Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 50

 

       Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

            Шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Б-д холбогдох 1935001100057 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 21-нд Увс аймгийн ... суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нарийн бичиг мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 2, эхнэрийн хамт ... оршин суух, урьд 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан,  улсаас авсан гавъяа шагналгүй, Г.Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч П.С-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                1. Шүүгдэгч Г.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            Шүүгдэгч Г.Б 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч П.С-ын хүзүүний баруун ар хэсгийг аяганы хагархайгаар зүссэн болох нь хохирогч П.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэр 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Монгол цэргийн баярын өдөр байсан юм. Би Т гэдэг айлд байтал Г.Б нэг шил архи авч ирснийг ууж байгаад Х.Б ирэх гэж байна Архиа дуусгалгүй үлдээчих Х.Б-д амсуулъя гэж би хэлснээс болоод Г.Б над руу агсам тавьж эхэлсэн юм. Бид хоёр гэрээс гараад маргалдаад буцаад орж ирсэн.  Би тухайн үед архи уусан байсан боловч бага уусан, их согтоогүй байсан юм. Харин Г.Б их согтсон байсан учраас чи хэн юм бэ?, пиздаа минь гэх маягаар над руу агсам тавиад байсан юм. Би надаас дүү байж намайг доромжиллоо гээд эхлээд нэг удаа Г.Б-г алгадсан юм. Түүний дараа Г.Б тэдний гэрт байсан хоёр ширхэг шаазан аяга аваад хооронд нь цохиж хагалаад хагархай хэсгээр нь миний хүзүүг зүсчихсэн юм. ... Одоо миний биед өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Би Г.Б ямар нэгэн гомдол санал байхгүй, Г.Б-аас нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 15-р тал/,

Гэрч Б.М-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр найз Г.Б-тай хамт Улаангом сумын Гашуун хороололд Т гэдэг эгчийн гэрт очсон юм. Тэднийд П.С, М.Ц хоёр байсан. Г.Б-гийн авч очсон 0.5 литрийн Ерөөл гэдэг архийг тэд хамт хувааж ууж байгаад П.С, Г.Б хоёр “Х. ирж байна, чи наадах архиа битий ууж дуусга” гэж маргалдаж байсан. Тэгж байтал Х.Б ах гаднаас орж ирээд П.С, Г.Б хоёр хоорондоо маргалдаад гэрээс гараад буцаад удалгүй гэрт орж ирсэн юм. Дахин П.С, Г.Б хоёр маргалдаад орон дээр сууж байгаад Г.Б-г нэг удаа алгадсан юм. Тэгэхэд Г.Б тэдний гэрт байсан хоёр ширхэг шаазан аяга аваад хооронд нь мөргөлдүүлж хагалаад нэг үзүүртэй хэсгийг нь гартаа барьж байгаад П.С-ыг орон дээр дарж унагаад би татаж авах хооронд П.С-ын хүзүүний ар хэсэгт нь зүсчихсэн юм. Тэгээд би тэр хоёр хүнийг салгасан. Тэр үед П.С-ын хүзүүнээс цус гарч байсан, өөр ямар нэгэн зодоон цохион тэнд болоогүй юм. ” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,

Гэрч М.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн үед Улаангом сумын 12-р багийн нутагт Гашуун хороололд Т эгчийн гэрт очиход П.С байсан юм. Тэгээд би замдаа дэлгүүрээс авсан нэг шил 0,5 литрийн Ерөөл гэдэг архиа П.С бид хоёр хувааж уусан юм. Тэднийд байж байтал Г.Б утсаар өөрөө ярьж байгаад хүрээд ирсэн юм. Г.Б нь М гэдэг залуутай хамт нэг шил 0,5  литрийн Ерөөл гэдэг архи авчихсан ирсэн. Тэгээд цэргийн баяр тэмдэглэж байна гээд бид нар уг архийг хувааж ууж байтал гаднаас Х.Б ирсэн юм. П.С, Г.Б хоёр хоорондоо маргалдаад тэдний гэрээс гараад удахгүй ороод ирсэн. Би тэр үед тэр айлын гал түлэх гээд зуухны аман дээр сууж байтал П.С ах тэдний гэрийн баруун талын орон дээр сууж байгаад дахин Г.Б-тай маргалдаж Г.Б-г баруун гараараа нэг удаа зөөлөн алгадаж цохисон юм. Тэгэхэд нь Г.Б бид нарын цай уусан галын дээд талд байсан хоёр ширхэг шаазан аяга аваад хооронд нь цохиж хагалаад нэг үзүүртэй хэсгийг баруун гартаа бариад С-ыг тэдний баруун талын орон дээр дарж унагаасан. Г.Б гартаа барьсан шаазан аяганы хагархай хэсгээр С-ын хүзүүнийх нь баруун талд зүсчихсэн байсан. Тэгээд П.С-ын хүзүүнээс цус их хэмжээгээр гарч би тар хоёрыг салгасан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,

Гэрч Х.Б-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн үед над руу манай найз П.С Г.Б хоёр утсаар яриад намайг Улаангом сумын 12 дугаар багийн нутагт Т гэдэг айлд хүрээд ир гэж дуудахаар нь би яваад очсон. Намайг Т гэдэг айлд очиход П.С, Г.Б  М, М.Ц, Г нар архи уугаад дууссан бололтой байсан. Бид нар юм яриад сууж байтал П.Б, П.С хоёр хоорондоо маргалдсан. Г.Б  П.С хоёр нэг нэгнийгээ архи авч ир гээд маргалдсан. Тэр хоёр хоорондоо заамдалцаад барьцалдаад авахад хажууд нь байсан Ц, М хоёр салгасан. Тэгээд П.С, Г.Б хоёр гэрээс гараад маргалдаж байгаад удалгүй ороод ирсэн юм. Тэгээд Т эгчийн гэрт Г.Б нь бор цоохор өнгийн цэцэгний зурагтай цайны шаазан аяга хоёр ширхэгийг хооронд  нь цохиод хагалсан. Тэгээд С босож ирээд Б-тай заамдалцаж аваад баруун талын орон дээр унасан юм. Тэр үед Б шаазан аяганы хагархайг гартаа барьчихсан байсан. Тэр үед Г.Б дээр нь унасан, тэгээд тэр хоёр барьцалдсан байсныг М, Ц хоёр салгаж байх үед Б нь гартаа барьсан шаазан аяганы хагархайгаар П.С-ын хүзүүний ар талыг зүсчихсэн юм. Тэгээд П.С-ын хүзүүнээс цус гарахаар нь П.С намайг дуудлага өг гэхээр нь би цагдаагийн байгуулагад болон эмнэлэгт дуудлага өгсөн юм. Тэгээд түүнээс хойш тэдний гэрт ямар нэгэн зодоон цохион болоогүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,

Гэрч М.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед П.С манайд ирж хоносон юм. Тэгээд би маргааш нь өглөө гэрээсээ гараад явсан. П.С өнөөдөр цэргийн баярын өдөр би танайд жаахан унтаж амарч аваад явна орой Ритм бүжгийн клуб дээр хөгжим тоглож өгөх ажилтай гэж хэлээд манай гэрт үлдсэн юм. Би үдээс хойш оройхон гэртээ ирэхэд манайд П.С, Г.Б, Х.Б, М.Ц нар хамт байсан юм. Тэгээд би гэртээ ирчихээд усныхаа сав аваад усанд яваад буцаад гэртээ ирэхэд П.С-ын хүзүүнээс нь цус гарсан, манай гэрийн хоёр аяга хагарсан байдалтай байсан. Би яасан юм бэ? юу болсон юм бэ? гэж гэрт байсан хүмүүсээс асуухад Г.Б хоёр аяга хооронд нь мөргөлдүүлж хагалаад П.С-ыг хүзүүг аяганы хагархай хэсгээр зүсчихлээ гэж хэлж байсан. Удалгүй хүн эмнэлэг ирээд П.С-ыг аваад явсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлийн явцийг гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 6-9-р тал/,

Шаазан аяганы хагархайд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 10-11-р тал/,

Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасгийн П.С-ын өвчний түүх /хх-ийн 30-34-р тал/,

Шүүгдэгч Г.Б-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэртээ М-тэй хамт нэг ширхэг 2 литр 500 граммын Сэрүүн гэдэг пиво хувааж уугаад найз П.С-тай утсаар ярихад “Улаангом сумын 12 дугаар багт Т эгчийн гэрт байна. Чи хүрээд ир” гэж надад хэлэхээр нь би М-тэй хамт яваад очсон. Замдаа нэг шил 0,5 литрийн Ерөөл гэдэг архи аваад цэргийн баяр болж байгаа юм чинь тэмдэглэе бас ойрд П.С-тай уулзаагүй гэж бодоод очсон юм. 16 цагийн үед очиход П.С, М.Ц хоёр байсан. Би авч очсон архиа задалж бид нар хувааж ууж байтал Х.Б ирсэн юм. Тэгээд би согтоод ухаан алдсан байсан нэг мэдэхэд П.С-ын хүзүүнээс цус гарч байсан. Х.Б надад “чи П.С-ын хүзүүг шаазан аяганы хагархай хэсгээр зүсчихлээ” гэж хэлсэн, бас П.С надад “чи яаж байгаа юм бэ?” гэж хэлсэн юм. Тэгээд би П.С-ын хүзүүг зүссэн гэдгээ мэдсэн юм. Би жаахан архи уугаад хурдан согтчихдог юм, би тухайн үед ямар ч ухаангүй байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа хоёр хамт дуудлагаар ирсэн юм. П.С-ыг эмнэлэг аваад явсан, намайг Цагдаагийн газар дээр авч ирж эрүүлжүүлсэн юм. Би найз П.С-ын хүзүүн тус газар нь зүсэж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна, би буруу үйлдэл хийсэндээ найз П.С-аас уучлалт гуйсан, одоо бид хоёрын хооронд ямар нэгэн номдол санал байхгүй, бид хоёр эвлэрсэн юм.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Хохирогч П.С-ын хүзүүний ар хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл үүссэн нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 21-ны өдрийн 252 дугаартай “Үзүүлэгч П.С-ын биед гэмтэл учирсан байна. Хүзүүний баруун ар хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх дүгнэлт /хх-ийн 25-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

            Иймд шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б нь “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Г.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч П.С нь “Г.Б-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол тэмцэл байхгүй” гэсэн мэдүүлэг өгснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Б-гийн хувийн байдлын талаар гэрч Д.Ц-ийн : “... Г.Б нь бид нартай хамтарч гар аргаар алт олборлох ажил хийдэг залуу юм. Сүүлийн 3 жил хамтран ажиллаж байна. Г.Б нь даруу төлөв зантай, үг дуу цөөнтэй, ажилсаг, хүний хий гэсэн ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэдэг, архи дарс хэрэглэдэггүй залуу юм. Ширүүн догшин зангүй хүний үгнээс гардаггүй хүн юм. Эхнэр Д-ийн хамт хоёулахнаа амьдардаг, эхнэр нь бас бид нартай хамтран ажилладаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал /,

гэрч Э.Т-ийн: “...Би 4 хүүхэдтэй хүн юм. Г.Батзаяа нь миний 2 дахь хүүхэд юм. Миний хүү Г.Б нь даруу төлөв зантай, үг дуу цөөнтэй, ажилсаг, их өрөвчхөн , уяхан зөөлөн сэтгэлтэй хүн юм. 2014 онд эхнэр авч тусдаа гарсан, одоо эхнэртэйгээ хоёулаа амьдардаг, архи дарс уудаггүй хүүхэд байсан. Сүүлийн үед хааяа хааяа ганц нэг удаа архи уудаг болсон, архи уухаараа их муухай зантай болчихдог болсон юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/-үүд болон Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт болон албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, Автотээврийн төвийн албан бичиг, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56, 57, 58, 60, 61, 64-71-р тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Г.Б урьд нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлддэж, албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан боловч дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд урьд шийтгүүлсэнээс өөр төрлийн буюу торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаазан аяганы хагархай 17 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 600 / зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаазан аяганы хагархай 17 /арван долоо/ ширхэгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ГАНСҮХ