Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 101/2016/00792/и |
Дугаар | 001/ХТ2017/00792 |
Огноо | 2017-06-15 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2017/00792
Ш.Адьяагийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 139/ШШ2017/00064 дүгээр шийдвэр,
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 218/МА2017/00005 дугаар магадлал,
Нэхэмжлэгч : Ш.Адьяа,
Хариуцагч : Жи Пи Эф ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага : 2016.10.26-ны өдрийн Б/141, 2016.11.01-ний өдрийн Б/141 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 4.395.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай
Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхбаярын гаргасан гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхбаяр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : Жи Пи Эф ХХК-ний уурхайд 2013 оны 11 сараас хойш ажлаас халагдах хүртлээ 3 жил гаран ажилласан. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Тэгээд ажлаа хийж байгаад 2016.10.27-нд ар гэрт ажил гараад 28, 28, 30-ны өдрүүдийн чөлөөг чөлөөний хуудсаар хүний нөөцийн ажилтан Х.Өлзиймаа, механик Ма-Нинг нараас аваад явсан. Тэгээд чөлөөний хугацаа дуусч 10 сарын 31-ний өдөр ажилдаа очих байсан боловч тэр өдөр бүх нийтийн амралтын өдөр байсан тул ажилдаа очоогүй. Сар бүрийн эхний 7 хоног хуваарийн дагуу би амралтаа авдаг байсан. Үргэлжлүүлээд тэр 7 хоногийнхоо амралтыг авсан юм. Тэгсэн 11 сарын 4-ний өдөр хүний нөөцийн ажилтан утсаар яриад ажлаас халагдсан тушаал гарсан гэж хэлсэн. 2016.11.07-нд уурхай дээр очиж тушаалаа автал намайг 2016.10.26-ны өдрөөс эхлэн ажлаас халсан байсан. 2016.11.11-ний өдөр тус сумын иргэн жолооч Цэрэндондов надад дугтуйтай бичиг авчирч өгсөн. Тус дугтуйн дотор 2016.11.01-ний өдрийн тушаал байсан. Иймд 1 дугаартай 2 тушаалаар намайг ажлаас халсан.Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Жи Пи Эф ХХК-ний уурхайд жолооч ажилтай Ш.Адъяа нь 2016.10.17-ны өдөр ажлынхаа талбар дээр нэг ажилтантайгаа муудалцан чулуу шидэж, компаний эд хөрөнгөд хохирол учруулсан. Мөн хүний эрүүл мэндэд хохирол учруулсан. Энэ үндэслэлээр ажлаас нь халсан. Байгууллагаас яагаад 10 сарын 26-ны өдөр тушаал гаргасан гэхээр бид нар хуралдаж, компанийхаа удирдлагуудад мэдэгдсэн. Тэгсэн хотод 10 сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийг ажлаас халах тушаал гаргасан. 2016.10.26-нд нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал гаргасан боловч тамга дардаг ажилтан Хятад улс руу явсанаас тамга хүлээж, 10 сарын 26-нд гарсан ажлаас халах тушаал 11 сарын 2-нд ирсэн. 2016.11.02-нд би нэхэмжлэгчид мэдэгдэхэд аймаг дээр Цагдаагийн газарт мэдүүлэг өгөөд явж байна, тушаалыг ирж авна гэж хэлсэн. Тэгээд 11 сарын 6-ны өдөр ирж авсан. Манай хотод байдаг нягтлантай нэхэмжлэгчийн эхнэр нь “...ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдах гэтэл хуанлийн 14 хоногийн хугацаатай байдаг болохоор бид нар цаг алдчихсан байна. Тиймээс тушаалын агуулга нь өөрчлөгдөхгүй юм чинь тушаалаа 11 сарын 1-нээс болгож өгөөч гэж утсаар ярьсан байсан учраас бид нар тушаалын он, сарыг 11 сарын 1-н болгож өөрчилсөн. Адъяагийн хүсэлтээр ажлаас халах тушаалын огноог өөрчилсөн болохоос бус нэг хүнийг 2 тушаалаар ажлаас халаагүй...” юм. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 139/ШШ2017/00064 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар Жи Пи Эф ХХК-ий ерөнхий захирлын 2016.10.26-ны өдрийн 16/Б/141, 2016.11.01-ний өдрийн 16/Б/141 дугаартай тушаалуудыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ш.Адъяаг Жи Пи Эф ХХК-ий “Дамп” автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 4.395.000 төгрөгийг Жи Пи Эф ХХК-иас гаргуулан Ш.Адъяад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Ш.Адъяад олгох олговроос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлүүлж, Жи Пи Эф ХХК нь мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Жи Пи Эф ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Жи Пи Эф ХХК-иас 225.670 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 218/МА2017/00005 дугаартай магадлал гаргаж, Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 139/ШШ2017/00064 дүгээр шийдвэрийн 1 дүгээр заалтыг хүчингүй болгож, 2 дугаар заалтыг 1, 3 дугаар заалтыг 2, сүүлчийн 3 дугаар заалтыг хэвээр, 4 дүгээр заалтын “225.670” төгрөгийг гэснийг “155.470” төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх сахилгын зөрчлийг зөвхөн хөдөлмөрийн гэрээ зөрчсөн гэсэн үндэслэлзэр оногдуулна гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1 хэсэгт тоочих хэлбэрээр таслап тавьсан бөгөөд заавал Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байхыг шаардахгүй. Хөдөлмөрийн дотоод журамд заасан байх нь сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно гэж үзэж байна. Улсын дзэд шүүхийн 2008 оны 33 дугаар тогтоолд зааснаар сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх бөгөөд шийтгэлийг заавал шат дараалан оногдуулсан байхыг шаардахгүй. Хэрэгт авагдсан Ш.Адьяагийн нийгмийн даатгалын дэвтэр, Дундговь аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс шүүхэд ирүүлсэн ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдөл, түүнд бүрдүүлсэн баримт бичгийн бүрдүүлбэр, Дундговь аймгийн прокурорын газрын ирүүлсэн нотлох баримт зэрэг бичгэн нотлох баримтаар ажил олгогч 2016.11.01-ний өдрийн тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Мөн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийн, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь хэсэгт заасан ажил олгогчийн үүргээ бүрэн гүйцэтгэсэн буюу хуульд заасан үүргээ биелүүлсэн. Ажилтныг ажилд авсан болон ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан. Тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь гаргасан сахилгын зөрчил, үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцнэ. Ажил олгогчийн тушаал нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэж уг тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй. Хэрэв Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж, өгөөгүй атлаа ажилтны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг гаргасан бол Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлийг хэрэглэх нь зүйн хэрэг юм. Ажил олгогч нь сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийг ногдуулсан ба зөрчил гаргасан этгээдээс тайлбар авч, хуулийн хугацаанд нь зөрчлийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагыг тодорхойгүй буюу шийдвэрлээгүй орхигдуулсан ба нэхэмжлэгч талын гаргасан дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй. Энэхүү үйл баримт нь ИХШХШТХ-ийн 118.4, 118.5-г зөрчжээ. ИХШХШТХ 26.2-д эрхээ сэргээлгэхээр хандах, шүүх зөрчигдсөн эрхийг сэргээх гол атуулгатай байх ба ажил олгогч тасадбар болгон ажлаас чөлөөлж, оногдох хугацааны цалин хөлсийг бүрэн тооцож олгосон нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан болох нь огт ойлгомжгүй буюу анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргажээ. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд тайлбарласан байна. Нэхэмжлэгчийн хүсэлтээр тушаалын огноог өөрчлөн хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн болх нь огт тогтоогдоохгүй буюу тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч тал гаргасан зөрчлөө үгүйсгээгүй, сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл хангалттай тогтоогдсон байхад нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан нь хэргийн бодит нөхцөл байдал, шударга ёсонд үл нийцнэ. Тэрээр өнөөдрийг хүртэл нутаг нэгтнээ гэмтэж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ хохирлоо нөхөн төлөөгүй, бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон хэвээр байгааг дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Ш.Адьяа нь Жи Пи Эф ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2016.10.26-ны өдрийн 16/Б/141, 2016.11.01-ний өдрийн 16/Б/141 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай шаардлага тавьсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангасныг давж заалдах штны шүүх өөрчлөхдөө “...2016.10.26-ны өдрийн 16/Б/141, 2016.11.01-ний өдрийн 16/Б/141 дугаар тушаалуудыг хүчингүй...” болгосон хэсгийг хүчингүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн зарим хэсгийг өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.
1. Хариуцагчийн гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв
а/. Жи Пи Эф ХХК нь Ш.Адьяаг жолоочийн ажлаас чөлөөлснөөс маргаан үүссэн байх бөгөөд ажил олгогч өөрийн санаачилгаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа 2016.10.26-ны өдөр болон 2016.11.01-ний өдөр нэг дугаартай нийт хоёр тушаал гаргасан нь тогтоогджээ.
Хариуцагч “..2016.10.26-ны өдөр гаргасан тушаалын огноог сүүлд нь 2016.11.01-ний өдөр болгон өөрчилсөн...” гэх үндэслэлээ нотлоогүй тул “...халахдаа хоёр тушаал гаргасан...” тухай нэхэмжлэгчийн тайлбарыг ажил олгогч үгүйсгэж чадаагүй гэж үзнэ.
Ажил олгогч аль тушаалаар ажилтныг халсан нь тодорхойгүйгээс гадна эдгээр тушаалыг нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагынхаа үндэслэл болгосон байх тул шийдвэрийн нэг дэх заалтыг хүчингүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
б/. Жи Пи Эф ХХК-ийн Ерөнхий захирал 16/Б/141 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 136 дугаар зүйлийн 136.2, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8.3.8, 8.3.12, 8.3.15-г баримтлан “...хамтран ажиллаж байсан ажилчинтай бүдүүлэг харьцаж, түүний эрүүл мэнд болон компаний эд хөрөнгөд хохирол учруулсан...” гэсэн үндэслэлээр Ш.Адьяаг ажлаас нь чөлөөлжээ.
Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.8-д “...компаний эд хөрөнгийн хохирол учруулах, эд хөрөнгө, техник хэрэгсэл зөвшөөрөлгүй гадагш авч гарах, эд ангийг солих, хувьдаа ашигласан буюу завдсан...”, 8.3.12-т “...аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчиж хүний эрүүл мэнд эд хөрөнгөд их хэмжэний хохирол учруулсан, учруулах нөхцлийг бүрдүүлсэн...”, 8.3.15-д “...ажилтан хамтран ажиллагсадтайгаа бүдүүлэг харьцах, ажлын байранд маргаан хийх, бусдыг хэл амаар доромжлох...” гэж заасан, эдгээр нь дотоод журмын 8.3-р “ноцтой зөрчил”-д хамаарч байгаагаас гадна энэ талаар зохигчдын хооронд 2015.11.01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7.2.8, 7.2.12, 7.2.15-т мөн тусгажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд зааснаар ажил олгогч хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх эрхтэй бөгөөд ажил олгогчоос дангаар тогтоосон уг хэм хэмжээтэй ажилтан танилцсан боловч зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ.
16/Б/141 дугаар тушаалд заасан зөрчил нь байгууллагын дотоод журмын 8.3.8, 8.3.15-р “ноцтой зөрчил”-д хамаарах хэдий уг журамтай нэхэмжлэгч танилцсан баримт хэрэгт байхгүй тул зохигчдын хооронд 2015.11.01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7.2.8, 7.2.15 дахь хэсгийн заалт хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлд хамаарахгүй.
в/. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан “хөдөлмөрийн дотоод журам”-д бус, харин “хөдөлмөрийн гэрээ”-нд заасан ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй.
Жи Пи Эф ХХК-ийн Ерөнхий захирал 2016.11.01-ний өдөр 16/Б/141 дугаар тушаал гаргахдаа Ш.Адьяа нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ямар зөрчил гаргасан тухай дурдаагүй тул ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзнэ.
2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх Ш.Адьяаг жолоочийн ажилд эгүүлэн тогтоохдоо ажилтны гүйцэтгэх ажил буюу жолоодох тээврийн хэрэгсэлийг нэрлэн заасан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүйг давж заалдах шатны шүүх анхаараагүйгээс гадна шийдвэрт улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой өөрчлөлт оруулахдаа үнийн дүнг бичгээр тусгасан хэсгийг дурдалгүй орхисон нь алдаа болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 218/МА2017/00005 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...1 дүгээр заалтыг хүчингүй болгож, 2 дугаар заалтыг 1, 3 заалтыг 2, сүүлчийн 3 дугаар заалтыг хэвээр үлдээж, 4 дүгээр заалтын 225.670 төгрөгийг 155.470 төгрөг гэж өөрчилж...” гэснийг “...1 дэх заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтын “Дамп автомашины жолоочийн” гэснийг “жолоочийн” гэж, 4 дэх заалтын “225.670 /хоёр зуун хорин таван мянга зургаан зуун дал/” төгрөгийг” гэснийг “...155.470 төгрөгийг...” гэж тус тус өөрчлөн, 2 дахь заалтыг 1, 3 дахь заалтыг 2 гэж дугаарлан...” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхбаярын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 225.670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ