Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

А.Батсайхан, Н.Даваадорж нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

              Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Энхмаа даргалж,  шүүгч Д.Эрдэнэбилэг , Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

 

                                       Прокурор    Д.Ганцэцэг

                                       Өмгөөлөгч  П.Адъяасүрэн, Б.Батсайхан

                                       Хохирогч     О.Очирбат

                                        Хохирогчийн өмгөөлөгч  Б.Амартүвшин

                                       Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан,

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолд ялтны өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор, А.Батсайхан, Н.Даваадорж нарт холбогдох эрүүгийн 201615000251 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 10 хоногоор сунган шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1988 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум 5 дугаар баг, “Ар агуйт” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Адъяагийн Батсайхан /Регистрийн дугаар ЙП88042611/,

Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  ам бүл 3, эх, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сум 2 дугаар баг, 20-13 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, спортын мастер,  аймгийн начин цолтой гэх Боржигон овогт Нацагдоржийн Даваадорж /Регистрийн дугаар ЙМ90123115/

А.Батсайхан нь 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 04 цагаас 05 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 21-08 тоотод оршин суух өөрийн гэртээ О.Дорждагва, Н.Даваадорж нартай согтуурсан үедээ маргалдаж зэвсгийн чанартай хутга хэрэглэн, танхайн сэдэлтээр Н.Даваадоржийн зүүн ташаанд нь хутгалж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, О.Дорждагвын баруун хөлийн гуянд хутгалан санаатай алсан,

 Н.Даваадорж нь 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 04 цагаас 05 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 21-08 тоотод оршин суух А.Батсайханы гэрт согтуугаар үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлан А.Батсайханыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас А.Батсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 181 дүгээр зүйлийн 181.3, Н.Даваадоржийн үйлдлийг 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  

Анхан шатны шүүх, Өвөрхангай аймгийн Прокурорын газраас  Н.Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, Адъяагийн Батсайханыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан, мөн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн, Н.Даваадоржийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, А.Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 18  жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Н.Даваадоржид Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар А.Батсайханд дээр дурдсан хөнгөн ялыг хүндэд багтаан, түүний биечлэн эдлэх ялыг 18 жилийн хугацаагаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар А.Батсайханд оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар Н.Даваадоржид оногдуулсан 2 сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар А.Батсайханы цагдан хоригдсон 151 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцон, Н.Даваадорж нь цагдан хоригдсон хоноггүй, А.Батсайхан нь хохирогч О.Очирбатад 4.025.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч О.Очирбат, А.Батсайхан, Н.Даваадорж нар нь гомдолтой гэсэн болохыг тус тус дурдан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар А.Батсайханаас 311.100 төгрөг гаргуулж хохирогч Н.Даваадоржид олгож, хохирогч О.Очирбатын сэтгэл санааны хохирол, хохирогч А.Батсайханы цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн нэхэмжлэлүүдийг тус тус хэлэлцэхгүй орхин, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсан Улаанбаатар нэртэй архины шил 2 ширхэг, 33.5 см-ийн урттай ягаан эрээн өнгийн хутга 1 ширхэг, төмрийн тасархай 1 ширхэг, хөндлөн судалтай саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, ногоон өнгийн дээл 1 ширхэг, улаан канттай хөх өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэгийг устгаж, томографийн зураг 1 ширхэгийг хохирогч А.Батсайханд, 20.000 төгрөгийн /урагдсан/ мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг шүүгдэгч, хохирогч Н.Даваадоржид тус тус буцаан олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулкйн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар А.Батсайханы эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэ бүхий More XPB80-883S загварын хагас автомат, хуучин угаалгын машин 1 ширхэг, Frestige брэндийн 2 хаалгатай, хуучин хөргөгч 1 ширхэг, Н.Даваадоржийн эзэмшлийн 150.000 төгрөгийн үнэ бүхий Samsung J1 ЕЗ маркийн 2 симтэй, хуучин гар утас 1 ширхэгийг тус тус битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Н.Даваадоржид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх apга хэмжээг өөрчлөн түүнийг  цагдан хорьж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих журмыг заан, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Батсайхан, Н.Даваадорж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилж байхаар шийдвэрлэжээ.

            Ялтны өмгөөлөгч П.Адъяасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо:

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор А.Батсайханд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 18 жилийн хорих, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ял тус тус оногдуулсаныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

А.Батсайханд ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3, 80.1.6, мөн хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасныг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 181 дүгээр зүйлийн 181.3-т заасныг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

 Анхан шатны шүүх, А.Батсайханд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан, мөн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж дүгнэж байгаа нь хэрэг учрал болсон шалтгаан нөхцөл, сэдэлтийг буруу үнэлж, олон улсын гэрээ, үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийн эсрэг дүгнэлт боллоо.

А.Батсайханд холбогдох хэргийн хохирогч нар нь А.Батсайханы орон гэрт ирж архидан согтуурч, эрх чөлөөнд нь халдаж, хүндээр доромжилж, эрүүл мэндэд нь хор уршиг учруулсан байна. Тодорхой нотлох баримт дурдвал Н.Даваадорж нь А.Батсайханыг өгсөн бүх мөнгөөр архи авсангүй гэж, мөнгө урж, эрх чөлөөнд нь халдаж, бие махбодид нь гэмтэл учруулсан байна. Энэ үйлдлийг хамт явсан хүн нь дэмжиж, ямар нэгэн хэлбэрээр хориглоогүй байна. Нөхцөл байдал ингэж өрнөсөн байхад шүүх шүүгдэгч А.Батсайханыг “бусдыг илтэд үл хүндэтгэсэн” гэж дүгнэж ял шийтгэл оногдуулж байгаа нь хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх үндсэн хуулийн зарчмын эсрэг шийдвэр гаргаж байна.

Шүүх, хуулийн байгууллага нь шүүгдэгч А.Батсайхан л бусдыг хүндэтгэх ёстой. А.Батсайханыг зодож нүдэх, орон гэрт нь архидан согтуурч, агсам тавьж байгаа үйлдлийг зөв зүйтэй мэт дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй байна. А.Батсайханы гэрт байсан хулдаасан дээр гарсан цусны толбо бүхий эд мөрийн баримт алга болж, А.Батсайханы гараас гарсан цус хохирогчийн цус болж хувирсаныг шүүх юу гэж дүгнэж байгаа нь тодорхойгүй байна.

Хэрэг учрал болох үед А.Батсайханы  биедээ авсан гэмтэлд сарын дараа дүгнэлт гаргуулсан нь ажлын өдрийн хэм хэмжээ юу, эсвэл өөр ашиг сонирхол уу гэсэн асуулт зайлшгүй тавигдаж байгаад шүүх хариулт өгөх ёстой гэж ойлгож байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү... гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Ганцэцэг гаргасан дүгнэлтдээ:

А.Батсайхан, Н.Даваадорж нарт холбогдох хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон. А.Батсайханы үйлдсэн гэмт хэргийн сэдэлт нь танхайн сэдэлттэй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна ...гэв.

ХЯНАВАЛ:

А.Батсайхан нь 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 04 цагаас 05 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 21-08 тоотод оршин суух өөрийн гэртээ О.Дорждагва, Н.Даваадорж нартай согтуурсан үедээ маргалдаж хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн танхайн сэдэлтээр Н.Даваадоржийн зүүн ташаанд нь хутгалж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, О.Дорждагвын баруун хөлийн гуянд хутгалан санаатай алсан,

Н.Даваадорж нь 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 04 цагаас 05 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 21-08 тоотод байрлах А.Батсайханы гэрт согтуугаар А.Батсайханыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан

            Хохирогч О.Очирбатын “...2016 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 07 цагийн орчимд хажуу айлын хүн Цэрэндулам манай эхнэр рүү залгаад Дорждагва хүнд хутгалуулсан, бие нь муу байна, хурдан ир гэж хэлсэн гэсэн. Талийгаачийг хутгалуулсан гэж сонсоод эхнэр бид 2 талийгаачийн төрсөн ах Мягмарсүрэнтэй хамт 08 цагийн орчимд Арвайхээр сумын БОЭТөв-д ирсэн. Тэгээд эмнэлэг дээр байхад талийгаачийг бие нь муу байна гэж Батсайхан эмч хэлж байсан. 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг 35 минутанд талийгаачийг нас барлаа гэж Батсайхан эмч хэлсэн. Эмнэлэг дээр ирээд Батсайхан эмчээс талийгаачийг яасан талаар асуухад баруун гуяандаа хутгалуулсан, цус их алдалттай гэж байсан. Талийгаачийн цээжний хэсэг нь хөхөрсөн, 2 гар нь их хавдартай байсан. Талийгаач толгой руугаа юмаар цохиулсан байх гэж бодож байна. 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр талийгаач Дорждагва нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар баг “Чулуут” гэх газар хөдөө гэртээ байж байгаад Өвөрхангай аймгийн Арвайхээр сум руу орчихоод ирье гээд 21 цагийн орчимд Н.Даваадоржийн улсын дугаарыг нь мэдэхгүй хар өнгийн мотоцикльтой явсан. Улаанбаатар хотоос Н.Даваадорж ирж байгаа, би Н.Даваадоржтой уулзчихаад өглөө хүрээд ирье гээд явсан. Өөр зүйл хэлээгүй. Би оршуулгын зардлаа баримтаар нь бүрэн гаргуулж авсан. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Харин гомдолтой байна...” /1-р хх-ийн 91-93х/,

 

Хохирогч  Н.Даваадоржийн “... Би Баянхонгор аймгаас 18 цаг өнгөрч байхад ирээд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг Нисэхийн хойно байрлах дугуй засварын ард буусан. Тэгээд тэндээсээ шууд Батсайханы гэрт очсон. Батсайханы гэрт очиход 19 цаг өнгөрч байсан байх. Батсайханы гэрт очиход Батсайхан надад мах чанаж өгсөн. Би ... зурагтаар олимп үзээд байж байсан. Тэгээд 22 цаг нэлээн дөхөж байхад Дорждагва Батсайханы гэрт орж ирсэн. Дорждагвыг орж ирэхэд хоол болчихсон байсан. Бид 3 юм ярьж сууж байгаад ганц шил архи авч ирж ууцгаахаар болоод архинд Дорждагва, Батсайхан 2 миний мотоцикльтой явахаар болоод явсан. Тэр 2 ирэхдээ 0.5 литрийн Улаанбаатар архи ченж эссэ, ундаатай авч ирсэн. Тэгээд бид 3 дахиад ганц юм ууя гээд ахиад архинд явахаар болцгоосон. Архинд Дорждагва, Батсайхан 2 явахаар болоход би тэр хоёрт 20.000 төгрөг өгөөд явуулсан. Тэр 2-ыг архинд явахад шөнийн 00 цаг өнгөрч байсан. Тэр 2 ирэхдээ 0.75 литрийн Улаанбаатар архи, ундаатай авч ирсэн. Тэр архиа 3-уулаа хувааж ууцгаасан. Архиа ууж дуусгаад бид 3 дахиад архинд явахаар болоод би Батсайхантай хамт өөрийнхөө мотоцикльтой явсан. Гэрээсээ гарахаасаа өмнө Батсайхан хүнтэй утсаар яриад архи авъя гээд байсан. Тэгээд Батсайханы хамт мотоцикльтой Арвайхээр сумын 1-р багт байрлах 2 давхар байшинтай буудлаас очиж архи авахаар явсан. Би Батсайханд 20.000 төгрөг өгөөд мотоцикльтойгоо баарны наана зогсож байсан. Батсайхан баар руу очоод цонхоор нь архи аваад ирсэн. Батсайхан 0,75 литрийн Улаанбаатар архи авчирсан. Архиа аваад Батсайханы гэр рүү очсон. Гэрт нь архиа ууцгаасан. Батсайхан бид хоёрыг архи аваад гэрт нь очиход хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Цаг хараагүй, ямар ч байсан шөнө дунд болсон байсан. Хамгийн сүүлийн архи талдаа ороод л Батсайханыг согтоод ирэхээр нь дуусгалгүй үлдээсэн. Нийт 0.5 литрийн Улаанбаатар архи 1 ширхэг, 0.75 литрийн Улаанбаатар архи 1 шилийг уусан. 0.75 литр Улаанбаатар архины талыг нь уусан. Хэрэг учрал минийхээр шөнийн 03-04 цагийн орчимд болсон байх. А.Батсайхан нь Дорждагва бид хоёрын хажууд эхнэртэйгээ оройн 22 цаг өнгөрч байхад утсаар ярьсан. Даваанаа, Доржоо 2 ирчихсэн байна гэж хэлж байсан. Бид 2-ын хажууд эхнэртэйгээ ахиж утсаар яриагүй. Үүрийн 04 цаг 27 минутанд утсаар ярьсныг нь мэдэхгүй. Дорждагва бид 2 Батсайханыг зодож цохиогүй. Гэрт ямар нэгэн зодоон цохион болоогүй. Бид хоёр Батсайханд гар хүрээгүй. Эхлээд би Дорждагва Батсайхан 2-ыг архинд явахад нь 10.000 төгрөг өгсөн. Дараа нь архинд явахад нь 20.000 төгрөг өгсөн. Хамгийн сүүлийн удаа буюу 3 дахь удаагаа явахад нь би Батсайхантай хамт явсан. Тэгээд 1-р багийн буудлын гадаа очоод би түрийвчнээсээ 20.000 төгрөг аваад Батсайханд өгсөн. Батсайхан 40.000 төгрөг өгөөгүй. Би Батсайханы гэрт 20.000 төгрөг урж хаяаагүй. Тэр мөнгө хаанаас гарч ирснийг мэдэхгүй байна. Талийгаач Дорждагва бид 2 Батсайханыг цохиж зодсон асуудал байхгүй. Би Батсайханы гэрт очихдоо 82.000-83.000 төгрөгтэй байсан. Архи уухдаа 50.000 төгрөгийг нь үрсэн. Миний түрийвч дотор 20.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг задгай төгрөгүүдтэй үлдсэн байсан. Батсайханы гэрийн авдар дээр бугуйн цагаа түрийвчтэйгээ үлдээсэн байсан. Батсайхан Дорждагва 2 хоорондоо зодолдоогүй, барилцаж л авсан. Барилцаж аваад л Батсайхан Дорждагвыг хутгаар дүрчихсэн юм. А.Батсайхан нь Дорждагвыг гэртээ гал тогооныхоо өмнө хутгалсан. Би зүүн талынх нь орон дээр сууж байгаад Дорждагвыг орилоод гараад гүйхээр нь хартал Батсайхан хутга барьчихсан байсан. Бааяа чи хутгаа хая гээд гүйж очоод 2 сугаар нь тэвэрч аваад унагаах гэтэл зүүн талын сүвээгээр халуу оргиод явчихсан. Тэгээд л би гэрээс нь гүйгээд гарсан. Намайг гэрээс гүйгээд гарахад Дорждагва хашааных нь дотор талд хаалгыг нь онгойлгоод зогсож байсан. Хашааных нь түгжээг онгойлгоод л бид 2 хаалгаар нь гараад зугтаасан. Хашаанаас гараад доошоо гүйгээд Дорждагва Батсайханы доод талын айлын хашааг даваад орохоор нь би араас нь орох гэтэл Батсайхан араас нь гүйгээд ирсэн. Тэгэхээр нь би хашаа давалгүй чигээрээ доошоо гүйсэн. Дорждагвын давсан хашаан дотор цагаан байшин байсан. Намайг Дорждагвын араас хашаа давах гэж байхад Батсайхан нь араас гүйгээд ирэхдээ ямар нэгэн зүйл хэлээгүй. Би Батсайханаас зугтаагаад засмал зам уруудаад гүйсэн. Тэгээд “Сод” засварын газрын ойролцоо очоод эргээд харахад араас гүйж байсан. Тэгээд би зогсоод Батсайханы өөдөөс дөхөж Бааяа наад хутгаа хаячих, цаана чинь хүн хэцүүдлээ гэж 2-3 удаа хэлсэн. Батсайхан миний өөдөөс юм хэлээд яваад байсан. Би юу хэлснийг нь сонсоогүй. Чамайг ална шүү гээд байхаар нь би урагшаагаа зугтаахад Батсайхан хойшоогоо буцаад явчихсан. Тэгэхээр нь би араас нь яваад гудамжаар нь ортол миний араас Батсайхан ахиад гараад ирсэн. Тэгэхээр нь би чигээрээ гудамж өгсөөд зугтаасан. Тэгтэл Батсайхан миний араас хөөж байгаад буцаад явчихсан. Миний араас гудамж өгсөөд хөөж байхдаа Батсайхан зогс, би чамайг ална гээд хашхираад байсан. Би ойролцоогоор талийгаач Дорждагвыг 20-30 минутын дараа л олсон байх. Би тухайн үед цаг хараагүй. Би Батсайханд хөөгдөж гүйж байгаад Батсайханыг буцаад явчихаар нь гудамжийг нь баруун талаар нь тойроод Дорждагвыг давж орсон хашаан дотроо байгаа байх гэж бодоод тэр хашааных нь ард очоод Доржоо... Доржоо гэж 2-3 удаа дуудсан. Тэгтэл Дорждагва найз нь энд байна гээд ард дуугарахаар нь очоод хартал хашааны арын овгор шорооны ард байх шалбааган дотор доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Би гүйж очоод усан дотроос нь гаргасан. Намайг усан дотроос гаргаж байхад ёолоод байсан, өөр зүйл яриагүй. Босч чадахгүй байсан. Би уснаас арай гэж гаргаад машин дуудахаар доошоо засмал зам руу гүйсэн. Тэгээд би засмал зам дээр гараад ирэхэд цагдаагийн газрын микро “Сод” засварын ойролцоо Батсайханы гудамжны харалдаа зогсож байхаар нь очиход Батсайхан тэнд байсан. Батсайхан нь Дорждагвыг гэрт нь ирсний дараа утсаар эхнэртэйгээ бид хоёрыг ирсэн байна гэж ярьж байсан. Асуудал болсны дараа утсаар ярьсан үгүйг нь мэдэхгүй байна. Шөнө унтахад хэвлий хэсгээр лугшиж татаж өвдөж байна. Мөн ар нуруугаар өвдөж байна. Гомдолтой байна. Эмчилгээнийхээ зардлыг нэхэмжилнэ...” /1-р хх-ийн 115-120х/,

 

Гэрч М.Намжилмаагийн “... Би тэр өдрийн өглөө ажлаасаа 09 цагийн орчимд буугаад гэр рүүгээ алхсан. Гэртээ 09 цаг 20 минутын орчимд очсон байх. Тэгээд хашааныхаа гадаа очтол хашааны жижиг хаалганы төмрийн хэсгээс онгойлгоод аваад явсан байсан. Хашаан дотроо ортол Даваадоржийн мотоцикль гэрийн зүүн талд байсан. Гэрийн гадаа шар савтай ус, савтай усны хажуугаар тамхины иш, 2 хоосон ундааны сав хаясан байсан. Гэр цоожтой надад түлхүүр байхгүй байсан болохоор би нөхөр Батсайхан болон Дорждагва, Даваадорж нар руу залгахад Батсайханы утас холбогдохгүй, Дорждагва, Даваадорж хоёрын утас дуудаж байсан. Нэг утас нь гэр дотор дуугараад байхаар нь гэрийн хатавчаар харахад хойд талын орны бүтээлэг урагшаа нурчихсан, газар шалан дээр дээл хаячихсан, гэрийн баруун талд цахилгаан тогоо хажуугаараа уначихсан, тогооны таг, хоолны халбага зэрэг газар уначихсан байдалтай байсан. Тэгээд түлхүүр байхгүй гадаа байж байтал мөрдөн байцаагч Лхагвасүрэн утасдаад хаана байна? гэхээр нь би гэртээ байна, гэрийн түлхүүр байдаггүй гэхэд мөрдөн байцаагч Лхагвасүрэн түлхүүр чинь энд байна. Танай нөхөр чинь цагдаагийн газарт байна гэхээр нь цагдаагийн газар ирсэн. Намайг ажил тараад очиход хашаан дотор Даваадоржийн мотоцикль байсан. Тэгээд цагдаа дээр очоод буцаад гэртээ харихад мотоцикль нь байхгүй байсан. Тэгээд гэртээ ирээд байж байтал ах нь ирээд цүнхтэй хувцсыг нь аваад явсан. Цүнхтэй хувцсыг нь аваад явсны дараа авдар дээр Даваадорж, Дорждагва хоёрын цаг, толины ард гар утас зэрэг нь үлдсэн байсан. Түрийвч байгаагүй. Гэр цэвэрлэхэд түрийвч гарч ирээгүй. Гэрээ нүүлгэхэд ч гарч ирээгүй. Манай хутга мөн. Ком хутганы дундах хутга байгаа юм. Батсайхан 2016 оны 07 дугаар сарын 19-ний орой Арвайхээр сумын 9 дүгээр багт мотоцикльтой явж байгаад мотоциклиосоо унаад зүүн талын хөлийн шагайныхаа сэртэн ясыг хугалсан. Зүүн талын хөл нь хуучин гэмтэлтэй байсан. А.Батсайханыг хөлөө хугалаад гэртээ байх хугацаанд манай гэрээр Даваадорж, Дорждагва нар орж ирээд гараад явдаг байсан...” /1-р хх-ийн 127-128х/

 

Гэрч Д.Алтантуяагийн “...“Арвайн тал” буудал өдрийн 15 цагт онгойгоод хоноод маргааш өглөөний 10 цагтаа буудаг. 2016 оны 08 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд би ганцаараа байсан. Харин дэлгүүрийн худалдагч Өнөрбаян байсан. Саруул, Өнөрбаян хоёр тооллогоо 18 цагт эхэлсэн. Дэлгүүрээ 23 цагт хаасан боловч тооллого нь дуусаагүй байсан. Тооллого шөнийн 02 цагт дууссан. Өнөрбаянгийн гэр хол болохоор надтай хамт буудалд хонохоор буцаж ирсэн. Тэгээд бид хоёр буудлын 2 давхрын №01 өрөөнд ороод унтах гэж байтал гадаа баарны хаалга тогшсон. Тэгтэл Өнөрбаян өрөөний цонхоор харснаа манай найз байна, ганц юм өгчих гээд гуйгаад байна, та баарнаасаа өгчих, би маргааш дэлгүүрээс дэлгүүрийн үнээр аваад өгчихье гэхээр нь би зөвшөөрөөд бид 2 хамт баар руу буугаад Өнөрбаянд 0,75 литрийн Улаанбаатар архи авч өгөхөд Өнөрбаян тэр архиа нэг давхрын шатны цонхоор өгсөн. Өнөрбаянгийн өгсөн архийг цаанаас нь хүн авсан. Би ямар хүн авсныг нь мэдэхгүй, анзаараагүй, архиа өгчихөөд тэр өдөр буудал хүнгүй байсан болохоор өрөөндөө орж ирээд л амарцгаасан. Маргааш өглөө нь Өнөрбаян нь дэлгүүрээс архи авч өгсөн...” /1-р хх-ийн 134-135х/,

 

Гэрч С.Эрдэнэсаруулын “... Би Арвайн тал дэлгүүрийн өмнөх худалдагч болох Өнөрбаянгаас ажлыг нь хүлээлцэж тооллого хийсэн. 2016 оны 08 дугаар сарын 19-ний оройн 20 цагаас тооллого эхэлсэн. Тооллогоо шөнийн 02 цаг өнгөрч байхад дууссан. Дэлгүүрээ 23 цагт хаасан. Тухайн өдөр Өнөрбаян эгч архи пиво зарсан. Тэр өдөр баасан гариг буюу архи зардаггүй өдөр байсан. Би хүн танихгүй болохоор ямар хүнд хэдэн шил архи, пиво өгч байсныг мэдэхгүй. Бид нар тооллогоо шөнийн 02 цаг өнгөрөөж дуусгаад би гэр рүүгээ явсан...” /1-р хх-ийн 136-137х/,

                       Гэрч Т.Өнөрбаянгийн “... Би 2002 оноос эхлэн энэ дэлгүүрт худалдагчаар ажиллаж байгаа бөгөөд надаас гадна 1 худалдагчтай. Би нөгөө худалдагчтайгаа 20, 20 хоногоор ээлжлэн ажилладаг. Манай дэлгүүр өглөө 09 цагт онгойгоод орой 23 цагт хаадаг. Би 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ажлаа Саруул гэх хүүхэнд хүлээлгэн өгсөн. Саруулд ажлаа хүлээлгэн өгөхдөө дэлгүүрийнхээ бараануудыг нэг бүрчлэн тоолж өгсөн. Орой 23 цагт дэлгүүрээ хаагаад бараагаа тоолсон. Шөнийн 02 цаг өнгөрч байхад бараагаа тоолж дууссан. Тэгээд буудлын 2 давхарт байх ажилчдын өрөөнд ороод амрах гэж байтал 1 давхрын цонх нүдсэн. Туяа эгчийг гарах гэхээр нь та яаж ганцаараа гарах вэ? Хоёулаа гаръя гээд Туяа эгчийн хамт буугаад цонхон дээр очтол 2 залуу зогсож байсан. Нэг нь Доржоо байсан. Нөгөө залууг нь танихгүй. Тэгтэл Доржоо хөгшиндөө нэг шил архи өгчих гэхээр нь би дэлгүүрээ тоолоод өгчихсөн, ажлаа хүлээлгээд өгчихсөн нэмэргүй гэхэд хоргоогоод салахгүй байхаар нь Туяа эгчтэй ярилцаж байгаад баарнаас 1 ширхэг 0,75 литрийн Улаанбаатар авч өгсөн. Улаанбаатар архиа дэлгүүрийн үнээр зарсан. Өөр зүйл аваагүй...” /1-р хх-ийн 138-140х/,

            Гэрч Б.Эрдэнэбаярын “... Надад болсон асуудлын талаар мэдэх зүйл байхгүй. 2016 оны 08 дугаар сарын 20-ны өглөө намайг босоход манай хашаан дотор цагдаа нар ирчихсэн байсан. Тухайн үед би эхнэр хүүхдийнхээ хамт Арвайхээр сумын 9-р баг 21-10 тоотод оршин суух ах Доржнамжаагийн гэрт амьдарч байсан. Тэгээд намайг гараад харахад цагдаа нар ирчихсэн манай ахын хашааны урд талаар хүн даваад хашаан дотор цусаа гоожуулаад хашааны хойгуур давж гарсан мөр байсан. Ямар ч дуу чимээ сонсоогүй. ... Хашаа давсан хэсгүүдийн банз болон хашаан дотор өвсөн дээр цус мэт зүйл болсон байсан. Манай ахын хашааны чанх ард тогтоол ус байдаг. Цагдаа нар уг тогтоол ус руу очихоор нь би араас нь очсон. Тогтоол ус нь цус болчихсон улаан өнгөтэй болсон байсан...” /1-р хх-ийн 146х/,

 

Гэрч Т.Баяраагийн “... Би 2016 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө цагдаагийн газар жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Тэр өдрийн үүрийн 04 цаг 35 минутанд Цагдаагийн газрын 102 дугаартай утсанд Арвайхээр сумын 9-р багт байрлах “Сод” засварын эзэн Сод-Эрдэнээс манай засварын хашаан дотор согтуу хүн орилоод яваад байна гэсэн дуудлага ирсний дагуу ганцаараа Арвайхээр сумын 9-р баг руу 44-03 ӨВР улсын дугаартай “Грейс” маркийн автомашинтай явсан. Сод засварын газар нь засмал замын хажууд байдаг болохоор “Сод” дэлгүүрийн хашаа руу машиныхаа гэрлийг тусгаад зогсох үед машины гэрэлд гудамжны үзүүрээс хүний толгой шоволзоод цаашаа далд орсон. Тэгэхээр нь би тэр хүний хойноос хөдлөөд 19-р гудамж руу эргэж гэрлээ тусгатал цагаан өнгийн майктай залуу цаашаа ганцаараа явж байхаар нь дуудтал тэр залуу эргэж хараад зогссон. Тэгээд би тэр залууг нааш ир гэж дуудаад машинаасаа буугаад өөдөөс нь дөхөөд 2, 3 алхахад тэр залуугийн баруун гарт нэг зүйл байсан. Эхэндээ би хутга гэдгийг нь мэдээгүй. Би тэр залуугаас юу хийж яваа юм бэ? гэж асуухад тэр залуу намайг манай 2 найз зодоод намайг алах гээд байхаар нь би гэрээсээ гараад тэр 2-ыг хайгаад явж байна гээд миний өөдөөс 2-3 алхаад дөхөөд ирэхээр нь гартаа барьсан зүйлийг нь харахад хутга байсан. Чи ямар учиртай хутга бариад явж байгаа юм бэ? юу болоод байгаа юм бэ? гэхэд тэр залуу манай 2 найз намайг зодсон. Би айгаад хутга барьчихсан гэхээр нь тэгвэл наанаа хутгаа хая гэхэд үгүй би айгаад байна. Тэр 2 намайг ална гээд байна гэхээр нь чи хутгаа хаячих, хоёулаа тэр 2 найзыг чинь олоод учрыг нь олъё, машинд суучих гэхэд үгүй гээд машины урдуур ороод засмал зам өгсөөд алхсан. Би хойноос нь 2, 3 алхаад хутгатай юм чинь явган явж болохгүй гэж бодоод машинаа эргүүлээд харахад тэр залуу 21 дүгээр гудамжны ойролцоо хойшоо алхаж байсан. Тэгтэл цаанаас нь махлагдуу биетэй залуу гүйгээд ирж байсан. Тэгэхээр нь би тэр 2-ын голоор нь ороод зогсоход махлагдуу биетэй залуу нь ах аа наадах чинь хутгатай яваа, манай найзыг хутгалчихсан. Манай найз тэнд үхэх гээд хэвтэж байна гэхээр нь би машинаас буугаад цагаан өнгийн майктай залууг чи хүн дүрчихсэн байна, наад хутгаа нааш нь өг, найз дээр чинь очъё гэхэд тэр залуу машины урдуур тойроод махлагдуу биетэй залуугийн араас явахад махлагдуу залуу машин тойроод хутга барьсан залуугаас зугтаад байсан. Тэгээд би тэр залуугийн хутгатай гарнаас нь бариад авахад тэр залуу би одоо яах ч үгүй, та одоо наад хутгаа ав ав гэхээр нь би гарнаас нь хутгыг нь аваад машиныхаа суудал доогуур хийгээд тэр залууг өөрийнхөө хажуугийн суудал дээр суулгаад махлагдуу залууг машинд суу, найз дээр чинь очъё гээд машиндаа суулгаад хөдөлсөн. Тэр хооронд би цагдаагийн газрын 102 тоот утас руу залгаад энд хутганы хэрэг гарсан байна, наашаа хүн явуул гэж хошууч С.Оюунболдтой ярьсан. Махлагдуу залуугаас найз чинь хутгалуулчихсан юм уу? гэхэд тэр залуу тиймээ хутгалуулчихсан гэхээр нь 103 руу залгаад түргэн дуудсан... урд талын гудамжаар нь эргээд ортол гудамжны дунд байх шалбаагны хажууд нэг хүн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Машины гэрэлд шалбааг нь улаан өнгөтэй харагдаж байсан. ... би Дорждагва гэх залууг эмнэлэгт хүргэж өгсөн. Дорждагва намайг очиход ухаантай байсан. Согтуудуу маягаар амандаа үглээд л ёолоод байсан... Би Батсайханд чи найзыгаа яачихсан юм бэ? гэхэд Батсайхан би яагаа ч үгүй л гэж байсан. Батсайханы гар нь цус болсон байхаар нь асуухад би хутгандаа гараа эсгэчихсэн гэж хэлж байсан...” /1-р хх-ийн 147-149х/,

Гэрч Д.Сод-Эрдэнэийн “... Би өдрийг нь санахгүй байна. 2016 оны 08 дугаар сарын 20-ны орчим л байсан. Би Арвайхээр сумын 9 дүгээр багт байрлах “Сод” автомашины газрыг ажилуулдаг. Манайх “Сод” засварын хашаан дотор гэрт байрладаг. Тэр шөнө 05 цагийн орчимд хашаан дотор хүн гүйх шиг чимээ гарахаар нь ойролцоогоор 10-аад минутын дараа гарахад манай хашааны зүүн талд байрлах засмал замаар хоёр эрэгтэй хүн хойд зүг рүү явж байгаа харагдсан. Манайх засмал замын баруун талд байрладаг. Тэгээд хашааныхаа булан руу дөхөж очоод харах гэтэл манай гражийн цаагуур тэр хоёр хүн засмалаар явж байгаад далд орчихсон. Тэгээд би хашаан дотор яваад байсан хүн энэ хоёр хүн биш байгаадаа, хүн амьтны машины цонх хагалчихсан юм биш байгаа даа гээд хашаан дотор байсан машинуудаа хараад байж байтал тэр хоёр хүн засмал замаар яваад гражийн хойгуур гараад ирсэн. Тэгэхээр нь би наанаасаа хашаан дотор дөхөж очоод хартал тэр хоёр хэрэлдээд байгаа бололтой дээгүүрээ майк шиг нимгэн хувцас өмссөн залуу гартаа хутга барьчихсан байгаа нь засмал замын гэрэлд харагдсан. ...Тэр хоёр залуу хоорондоо маргалдсан бололтой 4-5 метрийн зайтай зогсчихоод гартаа хутгагүй залуу нь нөгөөдхөө явж олъё, хайя л даа гээд байсан. Тэр хоёр залуу засмалаар цаашаа явахдаа хүртэл хоорондоо зайтай яваад байхаар нь би хоорондоо нэлээн маргалдсан юм байна гэж бодсон. Хутгагүй залуу нь хутгатай залуугаасаа айгаад байгаа бололтой түрүүлж яваад манай хойд талын гудамжаар орчихсон. Хутга гартаа барьсан залуу нь араас нь явснаа утсаар яриад байгаа бололтой 2 хүн хутгалчихлаа гээд байсан. Тэгэхээр нь би гэртээ ороод аймгийн цагдаагийн газрын 102 тоот жижүүрийн утас руу залгаад манай хашаанд согтуу хүн яваад байна гэж дуудлага өгчихөөд буцаад хартал тэр залуу манайхаас нэлээн өнгөрчихсөн, засмал замаараа хойшоогоо явж байгаа харагдсан. Тэгээд би гэртээ ороод хэвтсэн. Намайг гэртээ ороод удаагүй байтал цагдаагийн машин дуугарч байгаа нь сонсогдсон. Би гэрээсээ дахиж гараагүй. Гартаа хутга барьсан залуу нь туранхай өндөр залуу байсан. Харанхуй болохоор царай төрх нь харагдаагүй. Тэр залуу дээгүүрээ нимгэндүү хувцастай харагдсан. Нөгөө залуу нь махлагдуу хутга барьсан залуугаас арай намхан харагдсан. Засмал замын гэрэлд гартаа барьсан хутга нь тод харагдаж байсан. Шөнө байсан болохоор хутга барьсан залуугийн утсаар юу ярьж байгаа нь сонсогдож байсан. Үүрийн 4-5 цагийн орчимд л байсан...” /1-р хх-ийн 150-152х/ гэсэн мэдүүлгүүд,

Шинжээч Ц.Халтархүүгийн “... 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр А.Батсайханы биед үзлэг хийхэд баруун гарын долоовор хуруунд зүсэгдсэн шарх байгаагүй, мэдэгдэхээргүй сорви байсныг нь дүгнэлтэнд тусгаагүй. А.Батсайханы биед үзлэг хийхэд дээд үүдний нэг шүд нь хөдөлгөөнтэй, зүүн хөлийн шагайн хэсгээр бага зэрэг хавдартай байсан. Тиймээс үзлэгийг үндэслэж буйл, зүүн хөлийн шагайн үений зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл гэж үзсэн. А.Батсайханы буйлны гэмтэл нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Учир нь уг буйлны гэмтлийг хэзээ үүссэнийг, үүдэн шүд нь хэзээ хөдөлснийг тогтоох боломжгүй. Харин зүүн хөлийн шагайн үений зөөлөн эдийн гэмтэл л гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа. Үзлэг хийхэд А.Батсайханы хөл нь бага зэрэг хавдартай байсан учир хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж үзсэн. Гэхдээ А.Батсайханы хөл нь 1 сарын өмнө шагайн үений хавчаар яс хэсгээрээ хугарсан хуучин хугаралтай хөл байсан. А.Батсайханы хөлний гэмтэл нь хөндөгдөж гэмтсэний улмаас хөл нь хавдар үүснэ. Хэрэв хөндөгдөөгүй бол уг хөл нь эдгэрч хавдар нь буусан байх ёстой. Талийгаач О.Дорждагвын биед духны хэсэг баруун өвдөгт үүссэн зулгаралтууд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Өөрөөр хэлбэл унах, ойчих үед үүсэх боломжтой зулгаралтууд юм. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй…” /2-р хх-ийн 44-45х, 55х/,

Шинжээч Э.Нарангэрэлийн “... Уг төмөрлөгийн хэсэг дээр үүссэн зүсэлтүүдийн эхлэл болон төгсгөл нь хувийн болон ерөнхий онцлог шинж тэмдгээрээ гаднаас дотогш чиглэгдсэн зүсэгдлүүд үүссэн байсан. Тиймээс уг дүгнэлтэндээ гаднаас дотогш чиглэлтэй зүсэлтүүд байна гэж тусгасан...” /2-р хх-ийн 59х/ гэсэн мэдүүлгүүд,

 “...Н.Даваадоржийн биед зүүн сүвээний хэсгийн хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдож байна. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх магадлалтай. Уг гэмтэл нь иртэй үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 281 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд /1-р хх-ийн 178х/,

 “...О.Дорждагвын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун гуяны гүн хутгалагдсан шарх, дотор эрхтнүүдийн цус багадалт бүхий өөрчлөлт тогтоогдож байна. Уг гэмтэл нь хурц иртэй, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь хутгалагдсан шархны улмаас цус алдаж нас барсан байна…” гэсэн  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 61  дугаартай шинжээчийн дүгнэлтэнд /1-р хх-ийн 199-201х/,

 “... Сэжигтэн А.Батсайханы гэрээс зүүн тийш байрлах гудамжны үзүүрийн шороон дээрээс авсан дээж, хашааны банз дээрээс авсан дээж, хашааны хаалганы төмөр дээрээс авсан дээж, хохирогчийн хашаа давсан хэсгээс хураан авсан цус мэт зүйлээр бохирлогдсон цаас, гэрийн хулдааснаас авсан дээж дээр цус илэрсэн. Уг цус нь В/lll/ бүлгийн харьяалалтай байна. Ягаан эрээн өнгийн иштэй хутга дээрээс цус илэрсэн. Уг цус нь АВ/IV/ бүлгийн харъяалалтай. А.Батсайханы гэх цус нь АВ/IV/ бүлгийн харъяалалтай байна. О.Дорждагвын гэх цус нь В/lll/ бүлгийн харьяалалтай байна. Н.Даваадоржийн гэх цус нь 0/1/ бүлгийн харъяалалтай байна...”  гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн биологийн шинжээчийн дүгнэлтэнд /1-р хх-ийн 220х/,

 “...Хохирогч Н.Даваадоржийн өмсөж байсан гэх хар хөх өнгийн хөндлөн судал бүхий хөх саарал өнгийн ноосон цамцанд 3.1 см урттай зүсэгдэлт гэмтэл байна. Уг зүсэгдэлт нь хурц ир, үзүүртэй зүйлээр тухайн хэргийн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүсгэгдэх боломжтой…” гэсэн  Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 199 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлтэнд /1-р хх-ийн 226-230х/,

 “...Сэжигтэн А.Батсайханы эзэмшлийн LG маркийн бор шаргал өнгийн гадартай гар утасны гадар дээр цус илэрсэн. Хүн амьтны цус аль нь болохыг тогтооход дээж хүрэлцэхгүй байна. Утасны гадар дээрээс илэрсэн цус нь АВ/IV/ бүлгийн харъяалалтай байна...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн 2016 оны 09 сарын 12-ны өдрийн 7737 дугаартай бактериологийн шинжээчийн дүгнэлтэнд /1-р хх-ийн 236х/,

 “...Шинжилгээнд ирүүлсэн 5,7 гэж дугаарласан наалдамхай туузан дээрх 3 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн гарын мөрүүд нь О.Дорждагвын гарын хээний дардастай тохирч байна...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 198 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлтэнд /1-р хх-ийн 243-250х, 2-р хх-ийн 1х/,

             “... Талийгаач О.Дорждагвын өмсөж байсан гэх ногоон өнгийн дээлэнд, хар өнгийн бэлтгэлийн өмдөнд тус тус 4 см урттай зүсэгдэлт гэмтэл байна. Уг зүсэгдэлт нь хурц ир, үзүүртэй зүйлээр тухайн хэргийн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүсгэгдэх боломжтой…”гэсэн Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 201 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлтэнд /2-р хх-ийн 7-12х/,

                                  “... Үзүүлэгч А.Батсайхан нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэгээр өвдөж байгаагүй. Үзүүлэгч А.Батсайхан нь сэтгэцийн болон төрөлхийн олдмол өвчин эмгэггүй. Үзүүлэгч А.Батсайхан нь 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр буюу хэрэг гарах үедээ сэтгэцийн олдмол болон төрөлхийн өвчин эмгэгээр өвчлөөгүй байсан. Үзүүлэгч А.Батсайхан нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай…” гэсэн  Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаартай сэтгэцийн шинжээчийн дүгнэлтэнд /2-р хх-ийн 18 х/,

 “... А.Батсайханы биед буйл зүүн хөлийн шагайн үеийн зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх магадлалтай. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 309 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд /2-р хх-ийн 24х/,

“... А.Батсайханы биед зүүн хөлийн шагайн үений дотор хавчаар ясны хуучин хугарал бүхий гэмтэл тогтоогдож байна. Энэ хугарал нь хэрэг болохоос 1 сарын өмнө үүссэн байна. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. А.Батсайханы биед буйл зүүн хөлийн зөөлөн эдийн гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай, өмнөх гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй…” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 309 /нэмэлт/ дугаартай шинжээчийн дүгнэлтэнд /2-р хх-ийн 185х/,

           

             “... Ногоон өнгийн төмрийн хэсэгт үүссэн гэмтлүүд нь хатуу үзүүр, иртэй биетийн хүчний үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. Ногоон өнгийн төмрийн хэсэгт үүссэн гэмтлүүд нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн ягаан эрээн өнгийн хутгаар үүсгэгдсэн зүсэгдэлт байна. Ногоон өнгийн төмрийн хэсэгт үүссэн зүсэгдэлүүд нь гаднаас дотогш чиглэсэн хүчний үйлчлэлээр үүссэн байна…”гэсэн Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 209 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлтэнд /2-р хх-ийн 31-34х/,

 “... Шинжилгээнд ирүүлсэн А.Батсайханы гэх цусанд 0.9 промилли спиртийн агууламж илэрч байна…” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 9704 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд /2-р хх-ийн 51х/,

 “... А.Батсайханы биед ил харагдах ямар нэгэн шарх сорви байхгүй, түүний баруун гарын долоовор хуруу зүсэгдсэн шархтай, зүүн хөлийн шагай хэсгээр бага зэрэг хавдартай, дарахад өвчин мэдрэгдэхгүй байна гэх ба өөр ямар нэгэн шарх сорви илрээгүй тул үзлэгийг дуусгаж шинжээч Э.Цэдэвсүрэн Никон маркийн зургийн аппаратаар 3 кадр зураг авч бэхжүүлэв...” гэсэн 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Адъяагийн Батсайханы биед үзлэг хийсэн тэмдэглэлд /1-р хх-ийн 27-28х/,  хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, хутгыг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл,  гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, зэрэг нотлох баримтаар нотлогдож байна гэж дүгнэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

А.Батсайхан, Н.Даваадорж нарт холбогдох хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагдсан нөхцөл журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, анхан шатны шүүх Прокурорын газраас  Н.Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсөн үндэслэлтэй, А.Батсайханд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөн шүүхээс А.Батсайханд оногдуулсан хорих ял, түүнийг эдлэх дэглэм, Н.Даваадоржид оногдуулсан баривчлах ялын хэмжээ нь  тэдний  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгөхийг хүссэн ялтны өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гаргасан давж заалдсан гомдлын хүлээн авах боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 58 дугаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай захирамжиндаа шүүх хуралдаан эхлэх хүртэл шүүгдэгч А.Батсайханд авсан цагдан хорих, Н.Даваадоржид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн, шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Батсайхан, Н.Даваадорж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр заасан нь Н.Батсайханд урьд авсан байсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний талаарх заалт тодорхойгүй тусгагдсан байх тул тодруулан найруулж өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1,  315.1.4-д хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017  оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 12 дахь заалтыг бүхэлд нь

 “ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Батсайханд урьд авсан байсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Даваадоржид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн, А.Батсайханы өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.ЭНХМАА

                                       ШҮҮГЧИД                       Т.ДАВААСҮРЭН   

                                                                                Д.ЭРДЭНЭБИЛЭГ