Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 00110

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батдорж, Ч.Будхүү

Шүүгдэгч Д.Б-, Б.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн                 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-, Б.Н- нарт холбогдох эрүүгийн 1838009180043 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д.Б-,1995 оны                            6 дугаар сарын 30-ны өдөр, ХХ аймгийн Х сумын Х-д төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эх, ахын хамт ХХ аймгийн Х сумын Х-д оршин суух, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан, гавьяа шагналгүй, регистрийн дугаар -.

Монгол улсын иргэн, Б.Н-,1996 оны                            5 дугаар сарын 12-ны өдөр, ХХ аймгийн Х суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ХХ аймгийн Х сумын Х-д оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, регистрийн дугаар -.

Шүүгдэгч Д.Б-, Б.Н- нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын                    02-ны өдөр ХХ аймгийн Х сумын Х дугаар багийн нутаг дэвсгэр, Х гэх газраас хохирогч Г.Б-, Н.Д- нарын 2 тооны адууг буюу бусдын малыг бэлчээрээс нь хулгайлж, 1.600.000 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б-, Б.Н- нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын                    02-ны өдөр ХХ аймгийн Х сумын Х дугаар багийн нутаг дэвсгэр, Х гэх газраас хохирогч Г.Б-, Н.Д- нарын 2 тооны адууг бэлчээрээс нь хууль бусаар авч, 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 Хохирогч Г.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Х сумын 5 дугаар багт оршин суух миний төрсөн хүү Н.Д- утсаар залгаад “ээж би адуундаа очиж үзэхэд адуунаас 2 морь байхгүй байна .Алга болсон хоёр морины нэг нь таны морь байна.Би энэ хавиар эрж байна” гэж утсаар хэл хүргэсэн. Тэгээд.2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүү Н.Д- дахин залгаад “би Хатгал тосгоны төвд байна, манай адууг нутгийн дүү болох Батсүх овогтой Б.Н- буюу нутгийн дууддаг нэр нь Нямаалай хулгайлж аваад Хатгалын төвийн гэрт авчирч нядалсан байна. Хоёр адууны мах байшин дотор нь байна. Би өөрийн нүдээр харсан” гэж хэлсэн.Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан. Мандах овогтой Д.Б- буюу нутгийн дууддаг нэр нь Д.Б-, Б.Н- нар нь бүлэглэн манай адууг хулгайлж авсан байгаа юм. Өмнө нь Д.Б- малын хулгайд ороод өмгөөлөгч авч ялаас мултарч байсан...Манай алдсан алдсан адууны содон шинж тэмдэг нь...халиун зүсмийн, монгол үүлдрийн, нас гүйцсэн бүдуун морь-1, улаан саарал зүсмийн, саран тамгатай, бүдүун морь-1 нийтдээ 2 адуу хулгайд алдагдсан...Хатуу чанга хуулийн хариуцлага хулээлгэмээр байна. Эдгээр залуучууд дахин гэмт хэрэг үйлдэж болзошгуй…Хохирлоо барагдуулж дуусгасан…гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/

Хохирогч Н.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  ... 2018 оны 12 дугаар сарын 03-ны өглөө адуугаа эргүүлэх гэж очиход халиун морь, улаан морь нийт 2 тооны адуу байхгүй байсан ... 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн үед Батсүх овогтой Б.Н-, Мандах овогтой Д.Б- нь манай малчин айлд ороод явж байхыг би харсан ... Б.Н- нь буурал морьтой, Д.Б- нь бор морьтой явцгааж байсан. Манай айлд ороход тэднийд том хүн байхгүй болохоор цай уугаад гарсан байх ...Тэгээд би манай адууг Д.Б-, Б.Н- нар хулгайлж авсан гэж Хатгалын төв орсон. Төв ороод Б.Н-гийнд очиход гэртээ байж байсан. Тэгэхээр нь “чи яах гэж ахынхаа 2 морийг авчихваа” гэхэд "би аваагүй гэрээс мотоциклиор орж ирсэн" гэсэн. Хэсэг байж байгаад "ах гаръя” гээд гадаа гарахад “ах би таны 2 морийг цохисон, мах нь байшинд байгаа, 2 морийг төлж хохирол барагдуулъя” гэж хэлсэн... Б.Н- надад хэлэхдээ "Д.Б-той хамт танай адуунаас 2 морь барьж аваад өөрийн унаж явсан морио Д.Б-т үлдээгээд нэг морийг нь унаад нөгөөг нь хөтлөөд төв ороод цохисон” гэж хэлсэн ...Нэг нь манай ээжийн адуу байсан...Би хохирлоо бүрэн барагдуулж авсан гэх мэдүүлэг, /хх-ийн 9-10-р тал/

Гэрч М.Шинэсарангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  Б.Н- нь миний нөхөр байгаа...Манай нөхөр Хатгал тосгонд мал, мах авдаг Ичинхорлоо гэдэг хүнээс “мал авч өгнө” гээд 2.400.000 төгрөг авсан байсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр байх, “мал авчирна” гээд Х сумын 5 дугаар багийн нутаг Ар голд байдаг аав Батсүхийнхээ гэр лүү явсан. Тэгээд над руу утсаар холбогдоод “аавынд байна” гэж ярьсан. Тэгээд хэд хоног холбоо барихгүй байж байгаад 2 морь хөтлөөд гэртээ ирсэн. Тэгээд маргааш өглөө нь “Ичинхорлоо дээр хүргэж өгнө” гэж яваад буцаагаад аваад ирсэн. Тэгэхээр нь “яасан” гээд асуусан чинь “чи гэртээ гаргачих, би очоод жинлээд авна” гэнэ гээд хашаан дотроо янзалсан юм. Тэгээд орой нь Ар голоос миний таних Н.Д- ах орж ирээд манай нөхөртэй гадаа гарч юм ярьж байгаад орж ирээд Б.Н-д 10.000 төгрөг өгч юманд явуулаад надад “танай нөхөр миний 2 морийг авчирч ирээд гаргачихсан байна” гэж хэлсэн. Тэгээд би Б.Н-г ороод ирхээр нь “чи яагаад хүний адуу хулгайлж байгаа юм бэ” гэсэн чинь “харин би тэгсэн юм” гэж хэлсэн. Тэгээд өөр юм яриагүй. Б.Н-гийн авчирсан адуу нь Н.Д-гийн алдсан адуу мөн байсан. Өөрөө арьс шир, толгойг хараад танисан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/

Гэрч Б.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Б.Н- нь миний төрсөн ахын хүүхэд бөгөөд би авга ах нь юм...Манай дүү Б.Н- нь хулгай хийхээргүй хүүхэд юм. Тэрээр хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, яагаад тэр үед адуу хулгайлсан талаар мэдэхгүй байна.Хулгай хийхийн хувьд хийсэн хүн байна лээ. Уг нь миний дүү чинь хүний үгнээс гардаггүй төлөв даруу, архи нэг их уудаггүй юм...Б.Н- Ичинхорлоогийн ажлын хийж өгдөг. Түүнд мал худалдаж авах, нядлахад нь тусалдаг сайн нарийн учрын мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/

Гэрч Т.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Б.Н-, Д.Б- /Д.Б-/ хоёр мотоцикльтой сундалж манайхаар ирж хонож явсан. Эхлээд нэг хоноод доош уруудаж хөзөр тоглох хүн хайж нэг хоноод, буцаад манайд ирж хоносон. Тэгээд хэд хоногийн дараа Д.Б-, Б.Н- хоёр хоёулаа морьтой ирсэн. Д.Б- бор зүсмийн морь, Б.Н- буурал зүсмийн морьтой манайд цай уугаад баруун тийшээ мордоод явсан...Тэгээд удаагүй манай арын айл Н.Д- адуугаа алдсан гэж байсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/

Гэрч И.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...Би Б.Н-г танина. Б.Н- нь Х сумаас Хатгалд ирээд хөрөө рам дээр ажилладаг байсан. Тэр үед нь танилцсан юм...Би 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр байх. Б.Н- над руу утсаар залгаад “идэш хийх гэсэн юм, завтай бол та эхнэртэйгээ хүрээд ирээч” гэсэн. Тэгээд би эхнэр Цэнд-Аюушийг дагуулаад очиход бор морь, халиун зүсмийн морь байсан. Тэгээд хамт нядлаад манай эхнэр гэдсийг нь Б.Н-гийн эхнэртэй хамт цэвэрлэсэн. Тэнд бид дөрвөөс өөр хүн байгаагүй...Би хулгайн морьд байсаныг нь мэдээгүй. Хэрвээ би мэдсэн бол юу гэж очих вэ дээ. Тухайн үед Нямдаваа залгаад “өөрийнхөө идшийг хийх гэсэн юм, ирээд туслаад өгөөч” гэсэн юм. Өөр юм яриагүй би ч “хаанаас авчирсан” энэ, тэр гэж асуугаагүй. Өөрийнх нь мал байгаа юм байх гэж бодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/

Шүүгдэгч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Өнгөрсөн 2018 оны 12 дугаар сарын эхээр байсан байх. Би хугацаагаа яг нарийн санахгүй байна. Би Д.Б-ийн гэрээр очоод бид хоёр хамт Х сумын Ар гол гэх газар луу Эрдэнээ гэж айлд очихоор явсан. Бид хоёр Эрдэнээгийн гэрт нэг хоночихоод маргааш нь Хар чулуут руу даваад Н.Д- ахын гэрт очсон. Тийшээ очсон шалтгаан нь манай эхнэрийн төрөл болох Нэргүйгийн гэр байдаг бөгөөд тэдний гэрт очих далимаараа Н.Д-тай уулзсан. Тухайн үед Д.Б- Н.Д-тай уулзаагүй. Би очиж уулзаж, ойр зуурын юм ярьж байгаад явсан. Нэргүйгийн гэрээс гараад Д.Б- бид хоёр Хар чулуут руу явсан бөгөөд тэнд Н.Д-гийн адуу байхаар нь би Д.Б-өд “би Н.Д-гийн адуунаас хоёр морь авахаар болсон, сая Н.Д-тай уулзаад ярьчихсан” гэж худлаа хэлээд адууг нь асга руу шахаж байгаад Д.Б- бид хоёр халиун, бор зүсмийн морьдыг барьж аваад би нөгөө хулгай хийсэн хоёр морины нэгийг нь унаад нөгөөг нь хөтлөөд Хатгал руу явсан. Д.Б- болохоор миний унаж явсан морийг аваад “манай гэрт хүргэж өгнө” гээд явсан юм. Би Д.Б-өд “Хатгал тосгоны төв рүү энэ хоёр морийг нядлана, чи миний морийг гэрт хүргэж өгөөрэй” гэж хэлээд явсан. Тэгээд би Хатгал орж хоёр морио гэртээ аваачихад манай эхнэр “ямар учиртай морь юм” гэхээр нь “хүнээс авсан” гээд худпаа хэлчихсэн. Ингээд маргааш нь өөрийн танил Болдоо түүний эхнэр Цэндээ нарыг гуйж адуугаа нядалсан. Тэр хоёрт “хүнээс морь авсан” гэж хэлсэн. Адуу нядалсаны маргааш нь Н.Д- манай гэрт ирээд “адуунаас хоёр морь алга болчихсон, чи авсан байна” гэхээр нь би үнэнээ хэлсэн...Н.Д-гийн адуунаас түүний зөвшөөрөлгүй морь авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...Хулгай хийх санааг би гаргасан. Би л Н.Д-гийн адуунаас морь авахаар болсон гэж Д.Б-өд хэлсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р тал/

Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...Би хулгай хийгээгүй. Тийм учраас надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Б.Н-г хулгай хийж байгааг мэдээгүй. Б.Н- надад хэлэхдээ “сая Н.Д-тай уулзчихсан, адуунаас нь хоёр морь авахаар болсон” гэхээр нь би “нээрээ тийм юм байх” гэж бодоод л Н.Д-гийн адуунаас хоёр морь барилцаж өгсөн. Тэгээд Б.Н- Н.Д-гийн адуунаас авсан хоёр морио аваад Хатгалын төв рүү явсан. Тэгж явахдаа өөрийнхөө унаж явсан морийг гэрт аваачаад өгчих гэхээр нь би гэрт нь хүргэж өгсөн. Тэгсэн харин 2-3 хоногийн дараа “Н.Д-гийн адуунаас хулгай хийсэн” гээд бөөн юм болоод эхэлсэн. Миний хувьд өөрийгөө хулгай хийсэн гэж бодохгүй байна. Б.Н- ч гэсэн үнэн болсон учир байдпыг тайлбарлаж хэлэх байх гэж бодож байна...Н.Д-гийн адуунаас морь барьж авахын өмнө Н.Д-гийн гэрээр очсон. Тэнд очоод Б.Н- Н.Д-тай гэрийнх нь гадаа юм яриад байгаад байсан...Би өөрөө 2018 оны 6 дугаар сард малын хулгайн хэргээр тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн. Энэ хугацаандаа дахиж гэмт хэрэг үйлдэнэ гэж байхгүй шүү дээ. Б.Н-г хэрвээ надад худлаа хэлсэн гэдгийг мэдсэн бол би хамт явахгүй байсан юм...Б.Н- Н.Д-гийн эхнэрийнх нь талын төрөл садан юм. Би төрөл хүмүүс учраас нэг нэгэндээ морь өгч авалцахаар тохирсон юм байх гэж л бодсон..гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 41-р тал/, зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Д.Б-, Б.Н- нар нь 2018 оны 12 дугаар сарын  02-ны өдөр Хөвсгөл аймгийн Х сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Хар чулуут гэх газраас хохирогч Г.Б-, Н.Д- нарын 2 тооны адууг бэлчээрээс нь хууль бусаар авч, 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүдийн агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Н- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

 

Харин шүүгдэгч Д.Б- нь “Би Б.Н-г хулгай хийж байгааг мэдээгүй. Б.Н- надад хэлэхдээ “сая Н.Д-тай уулзчихсан, адуунаас нь хоёр морь авахаар болсон” гэхээр нь би “нээрээ тийм юм байх” гэж бодоод л Н.Д-гийн адуунаас хоёр морь барилцаж өгсөн”  гэмт хэргийг үйлдээгүй гэж мэдүүлж байх ба  түүний өмгөөлөгч нь “…миний үйлчлүүлэгчийн дээр дурдсан хулгайн гэмт хэргийн үйлдлүүд нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд тогтоогдоогүй бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт эрх үүрэг тайлбарлаж өгөөгүй, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үгүйсгэсэн баримт байхгүй… Иймд шүүгдэгч Д.Б-ийг гэм буруугүйд тооцож өгнө үү гэх боловч,

Шүүгдэгч Д.Б-, Б.Н- нар нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Х сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Хар чулуут гэх газраас хохирогч Г.Б-, Н.Д- нарын өмчлөлийн адуунд халдаж,  2 тооны адууг нууцаар хууль бусаар авсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацааны талаар хохирогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлгийг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдээлэл, тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт зэрэг нь хохирогч нарын хулгайд алдсан эд зүйлийн хохирлын шинж байдал, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж үнэллээ.

Мөн гэмт хэргийг… үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно, …үйлдлээрээ хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.Б-ийн оролцсон үйлдэл нь хууль бус байх бөгөөд прокурын яллах дүгнэлтэд дурдсан санал, дүгнэлт нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Б-, Б.Н- нарыг бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хэрэгт тусгагдсан Д.Б-, Б.Н- нарын гэрчээр мэдүүлэг өгсөн тэмдэглэл нь  /30-39 дүгээр хуудас/ хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзээтэй байх тул уг нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Н- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин шүүгдэгч нарыг тус хэргийг бүлэглэн үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Д.Б- нь Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч Д.Б-өд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолын 3 дахь заалтаас тэнсэж хянан харгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.

Эрүүгийн 1838009180043 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б-, Б.Н- нарыг мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Д.Б-өд 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Н-д 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  4 дэх хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-өд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай” гэснийг хүчингүй болгож шүүгдэгч Д.Б-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6/зургаа/ сарын хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.8 дугаар зүйлийн 1,2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Б-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх зааснаар оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6/зургаа/ сарын хугацаагаар  хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1/нэг/ жил 6/зургаа сарын  хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

              5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.Б-өд оногдуулсан 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн 1838009180043 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-, Б.Н- нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.ЭРДЭНЭ-ОЧИР