Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01479

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 22 өдөр Дуга 210/МА2024/01479

 

 

С.Ж ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 27-ны өдрийн 101/ШШ2024/02840 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Ж ын нэхэмжлэлтэй

Хариуцагч:ЖГ ХХК холбогдох,

 

113,086,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. С.Ж 2022 оны 07 сарын 19-ний өдөр ЖГ ХХК-ийн ХОХОХ төслийн ХХХХ тоот, 43,07 м.кв 2 өрөө орон сууцыг ашиглалтад орох үед нь авах зорилгоор Орон сууц захиалгын FRE 2022/072 тоот гэрээг тус компанитай байгуулсан.

1.2. Гэрээнд заасны дагуу С.Ж 2022 оны 07 сарын 19-ний өдөр уг байрны 1 м.кв-ыг 1,690,000 төгрөгөөр тооцож, нийт 72,788,300 төгрөгийг ЖГ ХХК-ийн Хаан банкин дахь ХХХ тоот дансанд шилжүүлж гэрээг баталгаажуулсан.

1.3. Уг гэрээний 4.1-д Гүйцэтгэгч нь захиалагчийн захиалсан орон сууцыг 2023 оны 3 дугаар улиралд багтаан барьж дуусган Улсын комиссод хүлээлгэн өгнө. гэж заасан. Гэвч 2023 оны 3 дугаар улирал дундаа орсон байхад барилгын суурийн нүх ухсанаас өөр ажил хийгдээгүй байна.

1.4. 2023 оны 09 сарын 29-ний өдөр компанийн төсөл хариуцсан борлуулалтын ахлах менежер Н.ГЭ тай уулзаж уг барилгын суурь тавигдаагүй байгаа тул гэрээг цуцпах хүсэлт өгсөн.

1.5. Үүнтэй холбоотой С.Ж ын хүсэлтийг авсан эсэх, цаашид ямар арга хэмжээ авах, ямар хугацаанд төлбөрийг буцаах талаар харилцан ярилцаж, 2023 оны 09 сарын 25-ны өдөр гэрээг цуцалсан ба гэрээний 7.1-т заасны дагуу маргааныг эвлэрлийн журмаар шийдэхийг эрмэлзэж нэхэмжлэгчээс төлсөн 72,788,300 төгрөгийг буцаан авах хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн.

1.6. Хариуцагчаас хүсэлтийг бичгээр хүлээн авсан тул бид танай байрыг зарах ажиллагааг нэн даруй эхлүүлнэ. Улмаар 60 хоногт багтаад таны мөнгийг буцааж өгнө, ингэхдээ бидний хариуцлагаас үүссэн асуудал учир гэрээний 4.7-д заасны дагуу танаас 1 хувийн торгуулийг авахгүй. Мөн таны төлбөрийг буцаан олгох хуваарийг компанийн санхүүгийн алба болон удирдлагуудтайгаа ярилцаад мөнгөн хөрөнгийн тооцоондоо үндэслэн гаргаж өгнө гэсэн. Төлбөрийн хуваарийг 2023 оны 11 сарын 24-ний өдөр 25,000,000 төгрөг, 2023 оны 12 сарын 08-ны өдөр 25,000,000 төгрөг, 2023 оны 12 сарын 22-ны өдөр 22,788,300 төгрөг байхаар гаргасан.

1.7. Тохирсон хугацаанд эхний буцаалтыг шилжүүлээгүй тул 2023 оны 12 сарын 01-ний өдөр компанийн борлуулалтын албанд очиж уулзахад борлуулалтын менежер нь 2023 оны 11 сарын дундуур ХХХХ тоот 43,7 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 3,090,000 төгрөгөөр борлуулахаар орон сууц захиалгын гэрээ хийгдсэн. Харилцагч урьдчилгаа 30 хувь болох 40,000,000 төгрөгийг бэлэн төлж, үлдэгдлийг 36 сарын хугацаанд cap бүр 2,000,000 төгрөг төлөхөөр байгууллагын хувь лизингийн гэрээ хийсэн гэсэн.

1.8. Үүнээс үзэхэд ЖГ ХХК нь орон сууцыг өндөр дүнгээр дахин борлуулахаар гэрээ байгуулсан, мөн урьдчилгаа төлбөр авсан боловч С.Ж тай тохиролцсоны дагуу ямар ч буцаалтын төлбөр шилжүүлээгүй.

1.9. 2023 оны 12 сарын 15-ны өдөр миний Хаан банкин дахь 00 тоот дансанд 10,000,000 төгрөгийн буцаалт, 2024 оны 01 сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийн буцаалт, нийт 20,000,000 төгрөгийн буцаалт орж ирсэн.

1.10.ЖГ ХХК-ийн орон сууцны барилга баригдаж буй ХХХ дүгээр хороонд шинээр баригдаж буй орон сууцны байрын захиалгын хамгийн доод үнэ 1 м.кв нь 2,700,000 төгрөг ба хариуцагч нь миний захиалсан байрыг 1 м.кв-ыг 3,090,000 төгрөгийн үнээр буюу нийт 133,086,300 төгрөгөөр дахин борлуулсан гэж борлуулалтын ажилтан нь мэдэгдсэн.

1.11. Одоо нэхэмжлэгч нь 43.07 м.кв орон сууцыг 1 м.кв-ыг 3,090,000 төгрөгөөр захиалахаар байгаа ба зөрүү 60,298,000 төгрөгийн хохирлыг нэмж нэхэмжлэх хүсэлтэй байна. Иймд байгуулсан гэрээний буцаалтын үлдэгдэл 52,788,300 төгрөг, хохирол 60,298,000 төгрөг, нийт 113,086,300 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч ЖГ ХХК-аас гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 52,788,300 /тавин хоёр сая долоон зуун наян найман мянга гурван зуун/ төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч С.Ж д олгож, нэхэмжлэлийн шаардпагаас хохирол 60,298,000 /жаран сая хоёр зуун ерэн найман мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 723,381 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 19 төгрөгийг буцаан олгож, хариуцагч ЖГ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 421,891 төгрөгийг гаргуулж нэхэмжлэт С.Ж д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдан авагч талаас гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн боловч худалдагч талаас гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэг талын санаачлагаар гэрээнээс татгалзсан талаар талууд маргадаггүй.

4.2. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн гэрээний үүргээ зөрчиж гэрээ цуцлагдсанаас үүдэн гарсан хохирол 60,298,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

4.3. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн нотлох баримтыг хангалттай гаргаж өгсөн байхад нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаагүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хангагдаагүй нэхэмжлэлийн шаардлага болох 60,298,000 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч С.Ж нь хариуцагч ЖГ ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээний төлбөрийн үлдэгдэл 52,788,300 төгрөгийг буцаан гаргуулах, мөн орон сууц худалдан авах үнийн зөрүү мөнгөний хохирол 60,298,000 төгрөгийн хамт нийт 113,086,300 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч ЖГ ХХК нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан атлаа шүүхийн тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

3. С.Ж нь ЖГ ХХК-тай 2022 оны 07 сарын 19-ний өдөр 000 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр захиалагч С.Ж нь Улаанбаатар хот, ХХХ дүгээр хороонд баригдаж буй ХОХОХ хотхоныХХХ тоот, 43.07 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ын үнийг 1,690,000 төгрөг, нийт 72,788,300 төгрөгөөр ашиглалтад орсны дараа хүлээн авах, гүйцэтгэгч ЖГ ХХК нь орон сууцны барилгыг 2023 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулахаар харилцан тохиролцжээ.

 

Анхан шатны шүүх зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн байна.

 

4.ЖГ ХХК нь гэрээнд заасан хугацаанд орон сууцны барилгыг ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй, орон сууцны барилга баригдаагүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж гэрээний төлбөрт шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Нэхэмжлэгч С.Ж нь 2022 оны 07 сарын 19-ний өдөр гэрээний төлбөр 72,788,300 төгрөгийг хариуцагчЖГ ХХК-ийн дансанд шилжүүлсэн, хариуцагч нь 20,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн үйл баримтад зохигч талууд маргаагүй.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЖГ ХХК-аас гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 52,788,300 /тавин хоёр сая долоон зуун наян найман мянга гурван зуун/ төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч С.Ж д олгож шийдвэрлэсэн нь зөв.

 

5. Анхан шатны шүүх гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол 60,298,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь орон сууцны захиалга буцсаны улмаас төлбөрийн зөрүү мөнгөн хөрөнгө буюу 60,298,000 төгрөгөөр хохирсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ. Энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

5.2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан гэрээний татгалзсанаас үүсэх хохирол нь бодит хохирол байхыг шаарддаг. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагч байгууллага нь орон сууцыг бусдад худалдсан үнийн зөрүү 60,298,000 төгрөгийг орон сууц худалдан авах үнийн зөрүү буюу өөрт учирсан хохиролд тооцож шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

6. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг баримтласан нь нэхэмжлэгчийн шаардах эрхийн зохицуулалтад хамаарахгүй байх тул уг зохицуулалтыг хассан өөрчлөлт оруулна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 27-ны өдрийн 101/ШШ2024/02840 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 225 дугаар зүйлийн 225.1 ... гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 459,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

С.ЭНХБАЯР