Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01529

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 29 өдөр Дуга 210/МА2024/01529

 

 

А г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 07-ны өдрийн 183/ШШ2024/02027 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А г ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: З.Б т холбогдох,

 

34,271,785 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогт-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хариуцагч Б.Э нь нас барсан тул түүний эрх залгамжлагчаар З.Б тогтоогдсон тул З.Б ээс шаардаж байгаа.

1.2. А г ХХК нь Б.Э тэй 2017 оны 10 сарын 16-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г бичгээр байгуулж, худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд ХХХХХ м.кв талбайтай 105 тоот үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнэ 306,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцон, гарын үсэг зурж баталгаажуулсан.

1.3. Гэвч худалдан авагч талаас 2019 оны 09 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 283,898,300 төгрөгийг төлсөн бөгөөд 306,000,000 төгрөгөөс үлдэгдэл 22,101,700 төгрөгийг төлөөгүй байна.

1.4. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2022 оны 12 сарын 23-ны өдрийн 210/MA2023/00019 дугаартай магадлалын Хянавал хэсэгтээ ... Хэрэгт Б.Э нь 2019 оны 09 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 283,898,300 төгрөгийг төлсөн, энэ талаар зохигчид маргаагүй. Мөн Б.Э нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 306,000,000 төгрөгийг төлөхөөс 283,898,300 төгрөгийг төлж, 22,101,700 төгрөгийг төлөөгүй дутуу байгаа...,105 тоотын үнийн үлдэгдэл 22,101,700 төгрөгийг шаардан нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй юм гэж тус тус дүгнэсэн болно.

1.5. Мөн дээрх магадлалын Хянавал хэсэгт ... Маргааны зүйл болох 105 тоот үл хөдлөх эд хөрөнгийг Б.Э нь 2016 оны 12 сарын 15-ны өдрөөс хойш эзэмшиж ашиглаж байгаа үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн. Дээрх хүчин төгөлдөр магадлал болон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/02349 дугаар шийдвэрээр 2017 оны 07 сараас, 2022 оны 08 сар хүртэлх зардал 12,751,939 төгрөгийн ашиглалтын зардлыг Б.Э ийн эрх залгамжлагч З.Б ээс гаргуулахаар шийдвэрлэсэн.

1.6. Одоо нэхэмжилж байгаа үнийн дүн нь үүнээс хойших буюу 2022 оны 09 сараас 2023 оны 06 сар хүртэлх нийт 12,170,085 төгрөгийн ашиглалтын зардлыг Б.Э ийн эрх залгамжлагч 3.Б нь төлөөгүй, сайн дураар төлөх сонирхолгүй, мөн энэхүү хугацааны ашиглалтын зардлыг шүүхээр шийдвэрлүүлээгүй тул хариуцагчаас нийт 34,271,785 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 сарын 23-ны өдрийн 00019 дугаар магадлалаар ... 22,101,700 төгрөгийг нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй тухай дурдсан боловч дээрх шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл зэргийг нотлох баримтаар хавсаргаагүй байх тул энэ шаардлага дээр тайлбар өгөх боломжгүй.

2.2. Нэхэмжлэгч ашиглалтын зардлыг буруу тооцож шаардсаны улмаас бидний хооронд маргаан үүссэн. Бидний зүгээс баталгаатай тоолуур тавиулья, тоолуурын заалтаар ашиглалтын зардлаа төлье гэж удаа дараа ярилцсан боловч нэхэмжлэгчийн зүгээс та нарт техникийн нөхцөлөө зараагүй, өөрсдөө техникийн нөхцөлөө ав гээд дулаан, цахилгаан, халуун хүйтэн усны хэрэглээг хязгаарласан.

2.3. Нэхэмжлэгч 2022 оны 09 сараас 2023 оны 06 сар хүртэлх ашиглалтын зардал 12,170,085 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд өмнөх жилүүдийн ашиглалтын зардлыг хүснэгтлэн гаргаж нийт 10 сарын хугацааны ашиглалтын зардлыг 12,170,085 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн байна.

2.4 Сүүлийн 2 жилээр тооцож үзэхэд 2021 онд ашиглалтын зардал 1,891,929 төгрөг, 2022 оны 1 сараас 8 сар хүртэлх 2,850,013 төгрөгөөр тооцоолжээ. Дээрх тооцоогоор 2022 оны зардлыг тооцож үзэхэд 4 сая гаран төгрөгийн ашиглалтын зардал гарсан байхаар тооцоолсон атлаа 2022 оны 09 сараас 2023 оны 06 сар хүртэл буюу 10 сарын хугацаанд ямар тооцоог үндэслэж 12,170,085 төгрөгийн ашиглалтын зардал нэхэмжилсэн нь ойлгомжгүй буюу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байх тул нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.Б ээс үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 22 101 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ашиглалтын зардал 12,170,085 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,309 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Б ээс улсын тэмдэгтийн хураамжид 268,458 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А г ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх нь хэсэгтээ ... Хэрэгт авагдсан 2022 оны 10 сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2022/02349 дугаар шийдвэрээр ХХХХХ 68 м.кв талбайтай 105 тоотын өмчлөх эрхийг З.Б т шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь Б.Э т эзэмшиж байсан 105 тоот оффисын ашиглалтын зардал гэж хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй, баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв. Учир нь нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжпэлийн шаардлагаа нотлохоор ирүүлсэн Б.Э /С ХХК-ийн захирал/-ийн эзэмшиж байгаа оффисын ашиглалтын зардлын тооцоо, С ХХК-д хүргүүлсэн нэхэмжлэх гэсэн баримтууд нь хариуцагчид танилцуулагдаагуй, тооцоо нийлээгүй, С ХХК-ийн ашиглалтын зардлыг хариуцагч З.Б ээс нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэжээ.

4.2. Гэтэл 2022 оны 10 р сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2022/02349 дугаар шийдвэрээр Б.Э ийн эрх залгамжлан авагч З.Б ээс 2017 оны 07 сараас 2022 оны 08 сарын хүртэлх ашиглалтын зардал 12,751,939 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А г ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч З.Б нь уг шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд ийнхүү гаргаагүй нь тэрбээр маргаан бүхий 105 тоотын ашиглалтын зардлыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг нотолж байна.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий 105 тоотын ашиглалтын зардлыг төлөхийг Б.Э ийн эрх залгамжлан авагч З.Б нь өөрөө хүлээн зөвшөөрсөн байтал анхан шатны шүүх З.Б ээс нэхэмжилсэн нь үндэслэлгүй, баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байна.

4.3. Хэргийн үйл баримтын тухайд маргаан бүхий 105 тоотыг Б.Э нь 2017 оны 10 сарын 16-ны өдөр нэхэмжлэгчтэй Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулснаар эзэмшиж, ашиглаж эхэлсэн бөгөөд 2020 оны 06 сарын 19-ний өдрийг хүртэл уг 105 тоотод Б.Э ийн С ХХК үйл ажиллагаа явуулж байсан.

4.4. Б.Э нь 2019 оны 10 сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэ төлсөн гэх маргаан үүсгэж улмаар худалдан авах үнээ бүрэн төлөөгүй атлаа үл хөдлөх эд хөрөнгийг дураар захиран зарцуулж 105 тоотыг Жинтээг ХХК-д 2020 оны 06 сарын 19-ний өдрөөс дамжуулан түрээслэсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тухайн компани нь маргаан бүхий байрыг эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа боловч анхан шатны шүүх ашиглалтын зардлыг Б.Э ийн эрх залгамжпан авагч З.Б ээс нэхэмжилсэн үндэслэлгүй гэж үзсэн нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй шийдвэр боллоо.

4.5. Нэхэмжлэгч нь 2022 оны 09 сараас 2023 оны 06 cap хүртэлх ашиглалтын зардал 12,170,085 төгрөгийг С ХХК-аас бус тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад дамжуулан түрээсэлсэн Б.Э буюу түүний эрх залгамжлан авагч З.Б ээс нэхэмжилсэн байтал шүүх уг ашиглалтын зардлыг С ХХК-аас нэхэмжилсэн мэтээр тайлбарлаж, дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Мөн, нэхэмжлэгч нь хариуцагчаар Б.Э ийн эрх залгамжлан авагч З.Б ийг тодорхойлсноос гадна хавтаст хэргийн 19 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтийн Төлөгч хэсэгт З.Б ийн нэрийг тодорхой бичсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжпэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн талын гаргасан давж заалдах гомдолд хариуцагчаас тайлбар, гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А г ХХК нь хариуцагч З.Б ээс үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 22,101,700 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 09 сараас 2023 оны 06 сар хүртэл хугацааны ашиглалтын зардал 12,170,085 төгрөг, нийт 34,271,785 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/02349 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.4, 56.5 дахь хэсэгт зааснаар А г ХХК, П.Г нарын хооронд байгуулагдсан 2019 оны 09 сарын 19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч А г ХХК-д СХХХХ тоот хаягт байрлах, 68 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг /талийгаач Б.Э ийн эрх залгамжлан авагч/ З.Б т шилжүүлэхийг даалгаж, Б.Э ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, илүү төлсөн 10,748,300 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар П.Г ын СХХХХ тоот хаягт байрлах, 68 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг /талийгаач Д.Э ийн эрх залгамжлан авагч/ З.Б ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар /талийгаач Д.Э ийн эрх залгамжлан авагч/ З.Б ээс үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын зардлыг 12,751,939 төгрөг гаргуулан А г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 405,183,597 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3.2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 сарын 23-ны өдрийн 210/МА2023/00019 дүгээр магадлалаар ... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/02349 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 56 дугаар зүйлийн 56.1.2, 56 дугаар зүйлийн 56.4, 56.5 гэснийг 56 дугаар зүйлийн 56.1.1 гэж, 3 дахь заалтын 12,751,939 гэснийг 42,351,939 гэж, 405,183,597 гэснийг 375,583,587 гэж, 4 дэх заалтын 218,981 гэснийг 369,710 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

 

3.3. Улсын Дээд шүүхийн 2023 оны 02 сарын 16-ны өдрийн 00172 тоот тогтоолоор хариуцагч А г ХХК-ийн төлөөлөгч П.Т , хариуцагч П.Г түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогт-Эрдэнэ, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Т нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 2017 оны 10 сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний үлдэгдэл төлбөр 22,101,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг зохигч талууд эс зөвшөөрч маргаагүй тул талуудын зарчмын үүднээс дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

5. Нэхэмжлэгч талын ашиглалтын зардалтай холбоотой гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

5.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/02349 дугаар шийдвэрээр З.Б ээс үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын зардал 12,751,939 төгрөг гаргуулан А г ХХК-д олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

 

5.2. Нэхэмжлэгч нь хариуцагч З.Б ээс ХХХ 68 м.кв талбайтай 105 тоотын 2022 оны 09 сараас 2023 оны 06 сар хүртэлх хугацааны ашиглалтын зардал буюу дулааны төлбөр, цахилгааны төлбөр, усны төлбөр, харуул хамгаалалтын зардал, хог ачих хөлс, талбайн цэвэрлэгээний хөлс, засвар үйлчилгээний хөлсийг гаргуулахаар шаардах эрхтэй.

 

5.3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан АААА ийн 105 тоотын 68 м.кв талбайд ногдох ашиглалтын зардлын тооцоо-ны баримтад ашиглалтын зардал буюу дулааны төлбөр, цахилгааны төлбөр, усны төлбөр, хог ачих хөлс, талбайн цэвэрлэгээний хөлс, засвар үйлчилгээний хөлсийг хариуцагчийн өмчлөлийн 68 м.кв тайлбайд ногдох хэсгээр бодож 7,170,085 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

 

5.4. Хариуцагч ньАААА -ийн барилгын тодорхой хэсгийг өмчилж, үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд ашиглалтын зардлыг төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчтай халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг тооцох, шаардах харилцааг зохицуулсан менежментийн гэрээг байгуулаагүй нь уг төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөхгүй тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

5.5. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа ашиглалтын зардлаас харуул хамгаалалтын зардал нэг сарын 500,000 төгрөгөөр тооцож, нийт 5,000,000 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй байх тул харуул, хамгаалалтын зардлын 68 м.кв талбайд ногдох хэсгийг тооцож 1,045,500 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

 

5.6. Анхан шатны шүүх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Б.Э ийн эрх залгамжлагчаар З.Б ийг тогтоосон байхад Б.Э ийн эзэмшиж байсан 105 тоот оффисын ашиглалтын зардал гэж хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй, баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй буруу.

 

5.7. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.Б ээс ашиглалтын зардалд 8,215,585 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А г ХХК-д олгосон өөрчлөлт оруулна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 07-ны өдрийн 183/ШШ2024/02027 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.Б ээс 30,317,285 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,954,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 268,458 ... гэснийг ... 309,536 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209,671 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

С.ЭНХБАЯР