Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 14 өдөр

Дугаар 00470

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багт оршин суух, 1975 онд төрсөн, эмэгтэй, ОЭ75121561 регистрийн дугаартай, Зуутраг овогтой Чимэдийн Зогсохын, 

          Нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Баясгалан оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Ч.Зогсох шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие Ч.Зогсох нь 1970 оны 2 дугаар сарын 15-нд Увс аймгийн Чандмань сумын Хөх хад гэх газар төрсөн, одоо 46 настай. Миний аав Цэзэн, ээж Гилаан нар 1960 хэдэн онд гэр бүл болж, түүнээс хойш 3 хүүхэд төрүүлээд алдчихсан ба 4 дэх хүүхэд нь намайг гэж ярьдаг. Тэгээд намайг төрөх үед ээжийн аав, ээж хоёр манайхыг хүүхэд тогтоодоггүй айл байсан тул намайг авч асран хамгаалж, би хөгшин аав, ээжийнхээ гар дамжин хүн болсон. Би доороо 3 дүүтэй бөгөөд ээж маань 1981 онд миний эцэг Цэзэнгээс салж, Чимэд гэх хүнтэй гэр бүл болсон тул би одоо аав Чимэдээр овоглож явдаг. Би 1970 оны 2 дугаар сарын 15-нд төрсөн боловч тэр үед миний аав, ээж болон хөгшин аав, ээж нар намайг төрсний бүртгэлд бүртгүүлээгүй, тэгээд ч хүүхэд тогтдоггүй айл байсан тул миний насыг дарж, сургууль соёлд ч оруулаагүй байж байгаад 1975 оны 12 дугаар сард төрснөөр иргэний паспорт авч өгсөн. 1975 он бол туулай жил байсан бөгөөд би ламд үзүүлэхдээ өөрийн жинхэнэ төрсөн жилээр буюу нохой жилтэй гэж үзүүлдэг. Одоо би хөдөө амьдардаг, 5 хүүхдийн ээж болсон бөгөөд миний ээж А.Гилаан намайг миний амьд ахуйд насаа зөвтгүүлж, төрсөн оноо тогтоолгож ав гэж зөвлөсөн тул шүүхэд хандаж байна. Хэдийгээр би 1975 онд төрсөн гэсэн регистр, иргэний үнэмлэхтэй боловч Улсын бүртгэлийн хэлтсийн 1970 оноос 1976 оны төрсний бүртгэлийн лавлагаа шүүлгэхэд намайг төрсний бүртгэлд бүртгээгүй гэсэн лавлагаа өгсөн. Иймд миний насыг зөвтгөж, намайг 1970 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 46 настай болохыг тогтоож өгнө үү. Миний бие нь Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багт оршин суудаг, манай нөхөр Улаанбаатар хот руу явсан, би ганцаараа байгаа бөгөөд мал харах хүнгүй тул намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү” гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ч.Зогсох нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 108/000302 тоот “Төрөлт бүртгэлгүй тухай лавлагаа”, Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 171 тоот “Улаангом сумын 1970-1975 оны хүн амын тооллогын баримт шилжиж ирээгүй тухай” лавлагаа, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 02/170 тоот “1979 онд явагдсан Монгол Улсын хүн ам, орон сууцны тооллогын баримт байхгүй” тухай лавлагаанууд хэрэгт авагджээ.

         Гэвч нэхэмжлэгчийн төрсөн ээж А.Гилаан шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “Би 1966 онд Цэзэн гэх хүнтэй сууж 4 хүүхэд төрүүлээд 3 хүүхэд нь өнгөрсөн. 4 дэх хүүхэд нь Зогсох юмаа. Зогсохыг 1970 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төрүүлсэн. Манайд хүүхэд тогтдоггүй байсан учир Цэзэн бид хоёр салсан. Би анхны хүүхдээ төрүүлэхдээ эмнэлэгт очиж төрүүлээд 2 хоноод алдсан учраас дараагийн хүүхдүүдийг гэртээ төрүүлсэн боловч 2 хүүхдээ мөн алдсан. Тийм учраас Зогсохыг төрөхөөс өмнө би Цэзэн гэх нөхрөөсөө салж өөрийн аав, ээжийн гэрт ирж байж Зогсохыг төрүүлсэн. Зогсохыг төрсний дараа манай аав, ээж хоёр айгаад нэр өгөхгүй 3 жил болж байж Зогсох гэх нэр өгч байсан. Би 4 дэх удаагаа жирэмсэн болоход би Цэзэн гэх нөхөртөө “2-лаа одоо манай аавын хашаанд гэрээ барьж хүүхдээ төрүүлж үзье” гэхэд нөхөр Цэзэн нь зөвшөөрөхгүй байсан тул би өөрийн аав, ээжийн дэргэд очиж хүүхдээ гаргавал хүн болох юм шиг санагдаад салж өөрийн аав, ээж дээрээ очсон юмаа. Тухайн үед амьдрал их хэцүү байсан. Би 3 хүүхэд алдсан учир сэтгэл санаа болон биеийн байдал маш муу байсан. Тухайн үед манай ажлын хамт олон миний байдлыг ойлгон надад сэтгэл санааны дэмжлэг их үзүүлж, заавар зөвлөгөө их өгдөг байсан. Зогсохыг төрүүлэхээсээ өмнө байнга лам хараар явж байж төрүүлж хүн болгосон. Би 1981 онд Чимэд гэх хүнтэй сууж, бид хоёр 3 хүүхэд төрүүлж өсгөн одоог хүртэл амьдарч байна. Зогсох нь манай том охин юм” гэж, мөн гэрч Р.Загир шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “Ч.Зогсох нь 1970 оны өвөл төрсөн. Би ээжтэй нь нэг газар хамт ажиллаж байсан учраас сайн мэдэж байна. А.Гилаан бид хоёр Увс аймгийн Артерийн гутлын тасагт хамт ажиллаж байсан. Би бригадын дарга, А.Гилаан гуталчнаар ажиллаж байсан. А.Гилаан нь Цэзэн гэх хүнтэй суун, 4 хүүхэд төрүүлсэн, 3 хүүхэд нь төрснийхөө дараа нас барсан. Сүүлд 1970 оны өвөл Зогсох төрсөн. Манай байгууллагын хамт олон А.Гилааныг 3 хүүхэд төрүүлэн алдсан болохоор бид нар сайн мэдэж анхаарал тавьдаг байсан. А.Гилаан нь 3 хүүхэд алдсаныхаа дараа нөхөр Цэзэнгээс жирэмсэн байхдаа салж өөрийн аав, ээжийн дэргэд Зогсохыг төрүүлж байсан” гэж тус тус мэдүүлсэн байна.

           Түүнчлэн Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 310 тоот дүгнэлтэд: “Иргэн Ч.Зогсох нь 1970-1975 онд төрсөн буюу одоо 41-46 настай байх боломжтой” гэжээ.

        Хэдийгээр Ч.Зогсохын иргэний үнэмлэхэд 1975 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн гэж тэмдэглэгдсэн байх боловч түүний 1970-1975 онд төрсний бүртгэл аймгийн Архив, Улсын бүртгэлийн хэлтэс, мөн Үндэсний төв архивын сан, хөмрөгт бүртгэгдээгүй болох нь дээрх лавлагаа, тодорхойлолтуудаар тогтоогдож байна.  

          Иймд түүний эх А.Гилаан, мөн А.Гилаантай хамт ажиллаж байсан Р.Загир нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн Ч.Зогсохыг 1970 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, одоо 46 настай болохыг тогтоож шийдвэрлэлээ.

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Зогсохын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

         Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсноо илэрхийлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

       Хэрэгт А.Гилааны БНМАУ-ын иргэний паспорт эх хувиараа авагдсан байгаа боловч түүнд Ч.Зогсохын төрсөн огноог засварласан байх ба уг засварыг хэн, хэзээ, хэрхэн хийсэн нь тодорхойгүй байгаа тул тухайн баримтыг нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Зуутраг овогтой Чимэдийн Зогсохыг 1970 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, одоо 46 настай болохыг тогтоосугай.  

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Зогсохын /А.Гилаан нэрээр төлсөн/ тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Энэхүү шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.ГЭРЭЛТУЯА