| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2019/0043/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/39 |
| Огноо | 2019-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.М |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2019/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.М хөтлүүлж
Улсын яллагч: Б.М
Шүүгдэгч: М.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн М Т холбогдох 1812........... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овгийн М Т /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч М.Т нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Хангай сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, Дэлгэрэнгүй хороолол гэх газар гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ж.Бн эрүүний зүүн доод хэсэгт цохиж, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед:
Шүүгдэгч М.Т мэдүүлэг өгөхдөө: ...би эхнэрээ нэг удаа цохисон, одоо бид 2 учраа ололцсон, хамт амьдарч байгаа гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Ж.Бийн өгсөн: ....2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед сумын соёлын төвд хүүхдийн шинэ жилийн баярын үйл ажиллагаа болж байхад манай нөхөр гаднаас орж ирээд хүмүүсийн дэргэд намайг хэл амаар доромжилж, гичий, жингэр минь гэж хэлээд гараад явсан. Би хэсэг хугацааны дараа хүүхдүүдээ дагуулаад Б эгч дээр очиж машин дотор сууж байхад нөхөр намайг хэл амаар доромжлоод байхаар би машинаас буугаад, хөдөө явахгүй гэж хэлээд Архангай аймаг Хангай сум Ноён хангай баг, Шинэ хорооллын урд замд оршин суух ээж дээрээ очлоо гээд алхаад явж байхад намайг машинд суулгах гээд чирээд хэл амаар доромжилж байгаад миний зүүн талын эрүү хэсэг рүү хоёр удаа гараа атгаж байгаад цохисон. Би уйлаад ээж дээрээ очоод ухаан алдаж унасан байсан…Миний нүүр толгой хэсэг хөндүүрлээд ярьж болохгүй, цээжин бие хөндүүр байна. Тухайн үед нөхөр миний зүүн талын нүүр эрүү хэсэг рүү хоёр удаа гараа атгаж байгаад цохисон. Тэр үедээ миний бие өвдөж байсан, одоо өвдөхөө больсон... Гомдол санал нэхэмжпэх зүйл байна. Эрүүл мэнд эмчилгээний зардал нэхэмжилж байна зодуулсандаа гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/
Гэрч Ж.А өгсөн: ...2018 оны 12 дугаар сарын 21-ний орой 17 цаг 40 минут орчимд гаднаас уйлаад Т намайг зодоод байна гэж хэлээд гэрийн босго даваад ухаан алдаж унасан. Би сумын хүн эмнэлэг дуудаж дараа нь цагдаад мэдэгдсэн гаднаас орж ирэхдээ уйлсаар хашгирч орилоод орж ирсэн. Б гаднаас ээжийн гэрт орж ирэхдээ нөхөртөө зодуулсан бололтой нүүр эрүү хэсэг нь хавдсан, муухай орилоод Т намайг зодоод байна гэж хэлээд ухаан алдаж унасан. Гэрт Б орж ирэх үед манай ээж, би, Б, бид нар байсан. Өөр хүн байгаагүй. Т ах Б эгчийг ямар шалтгааны улмаас зодсон талаар би мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/
Гэрч М.Б-ын өгсөн: .... 2018 оны 12 дугаар сарын 21-ний оройны 17 цаг 40 минут орчимд гаднаас уйлаад Т намайг зодоод байна гэж хэлээд гэрийн босго даваад ухаан алдаад унасан. Нөхөртөө зодуулсан байдалтай нүүр эрүү хэсэг нь хавдаж хөхөрсөн харагдаж байсан. Гэрт орж ирэхдээ нөхөртөө зодуулсан бололтой нүүр эрүү хэсэг нь хавдсан, муухай орилоод Т намайг зодоод байна гэж хэлээд ухаан алдаж унасан. Манай бэр охин эмнэлэг цагдаа дуудаад эмч ирж үзээд манай охинд тариа хийж өгсөн...Т архи уусан үедээ агсан согтуу тавьдаг талаар би нүдээр хараагүй. Нутгийн хүмүүс ярихдаа эхнэр хүүхэддээ агсан согтуу тавьж хэрүүл маргаан хийж байдаг гэж хэлсэн…Эрүү нүүр хэсэг нь бага зэрэг хөхөрч хавдсан харагдсан. Өөр ил харагдах шарх сорви харагдаагүй. гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу, 22-23 хуу/
Гэрч Б.Бн өгсөн: ....2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн үед сумын соёлын төвд хүүхдийн шинэ жилийн баяр болж баяр тараад Б хоёр хүүхдээ дагуулаад манай гэрт ирсэн…Тухайн үед би өөрийн эзэмшлийн 06-82 УНО улсын дугаартай сузики свит маркийн авто машинд суулгаад хөдөө гэр рүүгээ явах гээд хөдлөөд явж байхад Тын эхнэр Б би хөдөө гэр рүүгээ явахгүй гээд буугаад яваад өгсөн. Нөхөр нь араас нь яв, цуг явцгаая гэхээр нь араас очиход нөхөр Т машинаас буугаад эхнэрээ машинд суулгах гээд хоорондоо ноцолдоод эхнэрийнхээ суганы доогуур хоёр гараа хийгээд өргөөд машинд суулгах гээд ноцолдож байхдаа эрүү, нүүр хамар хэсэг рүү нэг удаа гараараа цохиж авсан. Тэгсэн эхнэр нь доошоо хамраа бариад тонгойгоод суусан. Тэр үед хамраас цус гараагүй байсан. Тэгээд эхнэр Б гудамжны булан тойроод ээжийнхээ гэр рүү гүйгээд явсан. Би Тыг дүүгийнд нь хүргэж өгөөд гэртээ харьсан...Б, Т нар хоорондоо ямар харилцаатай байдаг талаар мэдэхгүй, урьд өмнө нь цохиж зодсон талаар би мэдэхгүй.Энэ жил хамт цуг бууж өвөлжиж байгаа юм. Архи дарс байнга хэрэглээд байдаггүй хааяа ууж иддэг. Манай гэрт байхдаа хоорондоо хэрэлдэж маргалдаагүй, хэл амаар доромжилсон зүйл болоогүй...Т архи уусан үедээ агсан согтуу тавьдаг асуудал гаргаж байгаагүй, яаж ч согтсон агсан тавьж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу, 27-28 хуу/
Гэрч П.Мн өгсөн: ...Хангай сум иргэн Ж.Б би 2018 оны 12 дугаар сарын 21-ний оройн 20 цаг 30 минут үед Эрүүл мэндийн төв жижүүрээс дуудсан дуудлагын дагуу очиж үзэхэд толгой өвдөнө, зүүн талын эрүү хацар хавдсан гаднаас харахад хөхөрч хавдаагүй байсан. Өөр ил харагдах шарх сорви байгаагүй. Эмнэлэг анхны тусламж үзүүлээд тайвшруулаад цай, эм өгч тухайн өвчтөны биед үзлэг хийсэн. Яаралтай тусламжийн хуудсан дээр үзсэн үзлэгээ тодорхой бичсэн байгаа. Тухайн өвчтөн нөхөртөө зодуулаад ухаан алдсан гэж ар гэрээс нь дуудлага дуудсан. Тэгээд өөрснөө эмнэлэг дээр ирсэн учраас эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн…Тухайн үед өвчтөн Бийн биед үзлэг хийж байхад зүүн талын жавьжны дотор салстан дотор цус хурсан зүүн талын эрүү хэсэг бага зэрэг хавдсан байсан.Өөр ил харагдах шарх сорви байгаагүй. Түүний биеийн амин үзүүлэлтүүд нь бүгд хэвийн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/
Гэрч Н.Э өгсөн:... Т хүнд тусархуу төлөв даруу, ааш зантай нутаг орондоо нэр хүнд сайтай, малаа малладаг малчин залуу байгаа юм. Хааяа архи дарс хэрэглэдэг, өөр зуршил байхгүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг эсэх талаар нь байнга хамт байдаггүй болохоор мэдэхгүй байна. Эхнэр Бийн үгэнд ороод гэртээ харихаар хамт явж байхдаа надтай тааралдаж байсан. Өөр эхнэр хүүхдээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар би мэдэхгүй байна…гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй иргэний судалгаанд Тын нэр байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/
Гэрч М.Дн өгсөн:..2012 онд манайх Т гэх залууд хонь малаа харуулж байгаад илүү дотно таньж мэдэх болсон. Т дүү минь байгаа юм. Төлөв даруу, хүнтэй эвсэг найртай, сайн харьцаатай нутаг орондоо нэр хүнд сайтай хүн байгаа юм. Янз бүрийн илүү дутуу зан ааш байхгүй. Хүнтэй эвтэйхэн харьцдаг, хүнд тусархуу байгаагаараа л байдаг хүн. Хөдөө малаа маллаж амьдардаг малчин хүн байгаа юм. Хааяа архи уудаг гэхдээ архи, дарс уусан үедээ янз бүрийн зан ааш байхгүй, унтаад өгдөг амар хүн байгаа юм. Хааяа гэр бүлийн маргаан байдаг байх би сайн мэдэхгүй байна....гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/
М.Тын яллагдагчаар өгсөн:....би 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймаг Хангай сумын Ноён хангай баг Нарийны хойд эх гэх газраас сумын төв орохоор эхнэр хүүхэд хот айл, Б эгчийн хамт машинаар сум орж үдээс хойш хүүхдийн цэцэрлэгийн шинэ жил болж баяр орой тараад хөдөө явъя гэртээ харъя гэж хэлэхэд манай эхнэр харихгүй гээд уурлаад гудамжинд орилоод байсан. Тэгэхээр би хөдөө явах гэж байсан машиндаа суулгах гээд суухгүй болохоор нь би эхнэрээ нэг удаа нүүр хэсэг рүү нь алгадсан. Өөр гар хүрээгүй. Харин манай эхнэр ээж дээрээ очлоо гээд уйлаад гүйгээд яваад өгсөн. Өөр ямар нэг асуудал болоогүй. Би хүргэн ахынд нэг шил архи уучихаад тэндээсээ гарч яваад сумын соёлын төв орж эхнэр авч хөдөө гэртээ харъя гэж хэлэхэд манай эхнэр гэртээ харихгүй гээд байсан. Би өөр хүнтэй би архи уугаагүй. Тухайн үед хүүхдийн цэцэрлэгийн шинэ жил болсон. Тэндээс тараад хөдөө гэртээ харъя үнээ малаа саая малаа харъя мал харах хүн байхгүй гэж хэлэхэд манай эхнэр хөдөө гэр рүүгээ харихгүй гэхээр нь бид хоёр хоорондоо маргалдсан. Амьдралд хэрүүл маргаан байж л байдаг. Би янз бүрийн юмаар цохиж зодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай дүгнэлт:
1. Ж.Бийн биед эрүүний зүүн доод хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 39 хуу/
М.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 6 хуу/
Ж.Бийн амбулаториороор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 40-43 хуу/
Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хх-ийн 44 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 56 хуу/
Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59 хуу/
М.Тын малын тодорхойлолт /хх-ийн 60 хуу/
М.Т, Ж.Б нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 61 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 63-64 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч М.Тт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Т нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн орчим Архангай аймгийн Хангай сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, Дэлгэрэнгүй хороолол гэх газар эхнэр Ж.Бийн нүүрэнд цохиж эрүүний зүүн доод хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч М.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ж.Б, гэрч Ж.А, М.Б, Б.Б, П.М, М.Б, Н.Э, М.Д нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч М.Т нь хохирогч Ж.Б зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан эрүүний зүүн доод хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас М.Тын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.
Иймд шүүгдэгч М.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Яллагдагч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 68-69 хуу, 70-71 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч М.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлуудыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч М.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Ж.Б нь мөрдөн байцаалтын үед “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж хүсэлт / хх-ийн 69 хуу/ гаргасан, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн /хх-ийн 63 дугаар хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Мн Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.Тыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч М.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ