Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2019/ШЦТ/97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч С.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Д-д холбогдох эрүүгийн 1938002210117 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, С.Д-, 

Шүүгдэгч С.Д- нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ХХ аймгийн ХХ сумын Х дугаар багийн Х тоот  хашааны гаднаас иргэн Н.Б-гийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж, 1.237.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Д- нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ХХ аймгийн ХХ сумын Х дугаар багийн Х тоот  хашааны гаднаас иргэн Н.Б-гийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж, 1.237.500 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Н.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Төмөрбулаг сумаас Мөрөн суманд орж ирээд 10 дугаар хороонд айлд очоод ороод гарч иртэл миний мотоцикль алга болсон байсан...Одоо миний мотоцикль надад байгаа. Би хөдөө мал хариулахдаа унаж байгаа. Би тухайн мотоциклио хувь хүнээс 2018 оны 01 дүгээр сард 1.700.000 төгрөгөөр худалдаж авч байсан...Миний хохирол гомдлыг надаас мотоцикль хулгайлсан хүн барагдуулж өгсөн. Гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р тал/

Гэрч Л.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тэр өдрийн орой 23 цагийн орчимд 10 дугаар хорооны 35 дугаар гудамжны үзүүрт манай дүүгийн алдагдсан мотоциклийг цэнхэр дээлтэй, шар бүстэй, шар царайтай залуу унаж явсан. Машинтай явж байсан болохоор араас нь очоод “зогс” гэж хэлсэн чинь зогсохгүй байхаар нь машинаараа шахаад тэр хашаанд тулаад зогссон. Тэгээд тэр хүн рүү очсон чинь өөрийн гэсэн ухаангүй, хаана явж байгаагаа ч мэдэхгүй, шал согтуу байсан. Тэгээд тэр хүнийг цагдаад авчирч өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/

Гэрч Б.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр би...Тэнүүн хүслэн хүнсний дэлгүүрт худалдагч хийж байтал гаднаас хүмүүс орж ирээд “танай дэлгүүрийн камерыг шүүх хэрэгтэй байна, мотоциклио алдчихлаа” гэсэн. Тэгээд манай дэлгүүрийн гадна талын камерыг шүүж үзэхэд камерын бичлэгт хөх цэнхэр өнгийн дээлтэй хүн мотоцикль унаад дэлгүүрийн үүдээр явж камерт бичигдсэн бичлэг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/

Шүүгдэгч  С.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  Би 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр архи ууж согтуурсан үедээ Н.Б-гийн хөх өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг 10 дугаар хорооноос хулгайлж унаж яваад баригдсан. Тэр үед би согтуу байсан...Би өөрийн гэм буруугаа ухамсарлаж байна. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болоод ийм үйлдэл гаргасан байна. Би урьд өмнө нь хулгай хийж байгаагүй бөгөөд дахиж гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байж чадна гэж хэлмээр байна. Би хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулан эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-р тал/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4-р тал/

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас Эд зүйлийн эрэн сурвалжлалтыг АСАП санд байршуулсан тухай баримт /хх-ийн 19-20-р тал/

Итгэлт Эстимэйт ХХК-ийн Хөвсгөл салбарын үнэлгээчин Б.Мядагмаагийн хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт /хх-ийн 40-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч С.Д- нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ХХ аймгийн ХХ сумын Х дугаар багийн Х тоот  хашааны гаднаас иргэн Н.Б-гийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж, 1.237.500 төгрөгийн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт тусгагдсан шинжээчийн дүгнэлт, болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч С.Д-г хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Д- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч С.Д- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, улсын яллагчийн санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Д- нь хохирогч Н.Б-тэй харилцан тохиролцож уучлалт гуйж эвлэрсэн тухай хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно./хх-ийн 36-р тал/,

Эрүүгийн 1938002210117 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, бичиг баримтгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Д-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч С.Д-г 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-г оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч С.Д-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн 1938002210117 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР