Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 1470

 

“МЧХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/03775 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “МЧХ” ХХК-ийн

Хариуцагч “Мотиваци” ХХК-д холбогдох

           

Худалдах, худалдан авах гэрээний үүрэг бетон зуурмагийн төлбөр 41 732 352 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүхийн гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Болдбаатар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч “МЧХ” ХХК-ийн төлөөлөгч А.Хөхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дашдэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2015 оны 6 дугаар сараас эхлэн “Мотиваци” ХХК-д бетон зуурмаг нийлүүлж эхэлсэн. Ингээд 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 92 м.куб, 8 дугаар сарын 11-ний өдөр 124 м.куб нийт 216 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн. Ингээд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж уг гэрээний 5.1.1-т худалдагч “МЧХ” ХХК, худалдан авагч ”Мотиваци” ХХК нар иь 2015 оны 6  дугаар сарын 29-ний өдрийн 92 м.куб 14 122 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 124 м.куб 19 034 000 төгрөг нийт 33 156 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлэх тухай гэрээ байгуулж энэ гэрээний үүргээ “МЧХ” ХХК биелүүлж бетон зуурмагаа нийлүүлсэн. Хариуцагч гэрээний дагуу төлбөрөө 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор бүрэн төлөхөөр тохиролцсон боловч “Мотиваци” ХХК төлбөрөө төлөөгүй тул 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр талууд уулзаж гэрээний үүргээ биелүүлэх талаар нэмэлт хэлцэл хийж гэрээнд заасан төлбөрийг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлж барагдуулах бөгөөд төлөхгүй бол хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 8 хувийн хүү өгөхөөр харилцан тохиролцсон. Ингээд гэрээний үүрэг 33 156 000 төгрөг гаргуулах анхны шаардлага дээр дээрх хэлцлийг үндэслээд 3 cap гаруй хугацааны хүү 8 576 352 төгрөгөөр нэмэгдүүлсэн тул хариуцагч “Мотиваци” ХХК-иас нийт 41 732 352 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Мотиваци" ХХК-иас 33 156 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "МЧХ" ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 8 576 352 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 475 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 323 730 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууллийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх заалтын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Хариуцагч “Мотиваци” ХХК нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад гэрч асуулгаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа нотлох зорилгоор хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хангасан. Гэрч шүүх хурал товлосон хугацаанд ирж байсан. Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс “Гадаад улсад албан томилолтоор явж байгаа тул шүүх хурлаас бусад процессыг явуулж өгнө үү'' гэсэн хүсэлтийг нотлох баримтын хамт гаргаж өгсөн боловч шүүх хуралдааныг явуулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийн тодорхойлолт бүхий албан тоотыг нотлох баримт гэж үзэхгүй шийдвэрлэсэн нь хууль буруу тайлбарлаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж хариуцагчийн эрхийг хязгаарласан үйлдэл болсон байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны хуулиар тогтоосон журмыг баримталсан тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

 

          Нэхэмжлэгч “МЧХ” ХХК нь хариуцагч “Мотиваци” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг бетон зуурмагийн төлбөр 41 732 352 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ” /хх-4/, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №01 тоот хэлцэл тус тус байгууллагдаж, 216 м.куб бетон зуурмагийг 33 156 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас 33 156 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 8 576 352 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, гэрч асуулгах тухай хүсэлтийг хангаагүй гэсэн  боловч тэрээр  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлин 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй тохиолдолд шүүх тухайн гэрчийн мэдүүлгийг авах нь хэрэгт ач холбогдолтой эсэхийг тодорхойлох боломжгүй. Тийм учраас шүүх гэрчийн мэдүүлэг авах тухай хариуцагчийн хүсэлтийг хангахгүй орхисныг буруутгах үндэслэлгүй юм. 


          Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, хэргийн  бусад  баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүхийн давж заалдах гомдлыг  хүлээн авах үндэсгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүхийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/03775 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүхийн гомдлыг хангахгүй орхисгугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323 730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.БАТЗОРИГ

 

                                          ШҮҮГЧИД                                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                       Д.БАЙГАЛМАА