Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 52

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Я.Дина, 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: С.С,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын өмгөөлөгч М.М,                  

Шүүгдэгч: К.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Я.Динагаас Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Э холбогдох 1935000140034 дугаартай эрүүгийн хэргийг 2019  оны 4  дүгээр сарын  10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1967 оны 10 дугаар сарын 28-нд Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ................. ажилтай, ам бүл-2, хүүхдийн хамт ...оршин суух К.Э

Хэргийн товч утга /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч К.Э нь Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн сахиулаар ажиллаж байгаад тус багийн төвийн хашаан дотроос 2018 оны 6 дугаар сард итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө буюу дээврийн 4 ширхэг хавтанг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч К.Эийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            Шүүгдэгч К.Э нь 2018 оны 6 дугаар сард Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн сахиулаар ажиллаж байхдаа Түргэн сумын ЗДТГ-аас өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох тус багийн төвийн хашаан дотор байсан дээврийн 4 ширхэг хавтанг бусдад зарсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөч С.С-ийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 6 дугаар сард Увс Түргэн сумын Баянхайрхан багийн төвийн хуучин барилгын дээврийн 4 ширхэг хавтан алга болооп олдохгүй байсан юм. Уг дээврийн хавтан нь алга болсон барилга 1987 онд баригдсан тухайн үед багийн улаан булангийн зориулалттай байсан. 2013 онд уг барилгын хана нурж улаан булангийн зориулалтаар ашиглах боломжгүй болсон тул хананы тоосгыг нь авч барилгын 4 багана дээврийн хамт үлдсэнийг өвс хадгалах саравчны зориулалтаар ашиглах болсон. Түргэн сумын Баянхайрхан багийн манаач К.Э-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй ба эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ байдаг. Багийн манаач хариуцан манаж буй эд хөрөнгийг бусдад шилжүүлэх эрх байхгүй ба зөвхөн хариуцуулж өгсөн эд хөрөнгөнд хохирол учирхаас урьдчилан сэргийлэх үүргийг гэрээгээр хүлээсэн байдаг. Баянхайрхан багийн хуучин клубын 4 ширхэг хавтанг зах зээлийн үнэлгээгээр нь төлөөлж авсан учраас 4 ширхэг хавтанг авахгүй.  1 ширхэгийг нь 130,000 төгрөгөөр үнэлсэн 4 ширхэг хавтан нийт 520.000 мянган төгрөг, тухайн дээврийн хавтанг хайхад Түргэн сумын тамгын газраас 60 литр А-80 бензин хийж хайсны зардал 132.000 төгрөг, дээврийн 4 ширхэг хавтанг Увс финанс-Аудит ХХК-иар үнэлгээ гаргуулахад 20.000 төгрөг болсон. Нийтдээ 672.000 төгрөг болсныг  К.Э Түргэн сумын засаг даргын тамгын газрын нэмэлт санхүүжилтын данс болох 100151455408 тоот дансанд хийсэн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг  /хх-ийн 24, 25, 26-р тал/,

            Иргэний нэхэмжлэгч Ж.Т-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сард Түргэн сумын 1 дүгээр баг дээр засварын ажил гарсан гэхээр нь ямар ажил байгааг мэдэх гэж очихдоо К.Э-тэй уулзаж танай хуучин клубын багана дээр байгаа хавтан ямар учиртай, хэний мэдэлд байдаг бэ? гэхэд К.Э энэ хавтан миний мэдэлд байдаг юм гэхээр нь та хэдээр өгөх юм гэхэд 500.000 төгрөгөөр өгнө гэж хэлэхээр нь тэгвэл би авья гэж хэлээд явсан юм. Тэгээд 7 хоногийн дараа Улаангомоос кран аваад очиход Э, хүү Б хамт байсан юм. Би Э-т хавтан ачиж авахаар ирлээ сумын төв ороод таны данс руу мөнгийг нь шилжүүлнэ гэж хэлээд дээврийн хавтанг ачиж аваад Түргэн сумын төв дээр өөрийн хашаанд буулгасан юм. Хавтан авахаар очихдоо 20 литр бензин аваачиж өгсөн юм. Тэгээд Э рүү яриад та дансаа өгчих би таны данс руу мөнгө шилжүүлье гэхэд Хаан банкны данс өгөхөөр нь 450000 төгрөг шилжүүлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/,

гэрч Б.Г-ийн хэрэг бүртэлтийн шатанд өгсөн: “...Би "Хино" маркын 30-68 УВХ улсын дугаартай крантай авто машинтай бөгөөд хүмүүсийн ачаа барааг хөлсөөр зөөвөрлөдөг ажил хийдэг. 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр над руу Түргэн сумын Т гэх залуу утсаар ярьж "Түргэн сумын хуучин төвөөс 4 ширхэг хавтан ачуулах гэсэн юм, хөлсөөр яваад өгөөч" гэсэн хүсэлт тавьсан. Би уг залууд 500.000 төгрөгний хөлсөөр явдаг гэдгээ хэлсэн боловч бид 2 ярилцаж байгаад 400.000 төгрөгөөр явахаар болж тохиролцсон. Маргааш нь 14 цагийн үед би Улаангом сумаас машинтайгаа гарч Түргэн сумын хуучин төв рүү явсан. Төөгөө өөрийн "Маяти" маркын машинтай явсан юм. 18 цагийн үед Түргэн сумын хуучин төвд очиход Т /Э/ гэх нэртэй манаач эмэгтэй, хүү И /Б/-ийн хамт байсан. Би уг айлд цай уугаад байж байтал 1 цагийн дараа Т ирсэн. Уг хуучин төвийн хашаа руу ороход байшингийн ард талд 4 ширхэг багана шон дээр байсан бэкэж /хавтан/ ачихаар болсон ба уг хавтаны жин нь 1 тонн 500 кг байдаг тул миний машинд 2 хавтан, Т-ийн машинд 2 хавтанг тус тус ачаад Түргэн сумын төвд өглөө 7 цагийн үед ирээд Төөгөөгийн хашаанд оруулж буулгасан. Би Т-өөс ажлын хөлсний 400,000 төгрөгөө аваад аймгийн төв явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/,

гэрч С.Д-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Манай сум 3 багтай ба хөдөөгийн 2 багт гэрээт сахиул ажилладаг. К.Э нь Баянхайрхан багт сахиул хийдэг. Багийн сахиул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж ажилладаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/,

гэрч Б.З-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Уг барилга нь 1987 онд улаан булангийн зориулалтаар ашиглалтанд орж 7.560.000 төгрөгний үнэтэй өмчийн жагсаалтанд байсан. Үүнээс хойш ашиглаж байгаад 2013 онд улаан булангийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй болж барилгын хана нь нурсан. Уг барилгын нурсан хананы тоосгыг нь авч шинэ байрны хана өрхөд ашигласан. Ингээд улаан булангийн барилгаас 4 багана дээврийн хамт үлдэж уг багийн төвд 25.000.000 төгрөгөөр шинээр улаан булан баригдаж 7.560.000 төгрөгний үнэтэй өмчийн жагсаалтанд байсан үнэлгээ өсөж 32.560.000 төгрөгийн үнэлгээтэй болсон. Хуучин улаан булангийн 4 багана, дээврийн хавтан нь хэвээр үлдсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/,

гэрч Л.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 8 дугаар сард багийн төвийн хашаан дотроос дээврийн хавтан алга болсныг мэдэж тус багийн даргад алга болсон хавтанг ол гэж чиглэл өгсөн. Улмаар би өөрөө 2018 оны 10 дугаар сард багийн төв дээр очиж үзэхэд хавтан алга болсон байсан. Тэгээд багийн төвийн сахиул К.Э-тэй уулзахад “мэдэхгүй, алга болсон байна лээ” гэж хэлсэн. Үүнээс хойш алга болсон хавтанг хайх, сургийг нь гаргахаар ажилласан. К.Э 2008 оноос хойш багийн сахиулаар ажиллаж байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 5-6-р тал/,

Хавтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 9-10-р тал/, 

шүүгдэгч К.Э-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн төвийн сахиулаар 2006 онд тус багийн төвийн сахиулаар ажилд орсон юм. 2018 оны 6 дугаар сарын үед Т гэж манай сумын залуу манай багийн төвийн шинэ клубд шал, чулуун скаладны дээвэр хийхээр болсон гэж байна би энэ төслийг авахаар боллоо гээд шинэ баригдсан клубын шал, цонхны хэмжээ аваад явж байгаад энэ ямар учиртай хавтан бэ? гэж асуухаар нь мэдэхгүй тоосгыг нь аваад шинэ клуб барьсан энэ ямар учиртайг нь мэдэхгүй надад дансаар хүлээлгэж өгөөгүй гэхэд энэ хавтан хамгийн үнэгүй хавтан байна, би зоорь барих гэж байгаа юм надад хэрэгтэй юм байна гэхээр нь би Т-т чамд хэрэгтэй юм бол чи ав гээд хэлчихсэн юм. Хэд хоногийн дараа Т хоёр машинтай ирээд хуучин багийн төвийн барилгын дээвэр дээр байсан 4 ширхэг хавтанг ачиж аваад явсан юм. Тэгээд хэд хоногийн дараа Т над руу яриад та дансаа өгчих би таны данс руу 4 ширхэг хавтаны мөнгийн шилжүүлье гэхээр нь өөрийн Хаан банкны дансаа өгөхөд миний данс руу 450000 төгрөг орж ирсэн юм. Хуучин улаан буланг нураагаад шинэ клуб барьсан болохоор хуучин багийн төвийн 4 багана дээр нь байсан 4 ширхэг хавтанг хэрэггүй юм байх гэж бодоод хүнд өгчихсөн юм. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад татгалзах зүйл байхгүй.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

 

Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас шүүгдэгч К.Э-ийг итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу Баянхайрхан багийн хуучин клубын 4 ширхэг дээврийн хавтанг зарж хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч К.Э нь Увс аймаг, Түргэн сумын Баянхайрхан багийн гэрээт сахиулаар ажиллаж байхдаа 2018 оны 6 дугаар сард тус багийн хуучин клубын дээврийн 4 ширхэг хавтанг 4450.000 төгрөгөөр бусдад зарж хувьдаа авч ашигласан болох нь тогтоогдсон байна.

   

Мөн шүүгдэгч К.Э нь Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2006 оны 7 дугаар 1-ний өдрийн 12 дугаартай “Гэрээт сахиул ажиллуулах тухай ” тушаалаар Баянхайрхан багийн төвийн гэрээт сахиулаар ажиллаж томилогдон ажиллаж байхдаа эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ /хх-ийн 35-37 тал/ байгуулсан байх тул түүнийг Түргэн сумын Баянхайрхан багийн төвийн эд хөрөнгө итгэмжлэн хариуцсан этгээд гэж үзнэ.

 

Шүүгдэгч К.Э нь Түргэн сумын Баянхайрхан багийн төвийн гэрээт сахиулын ажлыг эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээний үндсэн дээр цалин хөлс авч гүйцэтгэж байсан тул өөрт хариуцуулсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг ханган ажиллаж, хариуцуулсан эд хөрөнгөнд хайр гамтай хандаж, хохирол учрахаас урьдчилан сэргийлэх, аюул ослын нөхцөл байдал, үүсч болзошгүй тохиолдлыг байгууллагын захиргаанд цаг тухайд нь мэдэгдэх үүрэг хүлээсэн ба эд хөрөнгийг ямар ч хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завших гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэн хариуцсан этгээд дур мэдэн хууль бусаар авч, хувийн зорилгодоо хэрэглэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй байдаг.

 

 Шүүгдэгч К.Э-ийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох  хуучин клубын дээврийн хавтанг өөрийн хувийн хэрэгцээнд бэлэн мөнгө авч зарж борлуулсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгч К.Э-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

 

Мөн шүүгдэгч К.Э, түүний өмгөөлөгч М.М нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.

             

Шүүгдэгч К.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч К.Э нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Хохирогч Увс аймгийн Түргэн сумын ЗДТГ-т гэмт хэргийн улмаас 4 хавтангийн үнэ 520.000 төгрөг, алга болсон хавтанг эрж хайхад зарцуулсан 60 литр А-80 бензиний үнэ 132.000 төгрөг, алга болсон хавтангийн үнэлгээ гаргуулсан төлбөр 20.000 төгрөг, нийт 672.000 төгрөгний хохирол учирсан болох нь Увс финанс-Аудит ХХК-ний 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-р тал/, жолоочийн тооцооны хуудас /хх-ийн 73-р тал/, Түргэн сумын ЗДТГ-ын бензиний бичиг, Зэст орой ХХК-ний 01/09 дугаартай бензиний  нэхэмжлэл, Увс финанс-Аудит ХХК-ний кассын орлогын ордер /хх-ийн 76-р тал/-ээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч К.Э хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч Түргэн сумын ЗДТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С-ийн “ К.Э манайд учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирол гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ж.Т-ын “Иргэний нэхэмжлэгч миний бие Э-ээс авах хохирол байхгүй тул надгүйгээр шүүх хуралааныг хийж өгнө үү?” гэх хүсэлт, Увс аймгийн Түргэн сумын ЗДТГ-ын 100151455408 дугаартай дансанд 672.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлэг зэрэг нотлох баримтуудаар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч гэрч О.Н-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...К.Э бол миний нөхрийн төрсөн эгч, манай эгч К.Э амьдрахын төлөө олон жил тэмцэж яваа олон жилийн өмнө нөхөрөө алдсан хоёр бага хүүхэдтэй үлдэж байсан. Манай эгчийг аймгийн засаг дарга хийж байсан Ц олон жилийн өмнө ажил төрлөө сайн хийсэн гэр 5 ханатай гэрээр шагнаж байхад нь би хамт очиж авч байсан юм. Э эгч аймгийн хүндэт тэмдэг, аймгийн засаг даргын жуух бичиг, Түргэн сумын 80 жилийн ойн медаль, аймгийн 90 жилийн ойн медаль, эмэгтэйчүүдийн Лиш одонгоор шагнагдаж байсан. Э эгч ах дүү хамаатан садандаа нэр хүндтэй байнга ах дүү нараа гэж санаа зовж тус дэм болох гэж явдаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/, гэрч Н.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай эгч Э нутаг усандаа нэр хүндтэй Баянхайрхан багийн сахиулаар олон жил ажиллаж байгаа багийн хурал зөвөлгөөн болсон үед сумын иргэдэд хоол цай хийж өгдөг 1 дүгээр багийн иргэдэд ч гэсэн ам сайтай ярьдаг юм. Э эгч маань хулгай худал хийгээд байдаггүй, хүнд тус хийх юмсан гэж байнга хэлдэг. Өөрөө олон жилийн өмнө нөхрөө алдсан хоёр бага хүүхэдтэй үлдсэн. Амьдарахын төлөө хийж үзээгүй ажил гэж байхгүй хар бор ажил бүгдийг хийж үзсэн төлөв даруу зантай, тусч хөдөлмөрч зантай араншинтай хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/, улсын бүртгэлийн хэлтсийн болон автотээврийн төвийн албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, лавлагаа зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч К.Э нь Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байна.

Шүүгдэгч К.Э нь ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар мэдүүлэгтээ 4 ширхэг хавтанг 450.000 төгрөгөөр зарсан гэх боловч иргэний нэхэмжлэгч Ж.Т-ын депозит дансны хуулга /хх-ийн 79-р тал/-аар 445.000 төгрөг Э-т шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг 445.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох үндэслэлтэй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн дээврийн хавтан 4 ширхэгийг шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй тул прокурорын 2019 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 5/15 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.  

 

            Шүүгдэгч К.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.      

         

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч К.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Э-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжэээ авсугай.

 

3. Албадлагын арга хэмжээ авагдсан ялтанд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч К.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 445.000 төгрөгийг шүүгдэгч К.Э-ээс гаргуулж Улсын орлогод оруулсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч битүүмжилсэн прокурорын 2019 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 5/15 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч К.Э-т  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ГАНСҮХ