Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/107

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Б-ид холбогдох эрүүгийн 1838004990148 дугаартай хэргийг  2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, О.Б-, 

Шүүгдэгч О.Б- нь согтуугаар 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ХХ аймгийн Х сумын Х дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Э.Э-ыг зодож, хашаа давах гэж байхад нь татаж хашааны төмөрт хөлийг нь урж баруун гуяны баруун дээд хэсэг, доод хэсэгт шарх, шархны доод хэсэгт зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Б- нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр согтуурсан үедээ

ХХ аймгийн Х сумын Х дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Э-ыг зодож, эрүүл мэндэд нь цээжний урд тоод хэсэг,зүүн тохойн зулгаралт, цус хуралт, баруун гуяны гадна дээд хэсэг, доод хэсэгт шарх, шархны доод хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн орой 22 цагийн үөд найз Чагнаа, Баасандорж нарын хамтаар Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Эрдэнэс баар луу орсон. Бааранд ороод ...бүжиглэж байхад гаднаас гурван залуу орж ирээд манай ширээн дээр суучихсан. Уг суусан гурван залуугийн нэгийг нь Чагнаа сайн таньдаг юм шиг байсан. Уг гурван залуугийн О.Б- /нэрийг нь сүүлд мэдсэн, намхан алаг нүдтэй залуу байсан/ гэх залуу намайг “гаръя” гээд байсан. Тэгэхээр нь би түүнийг дагаад гарсан. Бид хоёрыг гарахад нөгөө хэд маань бүгдээрээ дагаад гараад ирсэн. Тэгэхэд надтай хамт явсан найз Баасандорж маань О.Б-той маргалдаж муудалцсан. Тэгэхээр нь би дундуур нь орж салгахад: Тэр залуу миний толгой руу гараараа 2 удаа цохисон. Тэгээд би найз Баасандоржийгоо салгаж авчихаад тэд нараас салаад Гэрэлтэй цонх нэртэй дэлгүүр орох гээд явж байх замд О.Б- гэх залуу араас дахиж ирээд Баасандоржтой зодолдоод унасан...Би хөлөө гэмтээчихсэн болохоор гүйж чадахгүй байж байтал О.Б- намайг “ганц юм аваад өгчих” гээд цохиод өшиглөөд байсан. О.Б-ийг намайг ингэж цохиж зодож байхад түүнтэй хамт явсан хоёр залуу хажууд нь хараад л зогсож байсан. О.Б- намайг Гэрэлтэй цонх дэлгүүр лүү дагуулаад явсан, явж байхдаа миний толгой, цээж рүү өшиглөж байсан. …Тэгэхээр нь би тэндээс зугтааж гүйгээд Хас буудлын төмөр хашааг давах гэж байхад О.Б- намайг араас ирээд бариад авсан. Тэгээд намайг татсаар байгаад уг хашаан дээрээс буулгасан. Буугаад О.Б-той барилцаж авсан байхад түүнтэй хамт явсан Батболд гэх залуу салгасан...Би аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчилгээг хийлгэсэн. Эмчилгээндээ 350.000 төгрөгийг зарцуулсан...Гомдолтой байна. Эмчилгээндээ гарсан зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 23-27-р тал/,

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:..Тэгж байснаа Э.Э- нөгөө залуутайгаа хамт юм яриад “Гэрэлтэй цонх явлаа” гээд яваад өгсөн, Би араас нь дагаж явсаар байгаад Гэрэлтэй цонхын тэнд ирсэн чинь Э.Э- нөгөө залуутайгаа зууралдаад зодолдож байх шиг харагдахаар нь алхаад очсон чинь Э.Э- замын хажууд хөлөө барьсан сууж байхаар нь очтол Э.Э-ын хөлнөөс нь цус гарсан байхаар нь би шууд эмнэлэг дуудсан. Яг энэ үед цагдаагийн машин ирсэн....Би нэлээд зайнаас харсан болохоор яг сайн мэдэхгүй байна. Э.Э- тэр залуугаа таньдаг юм байна лээ, тэр залуу нь сагс тоглоод явдаг, Гурван-эрдэнэ сургуулийн тэнд байдаг сагсны задгай талбай дээр хааяа тоглож байгаа харагддаг. Тэр залуу нь барагцаагаар 165 орчим см өндөртэй, хар өнгийн юүдэнтэй цамцтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/

Гэрч О.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: …Баарны гадаа гарахад О.Б-, Э.Э-тай хамт явсан Чагнаа, Баасандорж хоёртой маргалдсан. О.Б-ийг тэр хоёртой маргалдаж байхад Э.Э- дундуур нь орж салгасан. Тэгэхэд Э.Э-тай хамт явсан хоёр банди зугтаагаад явчихсан. О.Б- тэгэхэд Э.Э-ыг “чи надад ганц шил архи авч өг” гэхэд Э.Э- “тэгье” гэсэн. Тэгээд тэр хоёр Гэрэлтэй цонх нэртэй дэлгүүр лүү явсан. Э.Э-, О.Б- хоёр Эрдэнэсийн урд талын саадан дотор явж байх үед О.Б- Э.Э-ыг гэдэс рүү нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөөд, өргөж унагаасан. Тэгж явж байхад О.Б- бие засахаар зогссон. Би түүнийг бие засахаар зогсох үед нь Э.Э-ыг “чи одоо зугтаа” гээд зугтаалгасан. Э.Э- зугтаагаад Хас буудлын хашаа давах гээд биеийнхээ тавин хувийг гаргасан байхад О.Б- араас нь очоод түүнийг угз татаж буулгасан. Тэгэхэд Э.Э-, О.Б-той барилцаад авсан. Тухайн үед ийм л зүйл болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/

Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: О.Б- нь миний 6 дахь хүүхэд маань байгаа юм...Хүү О.Б- маань надад хэлэхдээ “Э.Э-тай уулзсан, хохиролгүй болгосон. Э.Э-тай зохицчихсон учраас дахиж цагдаа дээр очих шаардлагагүй юм байна” гэж хэлж байсан. Тэгэхээр нь “бүх асуудал нь дуусчихсан юм байна” гэж бодсон. Түүнээс биш хүү О.Б- маань яаж байгаад хэрэгт холбогдон шалгагдах болсон талаараа огт хэлээгүй...Хүү О.Б-ийн маань зан чанарын хувьд гэвэл дуу цөөтэй, хүнтэй харилцаа сайтай, төлөв даруу, шударга, тусч, сайхан хүнлэг сэтгэлтэй, хүний үгнээс гардаггүй, өөрт нь оногдуулж өгсөн ажлыг сайн хийж гүйцэтгэдэг. Хүү маань тамхи татдаггүй, харин архийг надаас нууцаар хааяа хааяа хэрэглэчихээд байдаг юм шиг байна. Гэхдээ би хүүгээ согтуу явж байхыг нь огт харж байаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/

Шинжээч эмч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Хохирогч Э.Э-ын биед үүссэн цээжний урд доод хэсэг, доод хэсэг, зүүн тохойнд зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийг зэрэгт хамаарахгүй. Харин баруун гуяны баруун дээд хэсэг, доод хэсэгт шарх, шархны доод хэсэгт зулгаралт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/,

Шүүгдэгч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хохирогч Э.Э-аас уучлалт гуйж, одоо түүнтэй найз нөхөд болон нөхөрлөж байгаа...Би Э.Э-ыг эмчилгээ хийлгэж байхад нийтдээ 75.000 төгрөгийг түүнд бэлнээр өгч байсан. Э.Э- надаас өөр мөнгө нэхээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны                        6 дугаар сарын 25-ны өдрийн 298 дугаартай: Э.Э-ын биед цээжний урд доод хэсэг, доод хэсэгт, зүүн тохойнд зулгаралт, цус хуралт, баруун гуяны гадна дээд хэсэгт, доод хэсэгт шарх, шархны доод хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Э.Э-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 43-44-р тал/

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10-р тал/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14-р тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

   Шүүгдэгч О.Б- нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ХХ аймгийн Х сумын Х дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ хохирогч Э.Э-ыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.

              Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирч болохыг ухамсарлаж, түүнийгээ хүсэж үйлдсэн, хөнгөн хохирол зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинж тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч О.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.           

        Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч О.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн 1838004990148 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч О.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Эрүүгийн 1838004990148 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР