| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/00035/И |
| Дугаар | 210/МА2024/01371 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2024/01371
2024 оны 07 сарын 03 өдөр Дуга 210/МА2024/01371
Г ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/01923 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: С.Ө өд холбогдох,
Гэрээний үлдэгдэл төлбөр 8,135,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саруул, хариуцагч С.Ө , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Г ХХК нь хариуцагч болох С.Ө тэй 2014 оны 05 сарын 30-ны өдөр 3/14/77 дугаар Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, ХХХХХ тоотод байрлах 48.68 м.квадрат талбайтай орон сууцыг 98,741,200 төгрөгөөр худалдан борлуулахаар талууд тохиролцсон.
1.2. Хариуцагч нь нь 2014 оны 08 сарын 08-ны өдрөөс 2015 оны 08 сарын 08-ны өдөр хүртэлх нэг жилийн хугацаанд нийт 90,605,900 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл төлбөр болох 8,135,300 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй тул уг төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
2.1. Миний бие Г ХХК-аас байр захиалан төлбөрийг гэрээнд заасны дагуу төлж байсан.
2.2. Үлдэгдэл төлбөр болох 8,135,300 төгрөгийг төлөөгүй асуудал нь барилгын чанарын ноцтой доголдол буюу хана цуурах, дулаан алдах зэрэг асуудал гарч эхэлсэн тул төлөх боломжгүй гэж үзэж байна. Манайхаас гадна 108 айл өрхийн эрх ашиг зөрчигдөж байна. Үнийн дүн дээр бол маргахгүй, орон сууцандаа 2015 оны 3 дугаар улиралд орсон, түүнээс хойш амьдарч байгаа гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Ө өөс гэрээний төлбөрт 8,135,300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145 115 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ө өөс улсын тэмдэгтийн хураамжид 145 115 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 8,135,300 төгрөгийг төлөөгүй учраас шүүхэд хандсан байдаг. Хариуцагч миний зүгээс уг төлбөрийг төлөхгүй байгаа гол шалтгаан нь манай барилга ашиглалтад ороод удаагүй байхад хана цуурч, дулаан алдалтын асуудлууд гарч ирсэн, байрны лифт бүрэн ашиглалтад ороогүй байна.
4.2. Уг чанарын шаардлага хангахгүй, барилга барьсан компанийн бетон зуурмаг зуурмаг чанарын шаардлага хангасан эсэхэд эргэлзсэн тул мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж, шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэж, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэжлүүлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангаагүй байгаа бөгөөд тухайн байрны 108 айлын оршин суугчдын амь нас, эд хөрөнгөд эрсдэлд оруулах нөхцөл үүсэх магадлалтайгааг шүүхийн шүүгчид мэдэгдсээр байтал мэргэжлийн байыгууллагын дүгнэлт гаргуулахгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.
4.3. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж шийдвэрт тусгасан. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар буюу хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч У.Пүрэвжав бидний хооронд хамтран амьдарч байх хугацаанд дундаа бизнес хийж, ашиг олж байгаагүй, маргаан бүхий орон сууцыг аваагүй, хэрэв бид дундын олсон ашиг хөрөнгөнөөс орон сууц авч дундаа өмчилсөн байсан бол дээрхи хуулийн заалтыг хэрэглэнэ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 0 сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/01923 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
2. Анхан шатны шүүх хариуцагч С.Ө өөс 8,135,300 төгрөгийг гаргуулж Г ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцээд эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчдын эвлэрлийн гэрээний нөхцөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч Г ХХК нь 2,135,300 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч С.Ө нь нэхэмжлэгч Г ХХК-д 6,000,000 төгрөгийг 2024 оны 08 сарын 31-ний өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2024 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2024 оны 10 сарын 31-ний өдрийн дотор 2,000,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Дээрх нөхцөлөөр зохигч эвлэрэн хэлэлцсэнийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/01923 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г ХХК нь 2,135,300 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч С.Ө нь нэхэмжлэгч Г ХХК-д 2024 оны 08 сарын 31-ний өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2024 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2024 оны 10 сарын 31-ний өдрийн дотор 2,000,000 төгрөг тус тус төлөхөөр зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,110 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч тал энэхүү магадлалыг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
С.ЭНХБАЯР