Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2017/00840

 

А.Нуржаны нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07 дугаар шийдвэр,

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 29-ний 212/МА2017/00032 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : А.Нуржан,

Хариуцагч : Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газар,

Нэхэмжлэлийн шаардлага : Олговор 4.202.328 төгрөг, замын зардал болон зочид буудлын зардал нийт 1.591.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 292.000 төгрөг нийт 6.085.328 төгрөг гаргуулах тухай

            Хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып–н  гаргасан гомдлоор

            Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Гурван  шатны шүүхээс намайг санхүүгийн тасагт нягтлан бодогчийн ажилд  эгүүлэн томилсон. Дээд шүүхийн тогтоол гарсны дараа 2016.6.08-ны өдрийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын даргын Б/06 тоот тушаалаар ажилд томилогдсон. Одоогийн байдлаар 2015.11.01-ээс 2016.6.08-ны хүртэлх хугацааны ажилгүй байсан үеийн олговрыг авч чадахгүй байна. Сарын дундаж цалин 580.584 төгрөг байгаа бөгөөд ажилгүй байсан бүх хугацааны цалин 4.202.328 төгрөг, шүүх хуралдаанд оролцоход замын зардал 491.000 төгрөг, зочид буудлын хөлс 1.100.000 төгрөг, өмгөөлөгч нарт төлсөн хөлс 292.000 төгрөг, бүгд 1.883.000 төгрөгийг гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс  Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1, Иргэний хуулийн 497, 498.2, 510.1-д заасны дагуу гаргуулан өгч жирийн ажилчин намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

           Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа. Төсөв санхүүгийн хүндрэл, орон тооны асуудал  байсан ч  А.Нуржаныг ажилтай болгох үүднээс хоёр ч удаа тушаал, захирамж гаргуулсан. Хэдэн зүйлийг худлаа мэдүүлсэн байна. 2015.5.01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн  даруйдаа 2015-05-08 -ны өдөр Нийгмийн даатгалын сангаас 76 хоногоор тооцож 958.455 төгрөг ажилгүйдлийн тэтгэмж гаргуулж авсан байна. Үүгээр А.Нуржан нь ажлын байрны цомтголд орж ажлаасаа чөлөөлөгдсөнийг хүлээн зөвшөөрч цаашдаа нэхэмжлэл гаргах эрх нь хязгаарлагдах магадлалтай юм. Тус асуудлыг А.Нуржан нь өнгөрсөн өмнөх бүх шатны шүүх хуралд мэдүүлээгүй. Энэ бол мөнгө завших гэсэн оролдлого гэж үзэж байна. Үүнд давхар мөнгө төлөх байтугай хариуцлага хүлээлгэх ёстой. Засаг даргын зөвлөлийн шийдвэрийн дагуу 2016.4.04-ний өдөр А.Нуржаныг санхүүгийн албаны нягтлан бодогчоор одоо авч байгаа цалинтай тэнцүүхэн хэмжээгээр цалинжуулахаар шийдвэр гаргасан. Гэтэл А.Нуржан уг ажлыг аваагүй. 2016.4.04-ээс 2016.6.08-ны өдөр хүртэл ажилгүй байсан нь А.Нуржаны буруу болохоос хариуцагчийн  буруу биш. Ингээд үг 2 сарын цалин 580.584х2=1.161.168 төгрөг үүнд тооцогдох ёстой. Зочид буудалд байрласан хөлс гэж 1.200.000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Үүнд би их эргэлзэж байна. Учир нь А.Нуржаны төрсөн ээж нь Налайх дүүрэгт амьдардаг. А.Нуржан өөрөө болохоор Налайхад бага дунд сургууль төгссөн. Налайх бол Улаанбаатар хотын нэг дүүрэг. Улаанбаатар хотын SAN Hotel-тэй холбоо барьж, зочид буудлын зочны бүртгэлийн дэвтэрт 2015 оны 11, 12 дугаар сарын байдлаар А.Нуржан гэсэн хүний нэр олдоогүй гэсэн хариу өгсөн гэжээ.          

           Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан  олговор 4.199.103 төгрөгийг гаргуулж А.Нуржанд олгож, 1.886.225 төгрөгийн шаардлагыг   хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар А.Нуржаны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.315 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Толбо сумын Засаг даргын Тамгын газраас 82136 төгрөгийг гаргуулан А.Нуржанд олгож шийдвэрлэсэн байна.

           Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 29-ний 212/МА2017/00032 дугаартай магадлал гаргаж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

           Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Баян-Өлгий аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.21-ний өдрийн А.Нуржааны нэхэмжлэлтэй холбогдох шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх бүрэлдэхүүнээс татгалзах тухай хүсэлтээ нотлох баримттайгаа гаргасан билээ. Тухайлбал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Бахытбек нь тус шүүхийн байгууллагад ажиллаж байгаад чөлөөлөгдсөн бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21.1.3-т заасан  зөрчил үүснэ гэж үзэж шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан.  Хүсэлтийг хүлээн авч, мөн өдөр  65 дугаартай тогтоол гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч уг тогтоолд ИХШХШТХ-ийн 170.1-т зааснаар гомдол гаргаж байгаа нь хууль бус юм. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэж гаргасан тогтоол биш учраас уг тогтоолд Ө.Бахытбек гомдол гаргах эрхгүй байсан. Энэхүү тогтоолд гомдол гаргах эрх зөвхөн хүсэлт гаргагчид байх ёстой атал хүсэлт гаргаагүй этгээд  тогтоолд гомдол гаргасан  нь шударга ёсны зарчимд огт нийцэхгүй. Нэгэнт шүүх хүсэлтийг хангасан тул ИХШХШТХ-ийн  93.1-р хэргийг өөр бүрэлдэхүүн, шүүгч шийдвэрлэх ёстой байсан.  УДШ-ийн  2002 оны  263 дугаар тогтоолын 28-д зааснаар  хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэдэгт хууль зөрчиж шүүх хуралдаанд оролцсон шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, прокурор, шинжээч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын апь нэгийг татгалзан гаргах хүсэлт гаргасан боловч хууль бусаар хүлээж аваагүй бол хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэнтэй адилтгаж үзнэ. Хариуцагч талд шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хуулийн үндэслэл байсан боловч хууль бус шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлүүлэхээс өөр аргагүйд хүрсэн. Анхан шатны шүүх хуралдааны  үеэр  энэ талаар хүсэлтээ дахин  гаргасан  боловч  шүүхийн  эцсийн шийдвэр гарсан гэж  шүүх татгалзсан юм.  Шүүх бүрэлдэхүүн ашиг сонирхлын зөрчилтэй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн явдал нь хууль бус болсон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-т зааснаар А.Нуржан  өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоогдоогүй гэдэг нь хэрэгт авагдсан  шүүхийн шийдвэрээр тогтоогдож байгаа. Үүнээс гадна А.Нуржан өмнө нь өөр байгууллагад, өөр ажил олгогчийн удирдлагад ажиллаж хариуцагчтай хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байсан юм. 2 шатны шүүхийн шийдвэр А.Нуржаны нэхэмжлэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тул дээд шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд хариуцагчтай ямар нэгэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй хэмээн гэж ойлгож явсан. Дээд шүүхийн тогтоол гарангуутаа А.Нуржанд яг ижил төрлийн ажил санал болгож, тушаалыг нь гаргасаар байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилд орохоос татгалзсан. Шүүхээс эдгээр хугацаанд яагаад цалин гаргасан үндэслэлийг тодорхойлж чадаагүй. Нийгмийн даатгалын сангаас авсан ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгийг түүнийг ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бодохдоо хасаж тооцоогүй нь түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих үндэслэл гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдолд ирүүлсэн тайлбартаа: Үндсэн хуульд заасан иргэний "гомдол гаргах" үндсэн эрхийг хуульд зааснаас бусад тохиолдолд хэн ч хязгаарлах эрхгүй учраас тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид хуульд заасан эрхээ эдэлж гомдол гаргасанд шүүхийг буруутгах үндэслэлгүй юм. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                    ХЯНАВАЛ:

              А.Нуржан шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газраас 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан үеийн олговор 4.202.328 төгрөг, замын зардал 491.000 төгрөг, зочид буудалын төлбөр 1.100.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 292.000 төгрөг нийт 6.085.328 төгрөг гаргуулахыг шаардсан байна.  Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ.

            Анхан шатны шүүх хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговорт 4.199.103 төгрөг гаргуулж А.Нуржанд олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.  

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа “...шүүх  бүрэлдэхүүнээс хариуцагч тал татгалзсан тул уг татгалзлыг шийдвэрлэсэн  тогтоолд  нэхэмжлэгч тал  гомдол гаргах эрхгүй иймд хэргийг  шүүх  хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн... шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-г буруу тайлбарлан хэрэглэсэн... А.Нуржанд  ажил санал болгосон  байхад  ажилд орохоос татгалзсан тул  эдгээр хугацаанд тооцож олговор олгох үндэслэлгүй... ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгийг түүнд олгох олговороос  хасаж тооцоогүй...” гэжээ. 

             Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх   бүрэлдэхүүн дүгнэв.

            1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 91.2-т зааснаар  шүүгч  урьд нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийн хувиар оролцсон,  уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садангийн холбоотой хүмүүс орсон байвал, хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал, ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй.

           Татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн тогтоол, захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргаж болох тухай  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн  92.4, 170 дугаар зүйлийн 170.1-т заасан тул “...татгалзан гаргах хүсэлт гаргаагүй тал гомдол гаргах эрхгүй...” гэх агуулга бүхий хариуцагчийн гомдол үндэслэлгүй  байна. 

            2. А.Нуржан ажил олгогчийн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар тушаалаар ажлаасаа халагдсан боловч Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1072 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Санхүүгийн албаны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоогджээ./хх 25-29/

            Нэхэмжлэгч олговорт 4.202.328 төгрөг гаргуулахыг шаардахдаа “...ажлаас 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр халагдсанаас хойш 2015 оны 10 сарыг дуустал хугацааны цалинг цомхтголын тэтгэмж хэлбэрээр авсан учир олговорын хэмжээг  2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд томилогдох 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаагаар тооцсон... ” гэсэн агуулгатай үндэслэл заасан байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д  “...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон ...ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно...” гэж заажээ. 

           4.202.328 төгрөг гаргуулах тухай А.Нуржаны шаардлагад шүүхийн шийдвэр гарахаас өмнө болон хойно ажилгүй байсан хугацаа хамаарч байгаа бөгөөд энэ үед нэхэмжлэгч хяналтын  шатны  2015 оны 1072 дугаар тогтоолд заасан ажлыг гүйцэтгэсэн тухай баримт хэрэгт байхгүй тул шүүх хариуцагчаас 4.199.103 төгрөг гаргуулсан нь буруу биш байна.  Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн, энэ тухай хариуцагчийн гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй.

            3. Хариуцагч  нь  Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 1072 дугаар тогтоолд заасан ажлыг нэхэмжлэгчид олгох  ёстой тул өөр ажил санал болгож уг ажлыг ажилтан хийхээс татгалзсан  зэрэг нь  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгохгүй, энэ тухай гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасантай нийцээгүй байна.  

          4. Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн зохицуулалтаас үзвэл ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас олгодог байна. Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагч төлөх олговороос ажил олгогч бус этгээдээс олгосон гэх  тэтгэмжийг хасаж тооцох үндэслэлгүй. Ажилгүйдлийн тэтгэмжийг А.Нуржан авсан эсэх, авсан бол түүнд тэтгэмж олгох үндэслэлтэй эсэх зэрэг маргааныг эрх бүхий байгууллагын нэхэмжлэлээр шүүх шийдвэрлэхэд энэ тогтоол саад болохгүй.    

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07 дугаар шийдвэр,  Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний 212/МА2017/00032 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып –н гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ