Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01367

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 03 өдөр Дуга 210/МА2024/01367

 

 

Л.О ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 22-ны өдрийн 102/ШШ2024/02085 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.О ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ө ХХК, Ө ХХК, Х ХХК, Х.М , Ц.А нарт холбогдох,

 

Гэрээнээс татгалзаж, 3,586.6 м.кв талбайтай 73 ширхэг айлын орон сууцны хууль ёсны өмчлөгч өмчлөгчөөр тогтоолгох, Х.М аас 2021 оны 11 сарын 10-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөрт нийт 780,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, хариуцагч Х.М , хариуцагч Ө ХХК-ийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэтуяа, түүний өмгөөлөгч О.Мөнгөнчимэг, хариуцагч Ц.А , хариуцагч Х ХХК-ийн төлөөлөгч Ж.Баяраа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Тунгалаг, Б.Тэгшбуян, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Энхзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Анхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Л.О нь Ө ХХК-тай 2021 оны 08 сарын 25-ны өдөр 000 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулж, 2021 оны 08 сарын 26-ны өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж Ө ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч болсон.

1.2. Ингээд Л.О миний бие нь Э ХХК, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Х.М тай Хамтран ажиллах гэрээ, Батлан даалтын гэрээ-г 2021 оны 08 сарын 25-ны өдөр тус тус байгуулсан. Уг гэрээгээр Баянзүрх дүүргийн ХХХХХ хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ХОХОХОХХХы 2022 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох 73 айлын орон сууцыг гүйцэтгэгч талын борлуулалтын сувгаар гүйцэтгэгч талын нэр дээр захиалгын гэрээ хийлгүүлэн зуучлуулан борлуулах, гүйцэтгэгч тал нь борлуулалтын гэрээнд заасны дагуу төлөхтэй холбоотой төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөхөөр тохиролцон энэхүү гэрээг байгуулсан ба Батлан даалтын гэрээ-гээр гэрээнээс учирсан аливаа эрсдэлийг 100 хувь Э ХХК, 100 хувийн хувьцаа эзэмшигч Х.М нь өөрийн хөрөнгөөр хариуцахаар тус тус заасан.

1.3. Гэрээний нийт үнийн дүн буюу бүхэлдээ 7,5 тэрбум төгрөг байна, 2021 оны 11 сарын 30-ны дотор 1,0 тэрбум төгрөг, 2021 оны 12 сарын 31-ний дотор 1,0 тэрбум төгрөг, 2022 оны 01 сарын 30-ны дотор 1,5 тэрбум төгрөг тус тус төлөх, үлдсэн 4,0 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч талын хэрэгжүүлж байгаа төсөл болох Х ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигчээр орох хөрөнгө оруулалтыг гэрээний төлбөрт шууд шилжүүлэхээр тохирсон.

1.4. Гэрээтэй холбоотойгоор Х.М тай Л.О нь өөрийн үүсгэн байгуулсан, 100 хувийн хувьцааг эзэмшдэг Г ХХК-ийг 2021 оны 09 сарын 02-ны өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус байгуулан компани, түүний эзэмшлийн зочид буудлыг 4,0 тэрбум төгрөгт, мөн Л.О Х.М нарын хооронд 2021 оны 11 сарын 10-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу 2021 онд үйлдвэрлэсэн Мерседес бенз жи-500 маркийн автомашиныг 520,000,000 төгрөгт тус тус тооцож өгсөн.

1.5. Гэвч гэрээний хэрэгжилт хангалтгүй буюу заалтууд биелэгдэхгүй байсан тул Э ХХК-аас тавьсан саналын дагуу Хамтран ажиллах гэрээ-нд 2022 оны 04 сарын 25-ны өдөр Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан гэрээний нөхцөл болон төлбөрийн төлөх нөхцөлд өөрчлөлт оруулсан ба гэрээгээр үлдэгдэл төлбөрийг харилцан тохиролцож гэрээний Төлбөрийн нөхцөл гэсэн хэсгийн 1.4-т заасан гүйцэтгэгч тал зуучлан борлуулсан орон сууцны үнийг захиалагч талд бэлэн мөнгөөр төлөх хуваарийг тохиролцсон.

1.6. 2022 оны 06 сарын 30-ны дотор хэсэгчлэн төлөх, гэрээний 2-т талуудын хооронд өмнө байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний 1.4.4-т заасан алдангийн хэмжээг 0,2 хувь байсныг 0,5 хувь гэж өөрчлөн, мөн гэрээний төлбөрийн нөхцөл гэсэн хэсгийн 1.2 хэсэг заалтыг бүхэлд нь хасах гэж өөрчлөн гэрээний 3 дахь заалтаар Л.О болон Э ХХК, Х.М нарын хооронд өмнө байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ-ний төлбөр болох 520,000,000 төгрөгийг Э ХХК нь хариуцан 2021 оны 07 сарын 10-ны дотор төлөхөөр харилцан тохиролцсон.

1.7. Э ХХК болон Х.М нарт 2022 оны 05 сарын 16-ны өдөр, 2022 оны 07 сарын 28-ны өдрүүдэд гэрээний нөхцөлүүд биелэгдэхгүй байгаа тул төлбөрөө төлөх, эсхүл гэрээг цуцлах талаар албан мэдэгдэл явуулж, 2022 оны 07 сарын 28-ны өдөр иргэн Х.М нараас хариу хүргүүлэх тухай албан бичиг ирүүлсэн болно.

1.8. 2022 оны 07 сарын 05-ны өдөр иргэн Х.М , Л.О нар нь харилцан тохиролцож Хэлцэл байгуулсан. Уг хэлцлийн 1-т Э ХХК нь Л.О тай 2021 оны 08 сарын 25-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ, 2022 оны 04 сарын 25-ны өдөр Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу төлөх үндсэн төлбөр 2,0 тэрбум төгрөгийг Сүхбаатар дүүрэг, ХХХХХ хороо, ХХХХХХХ хотхон, tw2, twХХХХХ тай тус бүр нь 228 м.кв талбай бүхий твин хаус 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан, зээл болгон шилжүүлж, Зээлийн болон барьцаа-ны гэрээ байгуулан, Зээлийн гэрээ-г 1 /нэг/ сарын 2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай буюу 2022 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон. Барьцааны гэрээ байгуулагдсан боловч барьцааны гэрээ хуулийн дагуу албажаагүй буюу ҮХЭХ-ийн газарт бүртгэгдээгүй.

1.9. 2022 оны 07 сарын 01-ний өдөр Л.О , Х ХХК, түүнийг төлөөлж үүсгэн байгуулагч Ц.А , Х.М нартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан ба энэхүү гэрээгээр Л.О нь******* үйлдвэрлэл,******* ХХК-ийн 5 хувийн хувьцааг Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж авсан ба худалдаа, үйлчилгээний 1,033.24 м.кв талбай тус тус эзэмших, 2023 оны 07 сарын 01-ний өдрийн дотор*******, үйлдвэрлэл тернологийн парк ХХК, түүнийг төлөөлж үүсгэн байгуулагч Ц.А , Х.М нар нь Монголын хөрөнгийн зах зээлд шинээр IPO буюу хувьцаа гаргаагүй тохиолдолд үүсгэн байгуулагч Х.М нь Л.О ын Х ХХК-д оруулсан хөрөнгө болох 4,0 тэрбум төгрөгийн 5 хувийн хувьцааг 1/нэг/ жилийн 18 хувийн хүүтэйгээр тооцон эргүүлэн худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон.

1.10. Хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүртэл хугацаа буюу 2022 оны 04 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд хамаарах алданги болох 500,000,000 төгрөг, Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-ний дагуу 2022 оны 04 сарын 27-ны өдрөөс 2022 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл хуримтлагдсан алдангийн төлбөр 198,000,000 төгрөг, нийт 698,000,000 төгрөгийн төлбөрт Э ХХК-ийн барьж, хэрэгжүүлж буй Хайрын хот төслийн барилгаас /ТТТТ / захилгын гэрээ хийх,

Л.О , Х.М нарын хооронд 2021 оны 11 сарын 10-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөр болох 520,000,000 төгрөг, Хамтран ажиллах гэрээ-ний төлбөрийн зөрүү 180,000,000, нийт 700,000,000 төгрөгийг 2022 оны 07 сарын 10-ны дотор барагдуулах,

энэхүү гэрээний дээрх 4 зүйл бүхий заалтын хэрэгжилтийгбаталгаажуулж 2021 оны ХХХХХ сарын 25-ны өдөр Л.О , Э ХХК болон үүсгэн байгуулагч 100 хувийн хувыдаа эзэмшигч иргэн Х.М нартай байгуулсан Батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр байгаа ба ямар нэгэн байдлаар аль нэг гэрээ хэрэгжээгүй тохиолдолд үүсэх өр, төлбөрийн асуудлыг Х.М нь өөрөө бүрэн хариуцан төлж барагдуулахаар тохиролцсон.

1.11. Дээрх гэрээнүүд нь огт хэрэгжээгүй ба 2023 оны 01 сарын 06-ны өдөр Л.О , Э ХХК, Х.М нарын хооронд Төлбөр барагдуулах гэрээ хийгдсэн боловч бас хэрэгжээгүй. Э ХХК, Х.М , Х ХХК, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ц.А , Х.М нарт Л.О миний бие нь удаа дараа гэрээ хийж хангалттай хугацаа олгосон боловч гэрээнүүдийг биелүүлээгүй, ярилцсан тохиролцсон зүйлээсээ буцсан, гэрээ огт хэрэгжээгүй, биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсч гэрээ цаашид биелэгдэхгүй нь тодорхой болсон ба өнөөдрийг хүрсэн.

1.12. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгүүдэд заасны дагуу дээр дурдсан гэрээнүүдээс тус тус татгалзаж, Л.О ын Ө ХХК-тай 2021 оны 08 сарын 25-ны өдөр байгуулсан 000 тоот Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу Баянзүрх дүүргийн ХХХХХ хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ХОХОХОХХХы 3 дугаар блокийн 2-12 давхрын хүртэлх 3,586.6 м.кв талбайтай 73 айлын орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Л.О болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

1.13. Мөн хариуцагч Х.М аас 2021 оны 11 сарын 10-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөр болох 520,000,000 төгрөг, алданги 260,000,000 төгрөг, нийт 780,000,000 төгрөгийг гаргуулна.

1.14. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх гэрээнүүдээс татгалзсанаар анхны буюу Л.О ын Ө ХХК-тай 2021 оны 08 сарын 25-ны өдөр байгуулсан 000 тоот Орон сууц захиалгын гэрээ-ний нэг тал нь буцаж болно, улмаар уг гэрээний дагуу миний бие уг гэрээний дагуу шаардах эрхтэй болно гэж үзэж байна гэжээ.

 

2. Хариуцагч Х.М ын татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Хуулиар тусгайлан тогтоосон хэлбэр, шаардлагыг хангахаас бусад нөхцөлд талууд гэрээ хэлцлийг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Энэ хүрээнд Л.О , Х.М нарын хооронд нэхэмжлэлд дурдагдсан гэрээнүүд байгуулагдсан. Талуудын гэрээнээс татгалзах асуудлыг шүүхээр шийдвэрлэдэггүй, харин цуцалсан татгалзсан нь үндэслэлтэй эсэх тал дээр шүүхээс дүгнэлт өгч шийдвэрлэдэг. Гэтэл нэхэмжлэгч шүүхээр шийдвэрлэх боломжгүй үндэслэл, шаардлага гаргасан.

2.2. Хэрэв нэхэмжлэгч нь Ө . ХХК-тай 2021 оны 08 сарын 25-ны өдөр байгуулсан 000 тоот Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу Баянзүрх дүүргийн ХХХХХ хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ХОХОХОХХХы 3 дугаар блокийн 2-12 давхарын хүртэлх 3,586.6 м.кв талбайтай 73 айлын орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох гэж байгаа бол энэ шаардлага хангагдах боломжгүй. Учир нь уг гэрээний дагуу нэхэмжлэгч хувьцаа болон зохих төлбөрөө авсан. Уг гэрээний дараа нь нэхэмжлэгчийн хүсэлтээр шат дараалсан гэрээнүүд байгуулагдсан, тэдгээр гэрээнүүд хэрэгжээд явж байгаа, зарим нь хэрэгжээд дууссан.

2.3. Тодруулбал, нэхэмжлэгч нь өөр хуулийн этгээдтэй орон сууц захиалгын гэрээ байгуулан, тухайн захиалсан орон сууцаа гуравдагч этгээдээр худалдан борлуулахаар тохиролцож, ийнхүү борлуулсан төлбөрийг хүлээн авч, зарим хэсгийг өөрийн бусад этгээдтэй байгуулсан гэрээ хэлцлийн дагуу төлбөр хураамжид өгч, захиран зарцуулж, мөн төлбөрийн зарим хэсгийг автомашин худалдах гэрээний төлбөрийн үүрэгтэй нийлүүлэн зээлийн гэрээ болгон өөрчилж, зээлийн харилцаа хэлбэрээр үргэлжлүүлэн, тухайн гэрээний дагуу нилээдгүй хугацаанд зээлийн хүү, төлбөр шаардан авч гэрээг үргэлжлүүлж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх гэрээнүүдийн зарим хэсгээс үндэслэлгүй татгалзаж, зарим хэсгийг буюу дуусгавар болсон автомашин худалдах худалдан авах гэрээний үүргийг шаардах гэх мэтээр үндэслэлгүй нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2.4. Хамгийн анх 2021 онд Б.А гэж хүний тавьсан саналын дагуу Сити резидент төсөлд хөрөнгө оруулсан ба төслийг одоо Ө ХХК хэрэгжүүлж байгаа. Ө ХХК 50 хувийг эзэмшиж, 2,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд, энэ төслийг хамтарч хэрэгжүүлэхээр тохиролцсон.

2.5. Тухайн үед 2,0 тэрбум төгрөг бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхэд хүрэлцэхгүй байсан учир томоохон хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх, байрыг урьдчилан захиалгаар зарахаар Л.О т санал тавьснаар тухайн үед 000 дугаартай гэрээ байгуулагдаж байсан. Уг гэрээний дагуу 5,380,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар Л.О 73 айлын орон сууцыг худалдаж авсан. Энэ бол Ө ХХК болон Л.О нарын хооронд байгуулагдаж байгаа гэрээ бөгөөд Л.О өөрөө Ө ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигчээр орж ирсэн. Өөрөөр хэлбэл компанийн 50 хувийг Х.М , Э ХХК, 50 хувийг Б.А гэдэг хүн эзэмшиж байсан.

2.6. Ингээд Ө ХХК-ийн 50 хувийн хувьцааны 30 хувийг Л.О барьцаа хэлбэрээр шилжүүлж авсан. Анхнаасаа энэ гэрээний харилцаа эхлэхэд бид хоёр хувьцаа эзэмшигчийн хувьд компанийн дотоод үйл ажиллагаатай танилцах, хувьцаа эзэмшигчдийн хуралд тайлан, балансуудыг унших зэргээр бүх ажлуудад оролцож явсан, нэхэмжлэгч тухайн үед болсон бүхий л асуудлыг маш сайн ойлгож байсан. 2021 оны 000 тоот гэрээг байгуулмагц Л.О т 5,0 тэрбум төгрөг бэлнээр өгсөн асуудал байхгүй. Харин 1,0 тэрбум төгрөгийг бэлнээр өгсөн, 300 орчим сая төгрөгийг арматурын компани руу Б.А захирлын зөвшөөрлөөр шилжүүлсэн байдаг. Тухайн үед Баянгол дүүрэгт байрлалтайГ нэртэй барилгыг 3,8 тэрбум төгрөгөөр үнэлж, энэ гэрээний төлбөрт өгсөн. Хожим тэр барилгыг Б.А буюу Ө ХХК-ийн одоогийн 100 хувь эзэмшигч өөрийн нэрд шилжүүлж аваад, зарж борлуулаад, төсөлд оруулсан гэж мэдэгддэг.

2.7. Дээрх үйл явдлаас хойш бидний гол гэрээ буюу хамтран ажиллах гэрээг талууд байгуулсан. Уг гэрээний дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр 000 гэрээний зүйл болох 73 айлын орон сууцыг зуучлан борлуулах гэрээг байгуулсан. 000 тоот гэрээний дагуу Л.О мөнгөө гаргаад авч болох байсан. Би Л.О т Х гэсэн төсөл хэрэгжүүлж байгаа, энэ төсөлд хөрөнгө оруулах санал тавьсаныг нэхэмжлэгч зөвшөөрсөн учир бид хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу 73 иргэнд Э ХХК нь гэрээний дагуу зуучлан борлуулсан. 000 гэрээний дагуу нэхэмжлэгч нийт 7,5 тэрбум төгрөг гаргаж авах ёстой байсан. Ингэснээр мөнгөний нийт дүнгээр аваад үзэхэд 3,5 тэрбум төгрөгийг Л.О мөнгөөр авахаар, харин 4,0 тэрбум төгрөгт нь Х төслийн 5 хувийг эзэмшихээр болсон.

2.8. Х ХХК нь нийт 7 хувьцаа эзэмшигчтэй. Тус компани хувьцааны 89 хувийг Х.М , Ц.А гэсэн 2 хүний нийлсэн компани, харин 11 хувийг иргэн Л.О болон бусад нэр бүхий 5 хүн эзэмшдэг

2.9. Анх байгуулсан гэрээнээс үргэлжлээд Л.О дахин гэрээ байгуулж одоо бас Хонхор импекс ХХК-ийн 29.2 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Х төслийн баталгаа болгож төсөл хэрэгжүүлэх 16,014 м.кв объект байдгаас тодорхой хэсэг болох 1,033 м.кв объектыг Л.О т захиалах гэрээгээр шилжүүлсэн байгаа. Ийм байдлаар бид нэхэмжлэгчид гэрээний дагуу 1,550,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, харин 4,0 тэрбум төгрөгт нь Х ХХК-ийн хувьцаа өгсөн, одоо төсөл нь хэрэгжинэ. Ингээд 000 гэрээний дагуу нэхэмжлэгчийн авах ёстой 7,5 тэрбум төгрөгөөс 5,550,000,000 төгрөг төлөгдсөн байна. Борлуулалтын үйл ажиллагаа бол бодсон хэмжээнд явж чадаагүй, баригдаж байсан барилга болохоор Л.О т байр зарагдаагүй, орлого орж ирээгүй учраас төлөх боломжгүй болсон, улмаар Л.О тай уулзаад удаа дараагийн олон хэлцлүүдийг хийсэн нь үнэн.

2.10. Бид нэхэмжлэгчид эвлэрэн хэлэлцэх санал удаа дараа тавьсан. Гэхдээ зохих хэмжээний буюу яг гэрээний дагуу үлдсэн төлбөрийн хэмжээнд график гаргаад төлөх санал тавьсан. Гэтэл нэхэмжлэгч нь анх байгуулсан гэрээний дагуу мөнгө, хувьцаа зэргийг авчхаад ахиад нэмж 73 айлын орон сууцны өмчлөгч болох, өөр гэрээний үүрэгт тооцсон автомашины төлбөрийг нэхэх зэргээр дандаа бүх юмаа давхардуулаад нэхэж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь энэ олон гэрээнүүдээс татгалзсан гэж байгаа. Гэтэл хэрэгжээд дууссан гэрээнээс татгалзаж болох уу гэдэг асуудал гарч ирнэ. Ингээд нэгэнт биелэгдсэн гэрээнээс татгалзах үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Э ХХК-ийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

3.1. Л.О нь 2021 оны 08 сарын 25-ны өдөр Ө ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулан, Ө ХХК-ийн хэрэгжүүлж байгаа СССС хотхоноос 3,586.6 м.кв талбай бүхий орон сууцнуудыг захиалсан. Ингээд Э ХХК, Л.О нарын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээ-гээр Баянзүрх дүүргийн ХХХХХ хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа СССС хотхоны №3 блокийн орон сууцны 2022 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох орон сууцнаас 73 ширхэг орон сууцыг манай компанийн борлуулалтын сувгаар, манай компанийн нэр дээр захиалгын гэрээ хийлгүүлэн зуучлуулан борлуулах, борлуулалтын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөхөөр тохиролцсон.

3.2. Мөн гэрээний нийт дүнг 7,5 тэрбум төгрөг байхаар тохирч, гүйцэтгэгч тал нь зуучлан борлуулсан орон сууцны үнээс 3,5 тэрбум төгрөгийг хуваарийн дагуу бэлнээр төлөхөөр, 4,0 тэрбум төгрөгт манай талын бусадтай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл болох Х ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигчээр орох, хөрөнгө оруулалтын гэрээний төлбөрт шууд шилжүүлэхээр тус тус тохиролцсон.

3.3. Энэхүү гэрээнд заасны дагуу манай компани 73 орон сууцыг бусдад зуучлан худалдан борлуулж, гэрээний төлбөрт нийт 1,550,000,000 төгрөгийг бэлнээр, 4,0 тэрбум төгрөгт манай талын хэрэгжүүлж байгаа төсөл болох Х ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигчээр оруулж, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, гэрээнийхээ үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл Л.О нь Х ХХК-д 4,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хувьцаа эзэмшигч Ц.А аас 5 хувийн хувьцаа, Хонхор импекс ХХК-ийн 29.2 хувийн хувьцааг тус тус шилжүүлэн авсан ба манай компани нь Л.О ын өөрийнх нь хүсэлтээр орон сууц захиалгын гэрээний орлогоос Х ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.А ад 4,0 тэрбум төгрөгийг 2,7 төгрөгийг бэлнээр, 1,3 тэрбум төгрөгийг бараа бараа материал болон ажил гүйцэтгэлээр тус тус төлж барагдуулсан.

3.4. Энэ нь нэхэмжлэгч Л.О ын 2023 оны 01 сарын 26-ны өдөр Э ХХК-д хүргүүлсэн Мэдээлэл авах тухай албан бичиг, хөрөнгө оруулалтын гэрээ, Хамтран ажиллах гэрээ-ний дагалдах гэрээнүүд зэргээр нотлогдоно. Манай компани нь Хамтран ажиллах гэрээ-нд заасны дагуу Баянзүрх дүүргийн ХХХХХ хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа СССС хотхоны №3 блокийн орон сууцны 73 орон сууцыг бусдад зуучлан борлуулж, орон сууц захиалгын гэрээг байгуулсан.

Иймд эдгээр 73 орон сууцны захиалагч нарын эрх ашиг хөндөгдөж байгааг анхаарах нь зүйтэй. Иймд нэхэмжпэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч Х ХХК, Ц.А нар хариу тайлбар гаргаагүй болно гэжээ.

 

5. Хариуцагч Ө ХХК-ийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

5.1. Манай компани нь 2021 оны 08 сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Л.О тай 000 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан. Гэрээгээр Баянзүрх дүүргийн ХХХХХ хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ХОХОХОХХХы CR-03 дугаар блокийн 2-12 давхрын 3,586.6 м.кв талбайтай 73 ширхэг орон сууцуудыг ашиглалтад оруулж хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцож төлбөр тооцоог 100 хувь төлж барагдуулснаар гэрээг байгуулсан. Иймд уг 73 ширхэг орон сууцны хууль ёсны анхны захиалагч нь иргэн Л.О мөн болно.

5.2. ХОХОХОХХХы барилгыг 2022 оны 12 сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан хэдий ч эдийн засгийн болон хамтран ажиллаж байсан Х.М тай шүүхэд маргаан үүсэж, эдийн засгийн хүндрэлтэй асуудал үүсэж, улмаар компанийн дотоод зохион байгуулалттай холбоотой үйл ажиллагааны доголдлын улмаас хотхоны барилгын бүтээн байгуулалтын үйл явц удаашралтай байгаа болохоор орон сууц захиалгын гэрээний дагуу 3,586.6 м.кв талбайтай орон сууцыг барьж дуусгаагүй байгаа болно.

5.3. Нэхэмжпэгчийн хүсэж байгаа өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг биелүүлэхэд татгалзах зүйлгүй бөгөөд улсын бүртгэлийн Ү дугаар аваагүй байгаа тул нэхэмжлэгчийн шаардаж буй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй байна. ХОХОХОХХХы барилга баригдаж буй бөгөөд барилга ашиглалтад орох үед нэхэмжпэгчийн шаардаж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийг хүлээлгэн өгөхөөс татгалзах зүйлгүй гэжээ.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн татгалзал, хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул хариуцагч Э ХХК, Х.М нарт холбогдох Э ХХК, Л.О нарын хооронд 2021 оны 08 сарын 25-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ, түүний дагалдах гэрээнүүд болох 2021 оны 08 сарын 25-ны өдрийн Батлан даалтын гэрээ, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Хэлцэл, 2022 оны 08 сарын 05-ны өдрийн Зээлийн болон барьцааны гэрээ", 2022 оны 07 сарын 05-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ, 2022 оны 07 сарын 05-ны өдрийн Барьцааны гэрээ, 2023 оны 01 сарын 06-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-нээс тус тус татгалзах,

хариуцагч Х.М т холбогдох 2021 оны 11 сарын 10-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөрт нийт 780,000,000 төгрөгийг гаргуулах,

хариуцагч************** ХХК, Ц.А , Х.М нарт холбогдох Х ХХК болон Ц.А , Х.М , Л.О нарын хооронд 2022 оны 07 сарын 01-ний өдөр байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээ, 2022 оны 07 сарын 01-ний өдөр байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-нээс тус тус татгалзах,

хариуцагч "Ө ХХК-д холбогдох 2021 оны 08 сарын 25-ны өдрийн 000 тоот Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу Баянзүрх дүүргийн ХХХХХ хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ХОХОХОХХХы /CR-ОЗ/ 3 дугаар блокийн 2-12 давхар хүртэлх 3,586.6 м.кв талбайтай 73 ширхэг айлын орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох тухай Л.О ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,286,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

8. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

8.1. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийг буруу тайлбарласан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн ба хэргийн оролцогчийн гаргасан хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг тус тус хангаагүй гэж үзэж байна.

8.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явцад Иргэний хуулийг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон ба хариуцагч Э ХХК, Х.М нар нь шүүхэд үнэн зөв тайлбар гаргах, нэхэмжлэлийн татгалзлалаа нотлох үүргээ биелүүлээгүй, нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд хариуцагч Х ХХК, Ц.А нарыг шүүх хуралдаанд оролцуулаагүй, хангалттай мэтгэлцэх бололцоогоор хангаагүй, нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн судлалгүйгээр өнгөцхөн шүүх хуралдааныг хийсэн хэргийн оролцогчийн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 3ХХХХХ зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

8.3. Мөн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхдээ шүүх хуралдаан даргалагч зохигчдыг шүүх хуралдааны бусад оролцогчдоос асуулт асуух боломж олгоогүй, энэ талаар тодруулаагүй, нөхцөлөөр хангаагүй, шүүх хуралдааны танхимд ихэнх оролцогч нар зогсоогоороо шүүх танхимд оролцсон ба шүүх хуралдааны процесс маш хурдан хугацаанд шүүх хуралдааны дэгийг түргэвчилсэн нөхцөлөөр явуулсан буюу зохигчдыг мэтгэлцүүлэх, мэтгэлцэх эрх, боломжоор хангаагүй, нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлэн судлах бололцоо олгогдоогүй болно.

8.4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байх ба Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11ХХХХХ зүйлийн 118.1-д шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ., мөн хуулийн 11ХХХХХ зүйлийн 118.3-т тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тагалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг шийдвэрт зааж тусгана гэж хуульчлан зохицуулсан.

8.5. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдох ба тайлбар" нь нотолгооны хэрэгсэлд хамаарахын хувьд нотлох баримт болно.

8.6. Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс үзвэл шүүх хуралдаанд оролцсон гуравдагч этгээдүүд, тэдгээрийн тайлбаруудын агуулгыг огт тусгаагүй, мөн гуравдагч этгээдүүд болох 73 хүн байхад 62 хүнийг гуравдагчаар татан оролцуулсан, хэргийг огт танилцуулаагүй, эрх үүргийг нь танилцуулан тайлбарлаагүй, шүүгчид нөлөөлөх нөлөөллийн мэдүүлгийг бөглүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хэрэгт гуравдагчаар оролцвол зохих этгээдүүдийг бүгдийг нь оролцуулж тайлбар, баримтыг гаргуулж аваагүй, хэргийн оролцогч биш ямар ч хамааралгүй хүнийг шүүх хуралдаанд оролцуулсан, гуравдагч этгээд 34 хүн оролцсон байтал шаардлагынх нь талаар тайлбар гаргуулалгүй, асуулт, хариулт, нотлох баримт шинжлэн судлах, судлуулах зэрэг ажиллагаануудыг явуулаагүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 107 дугаар зүйлийн 107.5, 11ХХХХХ зүйлийн 118.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

8.7. Шүүхэд үүсгэгдсэн иргэний хэргийн маргааны зүйлийн талаар, нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, тайлбар аваагүй нь гуравдагч этгээдүүдийн хэн аль нь зохигчдын аль нэг талын тайлбарыг дэмжсэн агуулгатай эсэх зэргээр гуравдагч этгээдийн тайлбарыг аваагүй, нягталж үзэж тодруулаагүйгээс түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон эрх зүйн байдал тодорхой бус зэрэг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 107 дугаар зүйлийн 107.3.1-т заасан зохицуулалтыг шүүх анхаарч үзээгүй болно.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 22-ны өдрийн 102/ШШ2024/02085 дугаар шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр буцааж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Ө ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

9.1. Ө ХХК-ийн зүгээс анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нотлох баримт болон тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн. Учир нь Ө ХХК-ийн хувьцааны 20 хувийн хувьцаа эзэмшигчээр Х.М , 30 хувийн хувьцаа эзэмшигчээр Л.О , 50 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.А нар байдаг. Эдгээр хувьцаа эзэмшигч нар энэ төслийг хамтран хэрэгжүүлсэн. Хоорондын маргаанаас болж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр маргаж, 20 хувийн хувьцаанаас ногдох хувийг чөлөөлөгдсөн.

9.2. Гэтэл 30 хувийн хувьцаа эзэмшигч Л.О 2021 оны СR03 дугаар гэрээг хийж 73 айлд хамаарах төлбөрийг Ө ХХК-д төлсөн. Тийм учраас нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Ө ХХК-ийн хувьд Э ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаа байхгүй.

9.3. Х.М тай хамтран ажиллах гэрээ байгуулж цааш нь Ц.А ад дамжуулсан байдаг. Ө ХХК нь 73 захиалагчаас нэг ч төгрөг хүлээж аваагүй, Э ХХК-тай эрх зүйн харилцаа үүсгээгүй учраас Э ХХК Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж харж байгаа.

9.4. Иймд нэхэмжлэгчийн гомдлыг дэмжих байр суурьтай оролцож байна. Бид шүүхийн шийдвэрийг 2024 оны 06 сарын 12-ны өдөр хүлээж авсан, 2024 оны 06 сарын 20-ны өдөр гомдол гаргах байсан боловч хэрэг давж заалдах шатны шүүх рүү шилжсэн байсан. Тийм учраас анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байгаа гэжээ.

 

10. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Х.М ын тайлбар, татгалзлын агуулга:

10.1. CR01 тоот гэрээгээр Л.О нь Ө ХХК-аас байр захиалаад бүх төлбөрөө төлсөн, энэ талаар маргаан байхгүй. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу Л.О нь 73 байрны эзэмшигч мөн. Энэ гэрээгээр Э ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулаад зуучлан борлуулах, Х ХХК-д 4,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулах эрхээ хамтран ажиллах гэрээгээр шилжүүлсэн.

10.2. Тийм учраас Э ХХК нь зуучлан борлуулсан орлогыг зөвхөн Л.О т өгөх ёстой, мөн Х ХХК-д хөрөнгө оруулалт хэлбэрээр өгөх ёстой. Т.Дэлгэрбаяр өмгөөлөгч буруу ярьж байна. Ө ХХК-д нэг ч төгрөг төлөхгүй. 73 байрны мөнгө Ө ХХК-д Л.О аар төлөгдсөн, нэмж мөнгө төлөхгүй. Ө ХХК зөвхөн барилгыг цаг хугацаанд нь ашиглалтанд оруулах үүрэг хүлээсэн.

10.3. Анхан шатны шүүх байрны гэрээ дуусгавар болсон байна гэж дүгнэснийг нэхэмжлэгч үгүйсгэж байгаа нь буруу. Л.О өөрийн захиалсан байрны өмчлөх эрхээ Э ХХК-тай байгуулсан гэрээгээр шилжүүлсэн. Автомашины тухай шүүхийн шийдвэрт маш тодорхой дүгнэсэн. Автомашиныг зээлийн гэрээ рүү шилжүүлсэн, өөрөөр хэлбэл автомашин худалдах, худалдан авах гэрээг Э ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ рүү шилжүүлсэн.

10.4. Нэхэмжлэгчийн зүгээс Х ХХК-д 4,000,000,000 төгрөг төлсөн эсэх асуудал яриад байна. Энэ бол компанийн дотоод асуудал. 4,000,000,000 төгрөгийг бэлэн мөнгө болон бараа материал ажил үйлчилгээгээр төлсөн гэдгээ Э ХХК нотолж нотлох баримтын шаардлага хангасан баримт гаргаж өгсөн. Яагаад нотлох баримтын шаардлага хангаагүй баримт өгсөн гэж байгааг ойлгохгүй байна.

10.5. Э ХХК-д Л.О нь 2023 оны 01 сарын 26-ны өдөр мэдээлэл авах тухай хүсэлт явуулсан, анхан шатны шүүх хуралдаанд хүсэлтийн эх хувийг авчраад хуулбарыг үлдээсэн. Бусад бүх баримтыг нотариатаар батлуулж, нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр өгсөн. Зуучлан борлуулах гэрээний дагуу Л.О т Э ХХК 7,500,000,000 төгрөг төлөх ёстой байсан. Үүнээс 1,550,000,000 төгрөгийг Л.О ын дансанд шилжүүлсэн, энэ талаарх баримтыг бүрэн гаргаж өгсөн. 4,000,000,000 төгрөгийг Х ХХК-д бэлэн мөнгөөр болон бараа үйлчилгээгээр шилжүүлсэн. Харин одоо Л.О , Х.М , Ц.А нар хувьцаа эзэмшигчдийн хурал хийж аль төлбөрийг хаана тооцох вэ гэдгийг шийдэх шаардлагатай байгаа.

10.6. Э ХХК-аас нийт 5,800,000,000 төгрөг Х ХХК-д шилжсэн. Үүнээс 4,000,000,000 төгрөгийг Л.О т тооцож байгаа. 7,500,000,000 төгрөгөөс 2,000,000,000 төгрөгт зээлийн гэрээ байгуулж төлбөрийг шилжүүлсэн. Төлбөр шилжих процесс дунд дээр дурдсан автомашины төлбөрийг тухайн гэрээнд тусгасан учраас тусад нь нэхэмжлэх ёсгүй гэж тайлбар гаргасан, шүүх ийм байдлаар шийдсэн.

10.7. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээдүүдийг шүүх хуралдаанд оруулаагүй гэж байна. Шүүх хуралдааныг маш олон удаа хойшлуулсан. Шүүх хуралдааныг 1 сараар хойшлуулж байгаад шүүх хуралдааны товыг бүх гуравдагч этгээдэд шуудангаар болон биечлэн хүргэсэн байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанаа явуулъя гэсэн хүсэлт гаргаад хэргийг шийдсэн гэжээ.

 

11. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Э ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

Гуравдагч этгээдүүдийг оролцуулах бүх боломж бололцоог хангасан. Нэхэмжлэгчийн гаргасан гомдолд нотлох баримтын шаардлага хангаагүй баримт гаргаж өгсөн гэж байна. 2024 оны 03 сарын 18-ны өдөр бүх нотлох баримтыг шаардлага хангуулсан. Зээлийн гэрээний үүрэгт шилжсэн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

12. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Ц.А ын тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгч талаас Х ХХК-д 4,000,000,000 төгрөг оруулаагүй гэж байгаа. Баримтаар Х ХХК-д 1,860,000,000 төгрөг дансанд орсон. Бусад хөрөнгийн хувьд Л.О , Х.М , компанийн зүгээс шийдээд тухайн хөрөнгийг оруулах уу гэдэг асуудлыг хоорондоо шийдэх зохицуулалттай байгаа гэжээ.

 

13. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Х ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч нарын саналтай адил байр суурьтай байна гэжээ.

 

14. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Тунгалагийн тайлбар, татгалзлын агуулга: Э ХХК-ийн саналыг дэмжиж байна гэжээ.

 

15. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Тэгшбуянгийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дэмжихгүй байна. Э ХХК-ийн тайлбарыг дэмжиж байна гэжээ.

 

16. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Энхзулын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Э ХХК, Х.М ,************** ХХК, Ц.А , Ө ХХК нарт холбогдуулан Э ХХК, Л.О нарын хооронд 2021 оны 08 сарын 25-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ, түүний дагалдах гэрээнүүд болох 2021 оны 08 сарын 25-ны өдрийн Батлан даалтын гэрээ, 2022 оны 04 сарын 25-ны өдрийн Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2022 оны 07 сарын 05-ны өдрийн Хэлцэл, 2022 оны 07 сарын 05-ны өдрийн Зээлийн болон барьцааны гэрээ, 2022 оны 07 сарын 05-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ, 2022 оны 07 сарын 05-ны өдрийн Барьцааны гэрээ, 2023 оны 01 сарын 06-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-нээс тус тус татгалзах, 2021 оны 11 сарын 10-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөрт нийт 780,000,000 төгрөгийг гаргуулах, Х ХХК болон Ц.А , Х.М , Л.О нарын хооронд 2022 оны 07 сарын 01-ний өдөр байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээ, 2022 оны 07 сарын 01-ний өдөр байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-нээс тус тус татгалзах, 2021 оны 08 сарын 25-ны өдрийн СR-001 тоот Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу Баянзүрх дүүргийн ХХХХХ хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ХОХОХОХХХы /СR-03/ 3 дугаар блокийн 2-12 давхар хүртэлх 3,586.6 м.кв талбайтай 73 ширхэг айлын орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ө ХХК нь зөвшөөрч маргаагүй, хариуцагч Э ХХК, Х.М нар нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч************** ХХК, Ц.А нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан шүүхийн тогтоосон хугацаанд хариу тайлбар гаргаагүй.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хариуцагч Э ХХК-ийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болно.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй.

 

3.1. Нэхэмжлэгч нь Э ХХК, Л.О нарын хооронд 2021 оны 08 сарын 25-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ, түүний дагалдах гэрээнүүд болох 2021 оны 08 сарын 25-ны өдрийн Батлан даалтын гэрээ, 2022 оны 04 сарын 25-ны өдрийн Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2022 оны 07 сарын 05-ны өдрийн Хэлцэл, 2022 оны 07 сарын 05-ны өдрийн Зээлийн болон барьцааны гэрээ, 2022 оны 07 сарын 05-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ, 2022 оны 07 сарын 05-ны өдрийн Барьцааны гэрээ, 2023 оны 01 сарын 06-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-нээс тус тус татгалзах, Х ХХК болон Ц.А , Х.М , Л.О нарын хооронд 2022 оны 07 сарын 01-ний өдөр байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээ, 2022 оны 07 сарын 01-ний өдөр байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-нээс тус тус татгалзах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Шүүх гэрээнээс татгалзах шаардлага шийдвэрлэж байгаа тохиолдолд уг хэлцлийн үр дагавар буюу хэлцлээр харилцан шилжүүлсэн хөрөнгийг буцаан шилжүүлнэ.

 

Хэрэгт цугларсан баримтаар дээрх гэрээгээр хөрөнгө болон хувьцаа, түүний эрх шилжсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр маргааныг шийдвэрлэсэн буруу болжээ.

 

3.2. Анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШЗ2023/17264 дүгээр захирамжаар хариуцагч Э ХХК-ийн хүсэлтээр нэр бүхий иргэн, хуулийн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Гэтэл, анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХХХ нарт мэдэгдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4 дэх хэсэгт нийцэхгүй байна.

 

Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлнө гэж үзэж нэр бүхий иргэн, хуулийн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй этгээдээр татан оролцуулсан атлаа зарим гуравдагч этгээдэд нэхэмжлэлийн хувийг гардуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлах, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах зэрэг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16ХХХХХ зүйлийн 168.1.7, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 22-ны өдрийн 102/ШШ2024/02085 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,286,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

С.ЭНХБАЯР