Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01481

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 22 өдөр Дуга 210/МА2024/01481

 

 

Э.М ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 10-ны өдрийн 182/ШШ2024/02112 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.М ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.Б д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 15,002,182 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.М , түүний өмгөөлөгч Н.Дашдулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Галхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие Э.М нь 2016 оны 11 сарын 28-ны өдөр 18 цаг 05 минутын орчим Ц.Б гэх жолоочтой ХХХ маркийн 000 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж хүнд гэмтэл авсан.

1.2. 2016 оны 12 сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 2017 оны 01 сарын 11-ний өдөр Тээврийн прокурорын 19 дугаар тогтоолоор Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

1.3. Миний бие гэмтэл авснаас хойш хэвтрийн дэглэм сахиж, байнгын эмнэлгийн байгууллагаар хяналтанд байгаа боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд эдгэрээгүй, мөн биеийн байдал дээрдээгүй.

1.4. Одоо би түнхний тогооны битүү хугарал оноштойгоор хагалгаанд орох заалттай, 2 хөлдөө түнхний үе солих мэс засал хийлгэх, нурууны үе диск байхгүй учир мөн хагалгаанд шаардлагатай болоод байна.

1.5. Ц.Б гэх хүний үйлдлээс учирсан гэмтлийн улмаас өнөөдрийг хүртэлх гарсан зардал эм тарианы зардал 5,470,590 төгрөг, Шинжилгээ, рентгенд орсон зардал 7,194,880 төгрөг гарсан. Иймд гэм хорын хохиролд нийт 13,355,470 төгрөгийг гаргуулахаар Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасны дагуу нэхэмжилж байна.

1.6. Миний бие өнөөдрийг хүртэлх хугацаанд эмчилгээ сувилгаа хийлгэж, эмнэлгийн байгууллага мөн шаардлагатай эм тариа авч хэрэглэж явж байгаа ба 2018 оны 06 сарын 28-ны өдрийн Эрүүгийн хэргийн төв архиваас хэргийн материал татаж авсан зардал 19,600 төгрөг, 2020 оноос эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд эмчилгээндээ авч хэрэглэсэн эмчилгээний эм тариа баримт 1,598,712 төгрөг, нотариатын зардал 48,000 төгрөг, нийт 1,646,712 төгрөгийг Ц.Б гаас нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нь 2016 оны 11 сарын 28-ны өдөр гарсан ослын улмаас өөрт учирсан хохирол 13,355,470 төгрөгийг нэхэмжилж байх бөгөөд надад холбогдох эрүүгийн хэрэг нь Тээврийн прокурорын газрын 2017 оны 01 сарын 11-ний өдрийн 19 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болсон. Осол гарснаас эхлээд прокурорын байгууллагын хэрэг хэрэгсэхгүй болсон тогтоол гарах хүртэл миний бие Э.М д учруулсан хохирлыг өөрийнх нь нэхэмжилсэн дүнгийн дагуу төлж барагдуулсан.

2.2. Гэтэл нэхэмжлэлд хавсаргасан эмчилгээний баримтууд нь 2018 оноос эхлээд 2023 он хүртэлх баримт байгаа нь тус ослын улмаас Э.М нь эмчилгээ хийлгэсэн эсэхэд эргэлзээ төрж байна. Учир нь 2016 оны 12 сарын 02-ны өдрийн 16244 тоот Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд Э.М д бүсэлхийн 5-р нугалмын баруун талын хөндлөн сэртэн, баруун талын латериал масс, зуун талын умдаг ясны дээд, доод салаа, зүүн талын сүүжний тогоо, дэлбэнгийн далд хугарал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдсон гэсэн байх боловч нэхэмжлэлд дурдагдсан:

2.3. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хавтаст хэрэгт авагдсан баримтууд нь төлбөр төлсөн болон төлбөрийн үнэн зөв баримт мөн эсэхэд бүрэн эргэлзэж байна. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Б гаас 15,002,182 төгрөгийг гаргуулж, нэхэмжпэгч Э.М д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжпэгч Э.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,727 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б гаас 224,727 төгрөг гаргуулж, нэхэмжпэгч Э.М д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга

4.1. Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын 2016 оны 12 сарын 09-ний өдрийн 86 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Ц.Б нь 2016 оны 11 сарын 28-ны өдөр ХХХ хорооны нутаг дэвсгэр, Дүнжингарав худалдааны төвийн урд замд ХХХ маркийн 000 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тэзврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчсөн, нэхэмжлэгч Э.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэх заалт, Мөн дүрмийн 3.9-т заасан Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно, Г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэх заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон байдаг.

4.2. Уг зам тээврийн осол гарах болсон шалтгаанд хариуцагч Э.М ын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, гадна орчны байдал харанхуй замын гадаргуунд мөстэй, цастай, хальтиргаатай байх үед гарцгүй газраар зам хөндлөн гарсан гэх буруутай үйлдлийг осол, хэрэг гарсан үеийн хэмжилтийн бүдүүвч зураг, зам орчны байдлын тэмдэглэлд тодорхой тэмдэглэсэн байдаг.

4.3. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан. Уг зам тээврийн осол гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн болохыг нотлох баримтаар тогтоосон байхад үүнд хууль зүйн дүгнэлт хийгээгүй зөвхөн хариуцагчаас хохирол төлбөрийг 100 хувь гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан нь ойлгомжгүй.

4.4. Тээврийн прокурорын газрын 2017 оны 01 сарын 11-ний өдрийн 19 дугаартай тогтоолоор Ц.Б д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг тогтоолд Ц.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Э.М нь яллагдагчтай сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг ба цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэй талаар тухайн тогтоолд заагаагүйг дурдах нь зүйтэй.

4.5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ гэж хуульчилсан байна. Гэтэл нэхэмжлэгч Э.М нь эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдсан эсэх нь тодорхойгүй ба хэрэв эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь хариуцан арилгах тусламж, үйлчилгээнд хамрагдсан бол зохих төлбөрийг нэхэмжлэх эрхгүй байх талаар хуульд заасан.

4.6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 35 тоот дүгнэлтээр Э.М ын биед тухайн үед зүүн умдаг ясны дээд, доод салаанд ташуу зөрөөгүй, зүүн ташааны дэлбэн, ташаа ясны арын доод хамарт зөрөөгүй, шугаман ууцны 1-р нугалмын баруун латераль массд босоо зөрүүгүй далд хугарал, зүүн хацарт зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдсон ба Э.М ын биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж дүгнэсэн байхад дээрх гэмтлийн улмаас нэхэмжлэгч нь ямар эмчилгээ сувилгаа хийлгэсэн болох, хийлгэсэн эмчилгээ сувилгаа нь тухайн гэмтэлтэй шалтгаант холбогдолтой эсэхийг тогтоолгохоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүх хуралдааны өмнө болон шүүх хуралдааны явцад удаа дараа гаргасан боловч шүүх хүлээн аваагүй нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

4.7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан баримтууд нь 2018 оноос эхлээд 2023 он хүртэлх хугацааны баримт байгаа нь тухайн үед гарсан ослын улмаас Э.М нь эмчилгээ хийлгэсэн эсэхэд бүрэн эргэлзээ төрж байна. Учир нь 2016 оны 12 сарын 02-ны өдрийн 16244 тоот Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд Э.М д бүсэлхийн 5-р нугалмын баруун талын хөндлөн сэртэн, баруун талын латериал масс, зүүн талын умдаг ясны дээд, доод салаа, зүүн талын сүүжний тогоо, дэлбэнгийн далд хугарал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдсон гэсэн байх боловч нэхэмжлэлд хавсаргасан баримтууд нь тус ослоос учирсан гэм хорын хохирол гэж үзэх боломжгүй.

4.8. Гэтэл Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэн бодит байдлыг тооцож үнэлэлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 100 хувь бүрэн хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.10-ны өдрийн 182/ШШ2024/02112 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн биед учирсан гэмтлийн зэрэг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шинжээч томилуулах шаардлагагүй. Тухайн осолд хариуцагч Ц.Б г гэм буруутай болохыг Эрүүгийн хэргийн шүүх тогтоосон.

5.2. 2016 онд осол болсноос нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж, 30,000,000 төгрөгийн үнэ бүхий хагалгаанд орох шаардлагатай байгаа учраас 2016 оноос хойш амбуляторын картын дагуу эмчилгээ хийлгэсэн баримтуудаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч Ц.Б д холбогдуулан гэм хорын хохиролд 15,002,182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Ц.Б нь 2016 оны 11 сарын 28-ны өдөр ХХХ хорооны нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн урьд замд ХХХ маркийн 000 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад, бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч Э.М ыг мөргөж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргасан;

 

3.2. Замын цагдаагийн албаны шинжээч Б.Г ын 2016 оны 12 сарын 09-ний өдрийн дүгнэлтээр Явган зорчигч Э.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв, үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойрхон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна, 3.9.-ийн г-д өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэсэн заалтуудыг зөрчсөн үндэслэлтэй байна. гэж дүгнэсэн;

 

3.3. Тээврийн прокурорын газрын 2017 оны 01 сарын 11-ний өдрийн 19 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Ц.Б д холбогдох эрүүгийн 201624001061 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.М нь зам тээврийн ослын улмаас өөрийн бие махбодид учирсан хохирлыг арилгуулахаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гэм буруутай этгээд буюу хариуцагч Ц.Б гаас шаардах эрхтэй талаар зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгчийн гэм бурууг харгалзан үзээгүй алдаа гаргасныг залруулна.

 

4.1. Э.М нь явган зорчигч нь явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарсан, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн буюу өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явсан зөрлийг тогтоосон баримтыг үгүйсгэж маргаагүй.

4.2. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.

 

4.3. ХХХ хорооны нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн урьд замд 2016 оны 11 сарын 28-ны өдөр зам тээврийн осол гарахад нэхэмжлэгч талын хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

4.4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.М нь ослын улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд эмнэлгийн шинжилгээ, эмчийн үзлэгийн зардал МRI дүрс оношилгоонд орсон зардал 690,000 төгрөг, эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн зардал 7,194,880 төгрөг, эм тарианы зардалд 7,069,302 төгрөг зарцуулсан үйл баримтыг зөв тогтоожээ.

 

4.5. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирол 15,002,182 төгрөгийг 30 хувиар багасгаж, хариуцагчаас 10,501,527 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдлаас дараах хэсгийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5.1. Эрүүл мэндийн даатгалын тухай хулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ.

 

Энэ хуулийн зохицуулалт нь эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг авсан тохиолдолд буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай зохицуулалт тул нэхэмжлэгч нь эрүүл мэндийн даатгалд хамаарахгүй тусламж үйлчилгээний зардал болон эрүүл мэндийн даатгалаас хэтэрсэн зардлыг шаардах эрхийг хязгаарлахгүй.

 

5.2. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 сарын 02-ны өдрийн 16244 дугаар дүгнэлт, 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 35 дугаар дүгнэлтээр Э.М ын биед ослын улмаас хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон.

 

Хариуцагч талын дахин шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

5.3. Ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохиролд эмнэлгийн шинжилгээ, эмчийн үзлэгийн зардал МRI дүрс оношилгоонд орсон зардал болон эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн зардлын баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, мөн уг баримтууд нь утга, цаг хугацааны хувьд хэрэгт хамааралтай байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эмчилгээтэй холбоотой баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн нь зөв болжээ.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 10-ны өдрийн 182/ШШ2024/02112 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.Б гаас 10,501,527 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.М д олгож, нэхэмжлэлээс 4,500,655 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг ... 224,727 ... гэснийг ... 182,974 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,961 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

С.ЭНХБАЯР