Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 23

 

 

О.Ү-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалтай, О.Ү-д холбогдох  дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Булган аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага боловсролтой, мэргэжилгүй, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж ял эдэлж байсан, О.Ү нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан тус шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг                  2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, түүнийг оршин суугаа газар буюу Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ял, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Ү-гийн цагдан хоригдсон 87 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх бөгөөд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, оршуулгын зардалд 13.123.605 төгрөгийг шүүгдэгч О.Ү-гаас гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Б-т олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нь 15.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийтгэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд прокурор М.Сайнзаяа гаргасан эсэргүүцэлдээ ... Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ДШМ/39 дугаартай магадлал нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. Тухайлбал: Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч О.Ү-д Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д зааснаар “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох, өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно” гэж заасан байна.  Хэдийгээр шүүгдэгч О.Ү-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг, ялын төрөл хэмжээ нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасанчлан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих зохицуулалтад хамаарах ба шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамруулахаар заасан боловч ялтны дүйцүүлэн сольсон зорчих эрхийг хязгаарлах ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т заасны дагуу өршөөлд хамрагдаагүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг нь тогтоох юм. Давж заалдах шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д заасан заалтыг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, ... шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэсэн хуулийн дагуу анхан шатны шүүх шүүгдэгч О.Ү-гийн өмнөх 2021 оны 05 сарын  31-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн    2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж” улмаар сүүлд үйлдсэн “онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан” гэмт хэрэгт оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ял /Тухайн бүлэгт заасан хорих ялын дээд хэмжээнээс хэтрүүлээгүй/-аас тусад нь эдлэхээр заасан явдал нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасан журмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно" гэсэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй, хуульд нийцсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12-т “Зөрчил үйлдсэн болон зөрчлийн шийтгэл хүлээсэн хүн, хуулийн этгээд, яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна” гэснийг баримтлан шүүгдэгч О.Ү-гийн өмнө үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөлд хамруулж зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж дүгнэж байна.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс “Үүнээс гадна хэд хэдэн гэмт хэрэгт    ... нэмж нэгтгэсэн ялын хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй ба давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэх эрхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв” гэсэн нь шүүгдэгч О.Ү-гийн өмнө үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хүчин төгөлдөр болсон   118 дугаартай шийтгэх тогтогтоолоор оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан нь буруу, хорих ялын дээд хэмжээ болох 20 жилд багтааж шийдвэрлэх байсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийг зөрүүтэй ойлгож хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ДШМ/39 дугаартай магадлалыг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Улсын дээд шүүхэд прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.  

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Булган аймгийн прокурорын эсэргүүцлийг дэмжихгүйгээр оролцож байна. Шүүгдэгч О.Ү- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн талаарх үйл баримтад шүүх хуульд заасан үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчид оногдуулсан 20 жилийн хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байна гэж дүгнэж байна. Булган аймгийн анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх, мөн давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл муутай дүгнэлт болжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй талаар заасан. Шүүх өмнө нь шийтгэх тогтоолоор оногдуулсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан 2 жил зорчих эрх хязгаарлах ялыг мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, шийтгэх тогтоолд уг өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй ба шийтгэх тогтоод дээрх өөрчлөлтийг оруулснаар шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохооргүй байна гэж дүгнэж байна. Иймд Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29ий өдрийн 39 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлттэй байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц- хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр нэмж нэгтгэх замаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэж, шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.У хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. О.Ү-гийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй болсон. Харин өмнө үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял шийтгэлийн асуудлыг уг ялыг эдэлж дууссаны дараа эдлүүлэх нь зөв гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч, прокурор, дээд шатны прокурорын  гомдол, эсэргүүцлээр хэргийг хянан хэлэлцдэг билээ.

Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэдэгт анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн нэг зүйл, заалтыг; эсвэл эрүүгийн эрх зүйн онол, шүүхийн практикт тогтсон ойлголт, тодорхойлолт, нэр томьёог өөр өөрөөр тайлбарласан; эсвэл хууль хэрэглээний талаар хоёр шатны шүүх зөрүүтэй байдлаар шийдвэрлэснийг ойлгоно.

2. Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сайнзаяагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч О.Ү-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу хоёр шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

3. Прокурор М.Сайнзаяа бичсэн эсэргүүцэлдээ “... анхан шатны шүүх шүүгдэгч О.Ү-гийн өмнөх 2021 оны 05 сарын  31-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж” улмаар сүүлд үйлдсэн “онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан” гэмт хэрэгт оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ял /Тухайн бүлэгт заасан хорих ялын дээд хэмжээнээс хэтрүүлээгүй/-аас тусад нь эдлэхээр заасан явдал нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасан журмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно" гэсэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй, хуульд нийцсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд ... магадлалыг ... хүчингүй болгуулахаар ... прокурорын эсэргүүцэл бичив гэсэн бол хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Б.Ууганбаатар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын эсэргүүцлийг дэмжихгүйгээр оролцож хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүх өмнө нь шийтгэх тогтоолоор оногдуулсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан 2 жил зорчих эрх хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, шийтгэх тогтоолд уг өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно” гэж тодорхойлсон нь агуулгын хувьд хоёрдмол утгагүй, ойлгомжтой зохицуулалт юм.

Харин давж заалдах шатны шүүхээс “Үүнээс гадна хэд хэдэн гэмт хэрэгт  ... нэмж нэгтгэсэн ялын хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй ба давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэх эрхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй” гээд хэргийг анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл муутай дүгнэлт болсон байна.

Шүүгдэгч О.Ү-гийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор тодорхойлон заасан хуулийн заалтыг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд шүүгдэгч О.Ү-д 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж,  Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын  11-ний өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэх нь уг хуулийн зорилгод нийцсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр болох бөгөөд хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Ууганбаатарын хууль зүйн дүгнэлт болон прокурор М.Сайнзаяагийн магадлалыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлийг тус тус хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв. 

4. О.Ү- нь 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай амь хохирогч Б.В-г онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

4.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, түүнчлэн өлсгөж, цангаасан, осгоосон, хөлдөөсөн, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, ойр дотны хүмүүсийнх нь дэргэд алж, тэдгээрийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэргийг хамааруулан үздэг байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч О.Ү- нь амь хохирогч Б.В-г шалны модоор цохих, олон удаа хутгалах зэргээр “цээж, хэвлий хөндий рүү нэвтэрсэн зүрх, уушги, элэг, дэлүү, нойр булчирхайг гэмтээсэн, зүүн бугалга, тохой, цээж, хэвлий, баруун гарын сарвуунд олон тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, хуйх, баруун шанаа, шуу, шилбэ, зүүн буглага, шуу, гуя, өвдөг, цээжний баруун дээд хэсэгт олон тооны цус хуралт, баруун гарын сарвуу, баруун зүүн мөрөнд” олон тооны зулгаралт гэмтэл зэрэг биед нийт 20 тооны буюу олон тооны шарх, гэмтлийг амь хохирогчид учруулан, үхэлд хүргэсэн болох нь шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаартай дүгнэлт, мэдүүлэг, тайлбар, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон байх тул амь хохирогчийг өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон шинжээр, түүнчлэн гэрч Ж.Эрдэнэчимэгийн “... Ү- цонх хагалж орж ирсэн гэрт орж ирээд хэн нь ч дуугарахгүй шүү утас авч болохгүй шүү бүгдийг чинь ална шүү гэж хэлээд доошоо тонгойж өөрийнхөө хувцас хэсгээс том хутга гаргаж ирээд ... хүү Үнэнбаяр цонхоор гараад зугтсан ... талийгаачийн дээр гарч суугаад одоо чиний хугацаа болсон гээд баруун гартаа байсан хутгаараа шууд олон удаа цээж болон хэвлий хэсэг рүү хутгалаад байсан ...” (1 дүгээр хавтаст хэргийн 72-74 дэх тал), насанд хүрээгүй гэрч Ү.Ү-ын “... аав ээжийг үсдэж байшингийн үүд хэсэгт оруулж ирж байгаад үүдэнд байдаг угаалтуурын хойно байдаг шалны модыг авч байгаад ээжийг гурван удаа нуруу гарыг нь хавсарч цохисон ... тэгсэн аав ээж хоёрын хооронд эмээ орж ирээд салгах хооронд аав ээжийг нөгөө хутгаараа миний харснаар гэдэг рүү нь 2 удаа хутгалсан. Би энэ явдлыг хараад аавыг цаашаа харсан хойгуур нь гэрээс гарч зугтаая гээд аавыг цонх хагалж орж ирсэн газраар гарч зугтаасан ... намайг байшингаас гарахын өмнө “аав гар утсаа авах юм бол ална шүү” гэж заналхийлж байсан ... аав ээжийг үсдэж тонгойлгоод баруун гартаа байсан хутгаар хоёр удаа гэдэс рүү нь хутгалж байсан. Эмээ тэр хоёрын дунд салгах гээд оролдож байсан. Аав эмээг тойруулаад ээжийн гэдэс рүү хутгалаад байсан ...” (1 дүгээр хавтаст хэргийн 55-57 дахь тал) зэрэг мэдүүлгүүдээр ойр дотны хүмүүсийнх нь дэргэд алж, тэдгээрийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан гэсэн шинжүүдээр шүүгдэгчийн үйлдлийг “онц харгис хэрцгийгээр” хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй болжээ.

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүнийг санаатай алахыг хүндрүүлэн үзэхээр заасан.

 Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зоддог, догшин авирлаж харгис хэрцгий харьцдаг байдал нь хэвшил, зуршил болсон буюу урт удаан хугацаанд үргэлжилсэн, тасралтгүй байнгын шинжтэй хууль бус үйлдлийг ойлгодог.

Шүүгдэгч О.Ү-, амь хохирогч Б.В- нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь 2003 онд гэр бүл болж, 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, 2009 оны 06 дугаар сарын        10-ны өдөр тэдний дундаас хүү Ү.Ү- төрж, Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн    902 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан (гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зохицуулалтад хамаардаг), шүүгдэгч нь амь хохирогчид байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дарамталж байсан талаарх хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-, насанд хүрээгүй гэрч Ү.Ү-, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгч О.Ү- нь 2021 оны 02 болон 04 дүгээр саруудад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилд 2 удаа шүүхээс баривчлагдаж байсан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүн алах гэмт хэрэг хэрэг үйлдсэн хэмээн хүндрүүлэн зүйлчилсэн нь хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.  

Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн байнга буюу гурав, түүнээс дээш удаагийн давталтын шинж нь нэг удаагийн үйлдлээр үйлдэгдэх гэмт хэргийн, тухайлбал хүнийг алах гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх заалтын диспозитив нөхцөл болохгүй, өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн нэг гол шинж болох байнга үйлдэх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж биш юм. 

Гэр бүлийн хүчирхийллийн нэг удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хор уршгийг шууд учруулж буй бол уг хор уршигт суурилан гэмт хэргийг зүйлчлэх нь зөв бөгөөд хүчирхийллийн тодорхой хэлбэр нь бие даасан гэмт хэрэг бус харин уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болдог онцлогтой.

5. Шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтууд О.Ү-г гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байх бөгөөд шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Ийнхүү шүүгдэгч О.Ү-гийн үйлдсэн гэмт хэрэг хөдөлбөргүй нотлогдсон талаарх шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

6. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

7. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч О.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүнийг онц харгис хэрцгийгээр”, 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”  хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв хэрэглэжээ.

8. Шүүх шүүгдэгч О.Ү-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний гэм буруу, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 20 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

9. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэх өөрчлөлт оруулж, прокурор М.Сайнзаяагийн эсэргүүцлээс магадлалыг хүчингүй болгуулахаар бичсэн хэсгийг хангахаар хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Ү-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ял, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 20 /хорь/ жилийн хугацаагаар тогтоосугай” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар” гэж нэмж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хасаж, 8 гэснийг 7, 9 гэснийг 8, 10 гэснийг 9, 11 гэсний 10, 12 гэснийг 11 гэж дугаарлаж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 39 дүгээр магадлалыг хүчингүй болгож, прокурор М.Сайнзаяагийн эсэргүүцлийг хангасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

 

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                        Б.БАТЦЭРЭН

 

                                                                         Ч.ХОСБАЯР

 

                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН