| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2019/0037/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/40 |
| Огноо | 2019-02-20 |
| Зүйл хэсэг | 22.4.1., 22.5.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж
Улсын яллагч: Н.Ц
Шүүгдэгч Ч.Дгийн өмгөөлөгч: Ц.Б
Шүүгдэгч: Ч.Д, Л.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Ч Д, Д овгийн Лн Г нарт холбогдох 2017........ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1956 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 62 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, нөхөр, ач нарын хамт .............. тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Х овгийн Чн Д /РД: /,
Монгол Улсын иргэн, 1959 оны 09 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ...................тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Д овгийн Л Г /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ч.Д А аймгийн И сумын ................ байцаагчаар ажиллаж байх явцдаа 2015 оны 12 дугаар сарын үед ............. багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Гын өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн ашиг сонирхлын үүднээс түүнийг хууль бусаар өндөр насны тэтгэвэрт хамруулж, 2.800.000 төгрөгийн хахууль авсан,
Яллагдагч Л.Гыг 2015 оны 12 дугаар сарын үед А аймгийн И сумын ................ багийн нутаг дэвсгэрт өөртөө өндөр насны тэтгэвэрт тогтоолгох зорилгоор тус аймгийн ....... сумын ......... байцаагч ажилтай Ч.Дд 2.800.000 төгрөгийн хахууль өгч улмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед:
Шүүгдэгч Ч.Д : ...буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Гэрч Л.Агийн өгсөн: 1985 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш Архангай аймгийн Х ......., 2001 оноос ахлах байцаагч, 2008 оноос ............. тасгийн дарга, 2017 оны 04 дүгээр сараас эхлэн Эрүүл мэнд, ........ хэлтсийн төлөвлөлт, эдийн засаг, хүний нөөц хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Эхлээд тухайн сумын ......... байцаагч өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлттэй байгаа иргэний материалыг хүлээн авч, тогтоож хувийн хэрэг нээж аймгийн ........хүргүүлдэг. Тухайн материалыг нь тухайн сум хариуцсан тэтгэвэрийн байцаагч нь хүлээн авч мэдээллийг цахиж баазад оруулж давхар нягтлан шалгаж үздэг. Үүний дараа хяналтын байцаагч нь давхар хүлээн авч материалыг нь шалгаж үздэг. Бүрдүүлсэн материалын гүйцэтгэлийн материалыг нь шалгадаг гэж ойлгож болно. Үүний дараагаа тасгийн дарга, үүний дараагаар ерөнхий нягтлан гарын үсэг зурсаны дараа хамгийн сүүлд хэлтсийн дарга гарын үсэг зурж тамга тэмдэг дарагдсанаар баталгаажиж тэтгэвэр олгогдож эхэлдэг юм. Тухайн сумын улсын байцаагчийн ирүүлсэн материалыг, ирүүлсэн материалын хэмжээнд л шалгаж үздэг. Тэрнээс биш хуурамч эсэхийг нь шалгаж үздэггүй юм. Тухайн асуудал үүсгээд байгаа И сумын ......... байцаагч Дгийн бүрдүүлсэн материалын хувьд ямар учраас хуурамчаар бүрдүүлсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Тухайн материалыг хянахдаа Г гэдэг хүний хувийн хэргээс харахад Д байцаагчийн явуулсан хувийн хэргийн материалыг сум хариуцсан тэтгэврийн байцаагч А, хяналтын байцаагч Т нар хяналт тавьж шалгаад миний бие тасгийн даргын хувьд гарын үсэг зурсан байсан. миний дараагаар ерөнхий нягтлан бодогч Булганчимэг, хэлтсийн даргаар ажиллаж байсан Батцэцэг нар гарын үсэг зурж баталгаажуулсан байсан. Г гэх хүнийг би танихгүй. Дтай хамгийн сүүлийн 20 жил гаруй хамт ажиллаж байсан. Д нь 2016 оны 05 дугаар сард өндөр насныхаа тэтгэвэрт гарсан...Би ямар нэгэн байдлаар Д байцаагчаас хээл хахууль авч, хуурамч архивын лавлагааны материал бүрдүүлэхэд нь оролцоогүй. Энэ талаар би цагдаагийн байгууллагаас шалгаж эхлэхэд нь мэдсэн...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 109-110 хуу/
Гэрч Т.Бн өгсөн:...2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Архангай аймгийн Н сумын Эрүүл мэнд, ........ байцаагчаар ажиллах болсон...Өндөр насны тэтгэвэрт гарах гэж байгаа иргэн албан ёсоор хүсэлтээ тухайн сум хариуцсан улсын байцаагчид тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ, иргэний үнэмлэхний хуулбар нийгмийн даатгал хөдөлмөрийн дэвтэр, 2 хувь цээж зураг, урьд нь ажиллаж байсан газруудынхаа албан тоот тушаал зэргийг хавсаргаж өгдөг. Үүнийг нь тухайн улсын байцаагч хүлээн авч, ирүүлсэн материалыг үнэн зөв эсэхийг нь шалгаж үзнэ. Ингэхдээ тэтгэвэрт гарах нас болсон эсэх, хөдөлмөрийн дэвтрийн тушаалын тамга тэмдэг үнэн зөв эсэх, шаардлагатай тохиолдолд архивын лавлагааг шаардаж түүнийг нь давхар харгалзан үзэх зэрэг иргэний авчирч өгсөн материалыг үндэслэн улсад ажилласан жил, нас хүйс, зэргийг нь харгалзан өндөр насны тэтгэвэр тогтоох боломжтой бол түүний хувийн хэргийг нээж Аймгийнхаа ........ хэлтэс рүү материалыг нь явуулж тасгийн дарга, хэлтсийн дарга нарын аль нэг нь гарын үсэг зурж тамга тэмдэг даруулснаар баталгаажиж тэтгэвэр олгогдож эхлэх эрх үүсдэг....гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 111-112 хуу/
Гэрч Ц.Бн өгсөн: ...2007 онд аймгийн ........үйл ажиллагааны нягтлан бодогчоор орж ажиллаж байгаад одоогийн албан тушаалд 2013 онд томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Миний хувьд байгууллагын санхүүгийн тайлан гаргах, орлого бүрдүүлэх, хамралт нэмэгдүүлэх, санхүүгийн тайлан мэдээг үнэн зөв гаргаж тайлагнах ажилтай. Ихтамир сумын Г тэтгэвэр тогтоосонтой холбоотой маргаантай асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж эхлэхэд нь мэдсэн. Г гэдэг хүний тэтгэвэрийг 2015 оны 12 дугаар сарын сүүлээр тогтоож өгсөн байдаг. Тухайн үед Ихтамир сумын ........ байцаагч Д анхан шатны бүрдүүлэх баримтын бүрдүүлбэрийг хангаж хувийн хэрэг нээж анхны тэтгэврийн тогтоолтыг хийж аймгийн ........ирүүлснийг сум хариуцсан тэтгэврийн байцаагч, хяналтын байцаагч нар өөрийн ажил үүргийн дагуу хянаж үзсэний дараа үйлчилгээний тасгийн дарга нь давхар хянан үзэж дараа нь ерөнхий нягтлан бодогч дээр ирдэг юм. Миний бие тухайн материалыг бүрдлийг шалган үзэж мэдээллийн сантай тогтоолтыг тулган үзэж, үнэн зөв ажилласан жилийг нь тогтоож тэтгэврийн мөнгөн дүнг үнэн зөв тогтоосон эсэхийг шалган үзэж баталгаажуулан гарын үсэг зурдаг гэж ойлгож болно. Анхан шатны баримтын бүрдлийг тухайн сум хариуцсан ........ байцаагч Д хангуулах ёстой. Түүний ажиллаж байсан газар, ажилласан жил зэргийг нь бусад хүмүүсээс асуух зэрэг холбогдох материалуудыг нь гаргуулан авч анхан шатны тэтгэвэр тогтоолтыг бодож ирүүлдэг...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 118-119 хуу/
Гэрч Б.Ан өгсөн: ...Би анх ........1993 онд бичиг хэргийн ажилтнаар орж ажлынхаа гарааг эхэлж байсан. 2013 оны 05 дугаар сараас эхлэн 13 сум хариуцсан тэтгэврийн байцаагчаар 2016 оны 12 дугаар сар хүртэл ажиллаж байгаад одоогийн албан тушаалд томилогдон ажиллаж байна. Манай аймаг 19 сумтай, үүнээс 13 сумын тэтгэвэр тогтоолт олголтыг хариуцаж ажиллаж байсан. Сум болгон ........ байцаагчтай байдаг. Тухайн сум хариуцсан ........ байцаагч тэтгэвэр тогтоолгохоор ирүүлсэн хүмүүсийн материалыг анх бүрдүүлэн авч тэтгэврийн хувийн хэргийг нь нээж тэтгэвэрт гарах хүмүүсийн ажилласан жилийг нь тооцож үзээд эрх нь үүссэн тохиолдолд аймгийн сум хариуцсан байцаагч руу явуулж хянуулан шалгуулж, цахим мэдээллийн санд оруулдаг. Миний хувьд сумдаас ирүүлсэн материалыг нь хүлээн авч ажилласан жил хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа, шүүхийн шийдвэрийн тамга тэмдэг, гарын үсэг бүрэн байгаа эсэхийг шалгаж ажилласан жилийг үнэн зөв бодож ирүүлсэн зэргийг нь давхар нягтлан шалгаж албан ёсоор тэтгэврийн тогтоож, тогтоолтын хуудас үйлдэн бүртгэлд оруулан, хяналтын байцаагч тасгийн дарга, нягтлан бодогч, хэлтсийн даргаар баталгаажуулан албан ёсоор тухайн хүний тэтгэвэр олгогдож эхэлдэг. Г гэдэг хүнийг танихгүй, тухайн үед ........ байцаагч Д гэдэг хүн ажиллаж байх хугацаандаа иргэн Гын тэтгэвэр тогтоолгох материалыг нь хүлээн авч тогтоолгохоор хувийн хэргийг нь нээж ........ирүүлсэн байсныг нь би хянахад албан ёсны архивын лавлагаатай тамга тэмдэгтэй гарын үсэгтэй байсан учраас тэтгэврийг нь тогтоосон юм. Гын архивын лавлагааны материалыг хуурамч гэдгийг нь мэдээгүй. Сүүлд нь цагдаагийн байгууллагаас шалгаж эхлэхэд нь мэдсэн. Миний хувьд архивын лавлагааг үнэн зөв эсэхийг нь шалгах эрх байхгүй. Зөвхөн албан ёсны тамга тэмдэг гарын үсгийг нь үндэслэн тогтоодог... гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 120-122 хуу/
Гэрч Н.Гн өгсөн: ... Намайг Архангай аймаг дахь Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргаар ажиллаж байхад буюу 1994 онд аккумлятор цэнэглэгч албан тушаал дээр Лхагва овогтой Г гэдэг хүн ажиллаж байсан эсэх талаар урьд нь цагдаагийн байгууллагаас ирж тайлбар байцаалт авч байсан, тухайн үед манай газар дизель станцтай байсан учраас аккумлятор цэнэглэгч гэсэн ойлголт байдаггүй байсан. Ийм албан тушаал ч байхгүй, Г гэдэг хүн ч ажиллаж байгаагүй. Харин сүүлийн үед дэд станц дээр аккумлятор байдаг болсон. Үүнийг тог тасарсан тохиолдолд хэрэглэдэг юм. Ямар учраас Г гэдэг хүнийг аккумлятор цэнэглэгчээр ажилладаг мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн миний гарын үсгийг дуурайлган зурсан асуудлыг мэдэхгүй байна...Д гэдэг хүнийг танихгүй. Би 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 157 дугаартай тушаалыг эх хувиар нь харлаа энгийн нүдээр харахад л миний гарын үсгийг хуурамчаар зурсан нь илт харагдаж байна, тэгээд ч аккумлятор цэнэглэгч гэсэн албан тушаал ч байгаагүй Г гэдэг хүнийг танихгүй, ажиллаж байгаагүй шаардлагатай бол гарын үсгийнхээ загварыг өгч болно...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 206-207 хуу/
Л.Гн яллагдагчаар өгсөн:...2015 оны өвөл Ихтамир сумын ........ байцаагч Дг таньдагийн учир нь өөртөө өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгохоор очиж уулзахад өөрийн чинь цэргийн байгууллагад ажилласнаар бол тэтгэврийн нас чинь болоогүй байна, харин энгийнээр оруулаад болгоод өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би яаж болгомоор байна тэрүүгээр нь болгоод өг гэж гуйсан юм. Гэтэл Д тэтгэврийнхээ зээлээр 2.800.000 төгрөгийг өгөөрэй гэхээр нь би ч зөвшөөрсөн юм. Ингээд би 2015 оны өвөл Дд өөрийнхөө иргэний үнэмлэх болон Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан материалуудаа аваачиж өгөхөд цэргийнхээр болохгүй гээд буцаагаад өгсөн. Зөвхөн иргэний үнэмлэхийг маань авч үлдсэн юм. Ингээд удаагүй миний тэтгэврийг тогтоогоод өгөхөөр нь би тэр даруй нь тэтгэврийнхээ зээлийг авч ажлынх нь өрөөнд орж 2.500.000 төгрөгийг өгсөн. Дараа нь 240.000 орчим төгрөгийг нэмж өгч байсан. Ямар ч байсан Ихтамир суманд байрлах ажлын өрөөнд нь өгч байсан, тухайн өдрийг нь санахгүй байна. Намайг анх цагдаагийн байгууллагаас дуудаж тэтгэврийн талаар асуухад л намайг Архангай аймгийн эрчим хүчний салбарт аккумлятор цэнэглэгчээр олон жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан мэт болгосон байсныг мэдсэн. Энэ байдлыг нь Д надад хэлээгүй өөрөө цаагуураа хөөцөлдөж байгаад өөрийнхөө эрх мэдлийнхээ хүрээнд миний тэтгэврийг тогтоож өгсөн, өөрөө яаж бүрдүүлсэн эсэхийг нь мэдэхгүй. Анхнаасаа надад худлаа бичиг баримт бүрдүүлж байгаа гэдгээ хэлсэн бол би эргээд татгалзах байсан, би ойлгохдоо Цэргийн ажилласан жилээ энгийнээр ажилласан жилд оруулж тооцож байгаа байх, хэдэн жил дутуу байсныг нь гүйцээж өгөх байх гэсэн үүднээс 2.800.000 төгрөгийн хахууль өгсөн юм. Би өөрөө Ихтамир суманд 2010 оноос хойш оршин сууж амьдарч байгаа. Д манай сумын ......... байцаагчтэр утгаараа нэгнийгээ танидаг мэддэг болсон. Тэрнээс биш найз нөхдийн харилцаа холбоо байхгүй. Би өөрөө 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Улсын төв шоронд хянагчаар анх ажилд ороод 1981 оны 04 дүгээр сарын 16-наас Цагдан сэргийлэгчээр ажиллаж байгаад 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан юм. Өөрөөр бусад байгууллагуудад ажиллаж байгаагүй. Хоёрын хооронд тэртээ тэргүй хоёр гуравхан жилийн дараа тэтгэвэрт гарах гэж байсныг наашлуулах санаатай Дд мөнгө өгч, тэтгэвэр тогтоолгож өөрийгөө баллаад байна, одоо ч гэсэн би өөрөө тэтгэврээ хүрчихсэн байгаа хүн. Дахин хэлэхэд миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй, Дд 2.800.000 төгрөгийн хахууль өгсөн нь үнэн. Миний энэ асуудлыг хурдан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 63 хуу/
Ч.Дн яллагдагчаар өгсөн:...Манай Ихтамир сумын иргэн Г 2.800.000 төгрөгийг авч, тэтгэврийг нь тогтоож өгсөн нь үнэн, харин энэ авсан мөнгөө талийгаач Д өгсөн нь үнэн. Талийгаачаас би 100.000 төгрөгийн урамшуулал авсан. Миний бие Ихтамир суманд 1996 оноос 2016 оны хооронд буюу өндөр насныхаа тэтгэвэрт гарах хүртлээ ажилласан. Гыг манай сумын иргэн учраас таньдаг юм. 2015 оны сүүлээр Г манай ажил дээр ирж уулзаад өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгох гэсэн юм гэхээр нь өөрийнхөө цэргийн газар ажилласан талаарх баримтуудаа үзүүлж байсан. Би гаргаж өгсөн цэрэг цагдаагийн байгууллагад ажилласан жилийг нь тооцож үзсэн чинь тэтгэвэрт гарах эрх үүсэхгүй байсан тул боломжгүй юм байна гэдгийг нь хэлсэн юм. Тухайн үед Г эхнэрийн бие муу, байнгын асаргаанд тэтгэвэрт орохгүй бол хэцүү байна, ямар нэгэн аргаар тэтгэвэрт оруулаад өгөөч, хахуулийг нь өгье, өгдөг юмыг нь өгье гэж өөрөө анх санал тавихаар нь би тэгвэл би нэг хүнээс асууж өгье гэж хэлээд өнгөрч байсан. Ингээд би энэ байдлыг нь талийгаач Д гуайд хэлсэн чинь цэргийн ажилласан жилээр болохгүй байгаа юм бол энгийн болгоод болгож болох юм байна. Гэхдээ тэр хүнээс чинь 2.800.000 төгрөг авна шүү, тэтгэвэр нь гарсаны дараа мөнгөө өгнө биздээ гэж хэлж байсан. Энэ байдлыг нь ч гэсэн Гад өөрт нь хэлэхэд зөвшөөрсөн юм. Ингээд архивын лавлагааг Д гуай надад өөрөө авч өгсөн, би Гаас иргэний үнэмлэхийг нь гаргуулан авч, материалыг нь нэгтгэж хянаад зохих журмын дагуу тэтгэврийг нь тогтоож өгсөн. Тухайн үед би Гыг Архангай аймгийн Эрчим хүчний газарт аккумлятор цэнэглэгчээр ажиллаж байсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгийг нь мэдэж байсан, яах аргагүй архивын газрын лавлагаа байхаар нь сүүлд нь асуудал үүсэхгүй байх гэж бодоод чимээгүй Гын тэтгэврийг нь тогтоож өгсөн нь үнэн, энэ үйлдэлдээ гэмшиж байгаа. 2015 оны сүүлээр Гын тэтгэврийг нь тогтоож өгсөн, тэтгэвэрт тогтоосны дараа нь шууд Г өөрөө тэтгэврийнхээ зээлийг авч бэлнээр манай ажил дээр 2.500.000 төгрөг авчирч өгсөн. Оны дараа үлдэгдлийг нь мөн адил авчирч өгч байсан. Мөнгө өгсөн өдөр нь Д гуай өөрөө манай ажил дээр ирж мөнгөө авсан. Тэрнээс биш Г, талийгаач Д гуай хоорондоо уулзаж байгаагүй. Надаар дамжуулсан юм...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 68-69 хуу/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 5128 дугаартай гарын үсгийн шинжилгээний дүгнэлт:
1. Шинжилгээнд ирүүлсэн шинжилж буй гарын үсгүүд болон харьцуулан шинжилж
буй гарын үсгүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн №1 хавтаст материалын 1994.12.30-ны өдрийн 157 дугаар тушаал дээр зурагдсан Н.Гн гэх гарын үсэг нь Н.Гн гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн №2 хавтаст материалын 1977.10.26-ны өдрийн 61 дугаар тушаал дээр зурагдсан С.Мөнхбаярын гэх гарын үсэг нь С.Мн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт загвартай тохирохгүй байна.
4. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан хавтаст материалын 243, №2 гэж дугаарласан хавтаст материалын 86-р хуудас дахь тушаалуудын толгой хэсгийг энгийн шингэн хортой хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн байх ба тушаалууд дээрх тэмдэгүүдийг мөн адил хэвлэх төхөөрөмжөөр хуурамчаар үйлдсэн байна. /1-ийн хх-ийн 235-236 хуу/ гэх дүгнэлт
Л.Г нь 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс цэргийн алба хааж байгаад улиран 1979 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс Улсын төв шоронд хянагчаар, 1981 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс Био үйлдвэрийн хамгаалах салаанд цагдаагаар ажиллаж байгаад 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тухай Тагнуулын төв газрын тусгай архив болон Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 02/2364 дугаар, 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 3ж/874 дугаартай албан бичгүүдийн хуулбар / 1-ийн хх-ийн 13 хуу/
Л.Гын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар / 1-ийн хх-ийн 14-15 хуу/
Л.Гыг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тухай Хүнд үйлдвэрийн харъяа Архангай аймаг дахь Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын тушаалуудын хуулбарууд / 1 хх-ийн 16-17 хуу/
Ихтамирын сумын ......... байцаагчЧ овогтой Дгийн ажил байдлын тодорхойлолтын хуулбар /1 хх-ийн 38-39 хуу/
Архангай аймгийн Архивын тасагт байх баримт бичигт үзлэг хийж Л.Гыг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тухай БНМАУ-ын Хүнд үйлдвэрийн яамны харъяа Архангай аймаг дахь Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын тушаалуудыг хуулбарлаж авсан тухай тэмдэглэл, тушаалын хуулбарууд, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд / 1-ийн хх-ийн 42-47 хуу/
Л.Гын тэтгэврийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд / 1 хх-ийн 48-51 хуу/
Л.Гын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нээсэн тэтгэврийн хувийн хэргийн хуулбар /1-ийн хх-ийн 54-64 хуу/
Л.Гын ХААН банкин дахь 5138154108, 5138114631 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-ийн хх-ийн 66-70 хуу/ , 2-ийн хх-ийн 18-21 хуу/
Л.Г, Ч.Д нарын иргэний үнэмлэхний лавлагаа /1-ийн хх-ийн 146 хуу/
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /1-ийн хх-ийн 155 хуу/
Гэрч Н.Гс гарын үсгийн хэв загвар, дээж авсан тэмдэглэл /1-ийн хх-ийн 233-234 хуу/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-ийн 70-72 хуу/
Улсын яллагчийн шүүх хуралдааны үед шинээр гаргаж өгсөн Ч.Дгийн ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаалуудын хуулбар /2 хх-ийн 99-102 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Г, Ч.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л.Г нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд А аймгийн И сумын ................ байцаагч ажилтай Ч.Дд 2015 оны 12 дугаар сард 2.800.000 төгрөг өгсөн, шүүгдэгч Ч.Д нь А аймгийн И сумын ................ байцаагчаар ажиллаж байхдаа Л.Гын бүрдүүлж өгсөн баримтууд нь хуурамч гэдгийг мэдсээр байж хүлээн авч, тэтгэвэр тогтоох үндэслэл хангагдсан мэтээр тэтгэврийн хувийн хэрэг нээж Л.Гад өндөр насны тэтгэвэр тогтоолгосныхоо хариуд нь 2015 оны 12 дугаар сард 2.800.000 төгрөг авсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ч.Д нь Л.Г нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч Н.Г, Л.А, Т.Б, Ц.Б, Б.А нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 5128 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон шүүгдэгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд Л.Г нь ажилласан байдлын хувьд өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй байсан талаар Л.Г, Ч.Д нар нь мэдүүлэг өгсөн бөгөөд Л.Гын Ч.Дд мөнгө өгсөн үйлдэл нь өөртөө нь давуу байдал бий болгох буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилготой байсан гэж үзэх, шүүгдэгч Ч.Д нь Л.Гын бүрдүүлж өгсөн баримтууд нь хуурамч гэдгийг мэдсээр байж хүлээн авч, тэтгэвэр тогтоох үндэслэл хангагдсан мэтээр тэтгэврийн хувийн хэрэг нээсэн нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
........ сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмыг ........ төв байгууллага тогтооно гэж заажээ.
........ ерөнхий газрын даргын 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар батласан “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт, бичгийг бүрдүүлэх, хянах” журмын 4.1.1 дэх заалтад Сум/хороо/-ын ........ байцаагч нь тэтгэвэр тогтоолгохоор ирүүлсэн энэ журмын 3.1, 3.2, 3.3, 3.4-д заасан баримт бичгийн бүрдэл, эрх үүсэх үндэслэлийг тухайн иргэнийг байлцуулан уг баримт бичгийг эрх зүйн дагуу бүрэн бүрдэж “тэтгэвэр тогтоох үндэслэл хангагдсан” гэж үзвэл тэтгэврийн хувийн хэрэг /НД№15/ нээж, бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авсан байцаагч, хүлээлгэн өгсөн иргэн гарын үсэг зурна гэж зааснаас үзэхэд өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой холбогдох баримтыг хүлээн авч тэтгэврийн хувийн хэрэг нээх эсэх асуудал нь сумын ........ байцаагчийн албаны чиг үүрэгт хамаарч байна.
Л.Г өндөр насны тэтгэвэр тогтооход ашигласан Аймгуудын эрчим хүчний харъяа А а э даргын 1977 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 61 дугаар тушаал, БНМАУ-ын Хүнд үйлдвэрийн яамны харъяа Архангай аймаг дахь Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 157 дугаар тушаалууд нь хуурамч болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтээр тогтоогджээ.
Уг тушаалууд нь Засаг даргын тамгын газрын А 90, данс 1, хадгаламжийн нэгж 73, 54 гэсэн дугаартай архивын баримтанд хадгалагдаж байгаа болох нь баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, / 1 хх-ийн 42-47 хуу/ Л.Г холбогдох тушаалд тулгалт хийхэд эх баримт, хуулбар хувьтай тохирч байгаа тухай Архангай аймгийн Архивын тасгийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 969 дугаартай албан бичгийн / 2 хх-ийн 15 хуу/ хуулбараар тогтоогджээ.
2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ч.Д, Л.Г нарт холбогдох хэргээс баримт бичгүүдийг хуурамчаар үйлдсэн гэх үйлдлийг тусгаарлаж 181200540 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг / 2хх-ийн 5 хуу/ нээж, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183 дугаартай прокурорын тогтоолоор хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан / 2 хх-ийн 75 хуу/ байна.
Шүүгдэгч Ч.Д нь Л.Г холбогдох хуурамч тушаалуудыг С.Д гэх хүн авчирч өгсөн гэж мэдүүлэг өгсөн бөгөөд С.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр эмнэлэгт нас барсан болох нь 0000218314 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогджээ.
Аймгийн Прокурорын газраас Ч.Дн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалт, 4 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд зааснаас үзэхэд сумын ......... байцаагч ажилтай Ч.Д нийтийн албан тушаалтан гэж үзэх үндэслэлгүй, мөн өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой холбогдох баримтыг хүлээн авч тэтгэврийн хувийн хэрэг нээх эсэх асуудал нь түүний албаны чиг үүрэгт хамаарч байх тул гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2,3,4,5,6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжгүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ч.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах, шүүгдэгч Л.Гыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Д, Л.Г нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Л.Г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, шүүгдэгч Ч.Д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овгийн Л Гыг хахууль өгөх, шүүгдэгч Х овгийн Чн Дг хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Л.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ч.Д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг дагуу шүүгдэгч Ч.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Шүүгдэгч Ч.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Ч.Д, Л.Г нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Д, Л.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ