| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0479/э |
| Дугаар | 0697 |
| Огноо | 2019-05-01 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.Ундрах-Хэрлэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 0697
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь,
улсын яллагч: Э.Ундраххэрлэн.
шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Хандсүрэн
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ж.О
түүний өмгөөлөгч: Д.Чинзориг, Ц.Цэцэнбаатар
иргэний хариуцагч: С.Э
шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт У овогт Г Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1803010530080 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У овогт Г Б,19 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Г.Б нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12 цаг 17 минутын үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелын зам дахь Фундек худалдааны төвийн зүүн талын замд Тоёота Приус маркийн УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дах заалт Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн, 12.1 дэх заалт жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуух үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөнөөс Ц.О жолоодон явсан Тоёота Приус маркийн УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын багажинд мод хийж байсан явган зорчигч О.Х хавсарч мөргөн ам насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хүү Х миний төрсөн хүү байгаа. 19 онд төрсөн. 2018 оны 10 дугаар сард хотод ажил хийнэ гэж орж ирээд мод шуудаанд хийж байхад нь аваар гарсан байсан. Бидний зүгээс хохирлоо бүрэн баргадуулаагүй, гомдолтой байна. Ээж нь энэ хэргээс болж бие нь муудаад байгаа. Миний хүү хөдөө мал маллаж байсан. Хөгшин бид хоёрыг авч явж байсан хамгийн бага хүү минь байсан. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.
Иргэний хариуцагч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Иргэний хариуцагч: Би Б хадам ах. Энэ хэрэг гарсан машины эзэн нь юм. Би дүүгээ хөл залгуулах унаатай болгоё гэж бодоод хувь лизинг байдлаар ам гэрээ байгуулж машинаа өгсөн байсан. Хэсэгчилж мөнгийг нь өгөөрэй гэж хэлээд, 13 сая төгрөгөнд бодож өгсөн. Нэрийг нь шилжүүлээгүй байсан. Би машины түлхүүрийг 2018 оны 5 дугаар сарын эхээр өгсөн. Машинаа анх өгөхөд 2.500.000 төгрөг надад өгч байсан. Надад сар сард бага багаар мөнгө өгч байсан. Ерөнхийдөө төлбөр тооцоо дууссан байсан боловч нэрээ шилжүүлж амжаагүй байсан гэв.
Шүүгдэгч Г. мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 12.17 цагийн орчимд би Тоёота Приус маркийн УНА улсын дугаартай автомашинаа бариад Бөмбөгөр худалдааны төвд эхнэрээ хүргэж өгчихөөд буцаад Баянзүрх дүүргийн нутаг Монелд байх гэрлүүгээ харих гэж явж байсан. Тэгээд Монелийн эцэс ордог замаар буюу Фунтик худалдааны төвийн зүүн талын замаар урдаасаа хойшоо чигтэй замынхаа баруун гар талыг бариад 30-40 км цагийн хурдтай явж байтал машины урд салон дээр байсан гар утас маань машин донслох үед доошоо шалан дээр уначихаар нь гар утсаа авах гээд доошоо тонгойгоод буцаад урагшаа хартал гэнэт миний урд машин хүн 2 харагдах шиг болоод тэр машины араас мөргөж зогссон. Би машинаасаа буугаад хартал миний машин доор нэг эрэгтэй хүн хэвтэж байхаар нь тэнд байсан нэг залуутай хамт хүнээ машин доороос татаж гаргасан. Уг залуу машинд дайруулсан залуугийн ах нь байсан юм байлаа. Би залууг өөрийн өвөр дээрээ суулгаад харж байхад эхлээд нүд нь харж байснаа сүүлдээ нүдээ аниад зүрхний цохилт нь багасаад ирсэн. Ах нь болох залуу түргэн яагаад ирэхгүй байна яах уу гээд орилоод байсан. Тэгээд нэлээн удаж байгаад түргэн ирсэн чинь залууг өнгөрсөн байна гэсэн. Би 2005 онд жолооч болсон. 2007 оноос хойш тогтмол машин барьж байна. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл ерөөсөө хэрэглээгүй байсан. Гадаа цаг агаар тогтуун, зам дээр халтиргаа гулгаа бага зэрэг л байсан гэжээ. /хх-ийн 142/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би талийгаачийн төрсөн ах нь байгаа юм. Би талийгаач дүүгийн хамт эхээс 7-уулаа байсан. Манай аав, ээж маань 2 охин дүүгийн хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр багд мал маллаж амьдардаг юм. Бусад эгч дүү нар маань Эрдэнэт хот, Сэлэнгэ суманд ажиллаж амьдардаг юм. Манай талийгаач дүү О.Х нь Булган аймгийн Сэлэнгэ суманд аав ээжтэй хамт мал маллаж байгаад сая 2018 оны 11 дүгээр сард ажил хийхээр Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутагт байх Фунтик худалдааны төвийн зүүн талын түлээ нүүрс зардаг цэгт ахын хамт ажилд орсон байсан. Манай дүү 1996 оны 1 дүгээр сарын 10-нд Булган аймагт төрсөн. Бага насаа хөдөө аав, ээж дээрээ өнгөрөөсөн. 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 12.30 цагийн орчимд хотод Шархаданд гэртээ байхад манай эгч дүү хоёр дүүг осолд орчихлоо гэж хэлсний дагуу осол болсон газар иртэл манай дүү машинд мөргүүлээд нас барчихсан байсан юм. Манай дүү дөлгөөн зөөлөн зантай, хүнд их тусархуу хүний үгэнд их ордог тийм хүн байсан. Хөдөө мал маллаж өссөн болохоороо яг хүүхэд зангаараа. Архи дарс ерөөсөө хэрэглэдггүй байсан гэжээ. / хх-н 20-23/
Зам тээврийн осол,хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол,хэргийн үзлэгээр тогтоосон байдал,осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-11/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: Г.Б согтууруулах ундаа хэрэглээгүй байна гэсэн байна. /хх-н 13/, нас барсаны гэрчилгээ /хх-н 24-26/
Оршуулгын зардлын тооцоо, баримтууд /хх-н 30-98/
Иргэний нэхэмжлэгч Ц.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 12.10 цагийн орчимд би Тоёота-Приус маркийн 50-71 УНК улсын дугаартай автомашинаа бариад 1000 оюутны байрнаас Монелийн эцэст байх гэрлүүгээ явж байсан. Тэгээд явж байх замдаа Монелийн зам дахь Фунтик худалдааны төвийн яг зүүн талын түлээ нүүрс зардаг цэгээс түлээ авах гэж замын баруун гар тал руу шахаж зогссон. Зогсонгуутаа жолооч талын цонхоо онгойлгоод 2 шуудай түлээ авья гэж хэлтэл нэг залуу ирээд за гэж хэлэнгүүтээ буцаж хураалгатай түлээнээс нэг шуудай түлээ авчираад намайг багажны тагаа онгойлгооч гэж хэлэнгүүт нь би багажны тагаа онгойлгосон энэ үед нөгөө залуу миний машины багажинд модоо хийж байтал машины ард маш хүчтэй тас гэсэн дуу чимээ гарч миний машины араас нэг машин мөргөж зогссон. Тэгэнгүүт би машинаасаа гараад хартал миний машины араас цагаан өнгийн Тоёота-Приус маркийн машин мөргөсөн байдалтай хашаа мөргөсөн зогсож байсан. Харин миний машинд түлээ хийж байсан залуу арын машины доор нь хэвтэж байсан. Тэгэнгүүт мөргөсөн машины жолооч залуу хашаанд мод зарж байсан өөр нэг залуу 2 нийлж байгаад машин доороос нөгөө мөргүүлсэн залууг татаж гаргаж байгаа харагдсан. Тэгэхээр нь би нөгөө машин мөргөсөн машины жолооч дээр очоод чи яаж байгаа юм бэ согтуу байгаа юм уу гэж асуутал би одоо эрүүл саруул байна тэгээд ч би архи уудаггүй хүн байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл тэр хашаанаас гарч ирсэн залуу мөргүүлсэн залууг миний дүү гээд уйлаад хашгираад байсан. Тэгээд удалгүй түргэний машин ирж мөргүүлсэн залууг үзээд нас барсан байна гэсэн. Би тухайн үед ганцаараа явж байсан. Цагдаа ирээд драгер үлээлгэхэд нөгөө жолооч залуу бид хоёрых хоёулаа 0.000 гарсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй гэжээ. /хх-н 117-121/
Иргэний хариуцагч С.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Тоёота-Приус маркийн УНА улсын дугаартай автомашин бол миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Би энэ машиныг анх 2018 оны 2 дугаар сарын 22-нд товчооны урд талын техникийн захаас худалдаж авч байсан юм. Тэрнээс хойш энэ машинаа өөрөө унаж байгаад 2018 оны 6 дугаар сард хүргэн дүү Г.Б зарсан юм. Миний дүү машины тооцоогоо бүрэн төлсөн. Харин ганцхан одоог хүртэл ажлын боломжоор машиныхаа эзэмшигчийн нэрээ шилжүүлж амжаагүй яюаа юм. Гэхдээ манай дүү Г.Б 2018 оны 9 дүгээр сард Тайгын булаг гэдэг авто ХХК-аас машинаа тавиад мөнгө зээлсэн байсан тэр зээлсэн мөнгөө төлж дууссан гэсэн. Хэрэг болсон талаар орой нь надад Болдбаяр хэлсэн. Би машинаа хүргэн дүү Болдбаярт зарсан болохоор одоо энэ машин надад хамаагүй гэжээ.
/хх-н 122-124/
Гэрч О.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 12.05 цагийн орчимд би талийгаач дүүгийнхээ хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг Монелийн замд байх Фунтик худалдааны төвийн зүүн талын түлээ нүүрс зардаг цэгт савлагчаар ажиллаж байсан юм. Тэр үед би хашаан дотор байсан задгай нүүрснээс шуудайлж байсан талийгаач дүү маань миний хажууд зогсоод юм ярьж байсан. Тэгтэл хашааны үүдэнд цагаан өнгийн Тоёота-Приус маркийн машин ирж зогсохоор нь манай талийгаач дүү надад энэ машин түлээ нүүрс авах гэж байх шиг байна гээд нөгөө машин луу очсон. Нэг хартал нөгөө машины хойд талын багажны таг онгорхой манай дүү нэг шуудай түлээ тэвэрчихсэн нөгөө машин луу явж байгаа харагдсан. Тэгтэл гэнэт замын урд талаас цагаан өнгийн Тоёота-Приус маркийн машин хурдтай гарч ирээд зогсож байсан машины араас мөргөсөн. Тэгэнгүүт нь би дүү маань энд байсан яасан юм бол гэж бодоод тэр машин дээр очтол машины баруун урд дугуйны ардхан талд манай дүүгийн толгой цухуйж харагдсан. Энэ үед машины жолооч машинаасаа гарч ирэхээр нь би жолоочид манай дүү чиний машин доор байна чи наад машинаа холдуулаач гэж хэлсэн. Тэгэнгүүт би жолоочтой нийлж байгаад машиныг нь өргөж хажуу тийш болготол машин доороос манай дүүгийн цээжин хэсэг нь гарч ирсэн. Тэгэхээр нь би цээжнээс нь татаж дүүгээ явган хүний зам дээр гаргаж тавьсан. Энэ үед манай дүүг мөргөсөн машины жолооч өвөр дээрээ дүүгий маань толгойг түшиж сууж байгаа харагдсан. Би яаралтай түргэн дуудаач гэж орилж байсан. Манай дүү эхэндээ нүд нь юм хараад амьсгаатай байх шиг байсан тэгж байснаа нүдээ аниад амьсгалахаа больсон. Манай талийгаач дүү хөдөө Булганд манай аав ээжтэй хамт мал маллаж байгаад 2018 оны 11 дүгээр сард хотод ирээд 12 дугаар сард бид хоёр энэ газар түлээ нүүрс савлагчийн ажилд орсон юм гэжээ. /хх-н 133-134/
Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: О.Х, О.С нар нь манай энэ цэгт сая осол болохоос 10-д хоногийн өмнө савлагчаар ажилд орсон юм. Энэ хоёр залуугийн гэр орон нь хөдөө Булган аймагт байдаг гэсэн. Сая ажилд орохдоо манай энэ цэгийн хойд талд байх нийтийн байранд би оруулж өгсөн юм. Энэ хоёр залуу бол ажилд маш сайн, элдэв янзын муу зангүй, яг хөдөөгийн зангаараа байгаа тийм залуучууд байгаа юм. Ямар ч байсан архи тамхи хэрэглэдэггүй байсан. Би түлээ нүүрс борлуулдаг цэгийг 4-5 жил ажиллуулж байна. Манай ажилтан болох залуу нас барсанд их харамсаж байна гэжээ. 10-аад/ хх-н 136/
Гэрч Ө.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 12.05 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Монелийн зам дахь Фунтик худалдааны төвийн зүүн талын түлээ нүүрс зардаг цэг дээр буюу хашаан дотор шуудайтай нүүрсний ам оёод зогсож байтал гэнэт миний ард түс тас хийсэн чимээ гарахаар нь эргээд хартал хашааны үүдэнд цагаан өнгийн Тоёота-Приус маркийн машин урд талаараа манай хашааг мөргөсөн байдалтай зогсож байхаар нь би тэр машин дээр очтол надтай хамт ажиллаж байсан О.Х машин доор нь хэвтэж байгаа харагдсан. Энэ үед машины жолооч залуу машинаасаа гарч ирсэн хажууд нь манай ажилтан болох О.С уйлаад хашгираад зогсож байсан. Тэгээд дайрсан машины жолооч залуу, О.С хоёр О.Х машины доороос гаргасан. Удалгүй түргэний машин ирж үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Осол гарах үед манай хашаан дотор О.С, О.Х бид 3-л ажиллаж байсан юм. О.Х нь 10-д хоногийн өмнө манайд ажилд орсон юм. Их сайн залуу байсан юм гэжээ. /хх-н 139/
Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 146151/
Талийгаач О.Х тухайн үед өмсөж явсан хувцас болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, ар гэрийнхэнд нь эд зүйлсийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 152-153/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 154/
Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 140 тоот шинжээчийн дүгнэлт:
1.Талийгаачийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын үед үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байх тул үүсгэгдсэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
3.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4.Талийгаач нь дээрх гавал тархи, хүзүүний нугаламын хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.
5.2018.12.24-ны өдрийн 15.50 цагийн цогцосны анхны үзлэгээр нас бараад 3-5 цаг болсон гэж тэмдэглэгдсэн байна.
6.Талийгаач АВ /IV/ бүлгийн цустай байна.
7.Талийгаачийн цус, ходоодны шингэн, шээсэнд спиртийн агууламж илрээгүй гэжээ. /хх-н 155-159/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 163-164/
2018.12.27-ны өдрийн 220 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Шинжилгээнд ирүүлсэн “Болдбаяр” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй гэжээ. /хх-н 165-166/
2018.12.26-ны өдрийн 221 дугаартай шинжээчийн дүгнэлт
1.Шинжилгээнд ирүүлсэн Жолооч Б гэх цус нь АВО системээр 0/I/ бүлгийн харъяалалтай байна гэжээ. /хх-н 165-166/
2019.01.03-ны өдрийн 237 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Шинжилгээнд ирүүлсэн хар хүрэмний баруун ханцуйн суганы залгаас оёдолд 160 мм /шинэ/, дотуур өмдний салтааны залгаас оёдолд 70 мм /хуучин/, зүүн шуумагны манжлаганы залгаас оёдолд 71 мм /хуучин/, дотоожны ар талд 75х20 мм /шинэ/ татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан ханзралт, урагдалт байна.
2.Хүрэмний зүүн ханцуйд 23х15х10 мм, 15 мм хэмжээтэй 2 /шинэ/, майканд 5х5 мм, 5х3 мм, 3х2 мм хэмжээтэй 3 /хуучин/, хар өнгийн өмдний баруун шуумагт 80х8 мм, зүүн шуумагт 22х5 мм, 10х5 мм, 45х20х20 мм хэмжээтэй 4 /шинэ/, дотуур өмдний баруун шуумагт 7х15х6х10 мм, 15х10 мм, 15х3 мм, 37х5х20 мм хэмжээтэй 4 /шинэ/, оймсонд 6х4 мм /хуучин/ хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан гогдолт, цооролт байна.
3.Бээлийнд 2х1 мм, 4х3 мм хэмжээтэй, хатуу гадаргуутай харилцан үйлчлэлээр гарсан шинэ зулгаралт байна.
1.Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд гарсан дээрх гэмтлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсныг тогтоох боломжгүй байна гэжээ. /хх-н 171-176/
2019.01.11-ний өдрийн 302 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. Цагаан хар саарал өнгийн тууш судалтай ноосон хүзүүний ороолт, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн даавуун өмд, улаан өнгийн дотоож, цагаан өнгийн майк, хар алаг өнгийн цамц, хар өнгийн богино үстэй дотортой куртик дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.
2.Цагаан хар саарал өнгийн тууш судалтай ноосон хүзүүний ороолт, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн даавуун өмдөн дээрх цус нь АВО системээр АВ/IV/ бүлгийн харьяалалтай байна.
3.Улаан өнгийн дотоож цагаан өнгийн майк, хар алаг өнгийн цамц, хар өнгийн богино үстэй дотортой куртик дээрх цусны бүлгийн харъяалалыг тогтоох боломжгүй байна.
4.Цэнхэр өнгийн хос оймс, хар саарал өнгийн хос оймс, цагаан өнгийн металь хүзүүний гинж, үдээстэй хар өнгийн хагас түрийтэй хос гутал, бор өнгийн тэлээн дэр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй гэжээ. /хх-н 177-179/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 180/
Венд хөрөнгийн үнэлгээний тайлан / хх-н 181-186/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 188/
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 67144 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Уг автомашиныг Швед Улсад үйлдвэрлэгдсэн EWJ94060 маркийн тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангаж байна. Харин урд хоёр их гэрлийн тусгалын эрчим зүүн их гэрэл байхгүй, баруун их гэрэл доргилтын улмаас тонгойсон зэрэг шалтгааны улмаас стандартын шаардлага хангахгүй байна. Автомашины ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд:урд буфер бүрэн хагарч унасан, бамфер төмөр голоороо нугарч хотойсон, салхины шил баруун талдаа 60х60 см хэмжээтэй талбайд цөмөрч хагарсан зүүн их гэрэл байхгүй, баруун их гэрэл сууриараа доош тонгойсон, капод 30х40 см хэмжээтэй талбайд хонхойсон, баруун арын хаалга 40х60 см хэмжээтэй талбайд хонхойсон гэмтэлтэй байна.
2.Автомашины урд хоёр их гэрлийн тусгалын эрчим зүүн их гэрэл байхгүй, баруун их гэрэл доргилтын улмаас тонгойсон зэрэг шалтгааны улмаас стандартын шаардлага хангахгүй байна. Урд буфер бүрэн хагарч унасан, бамфер төмөр голоороо нугарч хотойсон, салхины шил баруун талдаа 60х60 см хэмжээтэй талбайд цөмөрч хагарсан, зүүн их гэрэл байхгүй, баруун их гэрэл сууриараа доош тонгойсон, капод 30х40 см хэмжээтэй талбайд хонхойсон, баруун арын хаалга 40х60 см хэмжээтэй талбайд хонхойсон эвдрэл гэмтэлтэй байна.
3..4. Шинжилгээ хийлгэх тогтоолын 3 ба 4 дүгээр асуултанд нэгтгэж хариулахад: Уг эвдрэл гэмтлүүд нь зам тээврийн осол хэрэг гарах үед үүссэн байна.
5.Тоормосны шингэн дамжуулагатай, АВS системтэй байна.
6.Тоормосны систем хэвийн ажиллагаатай, тоног төхөөрөмжөөр хэмжилт хийхэд урд болон хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангаж байна гэжээ. /хх-н 189-194/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 197/
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 66851 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Уг тээврийн хэрэгсэлийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хайзайлтын хэмжээ -22.1 мм буюу тохиргоо алдагдсан, Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.3 кН, баруун талдаа 2.4 кН, зөрүү нь 4.17% /стандарт -20%/, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.2 кН, баруун талдаа 1.1 кН, зөрүү нь 8.33% /стандарт-30%/ буюу урд болон хойд дугуйн тоормос стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 18700 сd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 18100 сd, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 7500 сd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 4300 сd /стандарт 10000-22500 сd/ байна. Хол болон ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдаагүй байна.
2.Ерөнхий байдал өнгө үзэмж муу, хойд буфер байхгүй, баруун хойд гэрэл байхгүй, хойд лонжром чихэгдсэн, дуут дохио ажиллахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ алдагдсан зэрэг эвдрэл гэмтэлтэй,
3.Хойд буфер байхгүй, баруун хойд гэрэл байхгүй, хойд лонжром чихэгдсэн зэрэг эвдрэл нь уг зам тээврийн осол болох үед үүссэн гэмтэл, Харин дуут дохио ажиллахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ алдагдсан зэрэг нь ашиглалтын үед үүссэн гэмтэл хэдий ч уг авто тээврийн хэрэгсэлийг зогсож байх үед болсон гэх тул дээрх осол хэрэгт нөлөөлөхгүй.
4.Тоёота маркийн Приус загварын 15-10 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч нь Тоёота маркийн Приус 10 загварын 50-70 УНК дугаартай автомашины араас мөргөхдөө явган зорчигч О.Хишигбаатарыг машинтай хавчиж мөргөн амь насыг хохироосон гэх тул уг осол хэрэгт нөлөөлөхгүй.
5.Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулагатай, АВS тоормосны системтэй.
6.Уг тээврийн хэрэгсэлийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа зүүн талдаа 2.3 кН, баруун талдаа 2.4 кН, зөрүү нь 4.17% /стандарт -20%/, хойд дугуйны тоормосны хүч зүүн талдаа 1.2 кН, баруун талдаа 1.1 кН, зөрүү нь 8.33% /стандарт -30%/ тоормосны ажиллагаа хэвийн гэжээ. /хх-н 198-203/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 204/
Тээврийн цагдаагийн албаны 73 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Т.Приус маркийн 15-10 УНА улсын дугаартай автомашины жолооч Г.Болдбаяр нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт “ Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 12.1 дэх заалт “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
2. Т.Приус маркийн 50-71 УНК улсын дугаартай автомашины жолооч Ц.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3. Явган зорчигч О.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
4. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.
5. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, фото зураг зэрэг нотлох баримтууд дээр зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна гэжээ. /хх-н 205-206/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 160-161,168-169, 207-208/
Г.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 209-210/
Г.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 230-231/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 226 /, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 232/, жолоочийн лавлагаа /хх-н 227-228/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 234/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 235/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 236/
Г.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 211/, прокурорын тогтоол /хх-н 212-215/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 217-219/ зэрэг болно.
Г.Б нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12 цаг 17 минутын үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелын зам дахь Фундек худалдааны төвийн зүүн талын замд Тоёота Приус маркийн УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа машин дотроо унасан гар утсаа авах гэж тонгойхдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн, 12.1 дэх заалт жолооч хөдөлгөөний эрчим,тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуух үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөнөөс Ц.О жолоодон явсан Тоёота Приус маркийн УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын багажинд мод хийж байсан явган зочигч О.Х хавсарч мөргөн ам насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн задлан шинжилгээний дүгнэлтээр ...Талийгаач нь дээрх гавал тархи, хүзүүний нугаламын хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ гэсэн дүгнэлт, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Фунтик худалдааны төвийн зүүн талын түлээ нүүрс зардаг цэгт ахын хамт ажилд орсон байсан. Манай дүү 1996 оны 1 дүгээр сарын 10-нд Булган аймагт төрсөн. Бага насаа хөдөө аав, ээж дээрээ өнгөрөөсөн. 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 12.30 цагийн орчимд хотод Шархаданд гэртээ байхад манай эгч дүү хоёр дүүг осолд орчихлоо гэж хэлсний дагуу осол болсон газар иртэл манай дүү машинд мөргүүлээд нас барчихсан байсан юм гэсэн мэдүүлэг /хх-н 20-23/, Иргэний нэхэмжлэгч Ц.О мөрдөн байцаалтад өгсөн .... түлээ нүүрс зардаг цэгээс түлээ авах гэж замын баруун гар тал руу шахаж зогссон. Зогсонгуутаа жолооч талын цонхоо онгойлгоод 2 шуудай түлээ авья гэж хэлтэл нэг залуу ирээд за гэж хэлэнгүүтээ буцаж хураалгатай түлээнээс нэг шуудай түлээ авчираад намайг багажны тагаа онгойлгооч гэж хэлэнгүүт нь би багажны тагаа онгойлгосон энэ үед нөгөө залуу миний машины багажинд модоо хийж байтал машины ард маш хүчтэй тас гэсэн дуу чимээ гарч миний машины араас нэг машин мөргөж зогссон. Тэгэнгүүт би машинаасаа гараад хартал миний машины араас цагаан өнгийн Тоёота-Приус маркийн машин мөргөсөн байдалтай хашаа мөргөсөн зогсож байсан. Харин миний машинд түлээ хийж байсан залуу арын машины доор нь хэвтэж байсан гэсэн мэдүүлэг , Гэрч О.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... манай талийгаач дүү надад энэ машин түлээ нүүрс авах гэж байх шиг байна гээд нөгөө машин луу очсон. Нэг хартал нөгөө машины хойд талын багажны таг онгорхой манай дүү нэг шуудай түлээ тэвэрчихсэн нөгөө машин луу явж байгаа харагдсан. Тэгтэл гэнэт замын урд талаас цагаан өнгийн Тоёота-Приус маркийн машин хурдтай гарч ирээд зогсож байсан машины араас мөргөсөн. Тэгэнгүүт нь би дүү маань энд байсан яасан юм бол гэж бодоод тэр машин дээр очтол машины баруун урд дугуйны ардхан талд манай дүүгийн толгой цухуйж харагдсан. Энэ үед машины жолооч машинаасаа гарч ирэхээр нь би жолоочид манай дүү чиний машин доор байна чи наад машинаа холдуулаач гэж хэлсэн. 2018 оны 11 дүгээр сард хотод ирээд 12 дугаар сард бид хоёр энэ газар түлээ нүүрс савлагчийн ажилд орсон юм гэ сэн мэдүүлэг, /хх-н 133-134/ Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... замынхаа баруун гар талыг бариад 30-40 км цагийн хурдтай явж байтал машины урд салон дээр байсан гар утас маань машин донслох үед доошоо шалан дээр уначихаар нь гар утсаа авах гээд доошоо тонгойгоод буцаад урагшаа хартал гэнэт миний урд машин хүн 2 харагдах шиг болоод тэр машины араас мөргөж зогссон. Би машинаасаа буугаад хартал миний машин доор нэг эрэгтэй хүн хэвтэж байхаар нь тэнд байсан нэг залуутай хамт хүнээ машин доороос татаж гаргасан. Гадаа цаг агаар тогтуун, зам дээр халтиргаа гулгаа бага зэрэг л байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 142/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Г.Б холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О нь оршуулгын болон бусад зардалд 16.470.000 төгрөг нэхэмжилсэнээс оршуулгын зардалд 11.470.000 төгрөг төлсөн байна. Харин талийгаачийн малчны зээлд гэж авсан 5 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна. Үүнийг Талийгаач өөрийн найз охины хамт зээлсэн байх тул эрүүгийн хэргийн улмаас шууд учирсан хохирол гэж үзэхгүй болно.
Г.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В,С,Д ангилалын жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Бүртгэл мэдээлэлийн төвд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. У овогт Г Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Б 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Г.Б оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Б оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдлэж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Г.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Б бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Г.Болдбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В,С,Д ангилалын жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Бүртгэл мэдээллийн төвд хүргүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН