Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 90

 

 

Б.Гомбосүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

           

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШШ2016/00296 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан баг, 1-09 тоотод оршин суух Шаабэйс овогт Батчулууны Гомбосүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 48 айлын 3 тоотод оршин суух Зөөд овогт Түвдэнгийн Нямд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Гомбосүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, хариуцагч Т.Ням, хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, Ц.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах.

            Нэхэмжлэлийн агуулга: “2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Батчулууны Гомбосүрэн надад Түвдэнгийн Ням нь “Онч мэлмий” ХХК-нийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авахыг ятган гэрээ хийсэн. Тухайн компанийг шилжүүлж аваад өнөөдрийг хүртэл нэг ч үйл ажиллагаа явуулаагүй. Гэтэл Ховд аймгийн Татварын хэлтсээс 12 848 400 төгрөгийг намайг төл гэсэн татварын албаны албан тоот ирсэн. Би энэ татварын өрийг мэдсэн даруйдаа шүүхэд хандаж шийдвэрлүүлж байсан. Иймд дээрх бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү” гэжээ.

 

            Хариуцагчийн хариу тайлбар: “Бэлэглэлийн гэрээг би байгуулъя гэж хэлээгүй. 30 сая төгрөгийг надад өгөөд 3 сая төгрөгийг татварт төлчих гэхэд бэлэглэлийн гэрээ байгуулбал татвар төлдөггүй гэж Б.Гомбосүрэн нь хэлсэн учир бид бэлэглэлийн гэрээ байгуулсан. Гэхдээ би “Онч мэлмий” ХХК-нийг Б.Гомбосүрэнд өгөөд 30 сая төгрөг авсан нь үнэн.

            Нэхэмжлэгчээс бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийг гэрээ байгуулснаас хойш 3 жил 4 сар 14 хоногийн дараа гаргасан байна. Энэ нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШШ2016/00296 дугаар шийдвэрээр: “1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 276 дугаар зүйлийн 276.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гомбосүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Нямд холбогдох бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын агуулга: “Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШШ2016/00296 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт 1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг баримталж үнэн бодит байдлыг тогтоохгүйгээр хариуцагч Т.Нямын хариу тайлбар, нэхэмжлэгч миний шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ХААН банкны 30 сая төгрөгийн баримт зэргийг үндэслэн шүүх бэлэглэлийн гэрээг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна гэж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. 2.Иргэний хуулийн 58 дугаар зүйлд зааснаар тухайн бэлэглэлийн гэрээ миний хүсэлт сонирхлын үүднээс хийгдээгүй, тухайн гэрээний үр дагаврыг мэдэх боломжгүй, тухайн бэлэглэлийн гэрээгээр “Онч мэлмий” ХХК-ний өр төлбөрийг шилжүүлж авахаас өмнө мэдэх боломжгүй байсныг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байхад хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШШ2016/00296 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх тухайн маргаантай харилцааг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  хуульд заасан журмыг зөрчсөн тул  шүүхийн  шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.  Үүнд:

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судалвал тухайн нэхэмжлэлийг  Ховд аймаг дахь сум иргэний хэргийн анхан шатны шүүх авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасан хуваарийн дагуу  2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр шүүгч Д.Көбешт хуваарлагдсан байх бөгөөд шүүгч  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл явуулж байжээ. Шүүгч Д.Көбеш 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн  гаргасан хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хойшлуулсан байна. Гэтэл шүүгч Б.Марина энэ өдөр шүүх хуралдааныг даргалж хэргийг хянан шийдвэрлэсэн нь “Хуваарийн дагуу томилогдсон шүүгч буюу бүрэлдэхүүн тухайн шүүх хуралдаанд оролцож  чадахгүй   тохиолдолд түүнийг орлох шүүгч буюу шүүх бүрэлдэхүүнийг энэ хуулийн 78.1-д заасан журмаар томилно” гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, “шүүх хуралдааныг даргалах, хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч  болон  шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах ” гэх Шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан зохицуулалтай нийцээгүй байна.

Шүүх хуралдааныг хуваарийн дагуу томилогдоогүй шүүгч даргалж, маргааныг хянан шийдвэрлэснийг “хууль ёсны бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна” гэж үзэх боломжгүй байна.

Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүгчийг дахин томилсон эсэх нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 78 дугаар зүйлийн 78.1, 78.2, 78.5 дахь заалтууд зөрчигдсөнөөс гадна мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д зааснаар зохигч хэргийг энэ хуулийн 5.4-т заасан хуваарийн дагуу  шийдвэрлүүлэх   эрх хангагдаагүй байна гэж үзнэ. 

 

Анхан шатны шүүх   хэргийг  хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн” байх тул  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр   хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул давж заалдах гомдол болон хэргийн агуулгад дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШШ2016/00269 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж,  нэхэмжлэгч Б.Гомбосүрэнд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                        Д.ЖАМБАЛСҮРЭН

 

                                  

                                                                                    Н.ТУЯА