Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 15 өдөр

Дугаар 00479

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 12 дугаар гудамжны 60 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ79092270, Засхууд овогтой Хасгаагийн Бямбажавын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын орон сууцны 11 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, ОВ63101001 регистрийн дугаартай, Зуутраг овогтой Санжийн Пүрэвжавт холбогдох,

          Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 10.300.000 төгрөг, түүний 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хүү 6.324.819 төгрөг, нийт 16.624.819 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Бямбажав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч С.Пүрэвжав, гэрч Б.Шинэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

          Нэхэмжлэгч Х.Бямбажав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “Бэлбулаг” ХХК-ийн нэр дээр Хас банкнаас 100.000.000 төгрөгийг зээлж авсан ба Голомт банк руу 80.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Голомт банкны ахлах теллер Бат-Оршихын Шинэбаяр гэгч надтай уулзаж, “Бямбаа ахаа 13.000.000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай өгөөч, зээл хаагаад, дахин зээл аваад өгье” гэхэд нь эхнэр Х.Дариймаа бид хоёр түүнд итгэж 11.800.000 төгрөгийг өгсөн. Гурав хоногийн дараа мөнгөө нэхэхэд “Зээл бүтэхгүй байна, түр хүлээгээч” гэсэн. Ингээд мөнгөө өгөхгүй янз бүрийн шалтаг хэлж байснаа сүүлдээ “Хадам ээж С.Пүрэвжаваас мөнгөө ав” гэсэн. С.Пүрэвжав гэх хүнтэй анх уулзахад “Дүү нар минь жаахан хүлээж бай. “Сакура” дэлгүүрийн хашаанд барилга барьж байгаа. Энэ жил ашиглалтад орно. Мөнгийг чинь хурдан өгнө” гэж хэлж явсаар 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр С.Пүрэвжав түүний охин С.Батзаяа, Б.Шинэбаяр нь 1.500.000 төгрөг өгсөн юм. Түүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй. 2015 оны 3 дугаар сард С.Пүрэвжавын гэрт нь очиж уулзахад “Эгч нь одоо өгч чадахгүй байна. Би хүүтэй мөнгө хайж байгаа. Чамд мөнгө олдох уу? Сарын 10 хувийн хүүтэй байсан ч хамаагүй, би хүүг нь төлье” гэсэн. Эхнэр бид хоёр “Тийм өндөх хүү авахгүй” гэж хэлсэн. Тэгээд бид тохиролцож, 2015 он дуусахаас өмнө тооцоогоо дуусгахаар болсон боловч одоо 2016 он гарсан байна. 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Б.Шинэбаяраас мөнгөө нэхэж очсон ба нотариатын газар очиж, “Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, 90 хувийн гүйцэтгэлтэй, 8-1 тоотод байх хадам ээж С.Пүрэвжавын нэр дээр байгаа 2 өрөө, 45 м.кв талбай бүхий байрны гэрчилгээ болох Ү-1520004449 дугаартай ордерын хамт 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр үндсэн мөнгө 11.800.000 төгрөг, түүний хүү 7.700.000 төгрөг, нийт 19.500.000 төгрөгийг төлж барагдуулна” гэсэн баталгааг гаргаж өгсөн. Тэрээр дахин тохиолцсон хугацаандаа мөнгөө өгөөгүй. 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр С.Пүрэвжавын хүргэн Б.Шинэбаяр хадам ээжийнхээ гарын үсэг бүхий “Х.Дариймаа та нараас авсан 11.800.000 төгрөгөөс 1.500.000 төгрөгийг өгсөн. Үлдэх 10.300.000 төгрөгийг Голомт банкинд байгаа 16.500.000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг чинь хааж өгнө” гэж бичсэн цаасыг авчирч өгсөн. Гэтэл 3 дугаар багт байрлаж буй барилга нь ашиглалтад орсон, айлууд ороод амьдарч байхад С.Пүрэвжав биднээс авч хэрэглэсэн мөнгөө өгөхгүй явсаар байна. Иймд миний бие С.Пүрэвжаваас үндсэн мөнгө 10.300.000 төгрөг, мөн түүний хүү буюу 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хүү 6.324.819 төгрөг, нийт 16.624.819 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Би Б.Шинэбаярт мөнгө өгсөн ч гэсэн түүний хадам ээж болох С.Пүрэвжав тухайн мөнгийг өөрийн барьж буй барилга руугаа оруулсан гэсэн тул түүнийг хариуцагчаар тодорхойлсон” гэжээ.

         Хариуцагч С.Пүрэвжав шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Х.Бямбажавын нэхэмжилсэн 16.624.819 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Х.Бямбажаваас үүдэн манай хүргэн ажилгүй болсон ба энэ нөхцөл байдлаа бодож үзээд энэ нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээс татаж авна байх гэж итгэж байсан. Тухайн үедээ Б.Шинэбаярыг амралттай байх үед Х.Бямбажав Голомт банкнаас 72.000.000 төгрөгийн зээл авахдаа ямар ч барьцааны хөрөнгө үлдээлгүйгээр мөнгөө аваад явснаас болж манай хүү ажилгүй болж, өдий хүртэл хохирч явна. Би Х.Бямбажаваас авсан зээлийн үлдэгдэл 10.300.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Бидний хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул зээлийн хүү гэх 6.324.819 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Намайг маш олон зээлтэйг мэдсээр байж шүүхэд хандан дахин намайг сэтгэл санааны дарамтад оруулж байгаад гомдолтой байна. Би үнэндээ хүргэн Б.Шинэбаяраас энэ мөнгийг авсан. Тэр хүнээсээ мөнгөө нэхэмжилэх нь зүйтэй байх” гэжээ.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Х.Бямбажав нь хариуцагч С.Пүрэвжавт холбогдуулан  зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.300.000 төгрөг, хүү 6.324.819 төгрөг, нийт 16.624.819 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

         Гэрч Б.Шинэбаяр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Х.Бямбажаваас 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 11.800.000 төгрөгийг зээлж аваад хадам ээж С.Пүрэвжавт өгсөн ба уг мөнгийг барьж байсан барилга руугаа хөрөнгө оруулалт болгож хийсэн. Тухайн үедээ хадам ээж маань банкнаас зээл аваад өгнө гэж байсан боловч тохирсон хугацаандаа бид мөнгийг нь өгч чадаагүй, 2015 оны 1 дүгээр сард манай эхнэр С.Батзаяа 1.500.000 төгрөгийг Х.Бямбажавт аваачиж өгсөн. Тухайн үедээ би мөнгө авахдаа Х.Бямбажав ахтай бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй боловч сүүлд 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр баталгаа гарган өгч, 11.800.000 төгрөг дээр хүү 7.700.000 төгрөгийг нэмж, нийт 19.500.000 төгрөгийг өгнө гэж бичиг хийж, нотариатаар батлуулсан. Дараа нь хадам ээж С.Пүрэвжаваар зээлийн төлбөр 16.500.000 төгрөг өгнө гэсэн баталгаа гаргуулан Х.Бямбажавт өгсөн. Би өөрөө төлбөрийн чадваргүй байгаа бөгөөд уг мөнгийг С.Пүрэвжав төлж барагдуулна” гэжээ.

      Хэдийгээр хариуцагч С.Пүрэвжав нь “Уг зээлийн төлбөрийг би хариуцахгүй, Б.Шинэбаяраас нэхэмжилэх нь зүйтэй” гэсэн тайлбар гаргаж байгаа боловч дээрх гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд Х.Бямбажав нь Б.Шинэбаяраар дамжуулан С.Пүрэвжавт 11.800.000 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 3 хоногийн хугацаатай зээлсэн болох нь тогтоогдож байгаагаас гадна хариуцагч С.Пүрэвжав уг мөнгийг авч ашигласан нь нотлогдож байна.

       Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т  заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч Х.Бямбажав нь хариуцагч С.Пүрэвжаваас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ.  

         Харин хариуцагч “Зээлийн үндсэн төлбөр болох 10.300.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, харин бидний хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул хүү 6.324.819 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй” гэж маргаж байх ба хэдийгээр хэрэгт иргэн Б.Шинэбаярын нотариатаар баталгаажуулсан “Баталгаа гаргах нь” гэх баримтад “хүү 7.700.000 төгрөг өгнө” гэж, мөн хариуцагч С.Пүрэвжавын “Хасаг овогтой Дариймаад” гэж хаягласан тодорхололтод “хүүгийн хамт 16.500.000 төгрөг өгнө” гэж тус тус дурдагдсан байх боловч тухайн баримтуудыг талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гарын үсэг зурж байгуулсан зээлийн гэрээ гэж үзэх боломжгүй бөгөөд талууд хэдий хугацаатай, хэдэн хувийн хүү тооцож олгохоор тохиролцсон болох нь тодорхой бус, мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлага хангасан бичгийн гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна.

       Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч С.Пүрэвжаваас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.300.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Бямбажавт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “6.324.819 төгрөг гаргуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Бямбажаваас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241.074 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Пүрэвжаваас 179.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.   

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч С.Пүрэвжаваас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.300.000 /арван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Бямбажавт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “6.324.819 төгрөг гаргуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Бямбажаваас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241.074 /хоёр зуун дөчин нэгэн мянга далан дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Пүрэвжаваас 179.750 /нэг зуун далан есөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Бямбажавт олгосугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.ГЭРЭЛТУЯА