үйл ажиллагаа явуулж буй бусад талуудад урьдчилан мэдэгдэж сануулсан албан бичиг илгээсэн юм. Харин нэхэмжлэгч Б.М нь Ш ХХК-д төлсөн 60,000,000 төгрөгийг НЭ ХХК-аас нэхэмжилснийг бид хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. НЭ ХХК-нь 2011 онд ХХХ байрны худалдаа үйлчилгээний зориулалттай G блок барилгын 1 давхрын болон В1 давхрын 956,27 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм.

3.2. 2011 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж олон аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллаж ирсэн юм. Энэ хугацаанд бид Ш ХХК-аар үйлчлүүлэх иргэдийг өөрийн хаалгаар саадгүй нэвтрүүлж ирсэн ба 2023 оны 06 сарын 03-ны дэлгүүрийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаах болж энэ талаар урьдчилж мэдэгдэж байсан.

3.3. Гэтэл хариуцагч Б.М нь 2023 оны 11 сарын 21-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ манай өмчлөлийн 1 давхрын хаалга, шатыг нээлгэх, хаалга хааснаас үүдэн 60,000,000 төгрөгийн алдагдал хүлээсэн талаар нэхэмжлэл гаргасан байсан. G блокийн 1 давхар, болон В1 давхар нь НЭ ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө тул бид энэхүү хаалгаар өөрийн ахуйн нэгж, түүний ажилчид, үйлчлүүлэгчдийг нэвтрүүлэх үүрэг хүлээгээгүй болно.

3.4. Харин 2011 оноос хойш хугацаанд манай хаалгаар Ш ХХК-аар үйлчлүүлж ирсэн хэрэглэгч нар болон ажилчдын урсгал нь байгууллагын цэвэрлэгээ, үйлчилгээ, засвар, тохижилт, харуул, хамгаалалт, ажилчдын цаг зав, түүнчлэн хулгай гарах нөхцөлийг нэмэгдүүлж ирсэн ч бид өөрсдийн зүгээс энэ бүхнийг зохицуулсаар ирсэн байдаг. Тиймээс манай байгууллагаар дамжин өнгөрч, үйлчлүүлж ирсэн энэ хугацааны ашиглалтын болон хэрэглээний зардал болох 163,684,675 төгрөгийг иргэн Б.М аас нэхэмжилж байна.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар:

СӨХ, харуул дохиолол, татвар гээд 6 задаргаа харагдаад байна. Нэгдүгээрт эдний талбай хэд вэ, хоёрдугаарт цонхоос шат хүртэл 5 метр газрын зардал хэд вэ, ашиглаж байгаа гэж үзвэл цалин хангамж, ямар учиртай татвар болох, яагаад 2010-2024 оныг бодсон нь ойлгомжгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2, 140 дүгээр зүйлийн 140.1, 497 дугаар зүйлийн 497.1, 492 дугаар зүйлийн 492.1 тзаасны дагуу ХХХ А хэсэг тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 258,7 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглах, захиран зарцуулахад саад учруулахгүй байхыг, ХХХ ын төв хаалгыг нээхийг хариуцагч НЭ ХХК-д даалгаж, хариуцагч НЭ ХХК-аас 60,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М д олгож, хариуцагчийн гаргасан 163,684,675 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар шинжээчийн зардал 2,500,000 хариуцагч НЭ ХХК-аас гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 528,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 528,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М д олгож, хариуцагчийн төлсөн 976,373 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. НЭ ХХК нь 2011 онд К ХХК-аас ХХХ байрны хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын 956,27 м.кв талбай бүхий В1 болон 1 давхрын объектыг худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлэн Улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг.

6.2. Харин Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шийдвэртээ ХХХ байрны 2 давхарт байршилтай үйлчилгээний зориулалттай 258,7 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглах, захиран зарцуулахад саад учруулахгүй байх, ХХХ ын төв хаалгыг нээхийг хариуцагч НЭ ХХК-д даалгаж байгаа нь уг барилгад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын эрх ашиг, сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан гаргасан гэж үзэж байна.

6.3. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж захиран зарцуулах эрхтэй болохыг зохицуулсан байдаг. Гэтэл шүүгч зөвхөн нэхэмжлэгч талын эрх ашгийг хамгаалж, хариуцагч талын эрх ашгийг огт харгалзаж үзэлгүй нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна.

Хэрвээ НЭ ХХК өөрсдийн байрандаа үйл ажиллагаа явуулахгүй тус объектын хаалгыг нээлттэй үлдээснээр тухайн объектод гэмт хэрэг, бусад хууль бус үйлдэл гарвал түүнийг хэн хариуцах вэ? гэдэг дээр анхаарал хандуулалгүй хаалга нээхийг хариуцагчид даалгасан юм.

6.4. НЭ ХХК-ийн орох хаалга нь Ш ХХК-ийн гарцаагүй зорчих хаалга мөн үү гэвэл үгүй юм. Ш ХХК барилгын зүүн талын А байрны орон сууцны лифтээр дамжин 2 давхар луу гардаг. Тэр 2 давхрын хонгилыг Б.Д гэгч Б.М ын дүү өөрийн өмчлөлдөө авч эргээд Ш ХХК-ийг зорчуулж түрээсийн төлбөр авдаг гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байсан. Гэтэл энэ талбай нь нийтийн эзэмшлийн талбай байхад үүгээр дамжиж орох боломжтой одоог ч энэ талбайгаар дамжиж 2 давхар луу орж гарч байгаа. Уг барилга зөвхөн G блокоор тусгаарлагдаагүй нэг нэгнээсээ хамааралтай аль ч блокоос бие бие рүүгээ дамжин өнгөрөх боломжтойгоор баригдсан барилга юм.

6.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу Шүүгч шинжээчийн дүгнэлтийг ач холбогдол, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шатны хэсэг хариуцагчийн талбайн хэсэгт ороогүй, шат нь хариуцагчийн хөрөнгө гэдгийг харгалзан үзэх естой байтал нэхэмжлэгч талын хүсэлтээр нээх шийдвэр гаргаж байгааг өмчлөгчийн эрхийг зөрчсөн 1 талын эрх ашгийг хангасан шийдвэр гаргасан тул гомдолтой байна.

6.6. Шүүх шийдвэртээ нэхэмжлэгч Б.М ын Ш ХХК-д төлсөн 60,000,000 төгрөгийг хариуцагч НЭ ХХК-ийг төлүүлж нэхэмжлэгчид олгохыг шийдвэрт тусгасан байна. Үндэслэл нь Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2-т заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид 60,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан 60,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзсэн.

6.7. Түүнчлэн энэхүү нэхэмжилж байгаа хохирлын төлбөр нь юунд үндэслэн хэрхэн тодорхойлж гаргаж ирсэн тодорхой бус ямар ч үндэслэлгүй байхад Б.М ын түрээслэгч Ш ХХК-д өгсөн төлбөрийн баримтыг үндэслэн хариуцагч НЭ ХХК-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

6.8. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримтад 2015 оны 05 сарын 02-ны өдөр Б.М Ш ХХК-ийн хооронд Хамтран ажиллах гэрээ /хх-22/, 2015 оны 05 сарын 29-ний өдөр Ажлын байр түрээслэх гэрээ /хх-21/ байгуулсан байдаг. Харин ХХХ ийн G блок барилгын 256,7 м.кв объект 2015 оны 07 сард өмчлөгч гэх Б.М ын нэр дээр шилжсэн байдаг.

6.9. Б.М энэ объектын өмчлөгч болоогүй байхдаа түрээсийн гэрээний нэг тал болон Ш ХХК-тай гэрээ байгуулсан байдаг. Энэхүү Хамтран ажиллах гэрээ, болон Ажлын байр түрээслэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн гэрээ юм. Гэвч шүүх хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр 60,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч 60,000,000 төгрөгийг юуг үндэслэж яаж гаргаж ирсэн гэдэг нь тодорхойгүй үндэслэл болгосон гэрээ нь хүчин төгөлдөр бус байхад нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд гомдолтой байна,

6.10. Хариуцагч НЭ ХХК нь 2011 оноос өнөөг хүртэл нэхэмжлэгч Б.М д түүний түрээслэгч Ш ХХК нь өөрийнх газраар дамжин өнгөрч байсан зардлаа Е баримтыг үндэслэн татварын системд төлсөн баримтаар 163,000,000 төгрөг төлөхийг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан. Үндэслэл нь Иргэний хуулийн 134 дугаар зүйлийн 134.2-т Хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй, 104 дүгээр зүйлийн 140.2 Хашаа, бусад байгууламжийг ашиглаж арчлан хамгаалахтай холбогдсон зардлыг талууд тэнцүү хэмжээгээр хариуцна гэж заасан байдаг. Мөн хавтаст 2012 оны 03 сарын 03-ны өдөр Шинэ Монгол өргөө төвийн эзэмшигчдийн хурлын шийдвэрийг /хх-34/-ийн 5-д зааснаар цаашид талууд гол хаалга болон дундын эзэмшлийн талбайг тохижуулах, засварлах ажлуудыг болон түүнтэй холбоотой зардлуудыг харилцан тохиролцож хийхээр тусгасан байдаг.

6.11. Гэтэл шүүх НЭ ХХК-ийн 2011 оноос хойш гол хаалгаар орж шатаар 2 давхар луу гарах талбайн засвар үйлчилгээ, цэвэрлэгээ үйлчилгээний материал, үйлчлэгчийн цалин хөлс, бусад зардлуудыг нэхэмжлэгч талаас нэхэмжилсэн дүнг хэрэгсэхгүй болгосон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

6.12. Шүүх хуралд нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч оролцуулсан ч гэрч Б.Д нь нэхэмжлэгчийн дүү, Ш ХХК-ийн захирал Б.О ийн хүүхэд байсан. Гэрч Б.Д нь шүүх хуралд өгсөн тайлбартаа Ш ХХК нь түүний объектоор дамжин өнгөрдөг. Энэ нь гэрээгээр баталгаажсан 2 жилийн өмнө гэрээгээ сунгасан байх гэж тайлбар өгдөг. Харин Б.М Ш ХХК нь энэхүү Б.Д гийн талбайгаар дамжин өнгөрч ажлын байрандаа хүрдэг Б.Д гэрээгээ цуцалбал бидэнд өөр гарц байхгүй гэдэг. Гэвч хариуцагч тал шүүх хуралдаан дээр талуудын хооронд байгуулсан гэрээг үзүүлээч гэхэд байхгүй гэсэн хариу өгсөн. Үнэн хэрэгтээ энэхүү зүүн талын 1 давхрын объект, 2 давхрын объектууд нэг гэр бүлийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд байдаг.

Өөрөөр хэлбэл заавал манай өмчлөлийн талбайгаар дамжин өнгөрөх шаардлагагүй юм. Гэтэл ИХШХШТХ-ийн 134.2-т заасан заалтыг зөрчиж бусад аж ахуйн нэгж байгууллага, хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг зөрчиж байгаа тул шийдвэрт гомдолтой байна.

6.13. Нэхэмжлэгч талын хүсэлтээр барилгын 1 давхар болон В1 давхрын талбайн хэмжээг хэмжүүлж шинжээчийн зардалд төлсөн 2,500,000 төгрөгийг хариуцагч талаар төлүүлэх шийдвэр гарсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нэхэмжлэгчийн хүсэлт гаргаж талбай хэмжүүлсэн хэрэгт ямар нэг ач холбогдол үгүй шүүхийн шийдвэрт ч нөлөөлөлгүй дүгнэлт гаргасан байхад шүүгч зөвхөн нэхэмжлэгч талын эрх ашгийг хамгаалж хариуцагчаар төлүүлэх шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасан заалтыг зөрчсөн байна гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

7.1. Хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо 5 агуулгыг тусгажээ. Маргаан бүхий баруун 4 замын Голомт хотхон барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварын дагуу Хот төлөвлөлтийн газрын зөвшөөрлийн хүрээнд цогцолбор байдлаар баригдаж, улсын комисс хүлээж авсан. Маргаан бүхий Голомт хотхоны G блок нь үйлчилгээний зориулалттай бөгөөд аваарын гарц болон үндсэн орц, гарцаас өөр ямар ч орц, гарц байхгүй.

7.2. НЭ ХХК нь хэрэгт ямар нэгэн нотлох баримт өгөөгүй байж өөрсдийн үзэмжээр яриад байгаа зүйл нь Б.М ыг өмчлөлийн зүйлээ ашиглахдаа иргэн Б.Д гийн өмчлөлийн зүйлээр дайран өнгөрч лифтний хаалгаар гарч болно гэдэг хийсвэр санаа дэвшүүлээд байна. Энэ нь барилгын хийцийн хувьд боломжгүй зүйл. Үндэсний архивын газрын 2023 оны 10 сарын 20-ны өдрийн зураг төслөөс харвал үйлчилгээний барилга нь зөвхөн 2 давхар хийцтэй, В1, В2 гэсэн 4 давхраас бүрддэг. Тухайн 4 давхар барилга нь А, В тэнхлэгийн 1, 2 дугаар тэнхлэг дээр байгаа ганцхан төв хаалгатай байдаг. Тийм учраас ямар ч боломжгүй.

7.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн оролцогч өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргах боломжтой байсан боловч энэхүү нотлох баримтаа гаргаж өгөөгүй, ийм нотлох баримт байх боломжгүй. 60,000,000 төгрөгийн асуудлын хувьд хариуцагчийн зүгээс ямар ч нотлох баримтгүй хохирлыг анхан шатны шүүх хангасан.

7.4. Иргэн Б.М нь Ш ХХК-тай хамтран ажиллах болон түрээсийн гэрээ байгуулж, түүний дагуу тус компанийн худалдааны үндсэн үйл ажиллагааг явуулах, өөрийн үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах эрхийг бусдад шилжүүлэх замаар үүрэг хүлээсэн. Энэ үүрэг нь Ш ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа явуулж байгаа худалдан борлуулалтын гол төв байранд үйлчлүүлэгч саадгүй чөлөөтэй орж гарах боломжоор нь хангах, өмчлөх эрхтэй нь хамааралгүй боловч шууд бусаар өмчлөх эрхийг нь зөрчсөнөөр бусдын өмнө хүлээсэн үүргээ зөрчиж байна. Өөрөөр хэлбэл НЭ ХХК 1 давхрын хаалгыг хааснаар Б.М нь гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 183,000,000 төгрөгийн хохирол учирсан. 183,000,000 төгрөгийн хохирол нь хаалгыг хааснаас хойш Б.М Ш ХХК-тай харилцан тохиролцоод эвлэрэх өдрийг хүртэл гарсан хохирол юм.

7.6. Б.М нь өөрийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших ашиглах эрхийг Ш ХХК-д урт хугацаагаар өгнө гэсэн баталгаа, итгэлцлийн үндсэн дээр 183,000,000 төгрөгийг 60,000,000 төгрөг болгож хоорондоо тохиролцсон байдаг. Шүүхийн журмаар хаалганы асуудлыг хурдан шуурхай шийдвэрлээд танай үйл ажиллагааг нээж өгнө гэсэн хүсэл зоригоо илэрхийлээд 60,000,000 төгрөг болгосон.

7.7. НЭ ХХК-ийн зүгээс 60,000,000 төгрөгтэй холбоотой нотлох баримт байхгүй гэж харж байгаа бол хэргийн материалд хамтран ажиллах гэрээ, түрээсийн гэрээ, НЭ ХХК-ийн үйлдлийн улмаас Ш ХХК-д хохирол учирч, тухайн хохирол нь Б.М ын үүрэг бол Ш ХХК-д шаардах эрх үүсээд байна гэдэг эрх зүйн үр дагаврыг удаа дараа танилцуулж байсан мэдэгдлүүд, шуудангийн баримтууд авагдсан байгаа.

7.8. Хууль хэрэглээний гомдлын шаардлагад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зүйн үндэслэлийг харах юм бол хэрэгт хамааралтай хууль зүйн үндэслэл гэж харагдахгүй байна.

7.9. Сөрөг нэхэмжлэлийн хувьд 1 давхрын объект нь НЭ ХХК-ийн хууль ёсны өмчлөлийн зүйл болохын хувьд чөлөөтэй эзэмших ашиглах эрх нь байгаа. Ашиг олох зорилгоор үйл ажиллагаа хэрэгжүүлж, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулж байгаа бүх зардлыг сөрөг нэхэмжлэлд тусгасан байдаг. Бүх зардалд дайран өнгөрөх, дамжин өнгөрөх, нийтийн эзэмшлийн зам, хаалга руу орох боломжтой эсэхийг тодорхойлсон талуудын хооронд хүсэл зоригоо илэрхийлсэн, үүрэгжүүлсэн үүрэг гэрээний дагуу үүсээгүй.

Иргэн Б.М д ямар ч хамааралгүй талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, үйлчлүүлэгчийн хэрэглэж байгаа ахуйн хэрэгсэл гэх мэт зардлуудыг хохирол гэж тооцож сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

7.10. Анхан шатны хуульд заасан үндэслэлийн дагуу шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаагүй нь зөв гэж үзэж байна. Шинжээчийн зардалтай холбоотой асуудлын хувьд хуулийн дагуу шийдэж байгаа учраас тайлбар хэлэх шаардлагагүй гэж үзэж байна. Хариуцагч талаас талууд нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй байхад анхан шатны шүүх нотолбол зохих боломжит хувилбарыг харгалзан үзээгүй шийдвэр гаргасан гэж гомдол гаргажээ. Бидний зүгээс хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг цуглуулж шүүхэд гаргаж өгсөн.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад дүн шинжилгээ хийж, үүргээ зөрчөөд байгаа этгээдүүдтэй холбоотойгоор хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан учраас давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч НЭ ХХК-д холбогдуулан ХХХ барилгын үйлчилгээний төвийн G блок барилгын гарц буюу төв хаалгыг нэхэмжлэгчтэй дундаа ашиглахыг даалгах, 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, хохирол 163,684,675 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. Б.М нь ХХХ б байрны нэмэх 2 давхрын А хэсэгт байрлалтай 258,7 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд 2015 оны 06 сарын 18-ны өдөр бүртгэгдсэн;

 

3.2. НЭ ХХК нь СХХХ байрны худалдаа үйлчилгээний зориулалттай 956,27 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд 2011 оны 02 сарын 11-ний өдөр бүртгэгдсэн;

 

3.3. Дээрх барилгын зураг төслийг Т ХХК боловсруулсан зураг төслөөр B хэсгээс С хэсэгт 1-2 давхарт өгсөх зориулалттай дугуй хэлбэрийн шат байрлаж, гонх буюу төв хаалгаар шат руу шууд орох хэсгийг тасархай зураасаар тэмдэглэсэн, мөн Т ХХК нь 2024 оны 05 сарын 15-ны өдрийн албан бичигт ...гонх нь үндсэн хаалга, A-B, 3-4 дүгээр тэнхлэгт байрлах гарц нь аваарын гарц болно гэсэн байна.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас ХХХ барилгын үйлчилгээний төвийн G блок барилгын гарц буюу төв хаалгыг нэхэмжлэгчтэй дундаа ашиглахыг даалгаж шийдвэрлэсэн нь зөв боловч хохиролд 60,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн буруу болжээ.

 

4.1. ХХХ б байрны зураг төслөөр нэг хаалгатай байхаар төлөвлөгдсөн ба уг хаалгаар барилгын бүх өмчлөгч, эзэмшигчид зорчихоор байхад хариуцагч байгууллага нь дандаар хаалгыг хаасан нь Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй гэсэн зохицуулалттай нийцэхгүй байна.

 

4.2. Нэхэмжлэгч Б.М ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд үйл ажиллагаа явуулж байгаа Ш ХХК-тай НЭ ХХК нь 2012 оны 03 сарын 03-ны өдрийн ШМ төвийн эзэмшигчдийн хурлын шийдвэр-ээр ...хаалга гаргах зардлыг 2 тал хувааж хариуцахаар..., ...харилцан ашигтай байдлаар бие биенийхээ ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран... ажиллахаар тохиролцсон атлаа бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, хаалгыг хаасан тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар 106.2 дахь хэсэгт зааснаар хаалтыг нээлгэхээр шаардах эрхтэй.

 

4.3. Анхан шатны шүүх барилгын зураг төсөл зохиогчийн албан бичиг, барилгын зураг төслийг шийдвэрийн үндэслэл болгож, хариуцагч байгууллага нь нэгдүгээр давхрын өмчлөгч болохын хувьд хаалгыг дангаар хаах эрхгүй гэсэн дүгнэлт зөв. Энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

4.4. Нэхэмжлэгч нь Ш ХХК-ийн нягтлан бодогчтой эвлэрлийн гэрээг байгуулсан, мөн албан мэдэгдлийг тус компанийн менежер албан тушаалтай Б.Д гийн гарын үсэгтэйгээр хүргүүлж байсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэл болно. Гэрч Б.Д гаас даргалагч шүүгч ...Одоо орц, гарц гаргасан байраа түрээслүүлдэг гэсэн үг үү гэхэд ...Ш гэж хариулсныг зохигч талууд үгүйсгээгүй.

 

Хэрэгт цугларсан баримтаар Ш ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй гэх баримт тогтоогдоогүй, мөн 60,000,000 төгрөгийн хохирол бодит учирсан байдал баримтаар тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмаар харьцуулан үнэлэхгүйгээр Эвлэрэн хэлэлцэх тухай баримт 60,000,000 төгрөгийг Ш ХХК-д шилжүүлсэн баримтыг үнэлж, хохирол гаргуулсан нь буруу болжээ.

 

Иймд, хариуцагч НЭ ХХК-аас хохирол 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.М ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна. Энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангана.

 

5. Анхан шатны шүүх НЭ ХХК-ийн 2011-2024 оны нийт зардал 818,423,378 гарсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, мөн ямар үндэслэлээр 20 хувиар тооцон 163,684,675 төгрөгийг гэм хорын хохирол гэж шаардаж байгаа шалтгаант холбоо үгүйсгэгдэж байна гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

6. Иргэдийн төлөөлөгч Д.Н ... Нийтийн орц гарцыг нээх нь зөв гэж үзэж байна. Нэхэмжилж байгаа 60,000,000 төгрөгийн хувьд үндэслэл бага байна. Сөрөг нэхэмжлэл байж болох ба мөнгөн дүн нь үндэслэлгүй баримт бүрдүүлэлт хангалтгүй гэсэн тайлбарыг анхан шүүх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь зөв.

 

7. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд дараах хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

7.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 140 дүгээр зүйлийн 140.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг тогтоох хэсэгт баримталсан нь хэрэглэх ёсгүй хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн хаалга нээлгэхийг даалгах шаардлага нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрх үүснэ.

 

Мөн, нэхэмжлэгчийн 60,000,000 төгрөг гаргуулах болон сөрөг нэхэмжлэл 163,684,675 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардах эрхийн зохицуулалт нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлогдох тул уг хуулийн зохицуулалтыг тогтоох хэсэгт баримтална.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан гомдлыг зарим хэгсийг хангаж нь зүйтэй гэж тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/02179 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 497 дугаар зүйлийн 497.1-т заасны дагуу ЭХХХ байрны 2 давхарын А хэсэгт байршилтай үйлчилгээний зориулалттай барилгын төв хаалгыг нээхийг хариуцагч НЭ ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас НЭ ХХК-аас 60,000,000 төгрөгийг гаргуулах болон хохиролд 163,684,675 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР