Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 14 өдөр

Дугаар 00472

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Наранбулаг сумын 4 дүгээр багт оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, ОЗ63051008 регистрийн дугаартай, Тайчууд овогтой Буудайгийн Ичинхорлоогийн нэхэмжлэлтэй,

          Нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Б.Ичинхорлоо шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1961 онд төрсөн. Намайг төрүүлсэн ээж Сээмэйд овогтой Хутаг нь хүнтэй суугаагүй байхдаа гэртээ төрүүлсэн. Тэгээд ах Сээмээд овогтой Буудай гэж хүнд өргүүлдсэн. Ах намайг 1961 онд өргөж авсан боловч 1963 онд төрөлтийн бүртгэл хийлгэснээс болж миний иргэний үнэмлэхний төрсөн он буруу бичигдэж олгогдсон байсан. Одоо миний бичиг баримт 1963 онд төрснөөр олгогдсон байдаг. Миний бие тэтгэвэрт гарах жинхэнэ нас болж байгаа учир 1961 онд төрсөн болохоо сэргээн тогтоолгох шаардлагатай байна.  Иймд наймайг 1961 онд төрснийг тогтоож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Б.Ичинхорлоо нь нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

      Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 108/000481 дугаартай лавлагаанд “1959-1964 оны Увс аймгийн Наранбулаг сумын төрөлтийн бүртгэлд Хутагийн Ичинхорлоогийн төрөлт бүргэгдээгүй байна” гэсэн, Үндэсний төв архивын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 02/172 дугаар лавлагаанд “Үндэсний төв архивын сан хөмрөгт Монгол улсын 1924-1929, 1933, 1944, 1947, 1956, 1989, 2000, 2010 оны хүн амын тооллогын баримт хадгалагддаг болно. Монгол улсад 1969 онд хүн ам, орон сууцны тооллого явагдсан тухай баримт тус архивын сан хөмрөгт байхгүй байна” гэжээ.

         Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 330 дугаартай дүгнэлтэд “Үзүүлэгч Б.Ичинхорлоо нь 52-57 настай байх боломжтой” гэжээ.

          Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Г.Хишигт: “Сэмээдийн Худаг нь гэртээ байхдаа 1961 оны хавар үхэр жил охин Ичинхорлоог төрүүлсэн. Ичинхорлоогийн ээж нь Хутаг нь 1964 онд хүнтэй суугаад тусдаа гарахдаа охин Ичинхорлоо, дүү Туяа хоёрыг өөрийн ээж Сэмээ дээрээ үлдээсэн. Ичинхорлоогийн ээж Хутаг нь 1980 онд бурхан болсноос хойш Ичинхорлоо, Туяа хоёрыг нагац ах Буудай өөрийн нэр дээр шилжүүлэн одоог хүртэл Буудайгаар овоглож яваа. Ичинхорлоог сургуульд оруулахгүй гэх шалтгаанаар 2 нас дарж сургуульд ороход нь 1963 онд төрснөөр бүртгүүлсэн байна. Ичинхорлоогийн ээж Хутаг бид хоёр ах дүү хоёрын хүүхдүүд учир би сайн мэдэж байна. Бид нарыг бага байх үед сургуульд оруулахгүй гэх шалтгаанаар хүүхдүүдийнхээ насыг их дардаг байснаас болж ийм асуудал гарч байна. Б.Ичинхорлоо нь 1961 оны хавар төрсөн нь үнэн” гэж, гэрч С.Хутаг: “Би 1961 оны хавар буюу үхэр жилийн хавар охин Б.Ичинхорлоог төрүүлсэн. 1964 онд нөхөртэйгээ гэр бүл болоод явахдаа өөрийн охин Б.Ичинхорлоог өөрийн ээжийнд үлдээгээд явсан юм. Тэгээд манай ээж 1980 онд бурхан болсноос хойш миний ах Буудайгийн асрамжид үлдсэн. Б.Ичинхорлоо тухайн үед 21 настай байсан байна. Тэгээд миний ах Буудайгаар овоглож явдаг. Манай ээж охиныг сургуульд оруулахгүй гэж насыг нь дарж байгаад сүүлд сургуульд оруулахдаа 1963 онд төрсөн гэж бүртгүүлсэн байдаг. Түүнээс хойш Б.Ичинхорлоогийн төрсөн оныг 1963 он гэж бүртгэж явдаг болсон. Гэхдээ би түүнийг үхэр жилийн хавар төрүүлсэн болохоо гэрчилж, мэдүүлж байна” гэсэн мэдүүлгийг тус тус өгсөн байна.

         Хэдий Б.Ичинхорлоогийн иргэний үнэмлэхэд 1963 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн гэж тэмдэглэгдсэн байх боловч түүний 1959-1964 онд төрсний бүртгэл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, мөн Үндэсний төв архивын сан, хөмрөгт бүртгэгдээгүй болох нь дээрх лавлагаа, тодорхойлолтуудаар тогтоогдож байна. 

         Иймд гэрч Г.Хишигт, С.Хутаг нарын мэдүүлэг, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 330 дугаартай дүгнэлт, нэхэмжлэгчийн өөрийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн, Тайчууд овогтой Буудайгийн Ичинхорлоог 1961 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, одоо 55 настай болохыг тогтоож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Б.Ичинхорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Тайчууд овогтой Буудайгийн Ичинхорлоог 1961 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, одоо 55 настай болохыг тогтоосугай. 

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ичинхорлоогийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас  хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.ГЭРЭЛТУЯА