Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01189

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 03 өдөр Дуга 210/МА2024/01189

 

 

Б.Э гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 01-ний өдрийн 101/ШШ2024/01745 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Э гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.С , Д.Л нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 43,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулуун, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Анужин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.Э нь өөрийн төрсөн эгч Ц.О эр дамжуулан, түүний найз Ц.С , Д.Л нарт 2018 оны 09 сарын 25-ны өдөр 25,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн. 2018, 2019 онуудад хүүг нь төлж байсан боловч 2020, 2021 онуудад харин ямар ч мөнгө төлөөгүй.

1.2. 2023 оны 02 сарын 01-ний өдөр эгч Ц.О нь Ц.С , Д.Л нартай холбон бид нарыг уулзуулсан ба тухайн үед Төлөлт хийх тухай баримтыг үйлдсэн. Бид нар хоорондоо ярилцан Ц.С , Д.Л нар нь 2022 оноос хүүгээ тооцон, жилийн хүү 9,000,000 төгрөг өгөхөөр болж, мөн 2023 оны 03 сараас, cap бүрийн 25-ны дотор cap бүр 2,000,000 төгрөг үндсэн төлбөрөөс төлөхөөр, 2023-2024 онд зээлсэн мөнгөө хүүтэй нь хамт төлж дуусгахаар тохиролцсон. Үүнээс хойш ямар ч төгрөгийг төлөөгүй, уулзах гэсэн боловч утсаа ч авахгүй болсон.

1.3. Иймд Ц.С , Д.Л нараас зээлийн үндсэн төлбөр 25,000,000 төгрөг, 2022, 2023 оны жилийн хүү 18,000,000 төгрөг, 2024 оны 01 сарын 24-ний өдрийг дуусталх хүү 600,000 төгрөг, нийт 43,600,000 төгрөгийг гаргуулж Б.Э д олгож өгнө үү. Хариуцагчийн тайлбарыг үндэслэн зээлийн хүүнээс 1,500,000 төгрөгийг хасч, хүүд 16,500,000 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагаа нийт 42,100,000 төгрөгөөр багасгаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч Б.Э нь 2018 оны 09 сард Ц.С , Д.Л нарт 25,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай зээлдүүлэхээр амаар тохиролцон, зээл олгосон.

Ц.С , Д.Л нар нь нэхэмжлэгч Б.Э гийн нэрийн Хаан банкин дахь 5037226918 тоот данс руу дараах байдлаар 10,500,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг төлсөн байдаг. Үүнд: 2018 оны 10 сарын 25-ны өдөр 750,000 төгрөг, 2018 оны 12 сарын 26-ны өдөр 750,000 төгрөг, 2019 оны 01 сарын 27-ны өдөр 750,000 төгрөг, 2019 оны 02 сарын 25-ны өдөр 750,000 төгрөг, 2019 оны 03 сарын 26-ны өдөр 750,000 төгрөг, 2019 оны 04 сарын 26-ны өдөр 750,000 төгрөг, 2019 оны 05 сарын 27-ны өдөр 750,000 төгрөг, 2019 оны 06 сарын 29-ний өдөр 750,000 төгрөг, 2019 оны 07 сарын 28-ны өдөр 750,000 төгрөг, 2019 оны 08 сарын 27-ны өдөр 750,000 төгрөг, 2019 оны 09 сарын 27-ны өдөр 750,000 төгрөг, 2019 оны 10 сарын 31-ний өдөр 750,000 төгрөг, 2019 оны 12 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 07 сард бэлнээр 1,500,000 төгрөг өгсөн.

2.2. Цар тахлын нөхцөл байдлын улмаас зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлж чадаагүй бөгөөд дансаар болон бэлэн төлөлтөөр нийт 15,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг нэхэмжлэгч Б.Э д төлсөн болно.

Иймд Б.Э гийн зээлийн төлбөрт 43,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 33,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.С , Д.Л нараас зээлийн гэрээний үүрэгт 22,000,000/хорин хоёр сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 20,100,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.С , Д.Л нараас улсын тэмдэгтийн хураамжид 267,950 /хоёр зуун жаран долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ 5а. Харин дээрх Төлөлт хийх тухай баримтын хувьд гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн.

4.2. Хариуцагч нар 2023 оны 02 сарын 01-ний өдөр Төлөлт хийх тухай баримтыг үйлдэж, түүндээ 2015 оны 7 сард 25,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлсэн. 2018, 2019 онуудад хүүгээ өгч байсан. 2020, 2021 онд Ковидын цар тахал гарсантай холбоотой энэ хугацааны хүүг тооцохгүй, 2022 оноос хүүгээ тооцъё. 1 жилийн хүү 9,000,000 төгрөг, 2023 оны 3 сараас cap бүр болгоны 25-ны дотор cap бүр 2,000,000 төгрөг төлнө. 2023, 2024 онд зээлсэн мөнгөө хүүтэй нь төлж дуусгана гэсэн байдаг.

4.3. Шүүх энэ баримтын 2022 оноос хүүг тооцъё, 2023, 2024 онд зээлсэн мөнгөө хүүтэй нь төлж дуусгана гэсэн хүсэл зоригийн илэрхийлэл, тохиролцоог хэрхэн яагаад үнэлсэнгүй талаарх үндэслэл бүхий дүгнэлтийг шийдвэртээ хийж өгсөнгүй.

Зээлсэн мөнгийг хариуцагч нар 2018-2024 он буюу өнөөдрийг хүртэл бараг 6 жил төлөөгүй, нэхэмжлэгчийн зүгээс төлөхийг удаа дараа шаардаж байсан, мөнгө нь байсан бол ашиг олоод явах бүрэн боломж байсан зэрэг нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол маш ихээр хохирч байна.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 01-ний өдрийн 101/ШШ2024/01745 дугаар шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийн шаардлагы бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Төлөлт хийх тухай баримт гэх гар бичмэлийг нэхэмжлэгчийн хүсэлтээр үйлдсэн. Энэ баримт нь 2018 оны 09 сарын 25-ны өдөр анх үүссэн зээлийн гэрээний харилцааг бататгасан шинжтэй баримт. Түүнээс энэ баримтаар 2018 оны зээлийн гэрээний хугацааг сунгасан зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Ч.С , Д.Л нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 43,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Б.Э нь 2018 оны 09 сарын 25-ны өдөр 25,000,000 төгрөгийг Б.О ийн 000 тоот дансаар дамжуулан хариуцагч Ч.С ийн 000 тоот дансанд шилжүүлснээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 12,000,000 төгрөгийг төлснөөс нэг жилийн зээлийн хүү 9,000,000 төгрөг төлсөн үйл баримтыг зөв тогтоожээ. /хх-19-36/

 

Хариуцагч Ц.Сумъяадоржийн Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд сар бүр тогтмол 750,000 төгрөг шилжүүлж байсан нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч нар нь 25,000,000 төгрөгийн 3 хувийн хүү /750,000/-г зөвшөөрч төлж байсан талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Зохигч талуудын хооронд зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан боловч хариуцагч нар нь зээлийн хүүг зөвшөөрч төлж байсан тул хариуцагч нарын зээлийн гэрээний үүрэгт сар бүр тогтмол шилжүүлж байсан 750,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг зээлийн гэрээний хүү төлсөн гэж үзэж, үндсэн зээл 25,000,000 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 3,000,000 төгрөгийг хасч, үлдэх 22,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

5. Хариуцагч нар нь 2023 оны 02 сарын 01-ний өдөр Төлөлт хийх тухай гэх нэртэй баримт үйлдэж, уг баримтад 2018 оны 7 дугаар сарын 25,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлсэн. 2020-2021 оны зээлийн хүүг тооцохгүй, 2022 оноос зээлийн хүүг тооцож, 1 жилийн хүү 9,000,000 төгрөг, 2023 оны 03 сараас эхэлж сар бүрийн 25-ны өдөр 2,000,000 төгрөг төлөхөөр, 2023-2024 онд зээлийн төлбөрийг төлж дуусгана гэж дурдсан. /хх-3/

 

Дээрх баримтыг зээлийн гэрээний хугацаа сунгагдсан хэлцэл гэж үзэхгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нарын үйлдсэн Төлөлт хийх тухай гэх баримтын агуулгыг шууд үгийн утгаар тайлбарлахад зээлийн гэрээний харилцааг сунгасан хүсэл зориг байхгүй, харин зээлийн мөнгөн хөрөнгийг төлөх хугацааг заасан нэг талын баримт гэж үзнэ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 01-ний өдрийн 101/ШШ2024/01745 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

 

С.ЭНХБАЯР