Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01262

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 19 өдөр Дуга 210/МА2024/01262

 

 

Ттз ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/01466 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ттз ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э.Э , Б.Б нарт холбогдох,

 

Төрд учирсан хохирол болох 13,468,212 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Б ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дамдинсүрэн, хариуцагч Э.Э гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Урангоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т иргэнийг эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжпэл гаргана гэж заасан.

1.2. Э.Э нь Оюуны өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2018 оны 07 сарын 18-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/06 дугаар тушаалаар ОО газрын /хуучин нэрээр/ ХШ газрын дарга Т.ГТ ийг албан тушаалаас нь чөлөөлжээ.

1.3. Иргэн Т.ГТ нь дээрх 2018 оны Б/06 дугаар тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2019 оны 03 сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0194 дугаар шийдвэр, Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 сарын 08-ны өдрийн 221/МА2019/0374 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 сарын 09-ний өдрийн 306 дугаар тогтоол тус тус гарч ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэжээ.

1.4. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 04 сарын 08-ны өдрийн хөрөнгө хуваарилах тухай А/80 дугаар тушаалаар 10,614,237 төгрөг, УЕ газраас 2019-2021 оны нийгмийн даатгалын шимтгэлд 2,853,975 төгрөг, нийт 13,468,212 төгрөгийг Т.ГТ ийн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тооцож олгосон. Иймд Э.Э , Б.Б нарын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 13,468,212 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Э.Э гийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Т.ГТ ийн нэхэмжлэлтэй, УЕ газар, ОООО т холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэхдээ, түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, Т.ГТ ийн ажилгүй байсан хугацааны цалинг УЕ газраас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг Улсын бүргэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн.

2.2. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ УЕ газраас гаргуулахаар шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэл бүхий байна гэж үзэн магадлалыг хэвээр үлдээсэн.

2.3. Гурван шатны шүүх Т.ГТ ийн нэхэмжлэлтэй УЕ газар, ОООО т холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ ажилгүй байсан хугацааны цалинг УЕ газраас гаргуулахаар шийдвэрлэснээр энэ нь өөрөө төрд хохирол учруулсан этгээд нь Э.Э бус харин тухайн үеийн буруутай шийдвэр гаргасан УЕ газрын эрх бүхий албан тушаалтан гэдгийг харуулж байна.

2.4. Э.Э нь УЕ газрын эрх бүхий албан тушаалтан биш, Э.Э гийн гаргасан шийдвэрээс болж төрд хохирол учраагүй. Төрд хохирол учруулсан, төрөөс хохирол гаргуулсан этгээд нь УЕ газрын эрх бүхий албан тушаалтан байна. Иймд Э.Э нь хууль бус шийдвэр гаргасан этгээд биш байх тул Ттз ийн нэхэмжлэлтэй Э.Э д холбогдох 13,468,212 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Б.Б ийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

3.1. Хариуцагч Э.Э , Б.Б нар хуулиар хамтран үүрэг хүлээхээр зохицуулсан зүйл байхгүй, харилцан тохиролцож байгуулсан гэрээгүй. Түүнчлэн нэхэмжилж байгаа мөнгөн дүнгийн тухайд үл хуваагдах шинжтэй гэж үзэхгүй тул нэхэмжлэгч нь шаардаж буй 13,568,212 төгрөгийг хариуцагч тус бүрээс хэдэн төгрөг гаргуулах, тус бүрийн гэм буруу, тэдгээрийн оролцоог зайлшгүй тодруулах шаардлагатай. Иймд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна.

3.2. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан хохирлыг арилгасан ажил олгогч ажилтнаасаа буцаан шаардах эрхийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заахдаа ийнхүү ажилтнаас буцаан шаардах /регресс/ эрхийн бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцөлд гэм буруугийн бүх хэлбэрийг хамаатуулаагүй бөгөөд ажилтан шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй хандсан гэм буруутай тохиолдолд ажилтнаас буцаан шаардах эрх үүснэ. Б.Б би УЕ газрын даргаар ажиллах үедээ шууд санаатай, илтэд болгоомжгүй аль ч хэлбэрээр төрд хохирол учруулах санаа зорилгыг агуулаагүй.

3.3.Миний бие УЕ газрын даргаар томилогдсоны дараа Ажлын хэсгээс өгсөн үүрэг, чиглэлийн дагуу 2018 оны 06 сарын 28-ны өдрийн 1/256 дугаар албан бичгээр ОООО -т шилжүүлэх ёстой 31 орон тоонд нэр бүхий 29 албан хаагчдын нэрс, дэлгэрэнгүй танилцуулгын хамт Ажлын хэсгийн ахлагч болох Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн. Т.ГТ ийн хувьд ОООО т шилжихийг хүлээн зөвшөөрсөн байсан. Энэ талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын 6 дахь хуудаст дүгнэсэн.

3.4. Харин дээрх албан бичгээс өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 06 сарын 21-ний өдрийн А/123 дугаар тушаалаар ОООО -ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал зэрэглэлийг баталсан. Ийнхүү батлахдаа Т.ГТ ийн эрхэлж байсан ажил багтаагүй гэдгийг миний хувьд мэдээгүй, мэдэх ч боломжгүй. Энэ талаараа тухайн үед Ажлын хэсэг болоод Хууль зүй, дотоод хэргийн яамнаас надад мэдэгдээгүй. Хэрэв мэдэгдсэн бол Т.ГТ ийг шилжүүлэхээр хүргүүлэхгүй байх, хохирол учрахаас сэргийлэх боломжтой байсан. Түүнчлэн ОООО -ын дарга Э.Э гээс Т.ГТ ийг ажиллуулах боломжгүй талаараа УЕ газрын даргаар ажиллаж байсан надад ч тэр даруйд мэдэгдээгүй болно.

3.5. Миний бие Т.ГТ ийг ОООО -т шилжүүлэх саналаа албан бичгээр хүргүүлсэн бол түүний ажлын байр ОООО -т батлагдаагүй гэдгийг мэдсэн, мэдэх бүрэн боломжтой атлаа хайхрамжгүй хандаж, ОООО -т хүргүүлсэн Хууль зүй, дотоод хэргийн яам, албан бичгийг авсан даруйдаа мөн л боломжгүй талаараа мэдэгдээгүй ОООО -ын дарга Э.Э нарын дээрх үйлдэл, эс үйлдэхүй нь хохирол учрах болсон шалтгаан, нөхцөлд нөлөөлсөн.

3.6. Эцэст нь дүгнэхэд, Төрийн албан хаагчийн гаргасан дотогш чиглэсэн шийдвэрийн улмаас иргэнд олгох нөхөх олговор бүрийг төр тухайн шийдвэрийг гаргасан албан хаагч иргэнээс буцаан нэхэмжилж байгаа нь төр хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөж буй хэлбэр болно. Мөн аливаа иргэн төрийн албан хаагч байхдаа гаргасан бүх шийдвэрийн хариуцлагыг тухайн шийдвэрийг гаргасан этгээдэд хүлээлгэх нөхцөлд эргээд Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёс", тэгш байдал-ын зарчим, төр болон ажил олгогч ажилтан, албан хаагчид хяналт тавих байдлаар хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх стандарт тогтоох, төрийн албан хаагч төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх баталгаагаар хангагдах Төрийн албаны тухай хуулийн суурь зорилго, зарчимтай нийцэхгүй. Иймд нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийн агуулга:

Хариуцагч Э.Э буруугүй. Харин тухайн үед дарга нь байсан Б.Б хариуцах ёстой юм байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Б.Б оос хохиролд 13,468,212 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ттз ТБАГУТҮГ-д олгож, хариуцагч Э.Э д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжпэгч Ттз ТБАГУТҮГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Б.Б оос улсын тэмдэгтийн хураамжид 225,291 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч Б.Б ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүх Ттз ийн нэхэмжилсэн төрд учирсан хохиролд 13,468,212 төгрөгийг зөвхөн Б.Б надаас гаргуулахаар шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн.

6.1.1. Б.Б би тухайн байгууллагын даргын хувьд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 сарын 13-ны өдрийн 175 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, ОООО -т шилжүүлэх ёстой 31 орон тоонд 29 албан хаагчийн нэрс, дэлгэрэнгүй танилцуулгын хамт Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/103 дугаар тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн ахлагч болох Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн. Ийнхүү шилжүүлэхийн өмнө тухайн ажилтантай хуулийн дагуу сонсох ажиллагааг гүйцэтгэхэд Т.ГТ ийн хувьд ОООО -т шилжихийг хүлээн зөвшөөрсөн байсан. Энэ талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын 6 дахь хуудсанд дүгнэсэн. Гэтэл энэ талаар анхан шатны шүүх огт үнэлэлт өгөөгүй, харгалзаж үзсэнгүй.

6.2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн гэм бурууд маргасан гэж дүгнэн, харин хариуцагчийн хариу тайлбарт тусгасан татгалзлын бусад үндэслэлд огт дүгнэлт өгсөнгүй. Тухайлбал:

6.2.1. Шүүхээс Б.Б намайг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар хохирлыг хариуцуулж шийдвэрлэхдээ гэм буруугийн хэлбэрийн аль төрөлд хамааруулсан талаар дүгнэлт өгсөнгүй. Шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүйн аль нь гэж үзсэн нь ойлгомжгүй, энэ талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнээгүй.

6.2.2. Нэхэмжлэгч нь Э.Э , Б.Б нараас хохиролд 13,468,212 төгрөг гаргуулахаар шаардахдаа хариуцагч тус бүрээс хэдэн төгрөг гаргуулахыг хүссэн, гэм хор учрахад хариуцагч тус бүрийн оролцоо, тэдгээрийн гэм буруугийн хэр хэмжээг тодорхойлсонгүй. Анхнаасаа нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад тодруулах ажиллагааг хийхгүйгээр шүүх өөрийн санаачилгаар зөвхөн нэг хариуцагч нь болох А.Б надад 100 хувь хариуцуулж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон.

6.2.3. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрэзс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ." гэж, мөн зүйлийн 242.2 дахь хэсэгт Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ. гэж заасан. Энэ хэргийн тухайд хариуцагч Э.Э , Б.Б нар хуулиар хамтран үүрэг хүлээхээр зохицуулсан зүйл байхгүй. Мөн харилцан тохиролцож байгуулсан гэрээгүй. Түүнчлэн нэхэмжилж байгаа мөнгөн дүнгийн тухайд үл хуваагдах шинжтэй гэж үзэхгүй тул нэхэмжлэгч нь шаардаж буй 13,468,212 төгрөгийг хариуцагч тус бүрээс хэдэн төгрөг гаргуулах, тус бүрийн гэм буруу, тэдгээрийн оролцоог зайлшгүй тодруулах, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж авах ёстой. Энэ ажиллагааг хийгээгүй.

6.3. Шүүх гэм буруугийн хэр хэмжээг харгалзаж үзсэнгүй.

6.3.1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ. гэж, 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт Гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана. гэж тус тус заасан.

Миний бие Т.ГТ ийг ОООО т шилжүүлэх саналаа хүргүүлсэн бол агентлагуудыг салгах, өөрчлөн байгуулах ажлыг бүхэлд нь Хууль зүй, дотоод хэргийн яам хариуцан ажилласан, харин Т.ГТ ийг ажлаас чөлөөлөх шийдвэрийг Оюуны өмчийн газрын дарга тушаал гаргасан. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээд хуваагдах ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яам нэгтгэн удирдаж ажилласан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Оюуны өмчийн газрын бүтэц, орон тоог санал хүргүүлэхээс өмнө баталчихсан байсан атлаа энэ талаараа надад мэдэгдээгүй. Мөн шилжүүлэх албан хаагчдын нэрсийн жагсаалтыг хүргүүлсэн даруйд Т.ГТ ийн ажлын байр ОООО -т батлагдаагүй гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн яам мэдсэн, мэдэх бүрэн боломжтой атлаа хайхрамжгүй хандаж цааш ОООО -т хүргүүлсэн.

Дээрх байдлаар хохирол учрах болсон шалтгаан нөхцөлд Б.Б надаас илүүтэй ажлыг хариуцаж байсан Хууль зүй, дотоод хэргийн яам, Ажлын хэсгийн үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогддог.

6.3.2.ОООО -ын дарга Э.Э гийн тухайд албан бичгийг авсан даруйдаа мөн л боломжгүй талаараа тэр даруйд нь буцааж мэдэгдээгүй, харин ч цалин хөлс олгож, тушаалыг гаргасан. Б.Б миний хувьд нэхэмжлэлийн шаардлага буюу гэм хорыг хариуцахын тулд гэм буруутай үйлдэл ба хохирлын хооронд шалтгаант холбоо байх учиртай, хохирол буюу үр дагавар гарсан хэдий ч гэм буруутай үйлдэл байхгүй. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэг, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хариуцлагаас чөлөөлөгдөх ёстой байсан.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/01466 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж Б.Б ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

6.4.Хохирлын хэмжээг тогтоохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг нөхөн хэрэглэх боломжтой. 2021 онд шинэчлэн баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт Ажил үүргээ гүйцэтгэх үедээ ... хохирол учруулсан ажилтанд ... эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлагыг ажил олгогчийн шийдвэрээр хүлээлгэх бөгөөд энэ нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй гэж заасан. Хэдийгээр Б.Б миний тухайд төрийн үйлчилгээний ажилтан биш хэдий ч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар ажилтнаас хохирлыг буцаан шаардаж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх зохицуулалтыг төсөөтэй хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Хэрэв хөдөлмөрлөх, ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө эд хөрөнгийн хохирол заавал хариуцах учиртай гэж үзэх тохиолдолд хохирлын хэмжээг тооцох арга аргачлал төрийн захиргааны, тусгай, үйлчилгээний албан хаагч болоод хувийн хэвшлийн байгууллагын ажилтан гээд бүх ажилтанд адил тэгш байх ёстой гэж ойлгож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, УЕ газрын даргын тухайн үед авч байсан нэг сарын цалин хөлсний хэмжээтэй тэнцэх төгрөгнөөс илүү гарсан бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Анхан шатны шүүх Б.Б оос төлбөр гаргуулахаар шийдвэрлэснийг буруу шийдвэрлэсэн гэж гомдол гаргасан байна.

7.1.Засгийн газрын тогтоолоор Оюуны өмчийн улсын бүртгэлийн газрыг 2 хуваасан. Хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэгт Б.Б буюу УЕ газрын даргын 2016 оны 08 сарын 28-ны өдрийн 256 дугаар албан бичгээр ОООО т 29 хүний нэрийиг хүргүүлсэн байдаг. УЕ газраас ирсэн бичгийг Хууль зүй, дотоод хэргийн яам тэр чигт нь ОООО руу шилжүүлсэн бөгөөд Т.ГТ нь Хяналт шинжилгээ дотоод аудитын хэлтсийн дарга буюу удирдах албан тушаалтан байсан. УЕ газар 1258 ажилтантай, тус бүр алба нэгжтэй. Харин ОООО 31 албан хаагчтай учраас дотоод аудитын нэгж байхгүй, та мэргэжилтэн гэдэг албан тушаал дээр ажилла гэхэд удирдахаас гүйцэтгэх албан тушаалд очихгүй гэж татгалзсан учраас Э.Э нь Т.ГТ ийг төрийн албанаас чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан Т.ГТ захиргааны хэргийн шүүхэд хандаж, УЕ газрыг буруутай, ажилд нь буцааж томилон ажилгүй байсан хугацааны цалинг нь олго гэсэн шийдвэр гарсан байдаг.

7.2. Давж заалдах гомдолд шууд болон санаатай гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй гэж байна. Анх Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн саналын үр дагавар нь тухайн хүнийг ажилгүй болгож, улмаар төрд хохирол учруулсан байдаг. Энэ нь шууд санаатай үйлдэл гэж харагдаж байгаа.

7.3. Түүнчлэн нэгэнт үүссэн үр дагавар буюу шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэлийг 3 тал хариуцах ёстой гэж тайлбарласан байна. Анхны үр дагавар үүсгээд байгаа албан бичгийг Б.Б буюу УЕ газрын дарга гаргасан учраас бүхэлд нь хариуцаж байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь 2 хариуцагчаас төрд учирсан хохирлыг ижилхэн 50, 50 хувиар гаргуулах саналтай байна гэж хэлсэн. Шүүх шийдвэр гаргахдаа анх эрх зүйн үр дагавар үүсгэсэн албан бичигтэй холбоотой гэдэг байдлаар Б.Б буюу хамтран хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

7.4. Хариуцагч нь нэгэнт буруутай бол Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар цалингийн 1 сарын хэмжээгээр тогтоож өгөөч гэж байгаа нь шийдвэрийг зөвшөөрч байна гэж ойлгож байна. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагч Б.Б ийн гомдлыг зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн Э.Э гийн тайлбар, татгалзлын агуулга:

8.1. Б.Б нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хуулийн дагуу өөрийн ажил үүргээ гүйцэтгэж Т.ГТ т сонсох ажиллагаа хийсэн, сонсох ажиллагаа хийх үед Т.ГТ нь ОООО руу шилжихийг хүлээн зөвшөөрсөн байсан гэдэг агуулгыг бичсэн байна. Энэ тухай захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын 6 дахь талд дүгнэсэн байтал иргэний хэргийн анхан шатны шүүх энэ талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэж давж заалдах гомдол гаргаж байгаатай санал нийлэхгүй байна.

8.2. Захиргааны хэргийн гурван шатны шүүх хууль бус шийдвэр гаргасан этгээд нь УЕ газар гээд шийдчихсэн. Мөн Э.Э гийн гаргасан Б/06 албан бичгийг илт хууль бус захиргааны акт гэж үзсэн. Тийм учраас Э.Э ямар нэгэн хууль бус шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, хариуцагч Б.Б ийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ттз нь хариуцагч Э.Э , Б.Б нарт холбогдуулан тэдний хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохиролд 13,468,212 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 сарын 13-ны өдрийн 175 дугаар тогтоолоор Оюуны өмч, Улсын бүртгэлийн газрыг татан буулгаж, УЕ газар, ОООО -ыг тус тус байгуулсан;

 

3.2. Хариуцагч Б.Б нь УЕ газрын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 06 сарын 28-ны өдрийн 1/256 дугаар албан бичгээр ОО газрын ХШ газрын даргаар ажиллаж байсан Т.ГТ ийг ОООО -т шилжүүлж, харин ОООО -ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Э гийн 2018 оны 07 сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, Т.ГТ ийг УЕ газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохыг УЕ газарт даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин 10,614,237 төгрөгийг УЕ газраас гаргуулж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0194 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 сарын 08-ны өдрийн 221/МА2019/0374 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 сарын 09-ний өдрийн 306 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсон; /хх-72-100/

 

3.3. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 04 сарын 08-ны өдрийн А/80 дугаар хөрөнгө хуваарилах тухай тушаал болон түүний хавсралтад зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/00194 дугаар шийдвэрээр Т.ГТ т олгох 10,614,237 төгрөгийг төлж барагдуулсан байна; /хх-62-70/

 

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон боловч хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзэв.

 

4.1. Т.ГТ ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн УЕ газрын дарга Б.Б ийн Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн 2018 оны 1/256 тоот албан бичиг, ОООО -ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Э гийн 2018 оны 07 сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаал гарах цаг хугацаанд Төрийн албаны тухай хууль /2002/ хүчин төгөлдөр үйлчилж байсныг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

4.2. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт заасныг шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж, шүүхэд нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүх маргаантай харилцааг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байгаагүй Төрийн албаны тухай хууль /2017/-ийг тайлбарлан маргааныг шийдвэрлэсэн нь эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэхгүй байх хууль хэрэглээний суурь зарчмыг зөрчжээ.

 

4.3. Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т Ттз нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаар Ттз -д төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх шаардах эрхийг олгоогүй байжээ.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 12 сарын 07-ны өдөр Улсын Их Хурлаас баталж, 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр журамласан тул энэ хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт заасан зохицуулалт нь хариуцагч нарын 2018 онд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан шийдвэртэй холбоотой учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг Ттз д үүсээгүй гэж үзнэ.

4.4. Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна гэж заасан. Хариуцагч Б.Б ийн ажиллаж байсан байгууллага болох УЕ газар нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу түүний төрийн нэрийн өмнөөс ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан алдааны улмаас ажилтан Т.ГТ т учруулсан хохирлыг хариуцан арилгасан нь дээрх хуульд заасан зарчимд нийцжээ.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь ... тухайн үед тус байгууллагын даргаар ажиллаж байсан Б.Б оос хохирлыг гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Б ийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/01466 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Э.Э , Б.Б нараас 13,468,212 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ттз ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

С.ЭНХБАЯР