Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
Хэргийн индекс | 184/2024/03930/И |
Дугаар | 210/МА2024/01520 |
Огноо | 2024-07-26 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2024/01520
2024 оны 07 сарын 26 өдөр Дуга 210/МА2024/01520
Х ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 29-ний өдрийн 184/ШШ2024/02965 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Х ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Э.Х д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 10,364,472 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, хариуцагч Э.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Зээлдэгч Э.Х нь Х ны Цамбагарав тооцооны төвтэй 2018 оны 05 сарын 03-ны өдөр 000 тоот зээлийн гэрээ байгуулж, 7,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлж авсан.
1.2. Талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 05 сарын 03-ны өдөр 0000 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг тус тус барьцаалуулсан.
1.3. Зээлдэгч Э.Х нь 2024 оны 04 сарын 08-ны өдрийн байдлаар дээрх зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу нийт 3,361,395 төгрөг төлсөн боловч үлдэх төлбөрийг хуваарийн дагуу төлөлгүй хугацаа хэтрүүлж, үүргээ биелүүлэхгүй байх тул хариуцагч Э.Х гээс зээлийн гэрээний үүрэгт 10,364,472 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
Миний бие зээлийн гэрээний үүргийн биелүүлэх ёстой байсан боловч ажилгүй байсан учраас зээлээ төлж чадаагүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Э.Х гээс 6,880,094 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгож, үлдэх 3,484,378 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 125,031 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхээс зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгосон зээлд хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо шүүх Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
4.2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д зааснаар зээлийн хүү нь зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ юм. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг заавал бичгээр хийх бөгөөд зээлийг хүүтэй олгосон бол гэрээнд зээлийн хүүгийн хэмжээг тодорхой тусгах нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д заасантай нийцнэ.
4.3. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 05 сарын 03-ны өдрийн 000 тоот зээлийн гэрээний 2.4.4-д Зээлдэгч зээлийн хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж гэрээний 6.5-д Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр гэрээ дуусгавар болно гэж мөн гэрээний 7.6-д Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээлийн төлбөр болон бусад төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл дээрх гэрээ нь гэрээний хугацаа дуусгавар болж, зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийн төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжлэхээр заасан байна.
4.4. Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995/ 24 дүгээр зүйлийн 3-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол гэрээнд заасан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул зээлдэгч нар нэхэмжлэл гаргаснаас хойш хугацааны хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
4.5. Хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, түүнд тооцогдох нэмэгдүүлсэн хүү төлөх үр дагавар үүсгэхгүй байсан.
4.6. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан зээлийн хүү нь жилийн 20,4 хувь, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн 20 хувь байна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэрээ бөгөөд хүчин төгөлдөр гэрээний дагуу тооцогдсон хүүг шүүх хасах эрх хуулиар олгогдоогүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:
Миний бие 2024 оны 06 сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 07 сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 4,364,472 төгрөгийг төлөхөд хугацаа хэрэгтэй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Анхан шатны шүүх хариуцагч Э.Х гээс 6,880,094 төгрөгийг гаргуулж Х ХК-д олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцээд эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчдын эвлэрлийн гэрээний нөхцөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Эвлэрлийн гэрээгээр хариуцагч Т.Х нь нэхэмжлэгч Х ХК-д 6,000,000 төгрөгийг төлж, үлдэх 4,364,472 төгрөгийг 2024 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Дээрх нөхцөлөөр зохигч эвлэрэн хэлэлцсэнийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 29-ний өдрийн 184/ШШ2024/02965 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Т.Х нь зээлийн гэрээний үүрэгт 4,364,472 төгрөгийг 2024 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч тал энэхүү магадлалыг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
С.ЭНХБАЯР