Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
Хэргийн индекс | 102/2023/01716/И |
Дугаар | 210/МА2024/01531 |
Огноо | 2024-07-29 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2024/01531
2024 оны 07 сарын 29 өдөр Дуга 210/МА2024/01531
Өмнөговь аймгийн ЗМын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/01437 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн ЗМын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ГР ХХК-д холбогдох,
Гэрээний үүргээ зөрчсөн болохыг тогтоож, алданги 735,033,642 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр /цахимаар/, хариуцагчийн төлөөлөгч Ц.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэрэнлхам, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Алтангадас /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас захиалагчийн тендер сонгон шалгаруулах гэрээ байгуулж, санхүүжүүлэх эрхийг тус аймгийн ЗМ т шилжүүлэн өгснөөр ХХХХХХХ ажил-ын тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг тус аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албанаас зохион байгуулсан.
1.2. Тус тендерт ялагч болсон ГР ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг эрх шилжүүлэн авсан аймгийн ЗМ буюу захиалагчид ирүүлсний дагуу манай байгууллагаас ХХХХХХХ ажил-ын 0000 дугаартай, 6,712,637,464 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээг ГР ХХК-тай 2019 оны 08 сарын 07-ны өдөр байгуулж, ажил гүйцэтгэх хугацааг 2019 оны 09 сарын 09-ний өдрөөс 2020 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэл байхаар харилцан тохиролцсон.
1.3. Гүйцэтгэгч байгууллагын хүсэлтээр ажил гүйцэтгэх гэрээний хугацааг 2020 оны 10 сарын 23-ны өдөр, 2021 оны 12 сарын 09-ний өдөр тус тус сунгаж, 2022 оны 08 сарын 20-ны өдөр болгон өөрчлөлт оруулж, гүйцэтгэгчийг гэрээт ажлаа гүйцэтгэх боломжоор хангаж байсан. 2019-2020 онуудад 7 удаагийн санхүүжилтээр 35 хувийн барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг үндэслэн нийт 2,256,210,719 төгрөгийг гүйцэтгэгч байгууллагад олгосон.
1.4. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 6.14-т гэрээт хугацаа гүйцэтгэгч байгууллагаас шалтгаалан хоцорсон хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.05 хувиар алданги тооцно гэсний дагуу гүйцэтгэгчийн ажил хүлээлгэн өгөх хугацаа буюу 2022 оны 08 сарын 20-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан хугацаа болох 2023 оны 03 сарын 29-ний өдрийг хүртэлх 7 сар 9 хоногт ногдох алданги болох 735,033,642 төгрөгийг гаргуулан авах үндэслэлтэй юм.
1.5. Гүйцэтгэгч байгууллага нь гэрээний үүргээ зөрчин ажлыг гүйцэтгэлийг өнөөг хүртэл хүлээлгэн өгөөгүй байгааг харгалзан ГР ХХК-ийг 2019 оны 08 сарын 07-ны өдөр байгуулагдсан ХХХХХХХ ажил-ын 0000 дугаартай гэрээний үүргээ зөрчсөн болохыг тогтоож, гэрээний дагуу тооцсон алданги 735,033,642 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
2.1. ГР ХХК нь маргаан бүхий гэрээ байгуулагдсаны дараа барилгын ажлыг гүйцэтгэж эхэлсэн.
2.2. Гэрээ байгуулагдсанаас хойш болон барилгын ажил болон карказ угсралтын ажлын явцад гэрээнд заасан ажлын тоо, хэмжээ, зураг төсөл, төсөвт өртөг зөрүүтэй байгааг захиалагч болон зураг төслийн гүйцэтгэгч Э ХХК-д удаа дараа албан бичиг хүргүүлж байсан.
2.3. Өмнөговь аймгийн ЗМын даргын 2020 оны 10 сарын 02-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/395 тушаал гарч Цогтцэций сумын ХХХХХХХ , Цогт овоо сумын ХХХХХХ , ажлын тоо хэмжээг судлах ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэгт захиалагч талаас холбогдох төрийн байгууллагын албан тушаалтнууд, гүйцэтгэгч талаас Туст эр констракшн ХХК, ГР ХХК, Э ХХК-ийн төлөөллүүд багтсан.
2.4. Ажлын хэсэг 2020 оны 10 сарын 06-ны өдөр хуралдахад ГР ХХК-ийн Ерөнхий инженер Д.О бид тухайн ажлын гэрээг байгуулахаас эхлэн одоог хүртэл захиалагчид ажлын тоо хэмжээ зөрүүтэй байгаа талаар албан бичгээр хандаж ирсэн.
2.5. Тус ажлыг хийж гүйцэтгэхэд хийсэн болон хийх ажлуудад тодорхой ажлын тоо хэмжээнд зөрүү гарч төсөвт өртгийн үнийн зөрүү гарч байгаа, голлох зөрүү нь суурь болон карказ угсралтын ажилд гол зөрүү гарч байна. Бид дээрх тоо хэмжээг үндэслэн төсөвт өртөг зохиолгоход энэ барилгын төсвийг дахин нягталж үзэх шаардлага гарсан.
2.6. Бид энэ хүсэлтийг захиалагч Өмнөговь аймгийн ЗМ , зураг төсөл зохиогч Э ХХК-д хүргүүлсэн. Ажлын хэсгийн хурлаас ХХХХХХХ ийн барилгын төсөвт өртгийг зураг төсөл зохиогч хянан баталгаажуулж Өмнөговь аймгийн ЗМ т хүргүүлэх, ЗМын зөвшөөрлөөр Барилгын хөгжлийн төвд хүргүүлж магадлалаар хянуулж магадлалын нэгдсэн дүгнэлт гаргуулж баталгаажуулах, магадлалаар батлуулсан төсвийг аймгийн 2021 оны төсөвт тусгуулах шийдвэр гаргасан.
2.7. Гэвч өнөөдрийн байдлаар Барилгын хөгжлийн төв магадлал хийгээгүй бөгөөд манай компанийн зүгээс магадлал хийлгэх хүсэлтийг удаа дараа өгсөн боловч хариу ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл барилгын ажлын гүйцэтгэл удааширч, гэрээний хугацааг хэд хэдэн удаа сунгасан нь барилгын зураг төсөвт магадлал хийх ажлыг хариуцсан этгээдүүд ажлын чиг үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй эс үйлдэхүйтэй шууд холбоотой юм. Үүсээд буй нөхцөлд байдалд ГР ХХК буруугүй, асуудлыг шийдвэрлэхээр бүхий л боломжит байдлаар ажилласан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь заалтыг баримтлан хариуцагч ГР ХХК-аас 233,756,329 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Өмнөговь аймгийн ЗМ т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 501,277,313 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,326,731 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн зохицуулалтад нийцээгүй байдлаар үнэлж, дүгнэсэн.
4.2. Уг Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8-д Зохигчид гэрээт ажлын төсөв алдаатай буюу дутуу хийгдсэн талаар маргаагүй бөгөөд ... гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг буруугаар үнэлсэн нь харагддаг. Анхнаасаа энэхүү маргаан үүсэх нөхцөл байдал нь энэ төсөвт өртгийн болон зураг төслийн зөрүүтэй байдлаас үүссэн бөгөөд энэхүү байдлыг хариуцагч байгууллагын гэрээт ажил эхлэнгүүт нэхэмжлэгч талд болон холбогдох бусад этгээдүүдэд хэлж, санал, тайлбар гаргаж ирсэн. Энэ бүх байдал нотлох баримтаар хэрэгт авагдсан байгааг шүүхийн шийдвэрт дурдсан байдаг.
4.3. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үндэслэл болсон төсөв нь алдаатай болох нь ажил гүйцэтгэх явцад мэдэгдсэн бөгөөд ... гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8 болон 12 дахь хэсэгт заасан дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй, бие биенээ үгүйсгэсэн байгааг шууд илтгэнэ.Эдгээр байдал нь Шүүхийн зүгээс уг шийдвэрийг гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсныг ноцтой зөрчсөн байна.
4.4. Хариуцагч компанийн зүгээс гэрээт ажлыг хэвийн гүйцэтгэх, цаашид хугацаа алдалгүй үргэлжлүүлж дуусгах бүхий л санал хүсэлт, тайлбар, шаардлагыг нэхэмжлэгч тал болон холбогдох зураг төслийн компани, магадлалын дүгнэлт гаргах эрх бүхий төрийн байгууллагуудад тухай бүрт нь гаргаж байсан бөгөөд харин дүгнэлт гаргах эрх бүхий төрийн байгууллагын эс үйлдэхүйн нөхцөл байдлаас болж гэрээт ажил зогссон билээ. Энэ байдал нь хэрэгт нотлох баримтаар авагдсан болно.
Дээр дурдсан үндэслэлүүдээр уг шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн ЗМ нь хариуцагч ГР ХХК-д 2019 оны 07 сарын 07-ны өдөр байгуулагдсан ХХХХХХХ ажил-ын 0000 дугаартай гэрээний үүргээ зөрчсөн болохыг тогтоож, гэрээний дагуу тооцсон алданги 735,033,642 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. Өмнөговь аймгийн ЗМ нь ГР ХХК-тай 2019 оны 08 сарын 07-ны өдөр 0000 тоот ХХХХХХХ ажлын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах ХХХХХХХ ийн барилгын ажлыг 2020 оны 08 сарын 31-ний өдөр гүйцэтгэж, ашиглалтад оруулах, захиалагч нь ажлын хөлс 6,712,637,464 төгрөгийг төлөхөөр тохиролцсон;
3.2. Зохигч талууд 2020 оны 10 сарын 23-ны өдөр 0000 тоот-01 тоот ХХХХХХХ ажлын гэрээний гэрээт ажлын хугацааг сунгах тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ашиглалтад оруулах хугацааг 2021 оны 08 сарын 20-ны өдөр хүртэл сунгасан;
3.3. 2021 оны 12 сарын 09-ний өдөр 0000 тоот-02 тоот ХХХХХХХХХХХХХ гэрээний гэрээт ажлын хугацааг сунгах тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ашиглалтад оруулах хугацааг 2022 оны 08 сарын 20-ны өдөр хүртэл сунгаж, гэрээний бусад заалтыг хэвээр байхаар тохиролцож, 2 удаагийн гэрээний хугацааг сунгахаар тохиролцсон;
3.4. Захиалагч, гүйцэтгэгч нар нь 2020 оны 12 сарын 04-ний өдөр Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №05 тоот баримт үйлдэж, ажлын гүйцэтгэлийг 36 хувь болохыг баталгаажуулж, 2,256,210,719 төгрөгийн ажлын хөлсийг олгожээ.
4. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүр үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байна.
5. Анхан шатны шүүх гэрээт ажлын хугацаа хэтэрсэн үйл баримтад хариуцагч талыг буруутай гэж дүгнэж, алданги гаргуулан шийдвэрлэсэн нь буруу болжээ.
5.1. Цогтцэций сумын ХХХХХХХ , Цогт-Овоо сумын ХХХХХХ , ажлын тоо хэмжээг судлах ажлын хэсэг байгуулж, 2020 оны 10 сарын 06-ны өдөр хурлын 01 тоот тэмдэглэлээр ... Цогтцэций сумын 960 хүүхдийн сургуулийн барилгын төсөвт өртгийг зураг төсөл зохигч хянан баталгаажуулж, Өмнөговь аймгийн ЗМ т хүргүүлэх, Өмнөговь аймгийн ЗМ хүлээн зөвшөөрснөөр Барилгын хөгжлийн төвд хүргүүлж магадлалаар хянуулж, нэгдсэн дүгнэлт гаргуулж баталгаажуулах, магадлалаар баталгаажуулсан төсвийг Өмнөговь аймгийн 2021 оны төсөвт тусгуулах-аар шийдвэрлэсэн.
Барилгын зураг, төсвийн зохиогч Э ХХК нь 2020 оны 11 сарын 05-ны өдөр 280/2020 дугаар албан бичгээр Өмнөговь аймгийн Засаг даргад ... хурлаар гарсан шийдвэрийн дагуу 2020 оны 10 сарын 12-ны өдрийн дотор зураг төсөв зохиогч байгууллага барилгын төсвийг дахин хийж, Өмнөговь аймгийн ЗМ т хүргүүлэх шаардлагын дагуу төсвийг боловсруулж дуусгаад хүргүүлж байна. гэж хавсралтаар ... Төсөвт өртгийн нэгдсэн товчоо-оор нийт төсвийг 10,741,614,888 төгрөг байхаар боловсруулсан байна.
5.2. Барилга байгууламжийн зөвлөх үйлчилгээний Гүүд айдиэ ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдаж байгаа 960 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын сургуулийн барилга-д хийсэн хяналт шалгалтын ажлын тайлан дүгнэлт-д ...хүчитгэлийн зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлт, зөвлөмжийг өгсөн.
5.3. Боловсролын ерөнхий газар, Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Грийн ресурс констракшн ХХК нар 2022 оны 06 сарын 18-ны өдөр ХХХХХХХХХХХХХХ, арга хэмжээний барилга угсралтын ажлын явцын талаар хуралдсан хурлын тэмдэглэл-ээр ...ХХХХХХХХХХХХХХ, арга хэмжээний зураг төслийн үлдэгдэл ажлыг магадлах-аар шийдвэрлэсэн.
5.4. 2022 оны 09 сарын 29-ний өдрийн ХХХХХХХХХХХХХХ, арга хэмжээний барилга угсралтын ажлын талаар захиалагч, захиалагчийн хяналт гүйцэтгэх байгууллага, гүйцэтгэгчийн хамтарсан хурлын тэмдэглэл-ээр ... хийгдээгүй байгаа үлдэгдэл ажлын зураг төсвийг магадлалын дүгнэлтээр баталгаажуулах асуудлыг Боловсролын ерөнхий газрын дарга танилцуулан, баталгаажуулж шийдвэрлэхээр тогтов гэж шийдвэрлэсэн байна.
5.5. Хариуцагч ГР ХХК нь магадлал хийлгэх талаар Өмнөговь аймгийн Засаг дарга, Өмнөговь аймгийн ЗМ , барилгын зураг төслийг зохиосон Э ХХК, Барилгын хөгжлийн төв зэрэг байгууллагуудад 2022.02.09-ны өдрийн 22/115 тоот албан бичиг, 2022.06.15-ны 22/395 тоот албан бичиг, 2022.07.28-ны 22/468 тоот албан бичиг, 2020.02.20-ны 20/63 тоот албан бичиг, 2020.03.27-ны 20/116 тоот албан бичиг, 2020.05.07-ны 20/214 тоот албан бичиг, 2021.11.02-ны 21/67 тоот албан бичиг, 2021.07.29-ний 21/440 тоот албан бичиг, 2021.12.09-ний 21/760 тоот албан бичиг, 2021.12.24-ний 21/804 тоот албан бичиг, 2021.12.20-ны 21/786 тоот албан бичиг, 2022.06.17-ны 22/408 тоот албан бичиг, 2022.07.28-ны 22/468 тоот албан бичгүүдээр мэдэгдэж байжээ.
6. Зохигч талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр зураг, төсвийн магадлах үүрэг нь захиалагч Өмнөговь аймгийн ЗМын үүрэгт хамаарна.
Тодруулбал, гүйцэтгэгч ГР ХХК гэрээт ажлыг хугацаанд нь гүйцэтгэж ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгээгүй боловч ажил удаашрах, хугацаа хэтрэх шалтгаан нь нэхэмжлэгч барилгын зураг, төсвийг магадлуулах үүргээ гүйцэтгээгүйтэй шууд холбоотой болох нь хэргийн баримтаар тогтоогдов.
Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн ЗМ нь хариуцагч ГР ХХК-ийг үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд барилгын зураг төсвийг магадлуулах ажлыг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн ЗМыг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
Өмнөговь аймгийн ЗМ нь үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бол анз шаардах эрхээ алдах тул алданги 735,033,642 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсэгт нийцнэ.
7. Дээрх үндэслэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/01437 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ГР ХХК-аас алданги 735,033,642 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Өмнөговь аймгийн ЗМын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/01437 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ГР ХХК-аас алданги 735,033,642 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Өмнөговь аймгийн ЗМын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,327,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
С.ЭНХБАЯР