Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 12

 

 

 

Д.Гэрэлхүүд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

          Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Энхмаа   даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

                                              Прокурор     А.Намдаг

                                              Өмгөөлөгч   Б.Батсайхан

                                                          П.Адьяасүрэн

                                              Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан,

         Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолд ялтны өмгөөлөгч Б.Батсайханы гаргасан давж заалдах гомдлоор, Д.Гэрэлхүүд холбогдох эрүүгийн 201615000342 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 10 хоногоор сунган шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Тарагт суманд 1987 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, “Өв элч” ХХК-нд галч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Тарагт сум 3 дугаар баг, “Урт” гэх газар оршин суух бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг, 48-09 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,  Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан, Өлзийт овогт Дашцэвэлийн Гэрэлхүү /Регистрийн дугаар ЙМ87011216/

          Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж байсан Д.Гэрэлхүү нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” голын орчим иргэн Ө.Сүрэнхорлоог куртикны захаар боож унаган амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж “ЭлЖи” маркийн гар утсыг авч 65000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  

         Анхан шатны шүүх, Д.Гэрэлхүүг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар Д.Гэрэлхүүд 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан, мөн зүйлийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Гэрэлхүүд оногдуулсан 5  жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн насанд хүрээгүй хохирогч Ө.Сүрэнхорлоогийн эзэмшлийн цагаан өнгийн “Эл-Жи” маркийн хуучин гар утас 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц насанд хүрээгүй хохирогч Ө.Сүрэнхорлоод буцаан олгон, Д.Гэрэлхүү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт 400.000 төгрөгийн хохирол төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, бичиг баримтгүй, насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдан, Д.Гэрэлхүүд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих журмыг заан, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Гэрэлхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилж байхаар шийдвэрлэжээ.

            Ялтны өмгөөлөгч Б.Батсайхан гаргасан давж заалдах гомдолдоо:

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Д.Гэрэлхүүд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн бөгөөд тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

О.Гэрэлхүү нь 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан бөгөөд уг хэргийнх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал хугацаа дууссан өөрөөр хэлбэл 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхээр шийтгэгдэх үедээ эрх зүйн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн байдалтай байсан, хэдийгээр дээрмийн гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг нийгэмд аюултай хамгийн хүнд хэлбэр боловч Д.Гэрэлхүүгийн хувьд үйлдлийн арга нь хохирогчид ямар нэгэн гэмтэл учруулаагүй, учруулсан хохирлын хувьд 65.000 төгрөгний үнэтэй хуучин гар утас байсан бөгөөд нийгмийн болон өмчлөх эрхийн хор аюулаар бага байсан, учруулсан хохирлоо төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйгээ илэрхийлсэн, гэмт хэргээ хүлээж, чин санаанаасаа гэмшсэн зэрэг нь хэргийн материалаас харагдаж байна.

Дээр дурдсан үндэслэл, нөхцөл байдал зэргийг анхааран үзэж шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551-д заасан шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын хэмжээнээс доогуур ял оногдуулж болох боломж нөхцлийг хэрэглэн, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Д.Гэрэлхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү ...гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Намдаг гаргасан дүгнэлтдээ: Д.Гэрэлхүүд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан. Д.Гэрэлхүүд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэх эсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм ...гэв.

                                                         ХЯНАВАЛ

             Д.Гэрэлхүү нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан ба согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” голын орчимд бусдын гар утсыг авах зорилгоор насанд хүрээгүй хохирогч Ө.Сүрэнхорлоог куртикны захаар боож унаган амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж “Эл-Жи” маркийн гар утсыг авч 65000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Д.Гэрэлхүүгийн үйлдсэн хэргийг нотлогдсон гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар ял оногдуулахдаа тус зүйл, хэсэгт заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах эсэхийг шийдвэрлэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дээр дурдсан алдааг зөвтгөх хууль зүйн боломжгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон Д.Гэрэлхүүд холбогдох хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул өмгөөлөгч Б.Батсайханы гаргасан давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.

  Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 321 дүгээр зүйлийн 321.1.1, 322 дугаар зүйлийн 322.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017  оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгон Д.Гэрэлхүүд холбогдох эрүүгийн 201615000342 дугаартай хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин шийдвэрлүүлэхээр Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

        2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргэгдэн очтол Д.Гэрэлхүүд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.ЭНХМАА  

                                      ШҮҮГЧИД                        Т.ДАВААСҮРЭН

                                                                                Д.ЭРДЭНЭБИЛЭГ