| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0055/Э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2019-04-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 53
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Д,
Шүүгдэгч: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.Б-д холбогдох 1935001120063 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 12-нд ...суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ... оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, М.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутагт 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Б.Ц-ын цээжинд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч М.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч М.Б нь Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутагт 2019 оны 3 дугаар сарын 19-ны өдөр хохирогч Б.Ц-ын цээжинд хутгалсан болох нь хохирогч Б.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б, Б, Б, Б, Э, Х бид нар Б-ийн гэрийн том өрөөнд нь орон дээр зэрэгцэж суусан ба бид нарын урд талд урт ширээ засчихсан байсан юм. Бид нар адууны махаа идээд нөгөө архи тойруулаад хагастаа хүрч байсан. Би нэг хутга аваад адууны махыг хэрчээд жижиглээд тавган дээр хүмүүст бэлдэж өгөөд сууж байтал Б дээр хойморт түмпэнтэй махаа бор иштэй хутгаар хэрчээд идэж байгаад босож харагдсан. Би мах хэрчээд доошоо хараад сууж байтал гэнэт Б ирээд миний баруун талын цээжний хэсэг буюу хөхний дээд тал руу нөгөө барьж байсан бор иштэй хутгаараа хутгалчихаад хутгаа сугалж авалгүй цаашаа эргэсэн. Тэгэхээр нь би сандраад “пизда чинь намайг хутгалчихлаа” гээд Б-д хандаад хэлэхэд Б үгүй байлгүй дээ гээд надад итгээгүй. Би энэ хутга сугалаадах гэхэд тэнд байсан хүмүүс миний цээжинд хутга зоолттой байсныг хараад бүгд сандраад боссон. Тэгэхээр нь би нөгөө бор иштэй хутгыг зүүн гараараа сугалж аваад ширээн дээр тавиад Б-ийг сугадаарай, эмнэлэг явъя гээд Б, Х нартай хамт босоод тэдний хаалгаар гарах гэж яваад хутгалуулсан хэсгийн шархан дээр дараад явж байгаад гараа хартал нэл цус болчихсон байсан ба тэр цусаа хараад ухаан балартаад уначихсан байсан. Нэг мэдэхэд сумын эмнэлэг дээр байсан ба миний ухаан орон гаран байсан юм. Б-ийн гэрт бид адууны мах идэж байтал Б надад 2-3 ширхэг мах өгчихөөд өөрөө бүх түмпэнтэй махаа аваад ганцаараа идээд байхаар нь би хүмүүст мах хөшиглөж өгч байгаад Б- хандаж “чи наадах махаа наашаа тавьчихаач, ганцаараа идээд байдаг эсвэл мах чинь дуусчихсан юм уу? хүмүүсийг хоол ид гэчихээд махаа ахиухан чаначихад яадаг юм бэ?” гэхэд Б над руу нэг ч үг дуугараагүй. Тэгээд би махаа хөшиглөөд сууж байтал гэнэт л Б өөрийн мах идэж байсан бор иштэй хутгаар миний цээжний баруун талын хэсэг рүү хутгалчихсан. Би аймгийн Нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн ба гэрээр эмчилгээ хийлгэж эм уугаад одоо миний шарх бүрэн эдгэрч байгаа. Надад одоо өвдөж зовох зүйлгүй, миний бие хэвийн байна. Б нь надтай уулзаж уучлалт гуйж миний эмчилгээний зардал болон бусад зардалд 2.500.000 төгрөг төлж барагдуулсан бөгөөд надад Б-оос нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр хоорондоо эвлэрч, би гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56, 57-р тал/,
Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн үед гэртээ байж байхад М.Б, Х, Б.Б, Б.Ц, Э.Э, М.Л нар гаднаас жаахан архи уусан байдалтай орж ирээд М.Э нь “Аад нэг шил юмтай ирлээ” гээд өврөөсөө 0,75 литрийн Ерөөл нэртэй архи гаргаж ирэхээр нь бид нар бүгдээрээ тэр архийг хувааж уучихаад сууж байтал М.Б нь “Манайд хоол болсон байна, манайд очиж хоол идье” гэхээр нь бид нар бүгдээрээ гараад М.Б-д очсон юм. Тэгээд М.Б-нд ороход нэг шил 0.75 литрийн Ерөөл архи гаргаж өгсөнийг бид нар мах идэнгээ уугаад талд нь орж байхад М.Б мах идэж байсан хутга бариад босоод доор суусан Б.Ц-ын хажууд ирээд цээж нь тус газар нь хутгалчих шиг болсон. Тэгээд Б.Ц нь “надыг хутгалчихлаа” гэхэд нь би дээлнийхэн энгэрийг сөхөөд харахад цус гарч байхаар нь Х-ыг “машинаа оруул эмнэлэг явъя” гээд бид нар эмнэлэг явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59, 60-р тал/,
Гэрч Д.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Б-ийн гэрт очоод мах идээд сууж байсан чинь М.Б нь босоод миний урдуур гараад доош Ц-ын хажууд ирэхэд л Ц энэ “намайг хутгалчихлаа” гээд орилоход цаанаас Д.Б “Наадах муу Б чинь шаахчихлаа” гээд орилоод босоод ирсэн. Тэгээд Б ах бид хоёр Б-ийг шууд гэрээс аваад гараад явсан. Тухайн үед бид нар хоорондоо маргалдаж хэрэлдэж зодолдсон зүйл байхгүй. Мах идэнгээ инээлдэж хөөрөлдөж байсан. Б.Ц ширээний доод хэсэгт зүүн дээд талд нь Л тэгээд Б, Б.Б, М.Б нар сууж байсан Б.Ц-ын баруун талд Э.Э тэгээд би сууж байсан. Доод талд суусан хүмүүст Б.Ц, дээд талд суусан хүмүүст М.Б мах хэрчиж өгч байсан. Өөр хутга барьсан хүн байхгүй. Миний урдуур Б өнгөрөөд Ц-ын хажууд очиж байсан тэгээд Ц энэ намайг хутгалчихлаа гээд орилохоор нь би босоод харахад хувцас нь зүсэгдсэн байсан. Тэгээд сандраад аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62, 63-р тал/,
Гэрч Б.Б-ны мөрдөн байцаалтад өгсөн: “...: Би Б.Ц-той таарснаа муухан мэдэж байна, Б-нд очсоноо санахгүй байна. Нэг мэдэхэд Б-ийнд сууж байсан. Мах гараад Б, Ц хоёр мах хэрчиж байсан. Нэг мэдэхэд Ц “чи намайг хутгалчихлаа” гээд орилоход харсан чинь Б хажууд нь зогсож байсан. Б босоод харчихаад “Цээжнээс нь цус гарч байна, Б-оо чи хүн хутгалчихлаа” гэж хэлээд Ц-ыг аваад эмнэлэгийн гадна очсон. Би машин дотор унтаад үлдсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 65-р тал/,
Гэрч Н.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Б “Манайд очиж мах идье” гээд хэлэхээр нь бүгдээрээ очсон. Мах идээд сууж байтал Б босоод Ц-ын хажууд очсон, тэгтэл Ц “Чи над руу хутга шаачихлаа” гээд орилохоор нь харахад Б мах идэж байсан жижиг хутгаараа хутгалсан байсан. Тэгээд бид нар сандраад эмнэлэг аваад явсан. Ц цээжээ дараад тонгойгоод байсан хажууд нь суусан Б хараад “цус гарч байна” гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 66-р тал/,
Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би махаа гаргаж өгчихөөд тогоогоо угаагаад угаадсаа гаргаж асгачихаад ороод ирэхэд Б Ц ах хоёр барцалдсан маягтай зогсож байгаад Б суудалдаа суусан. Тэгээд Ц ах цус алдаад байна гэхээр нь харсан чинь дээл нь цоорсон байсан. Тэгээд би сандраад дээд талын айл руу гүйгээд очтол хашааны хаалга нь цоожтой байсан болохоор буцаад гүйгээд гэрлүүгээ ирэхэд Ц ахыг машинд суулгаж байсан. Тэгээд эмнэлэг аваад яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68, 73-р тал/,
Гэрч Ч.Л-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр Б.Ц нь эмнэлэгт ирэхдээ ухаангүй ирсэн. Үзлэг хийхэд баруун талын 3-р хавирганы орчимд зүсэгдсэн ил шархтай цус алдсан байдалтай хөдөлгөөн алдбадмал байсан тул эмчилгээ хийсэн. Б.Ц нь ирээд 4 цагийн дараа ухаан орохдоо хаана зовиур байна? та яасан юм бэ? гэж асуухад би М.Б-д хутгалуулсан хутгаа өөрөө сугалж авлаа, миний цээжээр хөндүүрлэж өвдөж байна гэж хэлсэн юм. Гэмтлийн тасгийн эрхлэгч их эмч Б эмч ирээд үзээд аймаг авч явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 69-р тал/,
Гэрч Ж.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Ц-ыг үзэхэд 3-р хавирганы түвшинд зүсэгдсэн шархтай, шархнаас бага зэрэг хөөстэй цусархаг шингэн зүйл гарч байсан. Шархыг цээжний хөндий рүү нэвтэрсэн байж болзошгүй гэж үзээд анхны оношийг цээжний хөндийд нэвтэрсэн гэж тавьсан. Гэмтлийн тасагт хэвтүүлж, рентегенд харж, өвчин намдаагчийн дор шархыг шалгахад нэвтрээгүй, хавсан шарх байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71-р тал/,
Эд мөрийн баримт /хутга/ хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 11-р тал/,
Хувцасанд /хохирогчийн/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 49-52-р тал/,
Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүсэн Б.Ц-ын өвчний түүх /хх-ийн 16-46-р тал/,
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №19/31 дугаартай “ Шинжилгээнд ирүүлсэн Б.Ц-ын ногоон өнгийн гадартай, дан дээлний цээжний баруун хэсэгт 3 ширхэг, мөн цээжний гол хэсэгт 1 ширхэг, хөх саарал өнгийн ноосон цамцны цээжний баруун хэсэгт 1 ширхэг, саарал өнгийн богино ханцуйтай цамцны цээжний баруун хэсэгт 1 ширхэг, хөх өнгийн хантаазны цээжний баруун хэсэгт 1 ширхэг зүсэгдсэн гэмтэл үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад зүсэгдсэн гэмтэл үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн хөх саарал өнгийн цамцны цээжний баруун хэсэгт 2 см хэмжээтэй, саарал өнгийн богино ханцуйтай цамцны цээжний баруун хэсэгт 1.7 см хэмжээтэй, хөх өнгийн хантаазны цээжний баруун хэсэгт 1.9 см хэмжээтэй, хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн зүсэгдсэн гэмтэл үүссэн байна. Харин ногоон өнгийн дээлний цээжний гол хэсэгт 2.5 см хэмжээтэй мөн цээжний баруун хэсэгт 1.9 см хэмжээтэй 3 ширхэгзүсэгдсэн гэмтэл тус тус үүссэн байна. Уг зүсэгдэлт нь нэг удаагийн үйлчлэлээр давхарлаж зүсэгдсэн байх боломжтой. Мөн богино ханцуйтай цамцны урд хэсэг нь хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна.” гэх дүгнэлт, /хх-ийн 81-83-р тал/,
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №19/30 дугаартай “ Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан бор шаргал өнгийн бариултай 2 ширхэг хутган дээрээс гарын мөр илрээгүй. Харин №1 дугаартай хутганы ажлын хэсэг нь хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээрээс гарын мөр илрээгүй тул харьцуулах шинжилгээ хийх боломжгүй. Б.Ц-ын өмсөж байсан хувцасууд үүссэн гэмтэл нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 88-89-р тал/,
Шүүгдэгч М.Б-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Ц мах бага чаналаа. Хүн чадах мах чанахгүй яасан юм бэ? гээд доромжилсон аястай үг хэлээд байхаар нь уурлаад аялгая гээд зузаан хувцастай юм чинь орчихгүй байх гэж хутгаараа чичихэд хутга орчихсон. Би ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 260 дугаартай “Үзүүлэгч Б.Ц-хын биед гэмтэл учирсан байна. Цээжний баруун талд зүсэгдсэн шарх /цээжний хөндий рүү нэвтрээгүй/, цус хуралт, гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Б.Ц-ын биед гэмтлийн зэрэгт нөлөөлөх өөр ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 77-р тал/-ээр хохирогч Б.Ц-ын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус буюу хүний биед халдаж болохгүй гэдгийг ухамсарлаж байсан атлаа зориуд хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Б нь “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч М.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Ц нь “М.Б-оос нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр хоорондоо эвлэрч, би гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн” гэсэн мэдүүлэг болон хохирол, гомдолгүй талаах тодорхойлолт /хх-ийн 126-р тал/-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Б-ийн хувийн байдлын талаар гэрч Б.Э-ийн “Би Б-ийг багаасаа сайн танин ажил төрөлд орсноос нь хойш найзлаж нөхөрлөж эхэлсэн. Бямбадорж нь төлөв даруу, янз бүрийн илүү, дутуу зан аашгүй, хамт олныхоо дунд нэр хүндтэй, ажилсаг залуу гэж боддог. Б нь манай сумын ...2008 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 2013 онд тушаал дэвшиж ...болсон. Бямбадоржийг хүнтэй маргалдаж, хэрэг зөрчил гаргаж, архидан согтуурлаа гэж дуулж байгаагүй юм. Ер нь баяр ёслолын үеэр хааяа архи согтууруулах ундаа хэрэглэхдээ өөртөө тааруулж уугаад харьчихдаг боловсон залуу. Юу болоод ийм хэрэгт холбогдсоныг нь мэдэхгүй байна. Б нь эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь одоогоор ажил эрхлэхгүй байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 72-р тал /,
Гэрч Д.Б: “...Манай нөхөр Б нь 1985 онд З суманд төрсөн. Айлын том хүүхэд бөгөөд 4 дүүтэй юм. Б бид хоёр 2013 онд танилцаад 2014 оны 8 дугаар сард нэг гэрт ороод бид хоёрын дундаас 3 хүүхэд гарсан бөгөөд том охин Э 6 настай 1-р ангид сурдаг, дунд хүү Н 4 настай цэцэрлэгт хүмүүждэг, бага охин Мишээл 3 настай цэцэрлэгт хүмүүждэг юм. Би өөрөө гэртээ хүүхдүүдээ хараад эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Манай нөхөр Б нь ... ажилтай бөгөөд сард 700.000 төгрөгний цалинтай, хүүхдийн мөнгө гэж 60.000 төгрөг сард авдаг юм. Манай нөхөр Б нь ажил төрөлдөө сайн, хамт олон дундаа нэр хүндтэй, хүнтэй харьцахдаа учраа хурдан олдог, даруухан, ноён нуруутай хүн.” гэх мэдүүлэг /хх-ийн 73-р тал/,-үүд болон Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1/374 дугаартай албан бичиг, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Увс аймгийн З сумын Ж багийн Засаг даргын тодорхойлолт, Автотээврийн төвийн албан бичиг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 114, 115, 116, 117, 118, 121, 109-р тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, улсын яллагч торгох ял оногдуулахаар санал гаргасан зэргийг харгалзан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ