Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 14 өдөр

Дугаар 00477

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Ховд сумын 3 дугаар багт оршин суух, 1968 онд төрсөн, эмэгтэй, ОП64050507 регистрийн дугаартай, Шангас овогтой Түвшингийн Лувсандагвын,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Баясгалан оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Т.Лувсандагва шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие нь 1964 онд төрсөн, 52 настай. Би 1985 онд Баян-Өлгий аймгийн Техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд Барилгын материал үйлдвэрийн харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилгын трестэд ажилд орж 1989 оны 12 дугаар сард Ховд сум руу нөхөр Дашнямтай гэр бүл болж ажлаас гарсан юм. Тухайн үед ажлаас гарсан тушаалаа авч чадаагүй. Одоо тэтгэвэрээ тогтоолгох гэсэн боловч ажлаас гарсан тушаал байхгүй тул шүүхэд хандаж байна. Иймд миний Барилга трестэд ажиллаж байсан 5 жилийг сэргээн тогтоож өгнө үү. Миний бие Ховд сумын 3 дугаар багт оршин суудаг, манайх хөдөө ганц гэрээрээ байдаг бөгөөд мал маллах хүн хүч муутай байгаа тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.   

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Т.Лувсандагва нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

          ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1985 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 192 тоот тушаалд: “Б.Лувсандагвыг арматурчнаар томилон ажиллуулсугай” гэжээ.

      Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Л.Эрдэнэсүрэн, Я.Даваасүрэн нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд Л.Эрдэнэсүрэн шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “Би 1972 онд Увс аймгийн Барилга угсралтын контор гэж байхад мужаанаар анх ажилд орсон. 1978 онд нэгдсэн бригадын даргаар ажиллаж байхад Т.Лувсандагва нь 1985 онд анх манай байгууллагын битон арматурын цехэд ажилд орж байсан. Битон арматурын цехэд нийт 40 гаруй хүн ажиллаж байсан. Цехийн ажилчдыг шаардлагатай үед баригын талбайгаар дуудан ажиллуулдаг байсан. Т.Лувсандагва нь ажилдаа сайн, цаг хугацаанд нь хийдэг ажилчин байсан. Манай байгууллагын нэр нь 1986 онд Барилга материал үйлдвэр нэртэй болж үйл ажиллагаа явуулж байгаад 1992 онд Хийц компани болон ажиллаж байгаад 1998 онд татан буугдсан. Тус байгууллагын даргаар н.Нямжав, Т.Батзул гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Я.Даваасүрэн шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “Би 1974 онд Увс аймгийн Барилга угсралтын конторт битон арматурчнаар ажилд орон ажиллаж байхад Т.Лувсандагва нь 1985 онд анх манай байгууллагад битон арматурын цехэд ажилд орж байсан. Манай цех нь нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан. Манай цехийн ажилчид аймаг сумуудын битон арматурын ажлыг гүйцэтгэдэг байсан. Аймаг сумуудад баригдаж байгаа барилгуудад томилолтоор очиж ажилладаг байсан. Ихэнхдээ баригдах барилгын суурийг нь очиж тавьж өгдөг байсан. Мөн манай цехийн ажилчид гагнуурын ажил бас хийдэг байсан. Т.Лувсандагва нь 1985 оноос 1989 оныг дуустал манай цехэд ажилласан. Тус байгууллагын даргаар н.Нямжав, Т.Батзул гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрч Л.Эрдэнэсүрэнгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Я.Даваасүрэнгийн Увс аймгийн Барилга угсралтын трест болон “Хийц” ХК-д ажилд томилогдож, ажлаас чөлөөлөгдөж байсан тухай тушаалуудын хуулбар тус тус хэрэгт авагджээ.

            Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн, нэхэмжлэгч Т.Лувсандагвын Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1985 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд арматурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Лувсандагвын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

         Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй болсноо илэрхийлсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шангас овогтой Түвшингийн Лувсандагвын Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1985 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд арматурчнаар нийт 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Лувсандагвын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА