Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 00111

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү

Шүүгдэгч Б.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-д холбогдох эрүүгийн 1838008610098 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Ц-,                    1986 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, ХХ аймгийн Х суманд төрсөн,                    33 настай, эрэгтэй, бага боловсролтой мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр                           3 хүүхдийн хамт ХХ аймгийн Х сумын Х дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, регистрийн дугаар -.

Шүүгдэгч Б.Ц- нь 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ХХ аймгийн Х сумын төвийн ард байрлах Х гэх газраас иргэн Л.Б-гийн Тэнхлэг маркийн мотоциклийг хулгайлж 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ц- нь 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ХХ аймгийн Х сумын төвийн ард байрлах Х гэх газраас хохирогч Л.Б-гийн Тэнхлэг маркийн мотоциклийг хууль бусаар авч, 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 Хохирогч Л.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:Би 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 13 цагийн үед Аймгийн төвд байдаг гэрээсээ өөрийн эзэмшлийн Тэнхлэг маркын хөх өнгийн мотоцикпио бариад Бүрэнтогтох сумын Туяа багийн нутаг Хядага гэх газарт байх нэг гэр лүүгээ яахаар гарсан юм. Замдаа дэлгүүр орж нэг шил архи авч өвөртөө хийгэээд Мөрөнгийн төвөөс гараад Дааган толгой дээр гарч адуугаа дурандах хооронд дэлгүүрээс авсан байсан 1 шил архиа задалж ганцаараа ууж байгаад сууж байсан газраа хэсэг унтсан байсан. Тэгээд сэрээд хартал миний мотоцикль  байхгүй болсон байсан...Тэгээд мотоциклийн сураг гарахгүй 10 хонож байтал миний таньдаг манай багийн хүн тааралдаад “таны мотоцикльтой адилхан хөх өнгийн мотоцикль Буянтын эх гэх газарт Бүүвэйбаатарын малчин                      Б.Ц- гэдэг залуу унаад байгаа юм, таны мотоцикль мөн байх, та очиж үзээрэй” гэхлээр нь би Мөнжиг гэх нутгийнхаа залууг гуйгаад яваад очтол гадаа нь миний мотоцикь байж байхаар нь түлхүүрийг нь толгойноос нь сугалж аваад гэрт нь яваад орсон. Тэгээд гэрт нь нэг залуу, эхнэртэйгээ 2-3 бага насны хүүхдүүдтэйгээ байхаар нь “яахаараа хүний мотоцикль аваад явчихдаг юм бэ, эр хүнийг явгалаад хаячихдаг сонин хүн бэ” гэж хэлсэн санагдаж байна. Тэгтэл эхлээд “би хүний мотоцткль аваагүй, захаас худалдаж авсан юм, би жиижг машинаа зарж авсан юм” гээд байсан. Тэгэхээр нь би “чиний нэр хэн юм бэ” гэж асуутал “Б.Ц-” гээд нэрээ хэлсэн. Тэгэхээр нь би “үнэнгээ хэлэхгүй бол цагдаад өгнө” гэж хэлтэл “таныг унтаж байхад аваад явчихсан юм“ гэж хэлсэн. Тэгээд би “мотоцикпио аваад явлаа, би мотоциклио алдаад олон хоног ирж хайлаа, гарсан зардал чирэгдлийн мөнгө өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд надад дараа нь сумын төвд уулзаж 200.000 төгрөг өгсөн..Би тухайн үед мотоциклио авсан. Мөн зардал чирэгдэлд гарсан хохиролоо барагдуулж авсан болохоор надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8-11-р тал/

Гэрч Д.Бүүвэйбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны                           3 дугаар сарын 15-ны өдрөөс өөрийн хамаатан буюу аавын төрсөн дүүгийн хүү болох Жийжиг гэж дууддаг Цогтгэрэл байхаа, би бүтэн нэрийг нь сайн мэддэггүй юм, энэ хүнээр малаа маллуулж байсан юм...2018 оны 4 дүгээр 21-ний өдөр би хонинд явж өнжсөн юм. Намайг хонинд яваад гэртээ ирэхэд Жийжиг нь аймгийн төв рүү Мөөгийгийн хамт явсан Мөөгийгийн мотоцикпиор явсан байсан. Орой нь Жийжиг нь “өөрийнхөө машиныг зарчихлаа, өлтөгөнд нь мотоцикль авчихлаа” гэсээр ирсэн. Жийжиг хөх өнгийн Тэнхлэг нэртэй мотоцикль унаж ирсэн байсан. Тэгээд би хэд хоногийн дараа эхнэрийн бие муудаад хот явсан юм. Тэгтэл Жийжиг нь мотоцикль хулгайлж ирсэн байсан юм билээ...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/

 

Шүүгдэгч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр санагдаж байна, Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Арбулаг сум орохоор нутгийн зүс таних залуу болох Мөөгийтэй явж байтал замд Дааган толгой дээр нэг хүн мотоциклийнхоо хажууд хэвтэж байсан. Мөөгий бид хоёр Дааган толгойн зүүн талын уулын хамар дээр Мөөгийгийн мотоцикльтой сундаллаж явсан юм. Бид хоёр хүн байж байхаар нь зогсоод би Мөөгийд “би очиж харчихаад ирье” гэж хэлээд тэр хүн дээр очсон чинь хажуудаа нэг шил архи тавьчихсан, тасартлаа согтсон бололтой унтаж байсан. Тэгэхээр нь би Мөөгийд “чи явж бай, миний таньдаг хүн байна, би энэ хүнтэй явчихья” гэж хэлээд Мөөгийг явуулсан. Тэгээд өөрөө үлдээд тэр хүнийг хэсэг харж сууж байтал сэрэхгүй юм шиг унтаад байхаар нь Мөөгийг далд орохыг харж байгаад мотоциклийг нь Дааган толгойн ар руу өнхрүүлж оруулж байгаад асаагаад унаад явсан. Мотоциклийнх нь түлхүүр нь толгойдоо зоолттой байсан. Би тэр мотоциклио унаад шууд гэртээ харьсан. Гэрт очиход манай эхнэр байсан бөгөөд манай хажуу талд тухайн үед малыг нь маллаж байсан Бүүвэйбаатар гэдэг айлынх байсан. Би эхнэртээ болон Бүүвэйбаатар нарт “машинааа өгөөд би энэ унааг авахаар боллоо” гэж худлаа хэлсэн, Тэр мотоциклийг 10-аад хоног хонь малд явахдаа унаад байж байтал мотоциклийн эзэн болох Пайны гэж дууддаг /жинхэнэ нэрийг нь Л.Б- гэдэг санагдаж байна/ залуу ирээд мотоциклио таниад “авья” гэхээр нь би шууд өгөөд явуулсан. Мөн би “дээр нь 250.000 төгрөг өгөөд зохицьё” гэж хэлсэн. Тэгээд цагдаад хэлж мэдэгдэхгүй байхаар тохирсон..Намайг хүмуүс Жийжиг гэж дууддаг юм...Жийжиг гэдэг нэрээр маань нутгийн хүмүүс танина...Би тухайн үед “малд явахдаа уначихья” гэж бодоод тэр мотоциклийг авчихсан юм. Намайг гэмт хэрэг үйлдэхэд ятгасан, шахаж шаардсан хүн байхгүй. Би уг хэргийг ганцаараа үйлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал /

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/

Мотоцикль үнэлсэн тайлан /хх-ийн 22-р тал/, зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Б.Ц- нь 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ХХ аймгийн Х сумын төвийн ард байрлах Х гэх газраас хохирогч Л.Б-гийн Тэнхлэг маркийн мотоциклийг хууль бусаар авч, 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Иймд шүүгдэгч Б.Ц-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ц- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж эвлэрлийн гэрээ байгуулсан зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Ц- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 Эрүүгийн 1838008610098 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Б.Ц-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Ц-ийг 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ийг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Ц-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн 1838008610098 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.ЭРДЭНЭ-ОЧИР