Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 15 өдөр

Дугаар 00480

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 3-9 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ76010234, Булгадар овогтой Буяндэлгэрийн Мөнхчулууны нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

         Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 528 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, төлбөр төлөгч Б.Мөнхчулууны өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байршилтай 2 давхар, 20 өрөө, 720 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга болон 0,6 мкв-ын дэд өртгөөний барилга, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байршилтай 2 давхар 1152 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлүүлсэн Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нарын тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Маамуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Б.Мөнхчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэний үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх эрхийг тусгасан байх бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад уг эрхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас халдах /хязгаарлах/ үндэслэл журмыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нарийвчлан тодорхойлжээ. Гэтэл хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь хуулийн хүрээнд ажиллаагүйн улмаас төлбөр төлөгч Б.Мөнхчулуун миний өмчлөх эрх үндэслэлгүйгээр хязгаарлагдаж  /үндсэн эрхийг хязгаарлах хэр хэмжээг зөрчсөн/ байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг шүүхээр шалган тогтоолгохыг хүсч энэхүү гомдлыг гаргалаа. Төлбөр төлөгч Б.Мөнхчулуун би Үндсэн хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан эрхийнхээ дагуу үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлсэн Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нарын тогтоолуудыг хүчингүй болгуулахаар тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Мягмаржавд хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийг тус албаны дарга Ж.Октябрь 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 528 дугаар албан бичгээрээ хангахаас татгалзсанд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3.1-т ахлах шийдвэр гүйцэгэгч нь “шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох” эрхтэй бөгөөд бид ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Мягмаржавт хандсан байхад тус албаны дарга Ж.Октябрь хүсэлтийг хангахаас татгалзсан хариу өгснийг хуулиар өөрт эрх олгоогүй, хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэх албаны дарга ахлах шийдвэр гүйцэтгэгчийн эрх хэмжээг эдлэн хөрөнгө үнэлүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хэвээр үлдээх эрх хэмжээтэй эсэх нь эргэлзээтэй. Товчхондоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд албаны дарга хөндлөнгөөс оролцож шийдвэр гаргах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан “хууль дээдлэх зарчим”-д нийцэхгүй байна. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 200 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч Б.Мөнхчулууны өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байршилтай 2 давхар 20 өрөө 720 м.кв тайлбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга болон 0.6 кв-ын дэд өртөөний барилга, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байршилтай 2 давхар 1152 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг битүүмжилсэн, хураасан Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны үйл ажилагааг хууль бус болохыг тус тус тогтоож шийдвэрлэсэн. Шүүхийн энэхүү шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болсон тул аливаа иргэн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй болно. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан үйл ажиллагаа хууль бус болох нь тогтоогдсон тул түүнд үндэслэн явагдсан эд хөрөнгө үнэлүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хууль зүйн хувьд зөвтгөгдөх боломжгүй. Тодруулбал, хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нар тогтоол гарган, төлбөр төлөгч Б.Мөнхчулуун миний дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлүүлсэн. “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “үнэлгээний тайлан”-д миний өмчлөлийн Улаангом сумын 4 дүгээр багт байршилтай 2 давхар, 20 өрөө, 720 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга болон 0.6 м.кв-н дэд өртөөний барилгыг 304.550.000 төгрөгөөр, мөн компанийн 2013оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Үнэлгээний тайлан”-д Улаангом сумын 4 дүгээр багт байршилтай 2 давхар 1152 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг 586.500.000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс эд хөрөнгө үнэлэх тухай харилцааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйл болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлээр тус тус зохицуулдаг. Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураах ажиллагаа явагдсаны дараа эд хөрөнгийг үнэлүүлэх ажиллагаа явуулдаг хуультай. Хэрэв эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан үйл ажиллагаа хууль бус бол эд хөрөнгө үнэлсэн үйл ажиллагаа, эд хөрөнгө үнэлүүлэх тухай тогтоол хууль бус болно. Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нарын төлбөр төлөгч Б.Мөнхчулуун миний эд хөрөнгө үнэлүүлэх ажиллагаа явуулах урьдчилсан нөхцөл болсон үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан үйл ажиллагаа хууль бус болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Шүүхийн гүйцэтгэх ажиллагааны талуудын гаргасан үндэслэлтэй гомдол, хүсэлтийг хүлээн авч, хууль бусаар явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, тогтоолоо хүчингүй болгож, гаргасан алдаагаа засаж залруулах нь хуульд нийцнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3.1 зааснаар шийдвэр гүйцэтгэгчийнхээ гаргасан алдааг засаж залруул гэж ахлах шийдвэр гүйцэтгэгчид хууль тогтоогч эрх олгосон биш гэж үү. Гэтэл Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх лбаны даргаас 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлүүлсэн тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах хүсэлтийг хангахаас татгалзсанд гомдолтой байна. Иймээс нэхэмжлэгч Б.Мөнхчулуун миний гомдлын мөрөөр шүүхийн шалгалт явуулж, гомдлын шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.   

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Маамуу, Д.Одсүрэн нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Б.Мөнхчулууны 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн гомдолтой танилцаж дараах хариу өгч байна. Үүнд: Тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад С.Мягмаржав нь төлбөр төлөгч Б.Мөнхчулууны бичгээр гаргасан хүсэлттэй танилцсаны үндсэн дээр хянаж үзээд хүсэлтийг хүлээн авах буюу хангах боломжгүй байсан тул татгалзсан хариуг албан бичгээр мэдэгдсэн. Тус албанаас гарч буй ямар нэгэн албан бичиг нь байгууллагын албан бланк дээр албаны даргын гарын үсгээр баталгаажиж гардаг болно. Иймд ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад С.Мягмаржавын гарын үсэгтэй албан бичиг гарах боломжгүй юм. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 200 дугаар шийдвэрээр тус албаны 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нарын төлбөр төлөгч Б.Мөнхчулууны өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байршилтай 2 давхар 20 өрөө 720 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, 0,6 квт дэд өртөөний барилга, 2 давхар 1152 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг битүүмжилж, хураасан актыг хүчингүй болгосон. Шинжээч томилох тогтоолыг ахлах шийдвэр гүйцэтгэгч баталж тогтоолын дугаар өгдөг тул 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нар тогтоол үйлдэх боломжгүй. Мөн уг эд хөрөнгийг үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь тус албанаас хараат бус бие даасан үнэлгээний байгууллага тул үнэлгээтэй холбоотой ямар нэгэн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 3-д зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан тул үнэлгээг тус алба хүчингүй болгох боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

               Нэхэмжлэгч Б.Мөнхчулуун нь хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 528 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, төлбөр төлөгч Б.Мөнхчулууны өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байршилтай 2 давхар, 20 өрөө, 720 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга болон 0,6 мкв-ын дэд өртгөөний барилга, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байршилтай 2 давхар 1152 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлүүлсэн Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нарын тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

               Хариуцагч Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба уг нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.

               1. Нэхэмжлэгч “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3.1-д заасан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн эрх хэмжээг зөрчиж, албаны дарга манай гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөнд гомдолтой” гэж тайлбарлаж байгаа хэдий ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3.1-д “Ахлах шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасан байх ба уг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэдгийг албаны дарга албан бичгээр мэдэгдсэн байна.

          Өөрөөр хэлбэл, албаны дарга ахлах шийдвэр гүйцэтгэгчид хуулиар олгосон эрх хэмжээг өөрийн эрх хэмжээний нэгэн адил үзэж, 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нарын тогтоолыг хүчингүй болгосон, өөрчилсөн зүйлгүй байна.

         Нөгөө талаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэх газрын дарга нь улсын байцаагчийн эрхтэй бөгөөд мөн зүйлийн 7.3.5-д зааснаар аймгийн шийдвэр гүйцэтгэх алба нь иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан гомдлыг шийдвэрлэх эрхтэй байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/112 тоот тушаалаар батлагдсан “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ын 4.2-т “Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажиллагааг орон нутагт ахлах шийдвэр гүйцэтгэгч хэрэгжүүлж, түүнд албаны дарга хяналт тавина” гэж заасантай зөрчилдөөгүй байна.

               2. Нэхэмжлэгч “Увс аймаг дахь сумын дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 200 дугаар шийдвэрээр иргэн Б.Мөнхчулууны өмчлөлийн нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг хурааж, битүүмжлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй болохыг тогтоож хүчингүй болгосон тул үүнээс улбаалан хийгдсэн тухайн эд хөрөнгийн үнэлгээ гаргуулахаар тогтоосон 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нарын тогтоол хуульд нийцээгүй гэж үзэж байна” гэж тайлбарлаж, тухайн “Шинжээч томилох тухай” 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01, 03 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

           Харин хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байрлах, 2 давхар, 20 өрөө, 720 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга болон 0,6 мкв-ын дэд өртгөөний барилгуудын үнэлгээг төлбөр авагч Зоос банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “56.048.061 төгрөгөөр”, харин төлбөр төлөгч Б.Мөнхчулуун “нийт 560.000.000 төгрөгөөр” тус тус үнэлж, саналаа илэрхийлсэн.

         Мөн Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байрлах “Шинэ зуун” худалдааны төвийн худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 1360 м.кв талбай бүхий объектын үнэлгээг төлбөр төлөгч Б.Мөнхчулуун “1.000.000.000 төгрөгөөр” үнэлснийг төлбөр авагч Хаан банкны Увс салбар хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ бичгээр илэрхийлжээ.

      Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч, төлбөр авагч нар тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг харилцан тохиролцож, тогтоогоогүй тул шийдвэр гүйцэтгэгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан байх ба үүнд хууль зөрчигдсөн зүйлгүй байна.

          Түүнчлэн Увс аймаг дахь сумын дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 200 дугаар шийдвэрээр Б.Мөнхчулууны өмчлөлийн дээрх нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг хурааж, битүүмжлэх үйл ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан процессын дагуу явагдаагүй болохыг тогтоож, тухайн ажиллагааг хүчингүй болгосноос бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгоогүй бөгөөд энэ талаарх гаргасан гомдол гаргагчийн тайлбар үндэслэлгүй болно.

         Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3.5, 31 дүгээр зүйлийн 31.1, 37 дугаар зүйлийн 37.2.2 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан “Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 528 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, төлбөр төлөгч Б.Мөнхчулууны өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байршилтай 2 давхар, 20 өрөө, 720 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга болон 0,6 мкв-ын дэд өртгөөний барилга, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байршилтай 2 давхар 1360 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлүүлсэн Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нарын тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч Б.Мөнхчулууны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхчулуун нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

          Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тус шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1270 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

               1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3.5, 31 дүгээр зүйлийн 31.1, 37 дугаар зүйлийн 37.2.2 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан “Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 528 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, төлбөр төлөгч Б.Мөнхчулууны өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байршилтай 2 давхар, 20 өрөө, 720 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга болон 0,6 мкв-ын дэд өртгөөний барилга, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байршилтай 2 давхар 1360 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлүүлсэн Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нарын тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч Б.Мөнхчулууны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхчулуун нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

           3. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1270 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгосугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.   

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА