Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
Хэргийн индекс | 183/2024/01403/И |
Дугаар | 210/МА2024/01519 |
Огноо | 2024-07-26 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2024/01519
2024 оны 07 сарын 26 өдөр Дуга 210/МА2024/01519
Т ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/02275 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Х т холбогдох,
0000 УБЕ улсын дугаартай зүтгүүр болон 0000 АР улсын дугаартай хөргүүртэй тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 3 ширхэг түлхүүр, хохиролд 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
0000 УБЕ улсын дугаартай зүтгүүр болон 0000 АР улсын дугаартай хөргүүртэй чиргүүлийн өмчлөгчөөр тогтоолгож, уг тээврийн хэрэгсэл болон чиргүүлийг Б.Х т шилжүүлэн өгөхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Б.Энхболд, хариуцагч Б.Х , хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Т ХХК нь 000 УБЕ улсын дугаартай 00000 арлын дугаартай ачааны ХОХОХОХХХХ маркийн чирэгч зүтгүүр болон, 000 АР улсын дугаартаи хөргүүртэй тээврийн хэрэгслээ Б.Х т 220,000,000 төгрөгөөр худалдахаар болсон ба төлбөр бүрэн төлж дууссаны дараа өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр тохирсон.
1.2. Ийнхүү төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл хариуцагч Б.Х т тээврийн хэрэгслийг түр шилжүүлэхдээ автомашины аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хангуулах зорилгоор 2022 оны 06 сарын 03-ны өдөр автомашин хүлээлцэх актыг үйлдсэн.
1.3. Гэвч хариуцагч Б.Х нь манай компанийн өмчлөлийн автомашины төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2-т зааснаар өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.
1.4. Энэ тохиолдолд тухайн эд хөрөнгийг өмчлөгч нь ердийн элэгдэл, хорогдлыг эс тооцон өөрт учирсан бодит хохирол, алдагдлаа нөхөн төлүүлэхээр үүргээ биелүүлээгүй талаас шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Б.Х аас Т ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн 3 ширхэг түлхүүрийг гаргуулж өгнө үү.
1.5. Мөн Т ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг хариуцагч Б.Х нь ямар ч төлбөргүйгээр ашиглаж, нийт 6 удаагийн тээвэрлэлт хийж тээврийн хэрэгсэлд элэгдэл хорогдол үүсгэсэн хэрнээ хууль ёсны өмчлөгч Т ХХК-д ямар нэгэн нэмэлт төлбөр төлөлгүй тээврийн хэрэгслийг буцааж өгвөл нэхэмжлэгчийн эрх ашиг бодитоор бүрэн сэргэхгүй гэж үзэж байна.
1.6. Иймд Б.Х аас 2022 оны 06 сарын 03-ны өдрөөс 2023 оны 09 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Т ХХК-ийн өмчлөлийн 220,000,000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг ямар ч төлбөргүйгээр ашигласан байх тул энэ хугацаанд үүссэн элэгдэл хорогдлыг хохирол гэж үзэж, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т Машин, механизм, техник, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн нэг жилийн хугацаанд ашиглахад үүсэх элэгдэл хорогдлыг 10 хувиар тооцно гэж заасны дагуу тээврийн хэрэгслийн үнийн дүнгийн 10 хувь болох 22,000,000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
2.1. Т ХХК-ийн захирал гэх Ш.Б нь тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт өөрийн багын найз н.Г гэгчид 3 өрөө байраар сольж өгсөн бөгөөд н.Г нь Д.Ө гэгчид уг тээврийн хэрэгсэл чиргүүлийн хамт бетон зуурмагаар солихоор тохиролцсон байсан. Миний бие Д.Ө гэх иргэнээс уг тээврийн хэрэгсэл, чиргүүлийн хамт 180,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, дээрх мөнгөн дүнгээс 158,384,000 төгрөгийг төлж барагдуулсан болно.
2.2. 2022 оны 06 сарын 03-ны өдөр автомашин, чиргүүлээ хүлээн авахаар очиход Т ХХК-ийн захирал гэх Ш.Б өөрөө ирсэн бөгөөд үлдэгдэл төлбөрөө өгч автомашины нэрээ шилжүүлэх гэтэл өнөөдөр нэр шилжүүлэхгүй манай найз н.Г , Д.Ө гаас бетон зуурмагаа авч байж нэрээ шилжүүлнэ гэж хэлсэн тул өнөөдөртөө автомашинаа хүлээгээд авч бай гээд автомашин хүлээлцэх акт үйлдэж надад хүлээлгэж өгсөн.
2.3. Өөрөөр хэлбэл Т ХХК-ийн захирал гэх Ш.Б өөрөө уг хэлцлийг хүлээн зөвшөөрч автомашинаа хүлээлгэн өгсөний үндсэн дээр би Ө д бэлэн мөнгө, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө оролцуулан нийт 158,384,000 төгрөгийг нь төлж барагдуулсан болно. Анхнаасаа уг тээврийн хэрэгслийг 220,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1. Миний бие автомашины төлбөрт нийт 158,384,000 төгрөгийг төлсөн. Гэтэл үүнээс хойш 1 жил гаруй хугацаа өнгөрсөн боловч Ш.Б нь худалдсан автомашин, чиргүүлийн нэрийг шилжүүлэн өгөхгүй байгаа бөгөөд надаас машинаа буцааж авна гэх болсон.
3.2. Уг тээврийн хэрэгсэл нь 2022 оны 06 сарын 03-ны өдрөөс хойш өнөөг хүртэл нэхэмжлэгч миний эзэмшил ашиглалтад байгаа бөгөөд холбогдох татвар, даатгал, үзлэг, оношилгоо зэрэг ашиглалт хамгаалалтыг бүрэн хариуцаж ирсэн. Дээрх хугацаанд миний бие уг тээврийн хэрэгслээр ОХУ-руу 4 удаа тээвэрлэлт хийсэн бөгөөд 2022 оны 06 сарын 07-ны өдөр улс хооронд хил гаалиар нэвтрэх итгэмжлэлийг хариуцагч Ш.Б нь өөрөө хийж өгч байсан.
3.3. Иймд дээрх 000 УБЕ улсын дугаартай В зүтгүүр болон 000 АР улсын дугаартай К маркийн хөргүүртэй чиргүүлийн хамт нэхэмжлэгч Б.Х миний эзэмшил өмчлөл мөн болохыг тогтоож, Б.Х миний нэр дээр шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга
4.1. Нэхэмжлэгч нь Б.Х т итгэж, тээврийн хэрэгслээ шилжүүлэхдээ автомашины аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хангуулах зорилгоор автомашин хүлээлцэх акт үйлдсэн. Төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд машиныг шилжүүлж өгөхөөр анхнаасаа тохиролцсон.
4.2. Миний хувьд Д.Ө гэх хүнийг огт танихгүй, тээврийн хэрэгслийн төлбөрийг Б.Х нь Д.Ө д өгсөн гээд байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаас төлбөр төлсөн гэдэг нь эргэлзээтэй. Иймд Д.Ө болон Б.Х нар нь миний автомашиныг залилан мэхлэх шинжтэй үйлдэл хийж байгаа тул асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан 0000 УБЕ улсын дугаартай зүтгүүр болон 0000 АР улсын дугаартай хөргүүртэй чиргүүлийг хариуцагч Б.Х ын өмчлөлд шилжүүлж, бичиг баримтыг шилжүүлэн өгөхийг нэхэмжлэгч Т ХХК-д даалгаж, нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч Б.Х аас 0000 УБЕ улсын дугаартай зүтгүүр болон 0000 АР улсын дугаартай хөргүүртэй тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 3 ширхэг түлхүүр, хохиролд 22,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,150 төгрөгийг, хариуцагч Б.Х ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,057,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,057,950 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.Х т олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүх хэргийг дүгнэхдээ маргаан бүхий автомашин, чиргүүлийг Т ХХК нь н.Г д худалдсан, н.Г нь Д.Ө гэх этгээдэд худалдсан. Д.Ө нь хариуцагч Б.Х т худалдсан, ба талууд энэ талаар маргаангүй байна гэж огт үндэслэлгүй дүгнэсэн.
6.2. Т ХХК-ийн захирал Ш.Б миний бие тухайн автомашиныг н.Г д худалдахаар анх тохиролцож, н.Г нь Б.Х т автомашиныг бетон зуурмагаар солилцохоор гуравласан хэлцлийг анх тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл Б.Х нь бетон зуурмагаа н.Г д нийлүүлэх, н.Г нь бетон зуурмагаар барилгаа барьж, надад автомашины үнийг 3 өрөө байраар солихоор тохирсон.
6.3. Гэтэл Б.Х нь н.Г д бетон зуурмаг нийлүүлэх үүргээ биелүүлээгүй тул н.Г нь 3 өрөө байр өгөхөө больж, Б.Х бетон зуурмагаа нийлүүлэхгүй байгаа тул чи Б.Х аас очиж автомашинаа аваарай гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл талуудын анх тохиролцсон гуравласан хэлцэл нь 2023 оны 4 сард Б.Х үүргээ биелүүлээгүйгээс болж цуцлагдсан. Улмаар миний би Б.Х тай тохиролцож автомашин, чиргүүлийн үнийг нэхэмжлэгчид бүрэн төлөхөөр хэлцэл бүрэн өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл автомашины үнэ 220,000,000 төгрөгийг би Б.Х аас нэхэмжилж, Б.Х ч надад өгөхөөр болж тохиролцоо өөрчлөгдсөн.
6.4. Нэхэмжлэгч нь Б.Х аас удаа дараа надруу автомашины үнийг газар болон орон сууцаар бартераар төлөх талаар ярьж байсан нь түүний бичсэн мессэж, чат, харилцсан зурвасуудаар нотлогддог. Энэхүү гар утасны мессэж, фэйсбүүк чатанд үзлэг хийх талаар хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй.
6.5. Анхан шатны шүүх дүгнэхдээ зөвхөн талуудын анхны харилцан ярилцаж байсан хэлцлийн хүрээнд дүгнэж, хэргийн үйл явдлыг дутуу дулимаг ойлгож шийдвэр гаргасанд гомдолтой байна.
6.6. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Б.Х нь автомашины төлбөрт нийт 158,384,000 төлбөрийг Д.Ө д төлсөн болох тогтоогддоггүй.
Тодруулбал, хариуцагч Б.Х нь хэрэгт огт хамааралгүй гуравдагч этгээд хүмүүс хоорондоо хийсэн машин, хашаа байшин худалдах худалдан авах гэрээг бартерт тооцон Д.Ө д шилжүүлсэн мэтээр тайлбарлаж баримтыг хавтаст хэрэгт хавсарган өгсөн байдаг.
6.7. Гэтэл Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-т ...Хариуцагч Б.Х нь Д.Ө тай худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 158,384,000 төгрөгийг төлж барагдуулсан байх ба энэ талаар баримт хэрэгт авагдсан... гээд нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн.
6.8. Анхан шатны шүүх ...хариуцагч нь тээврийн хэрэгслийн үнийг төлж, тухайн хөрөнгийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан этгээд гэж узэх үндэслэл тогтоогдсон гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь хариуцагч Б.Х нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг худалдаж авахдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээрээс өмчлөгч нь Т ХХК болохыг мэдэж байсан. Гэтэл ямар ч хамааралгүй Д.Ө гэх этгээдэд автомашины төлбөрийг шилжүүлсэн гэж маргаж байгаа нь бодит байдал дээр ч үндэслэлгүй.
6.9. Миний бие Д.Ө гэх этгээдэд ямар нэг итгэмжлэл, эрх олгоогүй бөгөөд Д.Ө нь Т ХХК -ийн өмчлөлийн автомашиныг миний автомашин гэж итгүүлж, худалдсан бол Б.Х нь Д.Ө гэх хүнийгээ цагдаагийн байгууллагад залилангийн хэрэгт холбогдуулан шалгуулах ёстой гэж үзэж байна.
6.10. Д.Ө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө автомашиныг н.Г ас худалдаж авсан гэж, байхгүй хүнийг гүтгэсэн. Гэтэл Д.Ө болон Б.Х нарын дансны гүйлгээнд 10,000 төгрөг, 5,000 төгрөг хүртэл байдаг бөгөөд энэ хоёр хүн нэгнээ огт танихгүй хүмүүс биш, хоорондоо холбоо хамааралтай хүмүүс болох нь харагдана.
6.11. Хариуцагч Б.Х нь шүүхэд тайлбар гаргахдаа ... маргаан бүхий автомашины төлбөр шилжүүлэх үед автомашины өмчлөгчийг Т ХХК гэж мэдээгүй, харин өмчлөгчийг Д.Ө гэж бодсон гэдэг. Т ХХК-ийн захирал Ш.Б миний бие хариуцагч Б.Х луу удаа дараа автомашины төлбөрийг шаардаж, утсаар ярьж, Б.Х утсаа авахгүй үед нь мессэж бичиж, фэйсбүүк чат явуулж автомашиныхаа үнийг удаа дараа шаардаж Б.Х тай харилцаж байсан. Энэхүү гар утасны мессэж, фэйсбүүк чатыг харвал эдгээрийн хугацаа нь 2023 оны 5, 6, 7 cap байдаг.
6.12. Нэхэмжлэгч Т ХХК нь тухайн автомашин, чиргүүлийг анх 220,000,000 төгрөгөөр бусдаас худалдан авч, Х т 220,000,000 төгрөгөөр худалдсан. /Жич: Т ХХК нь машиныг бусдаас 220,000,000 төгрөгөөр худалдан авсан талаар банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн./ Харин Б.Х нь 180,000,000 төгрөгөөр авахаар тохирсон гэж тайлбар гаргадаг.
Гэтэл анхан шатны шүүх 158,384,000 төгрөгийг Б.Х төлсөн гэж дүгнэсэн атлаа зөрүү төлбөрийг хэрхэн төлөх нь ойлгомжгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.
6.13. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-т Нэхэмжлэгч нь буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдав гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн. Мөн шүүгч шүүхийн шийдвэрийг амаар тайлбарлахдаа ч нэхэмжлэгч Т ХХК нь маргаан бүхий автомашиныхаа үүнийг н.Г ас нэхэмжлэх ёстой гэж тайлбарласан.
Өөрөөр хэлбэл дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид төлбөр төлөх үүргийг н.Гантулгыг хүлээнэ гэж дүгнэсэн байх ба н.Гантулгыг оролцуулалгүйгээр н.Г болон Т ХХК-ийн хоорондын төлбөр тооцоог шууд ийнхүү дүгнэж, мөн Г нь Д.Ө д автомашиныг заржээ гэх мэтчилэн хэрэгт оролцоогүй этгээдийн эд мөнгөний харилцааг шууд дүгнэсэн.
6.14. Хэрэв н.Г нь автомашины үнийг төлөхгүй гэвэл манай компанийн автомашины үнийг хэн төлөх вэ? Энэхүү шүүхийн шийдвэрээр н.Г нь надад автомашины үнийг төлөх үр дагавар үүсэх эсэх, шүүх шийдвэр гаргахдаа н.Гантулгын байр суурийг тодруулах ёстой байсан гэж үзэж байна. Эцсийн дүнд манай компани нь нэг ч төгрөг аваагүй хэрнээ 220,000,000 төгрөгийн үнэтэй автомашиныхаа өмчлөх эрхийг Б.Х т алдаж хохирч байгаад гомдолтой.
Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/02275 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
7.1. Нэхэмжлэгч хариуцагчаа буруу сонгосон. Б.Х нь нэхэмжлэгч Т ХХК-тай маргаан бүхий автомашиныг худалдах, худалдан авах харилцаанд ороогүй. Өөрийн багын найзтай автомашиныг 3 өрөө байраар солилцсон арилжааны гэрээ хийсэн. Үүний дараа багын найз н.Г нь Д.Ө гэдэг хүнтэй бетон зуурмагаар солихоор тохиролцсон.
7.2. Д.Ө нь фэйсбүүк цахим орчинд зар оруулсны дагуу Б.Х нь тухайн автомашиныг Д.Ө гаас худалдаж авсан, Д.Ө гаас автомашиныг хүлээлгэж өгсөн.
7.3. Машины нэр шилжээгүй гэдэг үндэслэлээр Б.Х т холбогдуулж нэхэмжлэл гаргаж хариуцагчаа буруу тодорхойлоод байгаа. н.Г ас нэхэмжлэх эрх нь нээлттэй, Д.Ө г хамтран хариуцагчаар татах эрх нь нээлттэй. Б.Х нь Д.Ө д 158,000,000 төгрөг төлсөн.
Зөрүү мөнгөний талаар дурдсан гомдлын хувьд энэ нь Д.Ө , Б.Х нарын хоорондын асуудал, нэхэмжлэгчийн оролцох асуудал биш. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Б.Х т холбогдуулан 0000 УБЕ улсын дугаартай зүтгүүр болон 0000 АР улсын дугаартай хөргүүртэй тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 3 ширхэг түлхүүр, хохиролд 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь 0000 УБЕ улсын дугаартай зүтгүүр болон 0000 АР улсын дугаартай хөргүүртэй чиргүүлийн өмчлөгчөөр тогтоолгож, уг тээврийн хэрэгсэл болон чиргүүлийг Б.Х т шилжүүлэн өгөхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.
3.1. Нэхэмжлэгч Т ХХК-ийн захирал Ш.Б нь өөрийн багын найз гэх н.Г тай харилцан тохиролцож, түүний барьж байгаа барилгаас 3 өрөө байр худалдан авах, улмаар түүний төлбөрт өөрийн компанийн өмчлөлийн 000 УБЕ улсын дугаартай В .FH 460 маркийн зүтгүүр, 0000 АР улсын дугаартай, К .SVKT24 маркийн хөргүүртэй чиргүүлийн хамтаар шилжүүлэн өгөхөөр тохиролцсон;
3.2. н.Г нь дээрх барилгыг барихад шаардлагатай цемент худалдан авахаар гэрч Д.Ө тай холбогдож, цементийн үнэд тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлэн тооцохоор тохиролцсон;
3.3. Д.Ө нь дээрх тээврийн хэрэгслийг худалдах зарыг фэйсбүүкт тавьснаар уг зарын дагуу хариуцагч Б.Х нь түүнтэй холбогдож, тээврийн хэрэгслүүдийг худалдан авахаар Т ХХК-ийн захирал Ш.Б , н.Г , Д.Ө , Б.Х нар уулзаж, уг тээврийн хэрэгслийг 2022 оны 06 сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Б нь хариуцагч Б.Х т иргэн Н.А , Б.Ц нарыг байлцуулж, акт үйлдэн хүлээлгэн өгсөн байна.
4. Хариуцагч Б.Х нь нэхэмжлэгч байгууллагатай гэрээний эрх зүйн харилцаанд шууд ороогүй, харин нэхэмжлэгч нь н.ГА тай гэрээний харилцаанд орсон, Н.ГА нь Д.Ө тай гэрээний харилцаанд орсон, Д.Ө нь хариуцагчтай гэрээний харилцаанд орсон байхад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй Н.ГА , гэрч Д.Ө нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг дүгнэж, маргааныг шийдвэрлэсэн буруу болжээ.
Анхан шатны шүүх зохигч талуудаас н.ГА , Д.Ө нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар эрх зүйн байдалтай оролцуулах талаар хүсэл зоригийг тодруулж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосны дараа маргааныг шийдвэрлэх нь зүйтэй.
5. Нэхэмжлэгч нь шаардлага, түүний үндэслэлийг нотлох зорилгоор хариуцагчтай харилцсан зурваст үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцэхгүй байна.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/02275 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
С.ЭНХБАЯР