Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/01227

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 10 өдөр Дуга 210/МА2024/01227

 

 

П /Р /-ын

Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/01789 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: П /Р /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.С , Н.О нарт холбогдох,

 

ХХХХХ тоот хаягт байрлах 165.4 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй, 6 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй, 35 тоот авто зогсоолыг тус тус хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив /цахимаар/, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. П /Р / 2010 оны 02 сарын 08-ны өдөр Б ХХК-тай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ХХХХХ байр,12 тоот хаягт байрлах 165,4 м.кв бүхий 6 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв автозогсоолыг худалдан авсан.

1.2. Тухайн орон сууцыг автозогсоолын хамт худалдан авахдаа нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр худалдан авсан бөгөөд ХХХХХ байр,12 тоот хаягт байрлах 165,4 м.кв бүхий 6 өрөө орон сууц 2010 оны 04 сарын 20-ны өдөр, зоорийн давхарт байрлах 18 м.кв автозогсоол 2012 оны 01 сарын 03-ны өдөр П /-ын өмчлөлд бүртгэгдсэнээр тэрээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон.

1.3. Улмаар ажил хэргийн шаардлагаар Монгол улсад тодорхой хугацаагаар оршин суухгүй болсон тул хариуцагч нартай тохиролцон орон сууцандаа түр амьдруулан, автозогсоолыг ашиглуулсан цагаас хойш арав гаруй жил өнгөрсөн. Хариуцагч нар нь одоог хүртэл тус орон сууцанд амьдарч, авто зогсоолыг ашиглаж байгаа болно. Энэ хугацаанд хариуцагч нараас аливаа түрээсийн төлбөр зэргийг авсан удаагүй билээ.

1.4. Гэвч нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарч санхүүгийн хувьд тогтмол орлогогүй болсон зэрэг шалтгаанаар хууль ёсны өмч хөрөнгөө өөрөө захиран зарцуулах зайлшгүй шаардлага үүсээд байна.

1.5. Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлөхийг шаардсан мэдэгдлүүдийг хариуцагч нарт 2022 оны 11 сарын 18-ны өдөр хүргүүлсэн боловч мэдэгдэлд ямар нэгэн хариу өгөөгүй, өнөөдрийг хүртэл орон сууцыг суллаж өгөхгүй, үндэслэлгүйгээр татгалзсан байдалтай байгаа тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

1.6. Мэдэгдэл өгснөөс хойш П /Р /-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдэд хууль бусаар оршин сууж байгаа гэж үзэж байгаа тул ХХХХХ байр,12 тоот хаягт байрлах 165,4 м.кв бүхий 6 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв автозогсоолыг тус тус шүүхийн журмаар тэдний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч П /Р /-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан хууль зүйн шаардлагыг хангаагүй байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй буюу үндэслэлээ шаардлагатайгаа хэрхэн холбогдохыг тайлбарлаж чадаагүй.

2.2. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтгүйгээс гадна нэхэмжлэлийг яагаад одоо гаргаж байгаа, нэхэмжлэлд дурьдагдаад байгаа орон сууц, эд хөрөнгийг Д.С , Н.О нар яаж хууль бусаар эзэмшилдээ авчихаад байгаа нь тодорхой бус байна. Д.С , Н.О нар нь нэхэмжлэгч этгээдийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, мөнгө төгрөгийн өглөг, авлага байхгүй. Харин ч түүний өөрийн зөвшөөрлөөр тэдний гэр бүлийн дундын өмчлөлийн орон сууц, эд хөрөнгийг хадгалж байсныхаа төлөө яагаад хариуцагч болчихоод байгаа нь ойлгомжгүй байна.

2.3. П /Р / нь Монгол Улсын иргэн У.Б тай гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн ч түүний болон хүүхдүүдийнхээ хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөж, гэрлэлт цуцлуулах асуудлыг Монголд биш ХБНГУ-ын шүүхээр шийдүүлэхээр одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, үүний үр дүнд У.Б болон хүүхдүүд болох И , К нарыг ямар ч эд хөрөнгөгүй болгож хүний газарт хэцүү байдалд оруулахаар улайрсан, зохисгүй үйлдэл гаргаж байгаад харамсаж байна.

2.4. Нэхэмжлэлийн зүйл болоод байгаа эд хөрөнгө нь П /Р / болон У.Б , тэдний хүүхдүүдийн дундын эд хөрөнгө бөгөөд тухайн улсын шүүх П /Р /, У.Б нарын гэрлэлтийг цуцалсан ба хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн. Одоо гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэх гэж байгаа. Иймд П /Р /-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Н ын О , Д ийн С нарын хууль бус эзэмшлээс ХХХХХ тоот хаягт байрлах 165,4 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй, 6 өрөө орон сууц болон мөн байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй, 35 тоот авто зогсоолыг тус тус албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Холбооны Бүгд Найрамдах Герман улсын иргэн П /Р /-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,540,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.С , Н.О нараас нийт 1,540,730 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Холбооны Бүгд Найрамдах Герман улсын иргэн П /Р /-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 7-д ... өмчлөгч П /Р / болон хариуцагч Д.С , Н.О нарын хооронд ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд өмчлөгч нь 2022 оны 12 сарын 31-ний өдрөөс хойш түүний эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй..., ... нэхэмжлэгч П /Р /-ын зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна..., ...Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Н ын О , Д ийн С нарын хууль бус эзэмшлээс 6 өрөө орон сууц болон авто зогсоолыг тус тус албадан чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв... гэж тус тус дүгнэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагч нарын нарын эрх, ашиг сонирхлыг ноцтой хөндсөн, хуулийн тодорхой заалтыг зөрчсөн шийдвэр болсон.

4.2. П /Р /-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь тодорхойгүй буюу үндэслэлээ шаардлагатайгаа хэрхэн холбогдохыг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлаж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг гаргаж өгөөгүй. Энэ тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасныг баримтлан хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

4.3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 101 дугаар зүйл болон 103 дугаар зүйлийг үндэслэж тайлбарласан боловч анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцдаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүй.

4.4. Иргэний хуулийн 106 дугаар зүйл нь зөвхөн бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчийг шаардах эрхийн талаарх зохицуулалт юм. Гэтэл Д.С , Н.О нар нь П /Р /-ын эд хөрөнгийг хууль бусаар эзэмшээгүй, харин ч хууль ёсоор буюу 10 гаруй жил эзэмшиж, ашиглаж ирсэн. Харин анхан шатны шүүхийн шийдвэр нь энэ хуулийн заалтын дагуу хариуцагч нарыг шударга буюу хууль ёсны эзэмшигч гэж үзээгүй нь хэргийг зөвхөн нэг талд шийдвэрлэсэн болохыг харуулж байна.

Хэрэв Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн дагуу хариуцагч нарыг шударга бус эзэмшигч гэж үзэж, эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байна гэж үзсэн бол үүнийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбар болон хуулийн дагуу үндэслэлтэй тайлбарлах ёстой байсан.

4.5. Түүнчлэн хариуцагч нар нь нэхэмжлэгч этгээдийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Харин ч түүний өөрийнх нь зөвшөөрлөөр тэдний гэр бүлийн дундын өмчлөлийн орон сууц, эд хөрөнгийг хадгалж байсныхаа төлөө яагаад нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшээд байгаа талаар анхан шатны шүүх огт тайлбарлаагүй. Энэ нь Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11-т Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлана гэж заасныг зөрчсөн.

4.6. Улсын Дээд шүүхийн 2009 оны 06 сарын 15-ны өдрийн 18 дугаар тогтоолын 3-т Хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаарна. Харин хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар хууль ёсны эзэмшлээс өмчлөгч ч эд хөрөнгө шаардах эрхгүй. гэж зааснаар шийдвэрлэгдэх учиртай байсан гэж үзэж байна.

4.7. Нэхэмжлэлийн зүйл болоод байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь П /Р / болон У.Б , тэдний хүүхдүүд болох У.И , У.К нарын гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө учраас тэдний гэр бүлийн гишүүдийн хувьд Д.С , Н.О нарын зүгээс маргаан бүхий орон сууц эд хөрөнгийг чөлөөлөх үүрэг хүлээсэн хүмүүс биш юм.

4.8. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 6-д ... өмчлөгч П /Р / нь эд хөрөнгийг чөлөөлөх мэдэгдлийг Д.С , Н.О нарт 2022 оны 11 сарын 18-ны өдөр гардуулан үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 12 сарын 31-ний өдрийн дотор чөлөөл хэмээн мэдэгдсэн... гэж дүгнээд хариуцагч нарыг эд хөрөнгийг хууль бус эзэмшилдээ байлгаж байгаа мэтээр тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй.

4.9. Учир нь тухайн мэдэгдлийг Д.С , Н.О нарт П /Р / өөрөө өгсөн талаар нэг ч баримт хавтаст хэрэгт авагдаагүй, мөн Юнайтэд Партнерс хуулийн фирмээс иргэдэд өгсөн мэдэгдэл нь хууль ёсны эсэх, П /Р / нь энэхүү хуулийн фирмд итгэмжлэл олгосон эсэх талаарх ямар ч баримт хэрэгт авагдаагүй юм. Үүнд анхан шатны шүүх огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.

4.10. Үүнээс гадна анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх ёстой байсан. Учир нь П /Р / нь Монгол улсын иргэн У.Б тай 2009 онд гэр бүл болж, Монгол улсад гэрлэлтээ бүртгүүлсэн ч түүний болон хүүхдүүдийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хөндөж, гэрлэлт цуцлуулах асуудлыг Монголд биш харин ХБНГУ-ын шүүхээр шийдүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь баримтаар нотлогдож байгаа ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д зааснаар П /Р / нь гэр бүлийн дундын эд хөрөнгөө зүй бусаар ашиглах нь тодорхой, тийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж, эд хөрөнгөө албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасан тул энэ асуудалд анхан шатны шүүх бодит дүгнэлт хийх ёстой байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэдийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/01789 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шаардаж буй үл хөдлөх эд хөрөнгүүд нэхэмжлэгчийн өмчлөлд байдаг гэдгийг Улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. Уг шалтгааны улмаас нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн гаргасан тул Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг зөрчсөн эсэх нь тодорхойгүй, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс өөр асуудлаар хэргийг хянан шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.2. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасныг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Мөн шударга эзэмшигчийн нэр томъёог хариуцагч тал ойлгох ёстой. Нэхэмжлэгч нь өөрөө шаардах эрхээ хэрэгжүүлж, өөрийн эд хөрөнгийг чөлөөлж өгөх тухай мэдэгдлийг 2022 оны 11 сард хүргүүлсэн. Уг мэдэгдлийг хариуцагч нар хүлээн авч, гарын үсэг зурсан үйл баримт тогтоогддог. Тухайн үеэс эхэлж, шударга эзэмшигч гэдгийг мэдэгдэлд дурдаж, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай мэдэгдэлд заасан хугацаа өнгөрсөн учраас Иргэний хуулийн 93 дугаар зүйлд зааснаар шударга өмчлөлийн асуудал байхгүй.

5.3. Мөн хариуцагчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэдгийг дурдсан. Хариуцагчийн зүгээс тухайн орон сууцанд орсон үеэс эхэлж, хөөн хэлэлцэх хугацаа тооцогдож, 10 жилийн хугацааг дууссан гэж тайлбарладаг. Гэвч хариуцагч талын тайлбарлаж байгаагаар хөөн хэлэлцэх хугацааг тоолох практик байдгийг мэдэхгүй. Гэрээ байгуулагдаж, гэрээний хугацаа дуусгавар болж, талуудын хооронд төлбөр төлөх үүрэг үүссэн үеэс эхэлж хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой. Анхан шатны шүүхийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой гаргасан дүгнэлт нь үндэслэлтэй байна.

5.4. Хариуцагч нар нь түрээсийн төлбөр төлөхгүй тухайн орон сууцанд амьдарч байгаа учраас өөрийн тухайн сард хэрэглэсэн тог, цахилгаан, халаалтын зардлыг төлж байгаа нь шударга эзэмшигч гэж тооцох нөхцөл байдалд хамаарахгүй.

5.5. Мөн хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хянан шийдвэрлэгдэж буй асуудал нь П /Р /, У.Б нарын хооронд үүссэн. Д.С , Н.О нарын хууль бус эзэмшилтэй холбоотой хамааралтай маргаан биш байдаг. Хариуцагчийн зүгээс шүүхийг санаатайгаар төөрөгдүүлэх зорилготой гэж үзэж байгаа учраас хэргийг түдгэлзүүлэх үндэслэлгүй.

Анхан шатны шүүх нь Улсын Дээд шүүхийн тайлбар, зөвлөмжийг зөрчсөн, хууль хэрэглээний алдаа гаргасан зүйл байхгүй. Иймд хариуцагч талын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч П /Р / нь хариуцагч Д.С , Н.О нарт холбогдуулан ХХХХХ тоот хаягт байрлах 165.4 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй, 6 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй, 35 тоот авто зогсоолыг тус тус хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч нар нь П /Р / болон У.Б , тэдний хүүхдүүд болох У.И , У.К нарын гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө учраас тэдний гэр бүлийн гишүүдийн хувьд Д.С , Н.О нарын зүгээс маргаан бүхий орон сууц эд хөрөнгийг чөлөөлөх үүрэг хүлээсэн хүмүүс биш эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтаар П /Р / болон У.Б нар нь 2009 оны 02 сарын 02-ны өдөр гэр болсныг улсын бүртгэлд бүртгүүлсэн, тэдний дундаас 2008 оны 04 сарын 20-ны өдөр охин У.И , 2012 оны 08 сарын 22-ны өдөр хүү У.К нар төрсөн, нэхэмжлэгч П /Р / нь Б ХХК-тай 2010 оны 02 сарын 08-ны өдөр 16/02 дугаартай Орон сууцны байр захиалах гэрээ-г байгуулж, улмаар 2010 оны 04 сарын 20-ны өдөр П /Р /-ийн нэр дээр нэг хүний өмчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-000 , Ү-000 дугаарт тус тус бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авчээ./хх-6-12, 48, 50/

У.Б нь П /Р /-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 2008 оны 04 сарын 20-ны өдөр охин У.И , 2012 оны 08 сарын 22-ны өдөр хүү У.К нарт тэтгэлэг тогтоолгох, ХХХХХ тоот хаягт байрлах 165.4 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй, 6 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй, 35 тоот авто зогсоолоос ногдох хэгсийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг 2023 оны 07 сарын 06-ны өдрийн 101/ШЗ2023/17249 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар хүлээн авахаас татгалзсан /хх-48-49/ бөгөөд У.Б нь П /Р /-т холбогдуулан гэрлэлтийн маргаан ХБНГУ-ын шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болон нэхэмжлэгч П /Р /-ийн эхнэр У.Б нь хариуцагч нарын төрсөн охин учир маргаан бүхий байранд амьдруулж байгаа талаар зохигч талууд маргаагүй.

 

4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоогоогүй алдаа гаргаснаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

4.1. Зохигч талуудын маргааны зүйл, хэргийн үйл баримтаас үзэхэд ХХХХХ тоот хаягт байрлах 165.4 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй, 6 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй, 35 тоот авто зогсоол нь улсын бүртгэлээр П /Р /-ийн нэг хүний өмч гэж бүртгэгдсэн боловч Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар У.Б хамтран өмчлөх эрхтэй эсэхээс шалтгаалан хариуцагч Д.С , Н.О нарын эзэмшил хууль бус эсэх байдал тогтоогдоно.

 

4.2. Хэрэв, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч гэж ХБНГУ-ын шүүх үзсэн тохиолдолд У.Б гийн зөвшөөрлөөр уг орон сууцанд амьдарч байгаа Д.С , Н.О нарын эзэмшлийг хууль бус гэж үзэх боломжгүй.

 

4.3. Анхан шатны шүүх У.Б нь маргаан бүхий орон сууцанд хариуцагч нарыг амьдрах зөвшөөрөл олгосон эсэх хүсэл зоригийг тодруулах шаардлагатай байжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/01789 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.С ас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,540,730 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

С.ЭНХБАЯР