Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01329

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 01 өдөр Дуга 210/МА2024/01329

 

 

Б.Б ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/01583 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Б ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: П.Д , Ш.Х нарт холбогдох,

 

Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б , хариуцагч П.Д ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Эрдэнэ, хариуцагч Ш.Х , хариуцагчийн өмгөөлөгч А.Анар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие Б.Б 2016 оны 05 сарын 05-ны өдөр иргэн Л.А тай түүний эзэмшлийн гэх ХХХ дахь 000 нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв зуслангийн зориулалттай газрыг 10,000,000 төгрөгөөр худалдаж авахаар Худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Ингээд гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 05 сарын 05-ны өдөр гэрээний нийт төлбөрийн 50 хувь болох 5,000,000 төгрөгийн урьдчилгааг Л.А д бэлнээр өгсөн ба энэ талаар гэрээний 4.1-д тусгаж, үлдэгдэл төлбөрийг удаагаагүй төлж дуусгасан.

1.2. Тухайн үед Л.А нь надад хэлэхдээ дээрх зуслангийн газар түүнийх бөгөөд газрын гэрчилгээг тухайн зуслангийн манаач болох П.Д ын нэр дээр гаргасан тул газар шилжүүлэхэд ямарваа нэгэн асуудалгүй гэсэн учраас тус газрыг авахаар гэрээ байгуулсан.

1.3. Тухайн газрын эзэн Л.А тай гэрээ байгуулан төлбөрийг барагдуулсан байсан тул үнэ төлбөргүй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг иргэн П.Д той байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Нэгэнт газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулсан учраас газар дээрээ 2 метрийн өндөртэй 3 тал төмөр хашааг найз н.Б гийн Т ХХК-аар хийлгэж, найз н.Энхбилэгээр газар дээр нь 3 өдөр суулгаж, гагнуулж будуулсан бөгөөд нийт 12,000,000 төгрөгийн зардал гаргасан.

1.4. 2020 оны хавар хашаан дээрээ очиход хашааны цоожийг сольж өөр цоожоор сольсон байсан ба П.Д оос асуухад Ш.Х гэж залуу манай хашаа гээд яваад байгаа гэж хэлсэн. Ингээд Ш.Х тэй холбогдож уулзахад газрыг би П.Д оос худалдаж авсан, хашааг нь бол өөрийнх нь биш гэж мэдэж байсан. Тус газрын гэрчилгээ, бичиг баримт нь хуулийн дагуу миний нэр дээр гарсан, энэ зун газар дээрээ байшин барих гэж байгаа, хашаагаа салгаад аваад явж болно, эсвэл 6,000,000 төгрөг хашааны үнэд өгч болно гэсэн.

1.5. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дээрх газрын талаар лавлаж асуухад иргэн П.Д ын нэр дээр 2019 оны 10 сарын 21-ний өдрийн 000 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр гаргуулан авч, П.Д ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М э нь 2019 оны 12 сарын 27-ны өдөр Ш.Х д дээрх газрын эзэмших эрхийг шилжүүлэх тухай өргөдөл гаргаж, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийн 2020 оны 02 сарын 19-ний өдрийн 000081175 дугаартай Ш.Х гийн нэр дээр газар эзэмших гэрчилгээг гаргуулсан болохыг олж мэдсэн.

1.6. Нэхэмжлэгч миний бие дээрх газрыг хууль ёсны дагуу гэрээ хэлцэл хийж худалдаж авсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.4, 56.6, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу П.Д болон Ш.Х нарын хооронд 2019 оны 12 сарын 27-ны өдөр байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч П.Д ын татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. П.Д нь миний эхнэр юм. Бид нар 2016 онд Л.А гэдэг хүнд хэлж хөөцөлдүүлэн ХХХ , ХХХХХ д 700 м.кв зуслангийн зориулалттай газрыг эзэмших болсон.

2.2. Газрын гэрчилгээгээ Л.А гаас аваад удаагүй 1 cap өнгөрч байтал та гэрчилгээгээ өгөөч гэж хэлээд гэрчилгээ аваад явсан. Үүнээс хойш Л.А гаас газрын гэрчилгээгээ буцааж аваагүй.

2.3. Ш.Х 2020 онд манай эхнэртэй уулзаад, таны нэр дээр зуслангийн газар байдаг юм байна, энэ газраа надад өгчихөөч гэхэд тухайн үед бид нар мэдэхгүй гэж хэлээд өнгөрсөн.

2.4. Манайх энэ газрыг эзэмшиж байсан, газрын гэрчилгээг Л.А авсан, Б.Б рүү эрх шилжүүлж өгсөн. Өөр зүйл мэдэхгүй байна. Бид газраа буцааж авмаар байна. Л.А бидний газрыг зарчихаад нэг ч төгрөг бидэнд өгөөгүй. Бидэнд энэ нэхэмжлэлийн шаардлага хамааралгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Ш.Х гийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

3.1. Миний бие уг газрыг М.М гэх иргэнээс 2019 оны 12 сарын 27-ны өдөр Газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилүүлэх гэрээ-гээр худалдан авсан.

3.2. Уг газар нь М.М ийнх биш боловч, газар эзэмшигч П.Д нь газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх эрхийн итгэмжлэлийг иргэн.М.М эд олгосон хүчин төгөлдөр хэлцлийг үндэслэн газар эзэмших эрхийг олж авсан.

3.3. Аливаа эрхийг худалдан авч байгаа этгээд нь эрх шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлснээс хойш эрх бүхий бүртгэлийн байгууллагад 14 хоногийн дотор бүртгүүлэх учиртай. Эс бөгөөд эрх шилжүүлэх гэрээний хүчин төгөлдөр байдал дуусгавар болдог.

3.4. Нэхэмжлэгч нь дээрх газар эзэмших эрхийг 2016 оны 05 сарын 05-ны өдөр иргэн Л.А гаас Худалдах, худалдан авах гэрээ-гээр худалдан авсан гэж, мөн дээрх газар эзэмших эрхийг 2017 оны 05 сарын 11-ний өдөр Эрх шилүүлэх гэрээ-г иргэн П.Д той байгуулсан, гэтэл 2020 оны хавар уг газар Ш.Х д шилжсэн болохыг мэдсэн гэжээ.

3.5. Иргэн П.Д ын газрыг, иргэн Л.А тай гэрээ байгуулж худалдан авч байгааг ойлгохгүй байна. Мөн, нэхэмжлэгч нь 2017 оны 05 сарын 17-ны өдөр иргэн П.Д той Эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг газрыг худалдан авах хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзвэл 2017 оны 06 сарын 01-ний өдрөөс хойшхи түүний үйлдлийг гэрээнээс татгалзсан гэж ойлгохоор байна.

3.6. Хариуцагч Ш.Х миний бие газар эзэмших эрхийг хуулийн дагуу шилжүүлэн авсан, шударга эзэмшигч юм. Нэхэмжлэгч та, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эрх зүйн үр дагаврыг сайтар ухамсарлаж, асуудалд муйхар хандах бус, бодиттой дүгнэлт хийх нь зүйтэй. Нөгөөтэйгүүр, хувь хүний буюу иргэн Ш.Х миний нууцад халдаж, нууцад хамаарах мэдээллийг хууль бусаар олж авсан байж болзошгүй үйлдлийг тань харьяалагдах байгууллагаар шалгуулах болно гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Д , хариуцагч Ш.Х нарын 2019 оны 12 сарын 17-ны өдөр байгуулсан СХХХ , ХХХХХ 000 нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрын Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Д , Ш.Х нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б эд олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Ш.Х гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй. гэж заасан. Үүнээс үзвэл тухайн хэлцлийн хувьд хууран мэхлэгдсэн этгээд нь хэлцлийг хүчин төгөлдөр гэж тооцуулахаар шаардах эрхтэй байна.

5.2. Дээр дурдсан шүүхээс хүчин төгөлдөр бусд тооцсон гэрээний хувьд хууран мэхлэгдсэн этгээд нь иргэн Ш.Х миний бие билээ. Гэтэл тус шаардлагыг миний бие гаргаагүй, нөгөө талаас нэхэмжлэгч этгээдэд тус шаардлагыг гаргах эрхийг хуулиар олгоогүй гэж үзэж байна.

5.3. Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй болохыг мөн дурдах нь зүйтэй. Энэ нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл болон шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн зүгээс гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдоно. Үүний дээр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүхийн шийдвэрийн 7 дугаар хуудсанд ...зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээснийг хариуцагч Ш.Х д мэдэгдэлгүй, Хариуцагч Ш.Х тэй гэрээ байгуулсан байх тул хуурч мэхлэн хэлцэл хийсэн гэж үзнэ гэжээ. Өөрөөр хэлбэл хэлцлийн хувьд хууран мэхлэгдэж буй хүн нь намайг гэж үзсэн байдаг.

5.4. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.4 дэх хэсэгт заасныг иш татаж үндэслэсэн байна. Хэрэв Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх нь үндэслэлтэй, нэхэмжлэгч иргэн нь мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасан сонирхогч этгээд мөн гэж үзвэл 1 жилийн дотор гомдлын шаардлага гаргахаар зохицуулсан байна.

5.5. Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбарт 2020 оны хавар Ш.Х надтай холбогдсон гэх ба тэр үеэс нэхэмжлэгч хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар 1 жилийн дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй байсан ч тус эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс холбогдох гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлага гаргах эрх олгогдоогүй, түүнчлэн Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар шаардлага гаргах хугацаа өнгөрсөн байна.

5.6. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасны дагуу Ш.Х миний бие тухайн газрыг хууль ёсны эзэмшигч ашиглагчтай гэрээ байгуулж, эрх шилжүүлэн авч, хууль ёсны дагуу холбогдох төрийн байгууллагатай гэрээ байгуулж, гэрчилгээ авсан бөгөөд энэ талаар хэн ч маргаагүй буюу иргэн би шударгаар тухайн газрын эзэмших эрхийг олж авсан хууль ёсны эзэмшигч учраас эзэмшлийн газар дээрээ өөрийн хөрөнгөөр байшин барьсан юм.

5.7. Гэтэл иргэн миний бие шударгаар бие даасан гэрээний үндсэн дээр газрыг шилжүүлэн авсан бөгөөд тухайн үед П.Д нь иргэн надад дээрх нөхцөл байдлаа мэдэгдээгүй болох нь тогтоогдсон тул П.Д ын Б.Б тэй байгуулсан бие даасан гэрээний асуудал нь надтай огт хамааралгүй гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалсан үүрэг хариуцлагыг Ш.Х надад хариуцуулах эрх зүйн үндэслэл байхгүй.

5.8. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. гэж заажээ. Үүнээс үзвэл тус газрыг эзэмших эрх нь эрхийн гэрчилгээг төрийн зохих байгууллагаас олгосноор үүсэх боломжтой байна. Өөрөөр хэлбэл Б.Б нь П.Д той гэрээг байгуулснаар газрыг эзэмших, ашиглах эрх үүсэхгүй бөгөөд харин төрийн холбогдох байгууллага албан тушаалтнаас гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн нөхцөлд л үүсэх юм.

5.9. Нөгөө талаас иргэн миний бие маргаан бүхий газрыг хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй этгээдээс гэрээний үндсэн дээр төрийн байгууллагын зөвшөөрлөөр өөрийн нэр дээр шилжүүлэн гэрчилгээ авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа нь газар эзэмших эрх хууль ёсны дагуу зохих ёсоор үүссэн гэж үзэж байна. Мөн энэ тохиолдолд өмнө дурдаж байсан үндэслэлээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг төсөөтэй хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Процессийн тухайд 2024 оны 04 сарын 17-ны өдөр утсаар ярьсан тэмдэглэлд Ш.Х д 09 цаг 30 минутад хурал болох талаар хурлын тов мэдэгдсэн гэж үзэж байна.

Дээрх үндэслэлүүдээр Сүхбаатар дүүргийн Иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/01583 дугаар шийдвэр нь илт үндэслэлгүй байх тул бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч П.Д ын тайлбарын агуулга:

2019 онд Л.А гэх хүн П.Д ын нэр дээр газрын бичиг гаргуулж өгсөн. Түүнээс хойш Б.Б гэх хүнд худалдсан талаар би сайн мэдэхгүй байна. Тухайн газрыг худалдсан өдрөө П.Д ыг авч явж гарын үсэг зуруулсан байсан. Хариуцагч Ш.Х гийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч П.Д , Ш.Х нарт холбогдуулан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

 

3.1. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 12 сарын 27-ны өдөр П.Д , Ш.Х нарын хооронд байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаарджээ.

 

Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага болохгүй. Учир нь шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон тохиолдолд уг хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэх учиртай.

 

Иймд анхан шатны шүүх 2019 оны 12 сарын 27-ны өдөр П.Д , Ш.Х нарын хооронд байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулсны үр дагаврыг хэрхэх талаар тодруулах, энэ талаар зохигч талуудыг мэтгэлцүүлсний үндсэн дээр маргааныг шийдвэрлэх нь зүйтэй байжээ.

 

3.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2019 оны 12 сарын 17-ны өдрийн гэрээ, болон бусад бичгийн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар бичгийн нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүх уг баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах шаардлагатай.

 

4. Анхан шатны шүүх талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзнэ./хх-78, 81/

 

Хариуцагч Ш.Х хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хурал ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/01583 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ш.Х гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

С.ЭНХБАЯР