| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0113/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/106 |
| Огноо | 2019-04-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2019/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баянбилэг
Шүүгдэгч Н.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 1838009210154 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Н.Б-,
Шүүгдэгч Н.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ХХ сумын Х тоотод оршин суух иргэн Ч.Б-ын гэрт хохирогч Д.Эийн нүүрэн тус газар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн ХХ сумын Х тоотод хохирогч Д.Эийн нүүрэн тус газар цохиж й эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Д.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Өчигдөр би найз Эрдэнэбатын гэрт хаалганы хэмжээ авахаар очсон. Тэгтэл тэднийд нэг шил 0,75 литрийн Хараа нэртэй архи задлахаар нь хамт хувааж уусан. Намайг очиход Эрдэнэбатын гэрт үл таних согтуу залуу сууж байсан. Мөн хөрш айлын эмэгтэй Лхамаа бас байсан...Тэгээд архиа ууж дуусаагүй юм яриад сууж байтал Эрдэнэбат намайг “хашаанд амьдардаг байхдаа хашааны хог ч цэвэрлэчихгүй сэтгэл муутай хүн шүү” гээд над руу хэдэн үг хэлсэн чинь нөгөө согтуу залуу “чи ийм сэтгэл муутай хүнтэй нөхөрлөж яадаг юм” гээд барьж байсан стакантай архиараа дух руу цохичих шиг болсон. Би тэр дороо ухаан алдчихсан байна лээ. Нэг сэрсэн чинь эхнэр маань ирчихсэн, миний нүүр ам цус болчихсон, хөлний протез салаад уначихсан хэвтэж байсан. Эрдэнэбат хажууд зогсож байсан. Нөгөө залуу байхгүй зугтаад явсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 12-16-р тал/
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манай нөхөр Д.Э- хөгжлийн бэрхшээлтэй, баруун хөлгүй портезтэй хүн байдаг юм. Гэрээрээ мужаан хийдэг юм. Өдөр 16:00 цагийн орчимд Эрдэнэбат гэх залуу ирээд “хаалганы хэмжээ өгөх гэсэн юм” гээд нөхрийг дагуулаад явсан юм. Тэгээд гэртээ ирэхгүй болхоор нь хүүхдүүдээ Эрдэнэбатын гэр лүү явуулсан чинь том хүү “аавын нүүр амнаас нь цус гоожоод хүмүүст зодуулчихсан байна” гэхээр нь би очсон. Намайг очиход нөхрийн маань хоёр хөмсгийг яз цохичихсон, портезыг нь салгаж хаяад бүчнүүдийг нь тасдаад хаячихсан байсан. Утас нь гэрийн гадаа хэвтэж байсан. Хэн зодсон талаар асуухад Эрдэнэбатын найз гэх залуу “Н.Б- гэх залуу зодсон” гэсэн. Тэр залуу нь намайг очиход байхгүй байсан...Нөхрөө зодуулсандаа гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/
Гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би Д.Э-ээр байшингийн хаалга, ширээ хийлгэх гэж 280.000 төгрөг өгсөн байсан. Тэгээд би орой 17 цагийн үед тэрийгээ авах гэж 4 дүгээр хороонд гэрт нь очтол Д.Э- “чиний юмыг хийгээгүй байна, удахгүй хийж өгнөө” гэж ярьсан. Би “гэртээ ганц юм ууж байна” гэж ярьсан чинь “эхнэр байхгүй байна, ганц өдөр биеэ амраая очиж ганц юм ууя” гээд намайг дагаад гэрт ирсэн. Манайд найз Н.Б- унтах гээд сууж байсан. Н.Б- бид хоёр ууж байсан нэг шил архийг хувааж уугаад, би дахин 0,75 литрийн архи хоёрыг, 1 том 2 литрийн пивотай хамт нэмж авч уусан. Д.Э- мөнгөгүй гээд архи аваагүй. Намайг ажил хийж байгаад ирсэн гээд дайлуулах гэж л манайд ирсэн байх. Бид гурвыг архи ууж байхад хөрш айлын эхнэр Лхамаа гэх эмэгтэй хальт орж ирээд гарсан. Д.Э- нэлээд согтоод “гарч бие засъя” гэхээр нь манай
найз Н.Б- сугадаад гарсан. Өрөөсөн хөл муутай учраас согтохоороо явж чаддаггүйг нь би мэднэ. Гараад ямар хугацаа болсныг мэдэхгүй тэр хоёр буцаж орж ирэхдээ “энэ хүн чинь өмд рүүгээ шээчихлээ, хашаа мөргөөд уначихлаа” гээд Н.Б- суганаас нь өргөж, өрөөсөн хөл дээр нь тэврээд орж ирсэн. Гарахдаа манайд хиймэл хөл нухаад байна гээд тайлж үлдээгээд гарсан...Тухайн үед дух нь язарчихсан, цус гоожчихсон орж ирсэн. Д.Э- “зүгээр уначихлаа” гэж ярьж байсан...Удалгүй эхнэр нь орж ирээд “энэ хүний нүүр ам яачихсан юм бэ” гээд уурлахаар нь би “мэдэхгүй ээ Н.Б- цохичихсон юм болов уу, энэ хоёр л гадаа гарсан шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл эхнэр нь уурлаад нөхрөө аваад явсан...Энэ асуудал болсноос хойш Н.Б- манайхаар ирээд явсан. Д.Э-ийн тухай асуухад “би цохиогүй хашаа руу уначихсан” л гэж ярьж байсан. Д.Э-ийн хувьд эрүүлдээ бол их мундаг хүн. Согтохоороо их араншин байхгүй хэцүү хүн дээ...Тэр өдөр Д.Э- ааш араншин гаргахгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/
Гэрч Л.Б-, Г.Б- нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/
Шүүгдэгч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би хохирогч Д.Эийг цохисоноо хүлээн зөвшөөрч, хохирогч Д Д.Э-ээс уучлалт гуйж, түүний эмчилгээнд гарсан 300.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулан түүнтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. Ийм учраас энэ хэргийн талаар дахиж юм яримааргүй байна. Хэргийн үйлдэлдээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 04 дугаартай: Д.Эийн биед тархи доргилт, духны баруун хэсэгт шарх, духны зүүн хэсэг, хамрын нуруу, хамрын үзүүр, хамрын зүүн сувагны доод хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.Д.Эийн биед үүссэн тархи доргилт, духны шарх бүхий гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарана. Харин хамрын нуруу, үзүүр, хамрын зүүн сувагны доод хэсгийн зулгаралт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 28-29-р тал/,
Шинжээч эмч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тархи доргилт, духны шарх бүхий гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Гаргасан дүгнэлтээс харахад хохирогч Д.Эийн биед үүссэн духны зүүн хэсэг, хамрын нуруу, хамрын үзүүр, хамрын зүүн сувагны доод хэсэгт зулгаралт бүхий гэмтлүуд нь дээрхи тохиолдолд үүссэн байх боломжтой. Харин духны баруун хэсэгт үүссэн шарх бүхий гэмтэл нь дээрхи тохиолдлоор унаж байгаа нөхцөлд үүсэх боломжгүй...Хохирогч Д.Эийн биед үзлэг хийхэд духны баруун мэс заслын 4 ширхэг оёдолтой байсан ба дээрхи шарх бүхий гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн байсан. Дээрхи тохиолдолд үүсэх боломжтой. Хохирогчийн духанд үүссэн шархны хэмжээг үзэхэд унах үед үүссэн байх боломжгүй байна. Харин мохоо гадаргуутай зүйлийн хүчтэй үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Н.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн ХХ сумын Х тоотод хохирогч Д.Эийн нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Н.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Эрүүгийн 1838009210154 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 1838009210154 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР