Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01518

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 26 өдөр Дуга 210/МА2024/01518

 

 

Б.А гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/01982 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.А гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Б д холбогдох,

 

24,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Батнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Төгсжаргал нар ирсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Б гийн 000 тоот дансанд 2021 оны 11 сарын 30-ны өдөр 28,000,000 төгрөг, Төрийн банк дахь дансанд 2022 оны 04 сарын 25-ны өдөр 11,500,000 төгрөг, Хаан банкны дансанд 2022 оны 04 сарын 30-ны өдөр нь 12,000,000 төгрөг, 2022 оны 04 сарын 25-ны өдөр 11,500,000 төгрөг, нийт 63,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

1.2. Гэтэл Д.Б нь 4 удаагийн гүйлгээгээр нийт 38,800,000 төгрөгийг Д.А гийн Хаан банкны ХХХХХ тоот данс руу шилжүүлсэн боловч үлдэх 24,200,000 төгрөгийг өгөөгүй байна. Иймд Д.Б гаас зээлийн гэрээний үүрэгт 24,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Б.А гаас 63,000,000 төгрөг шилжүүлж авсан ба Д.А гээр дамжуулж төлөх байсан үйл баримтад маргахгүй. Хариуцагч Д.Б нь 2021 оны 11 сарын 30-ны өдөр авсан 28,000,000 төгрөгийг буцааж төлсөн бөгөөд Д.А гийн данс руу 2021 оны 12 сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 12 сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 12 сарын 24-ний өдөр 3,100,000 төгрөг, 2021 оны 12 сарын 31-ний өдөр 14,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

2.2. Мөн нэхэмжлэгч Б.А гаас 2022 оны 04 сарын 25-ны өдрөөс 04 сарын 30-ны өдөр хүртэл авсан 35,000,000 төгрөгийг бас төлж барагдуулсан. Д.А гийн данс руу 2022 оны 04 сарын 29-ний өдөр 24,500,000 төгрөг, 2022 оны 05 сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Одоо хариуцагч Д.Б нь төлөх төлбөргүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Б гаас 24,200,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.А д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Б гаас 278,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.А д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Б.А гаас Зээлийн гэрээ-г аман байдлаар байгуулж, нийт 4 удаагийн гүйлгээгээр 63,000,000 төгрөгийг хүлээн авсан байдаг.

4.2. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө., 211.2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно. гэж заасан.

4.3. Нэхэмжлэгчийн талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагад Б.А би уг мөнгийг Д.Б гаар дамжуулан Д.А д өгөөрэй гэж нийт 63,000,000 төгрөгийг шилжүүлдэг гэх. Үүргийн гүйцэтгэлийн хүлээн авах этгээд нь Д.А бөгөөд тус үйл баримттай холбогдуулан зохигчид маргаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн тусгагдсан, нэгэнт тогтоогдсон үйл баримт байдаг.

4.4. Хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Б.А гаас 4 удаагийн гүйлгээгээр 63,000,000 төгрөгийг хүлээн авсан тус мөнгийг хүлээн авсанаас хойш тодорхой хугацаанд үүргийн гүйцэтгэлийн хүлээн авах этгээд Д.А гийн Хаан банкны ХХХХХ дугаартай данс руу шилжүүлж үүргийн гүйцэтгэлийн хүлээлгэн өгч, үүргийг гүйцэтгэсэн байдаг.

4.5. Нэхэмжлэгч тал нь Д.А г 63,000,000 төгрөгийг Д.Б гаас хүлээн авахыг хүлээн зөвшөөрсөн этгээд бөгөөд Д.А гийн Хаан банкны ХХХХХ дугаартай данс руу хүлээн авсан байдаг. Нэхэмжлэгч тал нь 63,000,000 төгрөгийг хүлээн авч буй этгээд Д.А гээс ямар нэг тодруулга аваагүй. Нэхэмжлэгч тал нь Д.А гээс хэргийн үйл баримттай холбогдуулан тайлбар аваагүй, тооцоо нийлээгүй, шаардаагүй. Мөн Д.А нь өнөөдрийг хүртэл хариуцагч Д.Б гаас мөнгөн төлбөрийн талаарх шаардлага гаргаагүй, Б.А тай холбогдох мөнгөн төлбөрийн талаарх гомдлын шаардлагыг Д.Б гаас шаардаагүй.

4.6. Шүүх Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 сарын 10-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бичмэл нотлох баримт ба эд мөрийн баримт тухай зөвлөмж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн. Нөгөөтэйгүүр нэгэнт хавтаст хэргийн 19-20 болон 25-26 хуудсанд хавсаргагдсан хууль ёсны шаардлага хангасан Хаан банкны дансны хуулгыг хариуцагч талаас дахин дансны хуулгаар нотлох ёстой мэтээр тайлбарлаж, хууль бусаар шаардаж, хариуцагч талыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй мэтээр буруутгаж, нэхэмжлэгч талд ашигтайгаар хэргийн үйл баримтыг тайлбарлаж, нэхэмжлэгч талд ашигтай нотлох баримтыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.7. Д.Б нь нэхэмжлэгч Б.А тай харилцан тохиролцсоны дагуу 63,000,000 төгрөгийг Д.А д хүлээлгэн өгсөн, дансны хуулгаар бүрэн нотлогдсон байхад тус мөнгийг дахин шаардаж шүүхийн байгууллагыг ашиглаж завшиж, мөнгөн төлбөрийг удаа дараа төлүүлэх аргаа шүүхийн байгууллагаар гүйцэлдүүлж байгаад гомдолтой байна.

4.8. Мөн анхан шатны шүүх нь нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагааг дэмжиж, хуулийг нэхэмжлэгч тал ашигтайгаар тайлбарлаж, хэрэгт хавсаргагдсан нотлох баримтыг үнэлээгүй, дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгч талд ашигтай нотлох баримтуудыг үнэлж, хариуцагчаас 24,200,000 төгрөгийг гаргуулж, хариуцагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэнтэй холбоотойгоор талууд маргадаггүй. 4 удаагийн гүйлгээгээр 63,000,000 төгрөг шилжүүлсэн талаар маргадаггүй.

5.2. Зээлийн төлбөрөөс 38,800,000 төгрөгийг хүлээн авсан, харин 24,200,000 төгрөг өгөөгүй гэдэг байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэлээ нотлох баримтыг гаргаж өгөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Шүүх хуралдааны явцад хариуцагч нь Б.А гаас гадна Д.А , н.О , н.Ч нартай зээлийн гэрээний харилцаатай байсан гэдэг талаар маргадаггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхтэй.

5.3. Б.А нь 4 удаагийн гүйлгээгээр Д.Б гийн эзэмшлийн дансанд мөнгө шилжүүлсэн. Ийм учраас хариуцагчаар Д.Б г татсан. Мөнгө шилжүүлснээр Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх тул хариуцагч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчид зээлийг буцаан төлөх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 212.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид хариуцагч төлөх үүрэгтэй.

5.4. Нотлох баримтын тухайд хариуцагч зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эзэмшлийн дансанд шилжүүлснийг үүрэг гүйцэтгэсэнд тооцохгүй. Хариуцагчийн зүгээс Д.А гийн дансаар дамжуулж төлбөр төлөх ёстой байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч 63,000,000 төгрөгөөс 38,800,000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хариуцагч нь 24,200,000 төгрөг төлсөнөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Д.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... зээлсэн мөнгийг төлөөд дууссан, бусдад төлөх төлбөргүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Д.Б гийн Хаан банк ХК дахь 000 тоот дансанд 2021 оны 11 сарын 30-ны өдөр 28,000,000 төгрөг, 2022 оны 04 сарын 30-ны өдөр 12,000,000 төгрөг, 2022 оны 04 сарын 25-ны өдөр 11,500,000 төгрөг, Төрийн банкны 0000 тоот дансанд 2022 оны 04 сарын 25-ны өдөр 11,500,000 төгрөгийг Амараа, Амараад гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн үйл баримтыг зөв тогтоожээ.

 

4. Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.А гаас Д.Б д 4 удаагийн гүйлгээгээр 63,000,000 төгрөг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан тооцсон дүгнэлт зөв болжээ.

 

5. Хариуцагч Д.Б нь зээлийг Д.А гийн Хаан банк ХК дахь ХХХХХ тоот дансаар дамжуулан зээлийн төлөлтийг хийдэг үйл баримтад талууд маргаагүй.

 

Анхан шатны шүүх 2021 оны 12 сарын 12-ны өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийн хооронд нийт 29,100,000 төгрөгийг Д.А гийн дансруу шилжүүлсэн байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар мөнгө шилжүүлсэн болохыг нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт Д.А гийн Хаан банк ХК-ийн данс руу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг Д.А д шилжүүлсэн, эсхүл Б.А д дамжуулан шилжүүлсэн болохыг ялгах боломжгүй, гүйлгээний утга нь өөр өөрөөр бичигдсэн байх тул хариуцагчийн тайлбарыг бодит үнэнд нийцсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Д.Б нь зээлийн гэрээний үүргийг бүрэн төлсөн байх тул Б.А гийн 24,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т заасантай нийцнэ.

 

6. Дээрх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/01982 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б гаас 24,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.А гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/01982 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б гаас 24,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.А гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

С.ЭНХБАЯР