Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 246

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Иргэн Г.У-ийн /РД:/ нэхэмжлэлтэй,

Хаяг: Налайх дүүрэг, 2 дугаар хороолол,  дугаар байр,  тоот. 

Хариуцагч: Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох,

Хаяг: Налайх дүүрэг,  дугаар хороо, Өвөршанд, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байр. /утас: 70232369/

  Нэхэмжлэлийн шаардлага: “Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Тэтгэврийн байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн төлөөлөгч Н.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Би Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст 2011 оноос ажиллаж байсан бөгөөд 2013 оноос тэтгэврийн байцаагчаар ажилласан. Хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтын үндэслэн албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, иргэнийг хохироосон гэж ажлаас халсан. Миний бие төрийн албанд ажиллах хугацаандаа албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн зүйл байхгүй бөгөөд тухайн өдөр тэтгэвэр авагч Н.О-ны гэр бүлийн хүнээр тулган өргөдөл бичүүлж, тэр өдрөө хэлтсийн Ёс зүйн хороог хуралдуулан намайг ажлаас халсан шийдвэрийг гаргасан. Миний дээрх асуудлын талаар тайлбар гаргах, холбогдох нотлох баримт гаргах боломжоор хангагдаагүй бөгөөд шууд халсанд гомдолтой байна. Миний бие үр дүнгийн гэрээнд заасан ажил үүргээ хангалттай биелүүлж ажиллаж байсан бөгөөд хэлтсийн дарга надад хэтэрхий субъектив байдлаар хандаж иргэн миний төрийн албанд ажиллах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг минь зөрчсөнд гомдолтой байна. Иймд Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгох, урьд ажиллаж байсан Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Тэтгэврийн байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл Г.У-г ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэж ажлаас чөлөөлснөөр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв. 

Хариуцагч Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “..2015 онд Г.У “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах, бусдад ашиглуулах боломж олгохгүй байх...” гэсэн Нийгмийн даатгалын байгууллагуудын ёс зүйн дүрмийн 2.5.2 дахь заалтыг зөрчин, иргэн М.Н-ны тэжээгчээ алдсаны тэтгэврийн сунгалтын хүүхдийн сургуулийн тодорхойлолтыг нягтлан шалгаж тухайн сургуулиас тодруулаагүйгээс сунгалт буруу хийж 10 сар 12 хоногоор илүү сунгаж, тэтгэврийг илүү олгосон. Энэ зөрчлийг  хяналт шалгалтаар илрүүлсэн. Иргэн М.Н-ны тэтгэврийн сунгалтыг буруу тогтоосноос болж Нийгмийн даатгалын санг 3 021 688 төгрөгөөр хохироож, 2015 оны 10 дугаар сарын 22-ны 00047 дугаартай Улсын байцаагчийн актаар тогтоосон уг хохирлын мөнгийг байцаагч өөрөө төлж санг хохиролгүй болгосон. Энэ талаар дахин алдаа дутагдал гаргахгүй хариуцлагатай ажиллахыг үүрэг болгож 2015 оны 11 сарын 16-ны өдөр У-д “ажлын хариуцлага алдсан” тул сануулсан. 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өөрөө төлбөрөө барагдуулж, энэ тухайгаа гар өргөдөл тайлбар бичиж  өгч байсан. Мөн 2016 оны 10 сарын 28-ны өдөр  алдаа дахин давтагдсан. Тахир дутуугийн тэтгэвэр авагч иргэн Н.О-ноос өргөдөл ирсэн. Тэрээр  өргөдөл дээрээ сунгалтын бичилтийг тэтгэврийн дэвтэр дээр байцаагчийн буруу бичилтээс болж ЭХМКомиссын Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоох, сунгалтын хуралд  “хугацаа болоогүй” гэж ойлгосноос хугацаа алдаж 2 сарын тэтгэврийн мөнгөө авч чадаагүй хохирч байгаа тул асуудлыг шийдвэрлэж тэтгэврийг нөхөн олгож өгнө үү гэсэн өргөдөл ирсэн. Өргөдлийн дагуу тэтгэврийн материал, анхан шатны бичиг баримтыг шалгаж үзэхэд иргэн Н.О-ны Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон актад заасан шийдвэрийн хүчинтэй хугацаа 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл заасныг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл гэж буруу сунгалт хийснээс даатгуулагч ЭХМКомиссын хурлаас 2 сараар хоцорч 8, 9 дүгээр сарын Хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаагаа сунгуулаагүй, 2 сарын тэтгэврээ авч чадалгүй хохирсон тул Улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 00049 дугаартай актаар 435066 төгрөгийг барагдуулж даатгуулагчийг хохиролгүй болгохыг даалгасан. Хэлтсийн дарга миний бие О-ны гэр бүлээр тулган өргөдөл бичүүлээгүй. Үүнээс гадна Г.У мэргэжлийн алдаа удаа дараа гаргасан, энэ байдалдаа хяналт тавьдаггүй, ажлын хариуцлага сайжраагүй, алдаа дутагдал гарсаар байсан. Алдаа дутагдлыг хэлэхэд миний буруу биш гээд хүлээдэггүй, дээр нь иргэдээс “танай байцаагч ажлын байран дээрээ байхгүй байна, хэчнээн удаан хүлээх ёстой вэ” гэсэн гомдлыг гаргахад асуух бүрд “Банкинд оочирлож байгаад ирлээ” гэсэн тайлбар хэлж өөрийгөө зөвтгөж хүлээн зөвшөөрөлгүй ажилдаа хайнга хандсаар ирсэн. Удирдах ажилтны хувьд Г.У-д сануулж, үүрэг даалгавар өгөхөд алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрдөггүй, ажлын цаг баримталдаггүй, удирдах ажилтны өөдөөс эсэргүүцэж харааж зүхдэг байдал нь олон удаа давтагдсан. ... Хэлтсийн даргын дэргэдэх Ёс зүйн хороог хуралдуулж асуудлуудыг авч хэлэлцсэн боловч алдаагаа ухаарч ойлгох шинж огт илрээгүй, ёс зүйн хорооны хурлаар хэлэлцсэн асуудлуудыг үгүйсгэж, өөрийнх нь эсрэг зохион байгуулалттай хурал хийж байна гэж эсэргүүцсэн тул хэлтсийн хамт олны өргөтгөсөн бүх албан хаагчдын хурлыг хуралдуулж Г.У-гийн гаргасан алдаа дутагдлыг танилцуулж, хэлэлцсэн. Төрийн захиргааны албан хаагч, Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны ёс зүйг баримтлах, хууль дээдлэх зарчмын хүрээнд “Нийгмийн даатгалын байгууллагын эрх бүхий албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлж ажиллах”, “Хууль, тогтоол, дүрэм, заавар журмыг мөрдөж ажиллахын хамт хувь хүнийхээ зан суртахууны байдалд байнга анхаарч, зан харьцааны дутагдал гаргахгүйг эрхэмлэх” ёстой байтал Г.У байцаагчийн ур чадварын хувьд мэргэжлийн алдааг удаа дараа гаргаж, ажил үүрэгтээ хайнга хандаж түүнийгээ хүлээн зөвшөөрөлгүй удирдах ажилтны өөдөөс доромжилж, хараал хэлж шүлсээ нулимсан зэрэг төрийн захиргааны албан хаагчид байж боломгүй маш олон алдаа дутагдал гаргасан, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах, бусдад ашиглуулах боломж олгож санг хохироосон. Мөн даатгуулагч иргэнийг хохироосон, анхан шатны баримт бичигт бичилтийг буруу хөтөлдөг алдаа дутагдлыг удаа дараа гаргасан тул Ёс зүйн хорооны хурлаар хэлэлцүүлж Г.У-г үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гарсны дагуу Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт болон “Хэлтсийн дотоод журам”-ын 11.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь халсан болно” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Г.У-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч  төрийн албанд ажиллах хугацаандаа албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн нь нотлох баримтаар нотлогддог. Мөн н.О-ны гэр бүлийн хүнд тулган өргөдөл бичүүлсэн гэж нэхэмжлэлд бичигдсэн байдаг. Бидний зүгээс н.О-той уулзан тэмдэглэл хөтөлснийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн. н.О бол хөдөлмөрийн чадвараа алдсан хүн. Өөрөө өргөдөл бичих боломжгүй тул эхнэрээрээ бичүүлсэн гэдгээ тайлбарладаг. Үүний дараагаар Г.У н.О-той холбогдож хэл амаар доромжилж, сэтгэл санааны дарамт учруулсан байдаг. Нэхэмжлэлдээ үр дүнгийн гэрээнд заасан ажил үүргээ хангалттай биелүүлэн ажиллаж байсан гэх бөгөөд хэлтсийн дарга надад хэтэрхий субъектив байдлаар хандсан гэсэн тайлбартай санал нийлэхгүй байна. Субъектив байдлаар хандсан гэж үзэж байгаа бол үүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгнө үү. Бидний зүгээс бол субъектив байдлаар хандаагүй гэдгийг 2015 онд н.Н гэх хүнд 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Н.Ө дарга үр дүнгийн гэрээг дүгнэхдээ нэхэмжлэгчид амаар сануулга өгсөн. Харин нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрч өөрөө төлбөрийг барагдуулсан байдаг. Нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөгдсөнөөс хойш нийгмийн даатгалын санд 17 сая төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь нөхөн илэрсэн. Үүнийг эрүүгийн хэрэгт шалгаж байгаа гэдгийг хэлмээр байна” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.У “Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Тэтгэврийн байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хуульд заасан журмын дагуу захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.У 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын Б/24 тоот тушаалаар Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст “Тэтгэврийн байцаагч”-аар томилогдон ажиллаж байгаад хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар буюу “албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр төрийн албанаас халагджээ.

Нэхэмжлэгч “албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн зүйл байхгүй, ... зөрчил гаргасан гэх асуудлын талаар тайлбар гаргах, холбогдох нотлох баримт гаргах боломжоор хангагдаагүй, шууд халсан, хэтэрхий субъектив байдлаар хандсан” гэж маргаж байх боловч Г.У тэтгэврийн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.5.3 “иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг зохих дүрэм, журмын дагуу цаг алдалгүй, ил тод, түргэн шуурхай хүргэх” болон Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмын 11.2.3.“...а/ Гурав ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан, г/ Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан, бусдад ашиглах боломж олгосон, д/ Нийгмийн даатгалын байгууллагын ёс зүйн дүрмийг зөрчсөн нь ёс зүйн хорооны хурлаас халах шийдвэр гаргасан”-д заасан зөрчлүүдийг гаргасан болох нь:

- 2014 онд “анхан шатны баримтыг хянан шалгалгүйгээр” Налайх дүүргийн 4 дүгээр хороонд оршин суух иргэн М.Н-ны тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарыг дуустал 10 сар 12 хоногийн хугацаагаар илүү сунгаж, тэтгэврийн санг 3 021 668 төгрөгөөр хохироосон болох нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 00047 тоот Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” акт, гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бичсэн нэхэмжлэгч Г.У-гийн тайлбар болон Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар Хуралдааны тэмдэглэлээр, 

- 2016 онд мөн дүүргийн 1 хороонд оршин суух иргэн Н.О-ны тэтгэврийн дэвтэрт түүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актад заасан хугацааг буруу бичиж, сунгалт хийснээс иргэн Н.Отгон 2 сарын тэтгэвэр 435.066 төгрөгийг авч чадалгүй хохирсон болох нь иргэн Н.О-ны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн өргөдөл, Н.О-ны тэтгэврийн дэвтрийн хуулбар, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн “Тэтгэврийг төлүүлэх тухай” 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 00049 тоот акт  болон Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар Хуралдааны тэмдэглэлээр, 

- ажлын цаг ашиглалтыг баримтлаагүй, захиргааны чөлөө авсан гэх баримтгүй 2016 оны 5 дугаар сард 1 өдөр, 8 цаг, 2016 оны 9 дүгээр сард 2 өдөр, 16 цаг ажил таслалтын ирцтэй байсан нь Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан хаагч нарын цагийн бүртгэлийн тайлан мэдээний баримт болон Хэлтсийн ёс зүйн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр тус тус нотлогдож байх тул албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Г.У-г Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар төрийн албанаас халсан хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэгэнт, нэхэмжлэгч Г.У Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.5.3, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмын 11.2.3 болон Налайх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Тэтгэврийн байцаагчийн ажлын байрны тодорхойлолт “Г.2. Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага: Эрхэлсэн ажлын биелэлт, үр дүн, эцсийн хариуцлагыг Хэлтсийн болон Албаны даргын өмнө хүлээнэ. ...Нийгмийн даатгалын тухай болон бусад холбогдох хууль, журам, Нийгмийн даатгалын ажилтны ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллана” гэж заасан хэрэгжүүлбэл зохих албаны үйл ажиллагаагаа зохих ёсоор биелүүлээгүй, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлтэй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Г.У Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийт ажилчдын болон Ёс зүйн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанд оролцож, өөрт холбоотой асуудлаар тайлбар, саналаа илэрхийлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Хэлтсийн ёс зүйн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “зөрчлийг шалган тогтоогоогүй, зөрчил гаргасан гэсэнтэй холбогдуулан тайлбар гаргах боломж олгоогүй” гэсэн нэхэмжлэл үндэслэлгүй байна. 

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас Г.У-ийн үйл ажиллагаанд шалгалт хийж, 24 зөрчил ирүүлсэн талаарх баримтыг хариуцагч шүүхэд ирүүлсэн боловч тус хяналт шалгалтаар тогтоосон зөрчил /үйл баримт/ нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй, өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны акт гарснаас хойш илэрч, тогтоогдсон зөрчил байх тул шүүх үнэлэх, хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.  

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасныг үндэслэн Налайх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Тэтгэврийн байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” тухай шаардлага бүхий Г.-гийн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.МӨНХТУЛГА