Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/108

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч Ц.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Э-т холбогдох эрүүгийн 1938000070108 дугаартай хэргийг  2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ц.Э-, 

Шүүгдэгч Ц.Э- нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ХХ аймгийн Х сумын төвд Соната-6 маркийн ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12-р зүйлийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс Ө.Х-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Э- нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ХХ аймгийн Х сумын төвд Соната-6 маркийн ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12-р зүйлийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” заалтыг зөрчсөнөөс Ө.Х-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Ө.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...Би тухайн осол болох үед замаар хөндлөн гарахдаа гэрлэн дохион дээр зогсож байсан хоёр машины дундуур гараагүй, арын машин болон зүүн талаас гэрэл тусаад ирж явсан машин хоёрын дундуур гарсан юм...Би эмчилгээ хийлгэхэд гарсан зардлаа тооцоолоход 1.200.000 төгрөг болж байсан...Эмчилгээ хийлгэхэд гарсан зардал болох хохирлыг барагдуулчихвал Ц.Э- гэдэг хүнд гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р тал/

Гэрч Ц.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2018 оны 12 дугаар сарын 17-ны өглөө 08:00 цаг өнгөрч байхад өөрийн нөхөр Ө.Х- болон хамт ажилладаг эмэгтэй Баярмаа нарын хамт Мах маркет ХХК орохоор, Мөрөн сумын 12-р багт байрлах Эжий хайпермаркетын цаахантай, засмал замынхаа хойд талд засмал зам дагуу, ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд ажилдаа явж байсан. Тэгээд явж байтал автомашины муухай дуу гарахаар нь хартал миний нөхөр Ө.Х- замын голд баруун гараа дэрлээд уначихсан байдалтай, хамарнаас нь цус гоожчихсон ухаангүй хэвтэж байсан. Тэгээд Баярмаа бид хоёр гүйцээд очтол Ө.Х- хөдөлгөөнгүй хэвтээд байсан. Тэгэхээр нь би нөхрийгөө “үхчихлээ” л гэж бодоод сандраад мөргөсөн машиныг нь ч анзаараагүй. Тэгтэл мөргөсөн машиных нь жолооч гэх эмэгтэй ирчихсэн “би мөргөчихлөө, яанаа” гээд зогсож байхаар нь хартал манай ээжийн төрсөн дүүгийнх нь охин Ц.Э- зогсож байсан. Тэгээд мөргөсөн гэх машиныг нь хархад манай нөхрийн унасан газраас баруун тийш 20-иод метр зайтай засмал зам дагуу замын хажууд шороон дээр гараад замаа чөлөөлөөд зогчихсон харагдаж байсан. Тэгээд байж байтал манай нөхөр ухаан ороод би тэнд явж байсан ажлын газрынхаа инженер Лхагвадоржийн машинаар нөхрөө эмнэлэгт хүргэсэн...Ө.Х-ын тархинд хоёр газар цус хуралт үүссэн, ар дагз, зүүн нүдний ухархайн дээд яс цууралттай, хамрын зүүн талын яс хугарсан байна” гэж эмч тайлбарлаж байсан. Осол гарах үед Ө.Х-ын зүүн хөмсөгний дээд талд нилээн том шалбарч зулгаралт үүссэн байсан. Уг осол гарахаас өмнө манай нөхөр өвчин зовиур хэлээд байдаггүй хэвийн эрүүл саруул байсан...Ц.Э- манай нөхрийг эмчилгээ хийлгэх явцад нийт 386.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/

Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:...Би 2018 оны 12 дугаар сарын 17-ны өглөө 08:00 цаг өнгөрч байхад Мах маркет ХХК орохоор, хамт ажилладаг Ө.Х- болон түүний эхнэр Цэрмаасүрэн нарын хамт Мөрөн сумын 12-р багт байрлах Хайрхан авто засварын газрын тушаа, засмал замынхаа хойд талд засмал зам дагуу, ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд явж байсан. Ажил руугаа явж байхдаа Цэрмаасүрэн миний зүүн гар талд Цэрмаасүрэнгийн цаад талд Ө.Х- явж байсан бөгөөд бид гурав зэрэгцээд явж байсан. Тэгээд явж байтал автомашины муухай дуу гараад шилний бутархай үсэрч харагдсан. Цэрмаасүрэн бид хоёр зүүн тийш засмал зам руу хартал Ө.Х- замын голд өмсөж явсан куртик нь толгой дээгүүр нь бүтээгдсэн, өрөөсөн гутал нь хагас сугарсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгээд Цэрмаасүрэн бид хоёр гүйцээд очтол Ө.Х- хамар болон зүүн хөмсөгний дээд талаас нь цус гарсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тухайн үед Цэрмаасүрэн бид хоёр сандраад Ө.Х-ад хүрээгүй бөгөөд хөдлөхгүй байхаар нь “үхчихлээ” л гэж бодсон. Тэгээд зогсож байтал Ө.Х-ыг мөргөсөн машины жолооч нь гээд эмэгтэй хүрж ирээд яанаа “яанаа эгч нь мөргөчихлөө, цагдаа түргэн дуудья” гэж сандарсан байдалтай хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/

Шинжээч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би уг ослын газарт очиход осолд орсон гэх явган зорчигч Ө.Х- болон жолооч Ц.Э- нар байхгүй байсан. Би Нэгдсэн эмнэлэг дээр очиж жолоочтой уулзаад осол болсон гэх газрыг заалгаж, хэргийн газарт байсан цус мэт улаан хүрэн өнгийн толбо тогтсон байсныг ослын анхны цэгээр тогтоож “А” үсгээр тэмдэглээд, хэргийн газрын схем зургаар тэмдэглэл үйлдсэн байгаа. Тэр тэмдэглэл дээр зорчих хэсэг дээр үүссэн автомашины тоормозны мөрийг зураглал үйпдэн ногоон өнгөөр тэмдэглэсэн байгаа. Жолооч Ц.Э- тухайн үед надад ослын талаар “хажуу талд сууж явсан хүн хүүш хүн шүргэчихлээ шүү дээ” гэхээр нь буугаад хартал зам дээр хүн хэвтэж байсан” гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/,

Шүүгдэгч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2018 оны 12 дугаар сарын 17-ны өглөө 08:00 цаг өнгөрч байхад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-р хорооноос баруун зүгт хот хоорондын зам дагуу явж байтал Хайрхан авто засварын газрын бараг тушаа, жаахан өнгөрөөд явж байтал замаар хөндлөн хүн гарч ирсэн. Тэгээд би тоормоз гишгээд тулж очоод “тас” хийх чимээ гарсан чинь тэр хүн миний жолоодож явсан Соната-6 маркын ХХХ улсын дугаартай автомашины зүүн талын толийг мөргөөд зам дээр унасан. Би тэр хүнээс жаахан өнгөрч зогсоод машинаасаа буугаад гүйгээд очтол нэг эрэгтэй хүн зам дээр баруун талын шанаагаараа унасан байдалтай хэвтэж байсан. Ойртоод харахад баруун талын шанаа нь зулгарсан байсан бөгөөд тэр хүн манай хүргэн Ө.Х- гэдэг хүн байсан Ө.Х- эхнэр Цэрмаасүрэн болон ажлын газрынхаа бас нэг хүүхэнтэй явсан юм. Цэрмаасүрэн Ө.Х-ыг ажлын газрынхаа хүний машинаар эмнэлэг аваад явсан бөгөөд би араас нь өөрийнхөө машинаар дагаж очоод түргэн тусламжид үзүүлээд тархины зураг авахуулсан Тэгээд Ө.Х-ыг эмнэлэгг хэвтүүлсэн...Би 30-40км/цаг хурдтай л явж байсан юм...гэх мэдүүлэг,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны                        12 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай: Ө.Х-ын биед зүүн чамархай болон зүүн ухархайн дээд хананы цууралт, баруун гайморын өмнөд хананы хугарал, тархины хатуу хальсан дээрхи цус хуралт, баруун зовхи, зүүн өвдөгний цус хуралт зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ. Ө.Х-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 32-33-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны                        02 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаартай: Ө.Х-ын биөд баруун гайморын өмнөд хана, духны хөндийн өмнөд хана, зүүн ухархайн дээд хана, хамрын ясанд тус тус хугарап, баруун чамархайн ясанд цууралт тархины хатуу хальсан дор цус хуралт бүхий гэмтлүүд тогоогдлоо. Дээрхи гэмтэл хатуу мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгджээ. Ө.Х-ын биөд учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 36-37-р тал/

Эрх бүхий албан тушаалтны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай: 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дархан нэхий дэлгүүрийн урд замд Х.Соната-6 маркийн ХХХ дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Ц.Э- нь МУ-н замын хөдөлгөөний дүрмийн 12-р зүйлийн 2-т “Харанхуй үөд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тзэврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” явган зорчигч Ө.Х- нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна.Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол үүссэн гэж үзэв...гэх магадлагаа /хх-ийн 39-р тал/

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай: 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Мөрөн сумын 6 дугаар багийн “Дархан нэхий" дэлгүүрийн урд замд Хонда соната-6 маркын ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.Э- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 зүйлийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоож боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв. Жолооч Ц.Э-ийн гаргасан үйлдэл нь осол гарахад нөлөөлсөн байх боломжтой. Уг осолд замын нөхцөл байдал нөлөөлсөн хүчин зүйл үгүй байна гэж үзэв. Жолооч тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдпыг хангаж хөдөлгөөнд оролцох үүрэгтэй.Тухайн үед тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал ямар байсныг тогтоох боломжгүй...” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэв. Явган зорчигч Ө.Х-ын гаргасан үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 44-45-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

   Шүүгдэгч Ц.Э- нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ХХ аймгийн Х сумын төвд Соната-6 маркийн ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12-р зүйлийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ө.Х-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Ц.Э-ийн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж, хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

.             Шүүгдэгч Ц.Э-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Э-т Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн 1938000070108 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Э-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Э- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Эрүүгийн 1938000070108 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР