Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01431

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 19 өдөр Дуга 210/МА2024/01431

 

 

П.Э ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/01750 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: П.Э ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ю ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх, ээлжийн амралтын олговорт 691,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч П.Э нь 2022 оны 09 сарын 05-ны өдрөөс эхлэн №04 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулан Ю ХХК-д менежерийн албан тушаалд томилогдон ажилласан.

1.2. Тус хөдөлмөрийн гэрээнд Ю ХХК нь үндсэн цалин 1,000,000 төгрөг байхаар заасан боловч ажиллах хугацаанд тус компанийн гүйцэтгэх захирал 800,000 төгрөгийн цалинг миний дансанд шилжүүлдэг байсан. Би тухайн үед холбогдох нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татварыг суутгаж олгодог байсан гэж бодож байсан боловч нэг ч удаа төлж байгаагүй болохыг нь 2023 оны 05 сард мэдсэн.

1.3. 2023 оны 05 сарын эхний цалинг авах гэтэл Чи надад нийгмийн даатгал болон татварт гомдол гаргахгүй гэсэн бичиг хийж өг гэсэн тул тийм бичгийг нь хийж өгснөөр 2023 оны 05 сарын 15-ны өдөр авах ёстой цалингаа 05 сарын 24-ний өдөр авсан. Үүнээс хойш намайг ямар үндэслэлээр ажлаас халсан талаар тушаалаа гаргаж өгөөгүй. Ажлаа хүлээж авна гэхээр нь хүлээлгэж өгсөн.

1.4. Бидний хооронд байгуулсан гэрээний 7.2-т цалин хөлсөө Хамтын гэрээ-нд заасан хугацаанд авч байх гэж заасан боловч бидний хооронд хамтын гэрээ байгуулагдаж байгаагүй. Мөн гэрээний 7.4 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн хууль тогтоомжид заасны дагуу амрах, тэтгэвэр тэтгэмж авах, бусад хөнгөлөлт эдлэх гэж заасан боловч ажлаас халахдаа ээлжийн амралтын олговрыг олгоогүй.

1.5. Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө хуульд заасны дагуу Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдлоо гаргаж урьдчилан шийдвэрлэх ажиллагааг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасан хугацаанд гаргасан боловч гурван талт хорооны хуралдаанд Н.У захирал хүрэлцэн ирээгүй тул шүүхийн журмаар шийдвэрлүүл гэсэн. Иймд нэхэмжлэгч П.Э ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Ю ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийлгүүлж, ээлжийн амралтын олговорт 2022 оны 09 сарын 05-ны өдрөөс 2023 оны 09 сарын 15-ны өдөр хүртэлх 11 сарын хугацааны ээлжийн амралтын олговорт 691,250 (1,000,000/21,7х15) төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. П.Э нь Ю ХХК-д 2022 оны 09 сарын 05-ны өдрөөс эхлэн менежерийн ажилд орсон. Ажилд орохдоо 04 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба тус гэрээгээр ажилтантай хөдөлмөрийн хөлсийг 800,000 төгрөгөөр тохиролцсон ба мөн П.Э ад нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татварт хэдэн төгрөгийг суутгуулах тухай хэлсэн. Тухайн үед бусдад өр зээлтэй, гар дээрээ бүх мөнгөө авья, харин 2023 оны 06 cap хүртэл нийгмийн даатгал шимтгэл төлөхгүй, 06 сараас эхлэн төлье гэж тохиролцсон.

2.2. П.Э нь анх ажилд орохдоо байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь 800,000 төгрөг ба нэхэмжлэлд хавсаргасан 1,000,000 төгрөгийн гэрээг 2023 оны 03 сарын 20-ны өдөр С ХХК-аас лизингээр нөүтбүүк авах гэсэн юм та хөдөлмөрийн гэрээний цалинг арай өндөр байхаар хийж өгөөч гэж хүссэний дагуу П.Э ад туслах үүднээс гэрээний цалинг 1,000,000 төгрөг байхаар тусгаж, шинээр гэрээ гаргаж өгсөн. Иймд тус гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ болно.

2.3. Манай байгууллага нь cap бүрийн 03, 18-ны өдрүүдэд цалинг олгодог ба 15-ны өдөр цалин буудаггүй. П.Э нь 2023 оны 05 сарын 18-ны өдрийг хүртэл ажиллаад Ээжийн бие муу байна. Эрдэнэт явах шаардлагатай болсон гэж хэлээд хөдөө явсан. Тус өдөр цалин буух ёстой байсан ба ажил дээр ирээд П.Э ыг манай үйлчлүүлэгчээс надад төлөх ёстой байсан төлбөрийг хувьдаа завшсан болохыг олж мэдсэн. Өмнө нь ч миний өмнөөс мөнгө авч түүнийг хувийн хэрэгцээндээ, нөхрийнхөө машины засварт гэх мэт зарцуулсан зүйл удаа дараа гарсан байдаг. Үүнээс болж 2023 оны 05 сарын 24-ний өдөр ирж цалингаа тооцуулж авсан.

2.4. Цалинг тооцож олгох үед нийгмийн даатгал төлүүлэх тухай надад хэлэхэд нь ... Чи анхнаасаа төлөхгүй гээд бүх цалингаа суутгалгүй авсан хэрвээ нийгмийн даатгал төлүүлэхээр бол 09 сараас 05 сарыг хүртэлх хугацаанд авсан цалингийн 11,5 хувь буюу 736,000 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 406,400 төгрөгийг, нийт 1,142,400 төгрөгийг суутгуулснаар дээрх нийгмийн даатгалыг төлөх боломжтой болно. Хэрвээ төлье гэж бодож байгаа бол энэ мөнгийг байгууллагад төлөх хэрэгтэй гэдгийг хэлсэн.

2.5. Гэвч П.Э ийм мөнгө байхгүй, нийгмийн даатгал төлөхгүй гэсэн тул нийгмийн даатгалд гомдол гаргахгүй тухай хүсэлт гаргаж өгсөн.

2.6. П.Э нь өөрөө ажлаасаа гарья гэж хэлсэн бөгөөд ажлаа хүлээлгэж өгөөгүй, ажлаа орхиж явсан тул ажилд эргүүлэн тогтоох боломжгүй. Ээлжийн амралтын олговрын тухай П.Э нь 2023 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан ба 03 сард ажиллаагүй. Иймд компанид нийтдээ 8 cap ажилласан байгаа. Ээлжийн амралтын олговрыг тооцохдоо 2023 оны 08 cap хүртэл ажилласан мэтээр тооцсон ба тус мөнгөнөөс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар зэргийг хасаж тооцоогүй алдаатай бодолт хийсэн байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 99 дүгээр зүйлийн 99.1-т заасныг баримтлан нэхэмжпэгч П.Э ыг Ю ХХК-ийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,489,815 төгрөг, ээлжийн амралтын олговорт 459,837 төгрөг, нийт 7,949,652 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид П.Э ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 231,413 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Э ын 2022 оны 09 сарын 05-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч Ю ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.Э ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,140 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю ХХК-аас 14,445 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 70,200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-т нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй, 3-т хариуцагчийн төлөөлөгчийн татгалзлаа нотлохоор өгсөн хэргийн 25-32 дугаар талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй, Ю ХХК-ийн 2023 оны 05 сарын 22-ны өдрийн 23/01 тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгч П.Э ыг Ю ХХК-ийн менежерийн албан тушаалд эргүүлэн тогтоох үндэслэлтэй байна гэж, мөн Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2023 оны 05 сарын 18-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 04 сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцоход 7,489,815 төгрөг байна. Иймд нэхэмжлэгч П.Э ын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,489,815 төгрөгий хариуцагч Ю ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзсэн байна.

4.2. П.Э нь 2023 оны 05 сарын 15-ны өдөр ажлаа орхин Эрдэнэт хотруу явсан бөгөөд 2023 оны 05 сарын 18-ны өдөр ажлаасаа гарья хэмээн мессенжер чат удаа дараа бичээд үүнээс хойш ажилдаа ирээгүй ажлаа хаяж явсан. Ингээд 2023 оны 05 сарын 24-ний өдөр ирж цалингаа тооцуулж аваад дахин ажилдаа ирээгүй.

4.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно хэмээн заасан бөгөөд тухайн үед цахимаар мэдэгдсэн гэж үзсэн тул ажилтан нь өөрөө ажлаасаа гарах хүсэлтээ цахимаар өгсөн, өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлт өгсөн гэж тушаал гаргасан.

4.4. Гэтэл нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халсан хэмээн маргаж, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжилсэн байдаг. Хариуцагч ажлаас үндэслэлгүй халаагүй, ажилтан өөрөө ажлаасаа гарья гэсэн, ажлаа орхиж яваад 7 хоногийн дараа ирж цалингаа тооцуулж аваад дахиж ирээгүй зэргээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, тайлбар гаргаж өгсөн ба энэхүү тайлбар, татгалзалын үндэслэл болгож нэхэмжлэгч П.Э ын бичсэн чат, мессенжер буюу цахим нотлох баримтыг шүүхэд цаасанд буулган хэвлэж нотлох баримтаар өгсөн байдаг.

4.5. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д ... Хариуцагчийн төлөөлөгчийн татгалзлаа нотлохоор өгсөн хэргийн 25-32 дугаар талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзсэн.

4.6. Гэвч анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нотлох баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй тухай дурьдаагүй, нэхэмжпэгч тус цахим баримт буюу мессенжерийг үгүйсгээгүй, хариуцагчаас шүүх хурал дээр, хариу тайлбартаа тухайн мессенжер буюу ажлаас гарах хүсэлтийг цахимаар өгсөн тул ажлаас чөлөөлөх тушаал гаргасан хэмээн удаа дараа хэлсэн байдаг тул нотлох баримтаар үнэлэгдэнэ гэж ойлгосон. Хэрэв нэхэмжлэгч тал тус чат мессенжерийг үгүйсгэсэн, ажлаас гарах хүсэлтийг цахимаар бичээгүй гэж маргасан бол цахим баримтад үзлэг хийлгэх хүсэлтийг гаргах байсан. Гэтэл тэр тухай маргасан зүйлгүй, нэхэмжлэгч тал өөрийн ажлаас гарах чатын тухай юу ч дурьдаагүй байдаг.

4.7. Хариуцагч Ю ХХК-аас нэхэмжлэгчтэй харилцсан чат, түүний ажлаас гарья хэмээн удаа дараа бичсэн, хариу илгээсэн мессенжер чатыг анхан шатны шүүхэд цаасан дээр буулган хэвлэж цахим баримтаар өгсөнийг анхан шатны шүүх хүлээн авсан ба үүнийг цаасан суурьтай баримттай адилтган үзэх боломжгүй, хуулбарыг нотариатаар гэрчлүүлэх боломжгүй тул цахим баримтаар үнэлэх бүрэн боломжтой байсан.

4.8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т Шүүх хэрэгт цугларсан эд мөрийн баримт болон баримт бичгийг судалж, шаардлагатай бол хэргийн оролцогч, гэрч, шинжээчийн хүсэлтээр бичмэл, цахим нотлох баримтыг шүүх хуралдаанд уншиж сонсгон, эд мөрийн баримтыг танилцуулна гэж заасан байдаг ч шүүх цахим баримтыг тухайн баримтын төрөл, хэлбэрээс хамаарч түүнд агуулсан мэдээллийг тохиромжтой аргыг хэрэглэн шинжлэн судлах бөгөөд энэ хэргийн хувьд хариуцагч талаас шүүхэд гаргасан цахим шууданг хэвлэсэн байдлаар нь эсхүл дэлгэц ашиглах хэлбэрээр уншиж бэхжүүлэх боломжтой юм гэж Улсын дээд шүүхийн 2023 оны 11 сарын 23-ны өдрийн 001/ХТ2023/00241 дугаар тогтоолын хяналт хэсгийн 15-д тусгасан байна. Үүнээс гадна цахим баримтад үзлэг хийснээр нотлох баримтад тооцогдох талаар хуулиар шууд журамлаагүй болохыг тусгасан.

4.9. Улсын Дээд шүүхийн 2023 оны 11 сарын 23-ны өдрийн 001/ХТ2023/00241 дугаар тогтоолын хяналт хэсгийн 18-д Хэрэв талууд хэнээс хэнд, хэзээ, ямар утга агуулгатай цахим шуудан /е-mail/ илгээгдсэн, хүлээн авсан эсэхэд маргасан тохиолдолд шүүх зохигчийн хүсэлтээр уг баримтыг хэрхэн бэхжүүлэх аргаа сонгож баримтжуулах шаардлагатай, өөрөөр хэлбэл, зохигч маргасан тохиолдолд техникийн болон хууль эрх зүйн шаардлагууд нь цахим баримтыг хүлээн зөвшөөрөх эсэхийн суурь үндэс болно.

Мөн тогтоолын 19-т Харин тухайн цахим шуудан /е-mail/ илгээсэн, хүлээн авсан боловч түүнд агуулагдсан анхны мэдээлэл нь өөрчлөгдсөн, засварлагдсан эсэхэд эргэлзээ байвал хэргийн оролцогч шинжээч томилуулах замаар шүүхэд хүсэлт гаргаж тогтоолгох боломжтой гэсэн байдаг.

4.10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх цахим баримт /мессенжер/-ийг нэхэмжлэгч үгүйсгээгүй, шүүхээс нотлох баримтаас хасах тогтоол, захирамж гараагүй байж нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй хэмээн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж П.Э ыг ажилд эргүүлэн тогтоож 2024 оны 04 сарын 29-ний өдрийг хүртэлх дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,489,815 төгрөг гаргуулах шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.11. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д ...нэхэмжлэгч П.Э ын 2022 оны 09 сарын 05-ны өдрөөс 2024 оны 04 сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч Ю ХХК-д даалгах нь зүйтэй гэж үзсэн байна. Ю ХХК-аас гаргаж өгсөн цахим баримтыг үнэлээгүйн улмаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ажилд нь эргүүлэн тогтоосон, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,489,815 төгрөг гаргуулах шийдвэр гарсантай холбогдож 2024 оны 04 сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

4.12. Цахим баримтыг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий * байна. 116.3-т шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах хуулийн шаардлагад нийцээгүй байх тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/01750 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч Ю ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх, ээлжийн амралтын олговорт 691,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хариуцагч Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 сарын 22-ны өдрийн 23/01 тоот тушаалын 1 дэх заалтаар Менежер ажилтай П овогтой Э нь 2023 оны 05 сарын 18-ны өдрөө тасалбар болгон ажлаас гарах хүсэлт өгсөн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг тус тус баримтлан П.Э ыг ажлаас чөлөөлжээ.

 

4. Анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргааны зүйл, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох ажиллагаа явуулахгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

4.1. Гомдлоор үүсэх маргаанд талуудын зарчим, шүүх хөндлөнгийн байх зарчмыг баримтлах боловч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан шаардлага хангуулах талаар чиглүүлэх үүрэгтэй.

 

4.2. Хэрэгт зохигч талуудын харилцаж байсан чат-ыг хэвлэж шүүхэд гаргасан байхад уг баримтыг үзлэг хийх замаар нотлох баримтын шаардлага хангуулах талаар тодруулах шаардлагатай байжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлийг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг цахимаар гаргасан гэж, харилцан бичсэн чат-ыг эш татаж байхад шүүх нотлох баримтыг шаардлага хангахгүй үндэслэлээр үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.

 

4.3. Шүүхийн 2023 оны 09 сарын 26-ны өдрийн 181/ШЗ2023/15973 дугаар захирамжаар хариуцагч байгууллагаас цагийн бүртгэлийн дэвтрийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч нь цагийн бүртгэлийн дэвтрийг хуулбарлан хүргүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна. /хх-83-84/

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.6 дахь хэсэгт зааснаар маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд нотлох баримтыг хууль заасан шаардлага хангуулан авах үүрэгтэй.

 

Нотлох баримтын шаардлага хангаагүй баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй баримт гэж үзнэ.

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/01750 шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,787 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

С.ЭНХБАЯР